Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 195

 

Г.Лх-, О.Са- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр магадлалтай 1728000990089 дугаар эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Г.Лх-,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуучин болон үсчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан О.Са- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг журамлан О.Са-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Са-г цагаатгаж, Г.Лх-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Г.Лх-гийн гаргасан гомдол зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал гаргасан эсэргүүцэлдээ “…давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Г.Лх-, гэрч Ш.Од-, Ц.Мө-, Б.Ба-, Х.Да-, Г.Пү- нарын мэдүүлгээр Г.Лх-, О.Са- нар нь айлын найран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч О.Са- нь гэрт Г.Лх-тэй маргалдсан, улмаар түүнийг араас нь цохисон, мөн гэрийн гадаа Г.Лх-тэй үсдэлцэн харилцан зодолдож, түүний биед хөнгөн хохирол учруулсан зэргээр гэмт хэрэг гарахад О.Са-гийн буруутай үйлдэл нөлөөлсөн байхад шүүхээс О.Са-гийн санаатай үйлдлийг аргагүй хамгаалалт гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, О.Са-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Г.Лх-, О.Са- нарт холбогдох шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “…Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.Са-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нар нь харилцан зодолдсон бөгөөд хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан учраас аль алинд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Ц.Ариунжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.Лх-, О.Са- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Лх- О.Са- нарыг  2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Төгөлийн 3б-8 тоотод Т.Га-ийн шинэ гэрийн цайллага дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй байдал үүсгэн маргалдаж, улмаар  зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх О.Са-гийн үйлдэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын үед хийгдсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, харин Г.Лх-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгүүдийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн нэгтгэж дүгнэхдээ зүй бус харьцаанаас үүдэлтэй маргааны үйл явцад Г.Лх-гийн буруутай үйлдэл давамгайлж, тэрээр бусдын эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж О.Са-гийн биед гэмтэл учруулсан гэм буруутай байна гэж тогтоосон анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэнийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүх О.Са-г бусдын буруутай үйлдлээс өөрийгөө хамгаалахын тулд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, зөвшөөрөгдсөн үйлдэл хийсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг зөв гэж үзэв.

Тодруулбал, гэрт болсон маргаан дуусгавар болж О.Са-г гэрээс гарах үед Г.Лх- түүнийг даган гарч үснээс нь зулгаан газар унагаж, улмаар дээр нь гарч зодох явцад О.Са- аргагүйдсэн нөхцөл байдлын улмаас Г.Лх-гийн биед хөнгөн хохирол учруулж эсэргүүцэж тэмцсэн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Ц.Ариунжаргалын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                           Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН