2017 оны 07 сарын 27 өдөр | Дугаар Улаанбаатар хот 128/ШШ2017/0574 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Цэцэгмаа нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г,
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, иргэдийн төлөөлөгч Д.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Иргэн Б.Гийг НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар эрхэлж байсан тус газрын Цахим худалдан авалт, олон нийтийн харилцах хэлтэст Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Дээрх тушаал хууль бус гарсантай холбогдуулж хүчингүй болгуулахаар Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлд хуулийн хугацаанд хандахад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн хариундаа Э.Б нь уг албан тушаалд томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр болон нийслэл дэх салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдсон байх тул зөвлөл шийдвэрлэх боломжгүй. Хууль бус шийдвэртэй холбогдуулж шүүхийн байгууллагад хандана уу гэсэн... хариуг өгсөн.
Төрийн албаны зөвлөлд хандахад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15/240 тоот албан бичгээр өргөдлийг шийдвэрлэх хуулийн харьяалал байхгүй, шүүхээр шийдвэрлүүлэх тухай дурдаж хариу өгсөн байдаг. Ингээд дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан шат дамжлагын дагуу хийгдэж 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуульд заасан хугацаанд хандаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлэн хандсан байдаг. Шүүх 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд дурдсан үндэслэл дүгнэлтүүдээр илт хүчин төгөлдөр бусад тооцуулах хуулийн шаардлагад хамаарахгүй байна гэж үзээд байгаа тул НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж өөрчилсөн болно.
НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Б/*** дугаар тушаал үндэслэлгүй болох талаар:
Нэхэмжлэгч Б.Г нь уг тушаалыг гарах үед 3 сар гарантай жирэмсэн байсан. Үүнийг захиргааны акт гарахаас өмнө явагдсан сонсгох ажиллагаан дээр хангалттай тодорхой мэдэгдэж сонсгож, хэлсэн баримт, хурлын тэмдэглэл байдаг болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг удиртгал болгон 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаас авч үзвэл ...Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг халахыг хориглосон хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Энэ зүйлд заасан үндэслэлүүдэд НХАА газарт болсон үйл явдал хамаардаггүй болох нь хуулийн заалтаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан боловч ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байдаг үүнийг хриуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч хэлдэг бөгөөд үүнд төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн чиг үүрэгт Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан, эрхэлж байсан чиг үүргүүд нь багтаж өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх явж байгаа болохыг өмнөх шүүх хуралдаануудаар гаргасан тайлбартаа дурдсан. Мөн дээрх албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт чиг үүргүүд нь хуваагдан багтсан болох нь хангалттай тодорхой харагдаж нотлогддог. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг баталгаагаар нь хангаагүй нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан баталгаагаар хангаагүй хууль зөрчиж тушаал гаргасан.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Тушаал гаргахдаа дээрх хуулийн зүйл заалтад заасан үндэслэл бодит нөхцөл байдалд байхгүй байхад тушаал гаргасан.
НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Б/*** дугаар тушаалаар НХААГ-ын ажилчдыг ажлаас бүгдийг нь чөлөөлж буцаан авахдаа огт удирдлагын түвшинд ч тэр бусад байдлаар сонгон шалгаруулалтыг зарлан шалгаруулалт хийлгүйгээр өөрийн үзэмжээр шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байдаг.
Үндсэндээ маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмуудыг ноцтой зөрчин гарсан байдаг. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-т зааснаар төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах гэсэн зарчмыг баримтлалгүй байдаг. Ийм хууль илтэд зөрсөн тушаалыг НХАА газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б гаргасан тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нотлох баримтыг дутуу цуглуулсан гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Хамгийн гол ярьж байгаа зүйл нь бүтцийн өөрчлөлт болж чөлөөлөгдсөн асуудлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч байнга ярьж байна. Бүтцийн өөрчлөлтөөс болж хүмүүс халагдсан гэж тайлбарлаад байна. Ажлаас 1 ч хүн халагдаагүй. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай А/635 дугаартай захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Энэ захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг 4 хэлтэс, дарга, орлогч даргатайгаар орон тооны хязгаарыг 35 хүртэл байхаар баталсан ба байгууллагын дүрмийг боловсруулж танилцуулах, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг батлахыг газрын даргад даалгасны дагуу тус газрын дүрмийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар баталсан. Үүний дараа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар Газрын зохион байгуулалтын бүтэц-ийг баталсан. Энэхүү тушаалын хавсралтаар тус газар Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль, хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс гэсэн бүтэцтэйгээр орон тоо батлагдсан ба Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс болон Зураг, төсвийн хяналтын хэлтэс-ийг татан буулгасан.
Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан 2 хүний ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүрэг нь Б.Гийн чиг үүрэгтэй давхардаж байсан. Хуучин ажиллаж байсан. Өмнө нь шүүхээс Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь манай газар Б.Гт ажлын байр санал болгосонд байгаа юм. Олон удаа утас руу нь залгаж, ажлын байр санал болгоход ирж уулзахгүй байсан. Б.Г жирэмсэний тэтгэмжээ тогтоолгож, хэдэн төгрөг л авах гэж байгаа. Ирээд тэтгэмжээ тогтоолгоод амралтаа авна уу гээд нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргаад Мөнгөний зөрүү байна. Энэ мөнгийг манай агентлаг шийддэггүй. Нийслэлийн Төрийн сан шийддэг гэж хэлсэн. Төрийн сангаас асуухад Дахин мөнгө өгч чадахгүй юм байна гэсэн хариу өгсөн. Одоо ажиллаж байгаа хүмүүст цалингийн нэмэгдэл, шагнал, үр дүнгийн урамшуулал өгөхгүй байгаа. Тэгэхэд нэхэмжлэгч зөрүүдэлсээр байсан. Өмнө нь шийдвэрлэх шүүх хуралдаан орж байхад шүүгч нэхэмжлэгчийг эвлэрэхгүй юм уу, санал болгоод байгаа ажилд нь орж болохгүй юм уу гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна. Хэрэв оройтоогүй бол Б.Гийг ажилд нь эргүүлж томилоод жирэмсэний тэтгэмж, амралтыг нь олгох бүрэн боломжтой гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангая, эвлэрье гэсэн боловч нэхэмжлэгч хариуцагчид итгэлгүй байгаа учир шүүгчийн захирамжаар хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангавал 2 талын хүсэл зориг нийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар Б.Гийг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн бүтцийн өөрчлөлтөөр цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн шалтгаанаар Б.Гийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай А/635 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны газрыг 35 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ.
Дээрх шийдвэрээс өмнө тус газар нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар захирамжаар худалдан авах ажиллагааны хэлтэс, цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс, зураг төсвийн хяналтын хэлтэс, хуулийн хэлтэс, захиргаа удирдлагын хэлтэстэйгээр, нийт 56 орон тоотойгоор ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгч нь Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс томилогдсон байна.
Хариуцагчаас цахим худалдан авалт олон нийттэй харилцах хэлтэс болон хэлтсийн мэргэжилтнүүдийн албан тушаалын орон тоо хасагдсан. Иймд бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг нэгтгэсэн хэдий ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул ийнхүү өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс хасагдсан хэдийч Б.Гийн ажиллаж байсан Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний 2013 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолт, Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэний 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны гол үйл ажиллагаа нь 1. Газрын цахим хуудас ажиллуулах, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллээр тогтмол баяжуулах, бусад цахим хуудсуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах, худалдан авах ажиллагааны талаарх үйл явц, хэрэгжилт, тайланг олон нийтэд ил тод мэдээлэх, 2. Газрын үйл ажиллагаа болон худалдан авах ажиллагааны талаар мэдээ, мэдээллийг боловсруулан гаргах, тайлагнах, 3. Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа худалдан авалтын явц болон үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулан нэгдсэн сан бүрдүүлэх, 4. Худалдан авах ажиллагааны цахим системийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулах, 5. Орон нутгийн нэгжүүдэд хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл авч нэгтгэх, 6. ТББ, мэргэжлийн холбоодыг үнэлгээний хороонд оруулах боломжтой хүмүүсийн мэдээллийн сан бүрдүүлэх, 7. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны гол үйл ажиллагаанд ... мэдээллийг тухай бүрт шуурхай цахим хуудсанд байршуулах, мэдээллийн ил тод байдлыг хангуулах, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, тухайн жилийн байгууллагатай холбоотой мэдээллийг баримтжуулан архивын нэгж үүсгэх, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байрны гол үйл ажиллагаа нь ... нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн албадаас зохион байгуулж буй худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын явц, үр дүнгийн мэдээг сар тутам авч, нэгтгэх, тайлагнах, мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн боловсруулж тайлагнах, дүүргийн албад, нийслэлийн тусгийн захиргааны байгууллагад зохион байгуулсан худалдан авалтын жилийн төлөвлөгөө, зохион байгуулалтын явц, үр дүнгийн тайланг авах, нэгтгэн боловсруулж, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, холбогдох журам, зааврын дагуу дээд шатны байгууллагад тайлагнах гэж чиг үүргийг тус тус баталсанаар нотлогдож байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг хэвээр байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шалгаруулалт явуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, хариуцагч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо шалгаруулалт явуулалгүйгээр өөр албан хаагч нарыг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж төрийн албаны хууль дээдлэх үндсэн зарчим алдагдахад хүргэжээ.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм.
Мөн нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх үедээ жирэмсэн байсан, үүнийг хариуцагч мэдэж байсан болох нь сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл дээр Б.Гийн жирэмсний амралтаа авах байх гэж дурдсанаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний цалингийн картад зааснаар тооцож үндсэн цалин 570.125 төгрөг, ажлын 22 хоногт хуваан нэг өдрийн цалин 25.915 төгрөг буюу ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 8 сар 17 хоногийн цалин 5.001.555 төгрөгөөс нэхэмжлэгчид олгосон 3 сарын тэтгэмж 1.711.375 төгрөгийг хасч тооцон 3.290.180 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Гийг урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Гт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.290.180 /гурван сая хоёр зуун ерэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА