Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээллтэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүргийн  дугаар хороо, хороолол, гудамж  байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н.Ө-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг дүгээр хороо, хороолол, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.Ц,

 

Хариуцагч: дүүргийн дүгээр хороо, хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.М нарт холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай, Д.Мын 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ж, хариуцагч Д.Цгийн өмгөөлөгч Б.Б, хамтран хариуцагч Д.М, түүний өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

                                                                                           

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/516 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Н.Ө эзэмших болсон. Газартаа хашаа байшин барихаар очиход хөрш зэргэлдээ айл манай газрыг бүхэлд нь өндөр тоосон хашаагаар хашаалсан байсан бөгөөд дотогш нэвтрүүлэхээс татгалзаж огт оруулаагүй, эзэмшлийн газраа ашиглах боломж олгоогүй. Ийнхүү хууль ёсны эзэмшлийн газраа ашиглаж чадахгүй байгаа тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн газрын албанд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан гаргасан боловч мэдээллийн санд бусдын газартай давхацсан зүйлгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу мэдэгдсэн. Манай газрын зэргэлдээ газар  нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн Д.Ц эзэмшдэг болохыг Чингэлтэй дүүргийн газрын албанаас тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц нь тус эзэмшлийн газраа Д.Мд арилжсан гэж тайлбарласан боловч албан ёсоор газар эзэмших эрхийг Д.Мд шилжүүлж өгөөгүй байна. Д.Ц нь өөрийн эзэмшлийн газрыг хашаалахдаа маргаан бүхий Н.Өын эзэмшлийн газрыг хамт хашаалсан бөгөөд бусдад арилжихдаа хоёул манай газар гэж ойлгуулан худалдсан байна. Одоогоор Д.Цгийн газар дээр иргэн Д.М гэр бүлийн хамт өвөл, зунгүй байнга оршин суудаг гэх бөгөөд эзэмшлийн газраа хууль бусаар томруулан манай  тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг оруулан хашаа барьж мал аж ахуй эрхэлж байна. Д.Ц нь Д.Мд газраа худалдсан гэх боловч газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ хэлцэл холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Д.Мөнхжаргап нь маргаан бүхий  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг өөрийн амьдарч байгаа байшингийн доор байрлах  нэгж талбарын дугаар бүхий газартай хамтад нь худалдан авсан гэх боловч албан ёсны газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж, гэрээ хэлцэл байхгүй байна. Д.Ц нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн  нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг бусдаас худалдаж авсан гэж тайлбарладаг боловч хууль ёсны Засаг даргын захирамж, газар эзэмших ашиглах гэрээгүй, кадастрын зураг нь түүний нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Д.Ц өөрийн хүсэл зоригийн үүднээс маргаан бүхий газрын зэргэлдээ орших өөрийн эзэмшлийн  нэгж талбарын дугаар бүхий газраа бусад этгээдэд шилжүүлэх эрхтэй боловч өөрийн эзэмшлийн бус газрыг хамтатган өөрийн гэж ойлгуулан хууль бусаар бусдад шилжүүлж нэхэмжлэгч Н.Өын хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна. Д.Ц, Д.Мөнхжаргап нар Н.Өын газар чөлөөлөх шаардлагыг эсэргүүцэж, өөрийн хууль ёсны эзэмшлийн газраа ашиглах боломжоор хангахгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидзуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Ц, Д.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан албадан  чөлөөлж өгөхийг хүсч байна гэв.

 

  Хариуцагч Д.Ц шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2008 онд Ойровын Чимгээ нь Баярын Мөнгөнгадаст уг газрыг зарахдаа 2 гэрчилгээтэй гэхдээ нэг гэрчилгээ нь олдохгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн газрын албанд хүсэлт гаргаад нөхөн гаргуулахаар тохирч нэг гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлсэн байдаг. Уг газар нь Б.Мөнгөнгадасаас Онолтын Энх-Одод шилжсэн бөгөөд О.Энх-Од нь манайд өртэй байсан тул өрөндөө 2010 онд О.Энх-Одоос Д.Цгийн нэр дээр шилжүүлж авсан. 2011 онд О.Чимгээгийн нэр дээрх хаягдсан гэх гэрчилгээг гаргуулан авахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. 2015 онд уг гэрчилгээгээ авахаар дахин шүүлгүүлсэн боловч өмнөх бичиг баримт нь олдохгүй байна гээд дахин материал бүрдүүлэн өг гэдэг байсан. Энэ асуудлаар 2016 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Мөнх-Эрдэнэтэй удаа дараа уулзаж амаар болон бичгээр гомдол гаргаж байсан. Иймд О.Чимгээ нь гэрчилгээгээ олохгүй байна, үрэгдүүлсэн хэмээн хуурч газрыг Н.Өд зарсан байна. О.Чимгээ нь 2005 оноос хойш газрын төлбөрийг нэг ч удаа төлөөгүй байдаг. 2008 онд Б.Мөнгөнгадаст газрыг нь өөрөө зааж өгч бүтэн хашаалуулсныг О.Чимгээ нь мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд удаа дараа ирж үзэж байсан. Газрын гэрчилгээгээ хурдан гаргуулж аваарай гэж л хэлдэг байсан. 2016 онд өөрөө өрөнд баригдаад ирэхээрээ уг газрыг 2,000,000 төгрөгийн өрөнд өмнө нь зарсан газрыг дахин Н.Өд зарсан байх тул О.Чимгээг шүүхэд дуудах хүсэлтэй байна. Бид уг газраа Д.Мд зарахаар болж бичиг баримт нь нэг мөр цэгцрэхээр нь нэр дээр шилжүүлж авъя гэж тохиролцоод амьдарч байгаа болно. Иймд Д.Мын эрх ашиг хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр татан оролцуулмаар байна гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие дүүргийн  дугаар хороо хороолол дугаар байрны  тоот 3 өрөө орон сууцыг иргэн Д.Ц, П.Баасанжаргал нарын өмчлөлд шилжүүлэн оронд нь маргаан үүсгээд буй газар, хашаа, байшинг солилцож авсан. 2014 оны 07 дугаар сараас миний гэр бүл тухайн хашаа, байшин, газартаа тасралтгүй амьдарч ирсэн. Гэрээний дагуу худалдан авсан газрын шударга эзэмшигч гэж өөрийгөө үзэж олон зүйлсийг барьж байгуулан 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зардал гаргаж амьдарч ирсэн. Н.Ө нь 2016 онд эзэмших эрхтэй газрыг авсан гэх бөгөөд түүнээс өмнө О.Чимгээ гэгч мөн эзэмшиж байхдаа газар эзэмших гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж газрыг зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй юм. Миний хувьд газрыг худалдан авсан гэж ойлгож шударгаар эзэмшиж зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Иймд Д.М намайг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын /эрхийн гэрчилгээний дугаар / шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ж шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Н.Ө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/516 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг түүний хууль ёсны эзэмшигч О.Чимгээгээс шилжүүлэн авч 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Чингэлтэй дүүргийн газрын албаны мэдээллийн санд  тоот нэгж талбарын дугаар бүхий газрын хажууд зэргэлдээ орших  нэгж талбарын дугаар бүхий газар нь иргэн Д.Цгийн эзэмшлийн газар бөгөөд давхцал байхгүй. Д.М нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг хууль ёсны эзэмшигч, ашиглагч, өмчлөгчөөс шилжүүлэн авсан, анх тус газрыг эзэмших хүсэлт өгсөн зүйл огт байхгүй. Д.Ц П.Баасанжаргал нарт өөрийн орон сууцыг өгч оронд нь Д.Цгийн эзэмшлийн  нэгж талбарын дугаар бүхий бусдын газрыг хууль бусаар хашаалан авсан болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан ёсоор шилжүүлж авах газрын эргэлтийн цэгүүдийг хүлээлцэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй, өөрийн газар гэж үзэн хашаалсан газарт нэвтрүүлэхгүй Н.Өын газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж байна. Д.М нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 38.4-т зааснаар холбогдох Засаг даргын захирамж шийдвэр гарснаар шилжүүлэг хүчин төгөлдөр болох тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул эзэмшигчээр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын хууль ёсны эзэмшигч нь Н.Ө мөн бөгөөд Д.М нь газар эзэмших эрхгүй, шударгаар эзэмших эрхийг олж авсан зүйлгүй, газар эзэмших эрхийг хууль бусаар хязгаарлан боогдуулж байгаа тул  тоот нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшигчээр Д.Мыг тогтоох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Д.Цд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, эзэмшлийн газарт оруулсан барьсан малын саравч, нохойн үүр, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц, Д.М нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.

 

Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “2014 онд Д.Мын эхнэр Ж.Сарантуяатай арилжааны гэрээ хийж уг газрыг шилжүүлсэн. Одоо уг газарт Д.М гэр бүлийн хамт амьдарч байгаа” гэж  маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Өд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/516 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байршилтай  нэгж талбарын дугаартай, 642 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон болох нь Газрын байршил кадастрын зураг, Газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 2-5, 40-42 тал/

 

Шүүх хуралдааны үед хариуцагч Д.Цгийн өмгөөлөгч Б.Баттуяа нь Б.Алтангадасаас газар худалдаж авсан бөгөөд 2014 онд Д.Мын эхнэр Ж.Сарантуяатай арилжааны наймаа хийж уг газрыг шилжүүлсэн гэж мэтгэлцэж, мөн хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баттуяа, Б.Цэнгэл нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Б.Мөнгөнгадас, О.Энх-Од нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргажээ.

 

Хариуцагч талууд Б.Мөнгөнгадас, О.Энх-Од нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд О.Энх-Од “Миний бие 2010 онд Баярын Мөнгөнгадасаас , тоот нэгж талбарын дугаартай, тоосгон хашаатай газрыг үл хөдлөхтэй худалдан авсан бөгөөд тухайн үед  тоот нэгж талбарын гэрчилгээгээ үрэгдүүлсэн. Дараа нь нөхөн авах нөхцөлтэйгээр амаар тохирч худалдан авсан нь үнэн болно. Уг газрыг  2010 онд Доржийн Цэрмаад худалдсан бөгөөд бидний дунд ямар нэгэн төлбөр тооцоогүй болно” гэх тодорхойлолт шүүхэд бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн байх ба /хх-ийн 90 тал/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын  2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 527 дугаар тодорхойлолт “Д.Ц нь тус хороонд газар эзэмшдэг бөгөөд 2009 онд тоосгоор хашаа барьсан нь үнэн болно” гэх, Чингэлтэй дүүрийн газрын албаны “Доржийн Цэрмаа нэгж талбарын дугаар ...” гэж тэмдэглэгдсэн кадастрын зураглал зэрэг баримтууд болон нэхэмжлэгч Н.Ө Газар эзэмших эрхийн  тоот гэрчилгээтэй газрын тухайд огт маргаагүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Жгийн тайлбар нь үндэслэл бүхий байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ө Газар эзэмших эрхийн  тоот гэрчилгээтэй газрын тухайд огт маргаагүй тул Б.Мөнгөнгадас, О.Энх-Од нараас гэрчийн мэдүүлэг авахуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15/1014 тоот албан бичгээр “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслан  нэгж талбарын дугаар бүхий  газар нь тус дүүргийн Засаг даргын 2005 оны А/237 захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Тухайн газар эзэмших эрх шилжүүлсэн хувийн хэргийг хүргүүлэв” гэх /хх-ийн 166-183 тал/, шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/258 дугаар дүгнэлтээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын  дугаар бүхий 641 м.кв газар нь иргэн О.Чимгээ //-гийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын дугаар  дугаар бүхий 641 м.кв газар нь иргэн Д.Цгийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр иргэн Д.Ц нь 1260 м.кв талбайтай хашаа, 160 м.кв талбайтай барилга барьсан байх бөгөөд нэгж талбарын  дугаар бүхий 641 м.кв газартай 630 м.кв талбайгаар давхацсан байна” гэжээ.

 

Газар зохион байгуулалт геодизи зураг зүйн газрын албанаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/310 тоот “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын  дугаар бүхий 641 м.кв газар нь иргэн О.Чимгээ //-гийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна. Харин дээрх нэгж талбар нь 2020 оны 01 дүгээр сарын архивын зурган мэдээлэлд эзэмшигчийн болон нэгж талбарын дугаарт өөрчлөлт орж нэгж талбарын  дугаар бүхий 641 м.кв талбайтайгаар иргэн Н.Ө //-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 53 минутанд өөрчлөгдөн бүртгэгдсэн байна” гэх албан бичиг, Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын зурган мэдээлэл /хх-ийн 24-26 тал/ зэргийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байршилтай  нэгж талбарын дугаартай, 642 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй болох нь дээрх бичгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Ц, Д.М нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, газрыг албадан чөлөөлөх үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Өд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Н.Ө нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байршилтай  нэгж талбарын дугаартай, 642 м.кв газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эзэмших эрхийн  дугаар гэрчилгээ олгогдсон болох нь Газрын байршил кадастрын зураг, Газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж зохицуулсан

 

Иймд Д.Мын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2019/08217 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дүгнэлтээ ирүүлсэн тул шинжээчийн ажлын хөлс 392,570 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар төлжээ. /хх-ийн 243 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр, мөн хуулийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Д.Цгаас 196,285 төгрөг, Д.Маас 196,285 төгрөг нийт 392,570 төгрөгийг гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Д.М нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгжийн талбарын дугаар бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус газрыг оруулан барьсан хашааг тусгаарлан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Өыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн  тоот нэгж талбарын дугаар бүхий 642 м.кв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч Д.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Өын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Мөнхжаргалын улсын тэмдэгтийн  хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Цгаас 70.200 төгрөг, хариуцагч Д.Маас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Өд олгож, хариуцагч Д.Цгаас 196,285 төгрөг, Д.М 196,285 төгрөг нийт 392,570 төгрөгийг гаргуулж  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ