Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2020/02423/И |
Дугаар | 001/ХТ2022/00957 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/00957
2022 10 20 001/ХТ2022/00957
“... ” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1946 дугаар магадлалтай, “... ” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй “... ” ХХК-д холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батсанаа, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “... ” ЗГБХН нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02357 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар “... ” ЗГБХН-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв талбай бүхий газрыг “... ” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “... ” ЗГБХН-д олгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1946 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “... ” ЗГБХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 1946 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс “үйл баримт тогтоогдоогүй, эргэлзээтэй, дүгнэлт хийх боломжгүй” гэх шалтгаан зааж, улмаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг илэрхийлнэ. 4.1. Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч “... ” ЗГБХН нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байх тул Иргэний хуулийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй. Ийнхүү шаардлага гаргахад нэхэмжлэгч нь өөрөө тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байхаас гадна нөгөө тал буюу хариуцагчийн эзэмшил нь хууль бус гэдэг нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай. “Уг урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдсонгүй” гэжээ. Дээрх хэсгийг уншихад нэхэмжлэгчийн эзэмшил хууль ёсных боловч хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсхүл хууль бус гэдгийн аль аль нь тогтоогдоогүй гэх агуулгыг шууд илэрхийлж байна. Гэтэл эсрэгээрээ батлагдаж, нотлогдож байгаа эрхийг үгүйсгэж, нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Магадлалын 5-р нүүрний эхний догол мөрөнд “... Хариуцагчийн эзэмшлийн шударга, шударга бус байдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна” гэжээ. Шударга, шударга бус гэх практик ач холбогдол багатай ойлголтыг хэрэглэж, үүнийгээ хэргийн нотлогдвол зохих гол зүйл мэтээр авч үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эзэмшил зөвхөн хууль бус, шударга бус байх тохиолдолд л эзэмшлийн зүйлийг эзэмшиж буй этгээдээс нь шаардах эрхтэй гэх туйлширсан дүгнэлт хийж байгааг буруу гэж үзэж байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид огт хариу төлбөр төлөхгүйгээр түүний эрх мэдлийн газрын үр шимийг хүртэж байгаа байдал нь шударга бус эзэмшлийг илэрхийлж буй энгийн жишээ бөгөөд бусдын газрыг хариу төлбөргүйгээр үргэлжлүүлэн эзэмших, ашиглах боломжийг хариуцагчид олгосон үр дагавар бүхий шүүхийн шийдвэр нь өөрөө шударга бус байдлыг бий болгож байгаа юм. Магадлалын 5-р нүүрний эхний догол мөрөнд "... Талуудын хоорондын маргаан бүхий газар дээр баригдсан үйлдвэрлэлийн зориулалттай объектыг газраас салгаж болох хөдлөх хөрөнгө буюу шууд чөлөөлөх боломжтой эсэх зэрэг нөхцөл байдлуудыг нотолж, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Хэрвээ бусдын газар дээр баригдсан объект нь газраас салгаж болдог бол газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, салгаж болохгүй бол шаардах эрхгүй гэх нөхцөл болзол Иргэний хуульд байхгүй. Нэхэмжлэгчийн газрыг хэрхэн яаж чөлөөлж өгөх нь хожим хэлцлийн түвшинд ч шийдвэрлэгдэж болох асуудал бөгөөд хариуцагч газар чөлөөлснөөс учрах хохирол, зардлын талаар сөрөг нэхэмжлэл, татгалзал гаргаагүй байхад дээрх байдлыг шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Магадлалын 5-р нүүрний 2 дахь догол мөрөнд “Хэргийн 43-44-р талд авагдсан ... итгэмжлэлийг ... олгосон зэргээс нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихыг зөвшөөрч байсан болохоо бичгээр илэрхийлжээ гэж үзэхээр байна. Ийнхүү өөрийнх нь эзэмших эрхтэй газар дээр барилга барьж байгуулж, эзэмшихийг зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг үзэхэд талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, уг газрыг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг нөгөө талд олгосон, өөрөө зөвшөөрсөн гэж үзнэ” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүйн зэрэгцээ итгэмжлэл ба гэрээ хэлцлийн талаарх суурь ойлголттой зөрчилдсөн дүгнэлт болсон учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.х-ийн 43-44-р талд байгаа итгэмжлэл нь “... ” ЗБН өөрийн газар дээрээ “... ” ХХК-ийг барилга барихыг зөвшөөрсөн агуулгагүй буюу барилга барих үр дагавар үүсгэсэн баримтын хэмжээнд үнэлэгдэж чадахгүй. (Итгэмжлэл нь төлөөлөх эрх олгох зорилготой баримт бичиг, үр дагавар төлөөлүүлэгчид үүснэ) Уул итгэмжлэл нь бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээний харилцааг үүсгэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээ байгуулагдахын тулд хэлцэл хийгдэх ёстой бөгөөд цаашлаад Иргэний хуулийн 195-р зүйлд заасан гэрээ байгуулах санал, дуудлага, хариуг талууд гаргасан байх ёстой бөгөөд ямар агуулга, гол нөхцөлөөр гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байхад Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс гэрээ байгуулагдсан, газраа үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар тохирсон гэх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Магадлалын 5-р нүүрний 3 дахь догол мөрөнд “Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа хуульд заасан журмын дагуу дуусгавар болсон эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хариуцагч нь Иргэний хуулийн 106.1-д заасан хууль бус эзэмшигч биш” гэх дүгнэлтийг хийсэн. Нэгэнт гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь тогтоогдохгүй байхад гэрээг цуцлах, дуусгавар болгох ойлголт байхгүй. Нөгөө талаас Иргэний хуульд бусдын газрыг ашиглах гэрээний хэлбэрийг тус хуулийн 150, 152-р зүйлүүдэд зааж өгсөн бөгөөд эдгээр гэрээг заавал бичгээр хийх шаардлагатай тул Иргэний хуулийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх ч үндэслэлгүй байна. 4.2. Давж заалдах шатны шуух хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 92.1 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106.1, 106.2 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Дээрх зүйл, заалтуудын хувьд эзэмшигч, өмчлөгчийн аль аль нь эзэмшил, өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй гэж байхад түүнийг мушгин гуйвуулж, нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзсэн. Эзэмших эрх, өмчлөх эрх 2 нь агуулгын хувьд ялгаатай, хуульд тус тусын зохицуулалттай байхад эзэмших эрхийг өмчлөх эрхтэй адилтган үзэж өмчлөх эрх, өмчлөгчид хамааралтай зохицуулалтыг хэрэглэснийг буруу гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. 6. Нэхэмжлэгч “... ” ЗГБХН нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 7. Анхан шатны шүүх “... ” ЗГБХН-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8094 м.кв талбай бүхий газрыг “... ” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “... ” ЗГБХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 8. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр үйлдвэрийн барилга барьсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ” гэж, хариуцагч нь “...... ” ЗГБХН нь өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилга барихыг бүрэн дэмжиж байсан бөгөөд уг нөхөрлөлийн өмнөөс тухайн газрын төлбөрийг хариуцагч олон жил төлсөн..., нэхэмжлэгч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад болоогүй, газрыг албадан чөлөөлөхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандан гомдол гаргах хуулийн зохицуулалттайн гадна нэхэмжлэл хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй...” гэж татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ. 9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2019.10.31-ний өдрийн А/1144 дүгээр шийдвэрийг үндэслэн “... ” ЗГБХН-д Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд нэгж талбарын 1801500597 дугаар бүхий 8094 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2019.12.05-ны өдөр 000013158 дугаар гэрчилгээ олгож, 2019.12.05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдийг төлөөлж ... , “... ” ЗГБХН-ийн захирал ... нар байгуулсан, улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эзэмшил газрын кадастрын зургийг баталгаажуулсан байна. 10. Анхан шатны шүүх “... Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хөрөнгө буюу газрыг эзэмших эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдож буй “... ” ЗГБХН нь тухайн газрын шударга эзэмшигч бөгөөд хэн нэгэн этгээд буюу “... ” ХХК нь шударга эзэмшигчийн газар дээр барилга барьж, түүнийг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байх тул уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. 11. Хэрэгт 2014.05.07-ны өдөр “”... ” ЗБГХН-ийн захирал Б.Батсанаагаас хариуцагч компанийн төлөөлөгч ... , тус компанийн менежер ... нарт “... ” ЗБГХН -ийг бүрэн төлөөлж төрийн болон бусад байгууллага, харилцагч нартай шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрхтэй итгэмжлэлийг тус тус олгосон тухай баримт байх бөгөөд давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихыг зөвшөөрч байсан болохоо бичгээр илэрхийлжээ гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 12. Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний эзэмшил бүхий газар дээр барилга барих явцад маргасан, хориглосон тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй, барилга баригдаж, үйл ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч мэдэж байсан, хариуцагч нь газар эзэмшигчийн өмнөөс газрын төлбөр, бусад төлбөрүүдийг нэхэмжлэгчийн нэрээр төлж байсан зэрэг үйл баримтаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцэхгүй тул давж заалдах шатны шүүхийн энэ агуулгаар хийсэн дүгнэлтийг буруутгахгүй. Харин “...талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, уг газрыг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг нөгөө талд олгосон, өөрөө зөвшөөрсөн гэж үзнэ“ гэж дүгнэснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэн гэж үзэхгүй. 13. Давж заалдах шатны шүүх “ ...нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй. ...Хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшигч гэж үзэхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий гэж үзнэ. 14. Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байх бөгөөд “...хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл”-ийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шийдвэр нь “бусдад газраа ашиглуулсны төлбөр” шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. 15. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1946 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ ШҮҮГЧИД Н.БАЯРМАА С.СОЁМБО-ЭРДЭНЭ Д.ЦОЛМОН
|