Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1019

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Н.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00783 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Б, Ц.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д  холбогдох

 

Үйлчилгээний талбайн үнийн зөрүүд 106 693 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг Ц.Н нь “С” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 103/08 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175,11 м.кв талбайг 1 м.кв-г 1800 ам.доллараар худалдаж авч, төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгасан. 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Н.Б миний нэр дээр 175.11 м.кв талбайг Ү-2202023187 дугаарт бүртгэлтэй 000395113 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон.

Ингээд дрож дэвсэх гэтэл талбайн хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй талаар тус компанийн удирдлагад танилцуулахад зөвшөөрөөгүй учир мэргэжлийн “Уран асар” ХХК-иар хэмжилт хийлгэхэд Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт болон МNS6058:2009 стандартад нийцэхгүй 32.93 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Иймд “С” ХХК нь гэрээнд заасан 175,11 м.кв-аас 32,93 м.кв талбай дутуу шилжүүлж, гэрээ болон тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчсөн тул дутуу 32,93 м.кв талбайн үнэ 59 274 ам.доллар буюу 106 693 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “С” ХХК-тай худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 175,11 м.кв талбайн зургийг харж 1 м.кв-г 1800 ам.доллараар тооцож 315,198 ам.долларыг төлж хөрөнгө оруулсан. Энэхүү оффисын зориулалттай талбайг охиныхоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад зориулан түүний өмнөөс захиалж гэрээ хийсэн. Уг барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй, талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу зэргээр “С” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн, гэтэл хариуцагч гэрээнд заасан үйлчилгээний талбайг шилжүүлээгүй тул зөрүү мөнгөө буцаан шаардаж байна, энэ нэхэмжлэл үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн бүхэлд нь зөвшөөрөхгүй. Н.Б нь манай компанитай 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Пийс тауэр /Peace tower/ оффис худалдааны үйлчилгээний зориулалттай барилгаас 3 давхрын 309 тоот 175.11 м.кв талбайг захиалж, гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээ нь Ц.Н, “С” ХХК-ийн хооронд хийгдсэн. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч талбайг хүлээж авахдаа талбайн хэмжээний талаар мэдэх, хэмжилт хийлгэх боломжтой байхад хүлээж авсан, талбайг 2013 онд хүлээж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн “Уран асар” ХХК хэмжилтийг орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартаар хийсэн нь үйлчилгээний барилгад хамаарахгүй учраас хэмжээг тогтоосон баримтыг үнэлэх боломжгүй. Зохигч 2008 онд гэрээ байгуулж талбайн хэмжээг тохиролцсон, стандарт 2010 оноос хэрэгжсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 106 693 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нэд олгож, нэхэмжлэгч Н.Бийн хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691 410 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 691 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нэд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг шүүхээс худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зүйтэй боловч энэхүү гэрээний доголдлын талаар шаардлага гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 6 жил байна. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас хүлээн авсаныг зохигч маргаагүй, дээр дурдсан хугацаанаас мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй гэж дүгнэсэн нь Иргэний хууль дахь худалдан авах гэрээний зүйл эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага   гаргах   эрхээ   алдах   тухай   нарийвчлан   зохицуулсан   гэрээний   тусгай зохицуулалтад хамаарахаар байхад ерөнхий ангийн хугацаагаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч худалдан авсан талбайн хэмжээгээ гэрээнд тодорхой заасан нь
гэрээний гол нөхцлийн нэг бөгөөд түүнийг хүлээн авахдаа худалдан авагч нь тоо
хэмжээг шалгаж авах нийтлэг үүрэг хүлээдэг. Талбай метр квадратын хэмжээндээ
хүрсэн эсэхийг мэдээж нүдэн баримжаагаар бус түүнийг тогтоодог тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгжийн тусламжтайгаар гүйцэтгэхэд боломжгүй зүйл байхгүй бөгөөд үүнийгээ хэрэгжүүлээгүй хүлээн авсан нь худалдан авагч доголдлыг мэдэх боломжгүй, эсвэл түүнд хэт өндөр шаардлага тавьсан. Нөгөөтэйгүүр худалдагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж болохгүй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх тул шийдвэрт өөрчлөлт оруулан, шийдвэрээс нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Н.Б, Ц.Н нар нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан үйлчилгээний талбайн үнийн зөрүүд 106 693 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч “С” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1031/08 дугаартай гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдах “Пийс тауэр” /Peace tower/ оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 3 дугаар давхрын 309 тоотод байрлах, 175.11 м.кв талбайг 315 198 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч тал 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлж, үйлчилгээний талбайг хүлээн авчээ. Нэхэмжлэгч буюу охин Н.Бийн хувьд 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр уг талбайн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-4-7 дахь тал/

            Талууд дээрх үйл баримтын хувьд маргаагүй, харин гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу талбайг шилжүүлсэн эсэх талаар маргадаг төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Уран Асар” ХХК-ийн талбайн хэмжилт хийсэн дүгнэлтийг шүүхэд гарган өгч, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын дээрх хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/01840 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ “Уран Асар” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Учир нь зохигчид 2008 онд гэрээ байгуулан худалдан авах талбайн хэмжээг тохиролцсон. Гэтэл “Уран Асар” ХХК нь Стандартчилал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдаж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан стандартын аргачлалаар маргаж буй талбайд хэмжилт хийсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 691 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД