Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01014

 

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2022/00073 дугаар магадлалтай,

Ц.Н-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Ө-т холбогдох

Өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ж.Ө-т холбогдуулан анх өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 26,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 38,000,000 төгрөг болгож нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ө-оос 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ө-оос 245,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2022/00073 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 245,450 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 245,450 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ц.Н 2022.06.27-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав 2022.06.30-ны өдөр тус тус хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.16-ны өдрийн 001/ШХТ2022/00873 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би Я.Б-тэй албан ёсны гэр бүл болж 30 гаруй жил хамт амьдарсан, төрөөс баталгаажуулж өгсөн гэр бүлийн албан ёсны баталгаатай. Өв хөрөнгийг өвлөн авах эрхээ 2022.01.26-ны өдөр сэргээлгэж сунгуулсан, талийгаач Я.Б-ийн гэр бүл байсан давуу эрхтэй цорын ганц өв залгамжлагч нь юм. Нөгөө талын өмгөөлөгч Б.Баасанжавын хүсэлтээр шат шатны шүүхээр шалгуулсан боловч талийгаачид хамаатай нэг ч хүүхэд, надаас өөр хүн байхгүй нь батлагдсан. Миний хувьд Ж.Ө гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, огт танихгүй. Талийгаач амьд сэрүүн байхдаа надаас “Манай нутгийн охин энд ажил хийдэг гэнэ, байр байхгүй танайд түрээсийн мөнгө өгөөд байж болох уу гэж байна” гэж асууж байсан, одоо бодоход энэ хүн байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ талийгаач бид хоёрыг хамт амьдарч байхад эмэгтэй хүн ирдэггүй байсан. Я.Б нь Орхон аймагт хувийн жижиг хийдтэй болно гээд ирсэн боловч манайх Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байдаг тул ирж очин амьдарч, бид байнга хамт байдаг байсан. Г.Ууганбаярын гарын үсэг, тамгатай “Орхон аймгийн төвд байрлалтай байрыг зах зээлийн ханш болох 70-75 сая төгрөгт зардаг, эрэлт хэрэгцээ, захиалга их байгаа талаарх” тодорхойлолт надад эх хувиараа байна. Иргэн хүн өөрийн хөрөнгөө ямар үнээр худалдах нь хувь хүний эрх байхад Орхон аймагт 10 жилийн өмнө 1 өрөө байрны дундаж үнэ 35,000,000 төгрөг байсан гэж тогтоон,  түүний 50 хувь буюу 17,500,000 төгрөгийг Ж.Ө-оос гаргуулж надад олгох болон  надтай ижил мөнгийг тухайн байрыг зараад ав гэсэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Ж.Ө нь байрыг 76,000,000 төгрөгөөр зарж надаас 41,000,000 төгрөг илүү авах миний эрхийг хохироосон  шүүхийн зөрүүтэй шийдвэрт гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж байрыг өнөөдрийн зах зээлийн үнэ 76,000,000 төгрөгөөр үнэлж бид 2-т хэн, хэнд нь ижил хуваан 38,000,000  төгрөгийг өгч байрыг Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн газраар заруулж өгөхийг хүсье. Талийгаач Я.Б бие сайтай, эмнэлэгт бараг хэвтэж үзээгүй, эрүүл саруул хүн байсан учир би нутаг яваад 20 гаруй хоноод ирэхэд хаалга нь онгойдоггүй, айлаас асуухад өөд болоод хэд хонож байгаа гэхэд нас барсныг мэдсэн. Энэ талаар ах, дүү нарт нь болон надад хэлээгүй, ажил явдалд нь оролцуулаагүй. Гэр бүлийн ямар ч бичиг байхгүй Ж.Ө-т надаас илүү давуу эрх олгож, гэр бүлийн баталгаатай, давуу болон өв залгамжлан авах бүрэн эрхтэй цорын ганц өв залгамжлагчийн эрх чөлөөг хааж, хүний эрхийг хохироосон шүүхийн шийдвэрийг өөрчилж, байрыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлж Ц.Н, Ж.Ө бидэнд тэнцүү хувааж хохиролгүй болгож өгнө үү. ...Бид нараас нэг ч хүн талийгаачийн ажил явдалд оролцож чадаагүй. Ж.Ө өв хөрөнгийг нь ганцаараа авах санаатай энэ талаар бидэнд хэлээгүй байх гэж гомдолтой байдаг... Иймд байрыг 76,000,000 төгрөгөөр үнэлж бид 2-т 38,000,000 төгрөгийг тус тус олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 695 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 73 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасан. Ц.Н нь тус шүүхэд 2018 онд “Я.Б-ийн хууль ёсны өвлөгч Ц.Н, хүү Б.Б, Б.Б нар мөн болохыг тогтоолгох, Я.Б, Ж.Ө нарын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 18-ын 67 тоот байрны үнээс Я.Б-ийн хууль ёсны өвлөгч болох Ц.Н, Б.Б, Б.Б нарт ногдох хэсэг болох 22,500,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 114 дүгээр шийдвэрээр Ц.Н-ийг Я.Б-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 18-ын 67 тоот байрны үнээс өвлөгдөх 22,500,000 төгрөг гаргуулах, мөн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байр, 67 тоот байрны үнээс өвлөгдөх 22,500,000 төгрөг гаргуулах Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Ц.Н энэхүү шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.04-ний өдрийн 28 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.04.30-ны өдрийн 108 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Н-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон өөр шийдвэртэй агуулгын хувьд давхардаагүй байх зарчимтай. Өмнө нь нэхэмжлэлд тусгасан агуулгаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бол дахин энэ асуудлаар шүүхэд хандах ёсгүй. Энэ зохицуулалт нь өмнөх шийдвэрийн хуулийн хүчинтэй байдлыг хадгалах зорилготой. Өөр шүүхэд ижил асуудлыг шийдвэрлэсэн, давхар иргэний хэрэг үүсгэх хориг үйлчилж байхад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул энэ зарчим үйлчлэх нь зүйн хэрэг бөгөөд ингэснээр эрх зүйн баталгаат байдал хангагдана. Шүүх нэг асуудлыг нэг л удаа шийддэг, урд нь шийдвэрлэсэн маргааныг дахин дахин хүлээж аваад шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь шийдвэр, магадлалыг үндэслэлгүй болсон гэж үзэхэд хүргэж байна.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь хэсэгт “...114 дүгээр шийдвэрээр ...Ц.Н-ийг Я.Б-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож... мөн шүүхийн ...150 дугаар шийдвэрээр Ц.Н-ийг талийгаач Я.Б-ийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэгдсэнээр хариуцагчаас дээрх хөрөнгийг шаардах эрхтэй болсон байна” гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно...” гэж заасан. Харин шүүхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхийг хуульчлаагүй. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1.4-т “өвлөх эрхийн гэрчилгээ олгох”, 25.1.5-д “өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах”  зэрэг өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг нотариатчийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Түүнчлэн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.7-д “нотариатын тогтоосон тойргийг зөрчиж үйл ажиллагаа эрхлэх”-ийг нотариатчид хориглосон байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нотариатч Б.Н нь тойргийн харьяалал зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн, уг хууль бус үйлдлийг анхан шатны шүүх нотлох баримтаар тооцож Ц.Н-ийн өвлөх эрхийн хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээг (хуулиар олгогдоогүй эрх) олгосон 150 дугаар шийдвэр нь өөрөө хууль зөрчиж, маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох Ж.Ө-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулж эрхийг нь хангаагүй зэрэг ноцтой гэж хэлж болохоор зөрчил байгааг дүгнэж үзээгүй. Хариуцагчаас 150 дугаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх Ж.Ө хэргийн оролцогч биш тул хүсэлтийг хэлэлцэхгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Ж.Ө-т 150 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт оролцох боломж байхгүй, энэ талаар мэдэх ямар ч боломжгүй, шүүхээс таны орон сууцны талаар ийм хүн нэхэмжлэл гаргасан байгаа талаар мэдэгдээгүй нь Ж.Ө-ын эрх ашгийг шууд хөндсөн тул хэргийн оролцогч гэж үзэх боломжтой байсан. Ц.Н нь өв хүлээн авах хугацааг шүүхээр сэргээлгэсэн нь хэдийгээр хууль бус боловч хугацаа сэргээлгэсний дараа заавал өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаас авснаар шаардах эрх үүснэ, гэтэл тэрээр өвлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үнэлэлт өгч Ц.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл байгааг дүгнэж үзэхгүйгээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

6.3. Анхан шатны шүүх Ц.Н-ийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хийсвэрээр байрны тал хувийг авах ёстой гэж үндэслэлгүй дүгнэн 17,500,000 төгрөгийг Ж.Ө-оос гаргуулж шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болох 38,000,000 төгрөгийн эх сурвалж буюу маргаж буй орон сууцны үнийг албан ёсоор тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтад тулгуурлан 35,000,000 төгрөгөөр үнэлээд тавин хувь буюу 17,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Үнэлгээний байгууллага орон сууцыг үнэлээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас анх энэ байрыг 35,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж тайлбарласан нь энэ орон сууцыг үнэлж байгаа үнэлгээ биш гэдгийг дүгнээгүй.

6.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй, тэгэхээр хариуцагчаас татгалзлын үндэслэл нь яг ийм утгатай, энэ орон сууцны тавин хувийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг 3 шатны шүүх урд нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин ийм утгатай нэхэмжлэлийг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь 2 өөр хүчин чадал, утга, агуулга бүхий эрс өөр шүүхийн шийдвэрүүд гарч ирж, эрх зүйн хувьд аль шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр вэ гэдгийг тогтоох маш том маргаан үүсэх сөрөг үр дагаврыг бий болгох гэж байна. Иймд татгалзлаа нотлох зорилгоор хүчин төгөлдөр шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 114 дүгээр шүүхийн шийдвэр болон Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 695 дугаар шүүхийн шийдвэрийн аль нь хүчин төгөлдөр болох, аль шүүхийн шийдвэрийг баримталж хэн хэнээс мөнгө гаргуулах, эсвэл гаргуулахгүй байх юм уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа аль шүүхийн шийдвэрийг баримтлах, 114 дүгээр шүүхийн шийдвэрийг сүүлд гарсан 695 дугаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож байгаа юу, эхний болон сүүлд гарсан шүүхийн шийдвэрийн аль нь хүчинтэй вэ гэх мэтчилэн маргаан үүсэх нөхцөл бүрдсэн.

6.5. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн алдааг засаж залруулан бурууг зөвтгөх үүрэгтэй атлаа хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хэрхэх талаар дурдаагүй, харин ч анхан шатны шүүхийн шийдвэрийг буруугаар тайлбарлан “...талийгаач Я.Б-д ногдох хэсэг 35,000,000 төгрөгөөр тодорхойлон үүний 50 хувь 17,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Ө-оос гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 20,500,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “... Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй” гэжээ. Хэрэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн ба давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт өгөхдөө үндэслэлгүй, өрөөсгөл байдлаар хандсан. Давж заалдах шатны шүүхийн 13 хуудас магадлалд энэ хэргийн талаар ердөө гуравхан мөр өгүүлбэрээр тайлбар дүгнэлтийг хийсэн ба бусад бичвэрүүд нь нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан нэхэмжлэл, хариу тайлбаруудыг бичсэнээс харахад давж заалдах шатны шүүх хэргийг үнэлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хууль зэрэг хуулийг зөрүүтэй хэрэглэж тайлбарласан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч Ц.Н-ээс хариуцагч Ж.Ө-т холбогдуулан өвлөгдөх хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 38,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 17,500,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Нэхэмжлэгчээс “... Миний албан ёсны нөхөр байсан талийгаач Я.Б Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст баг, 18 дугаар байрны 67 тоот байранд амьдарч байгаад нас барсан. Байрны ордерт Ж.Ө- хамтран эзэмшигчээр бичигдсэн учир хуульд заасан эрхээ эдэлж дээрх байрны 50 хувь болох 38,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна... Миний өв нээх эрхийг сэргээсэн шүүхийн 2022.01.26-ны өдрийн шийдвэр гарсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Ц.Н- нь тус шүүхэд 2018 онд “Я.Б-ийн хууль ёсны өвлөгч Ц.Н, хүү Б.Б, Б.Б нар мөн болохыг тогтоолгох, Я.Б, Ж.Ө- нарын өмчлөлийн Орхон аймгийн ... 67 тоот байрны үнээс ногдох хэсэг болох 22,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж улмаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 114 дүгээр шийдвэрээр Ц.Н-ийг Я.Б-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ... 67 тоот байрны үнээс өвлөгдөх 22,500 000 төгрөг гаргуулах шаардлага болон Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон... уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн Ж.Ө- нь талийгаач Я.Б-тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон шүүхийн 2020.11.10-ны өдрийн 1317 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээс Ж.Ө, Я.Б- нар нь 2010 оноос эхлэн талийгаач Я.Б-тэй хамтран амьдарч байсан болохыг, Ц.Н нь 2010 оноос хойш талийгаачтай хамтран амьдраагүй, гэрлэлтийн баталгаатай болохоос биш гэр бүлийн гишүүний эрх, үүрэггүйгээр сүүлийн 10-аад жил тусдаа амьдарч байсан, талийгаачийг өвчтэй бие муу байхад нь эргэж тойрох, асарч халамжлах үүргээ биелүүлээгүй, нас барах үед нь буяны ажилд оролцоогүй атлаа нас барсны дараа өвийн талаар булаацалдсан нь харагддаг... Б.Б, Б.Б нарыг талийгаачийн төрсөн, үрчилсэн хүүхдүүд биш болохыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон... Ц.Н нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч биш, харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан өвлөгч тул 528.3-т зааснаар өвийг өвлөхөөс татгалзсан... гэтэл Ц.Н нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өвлөгчөөр тогтоолгосон атлаа дахин нотариат болон шүүхэд хандаж өвлөх эрхийг сэргээлгэх ямар ч шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч нь 1987.01.02-ны өдөр Я.Б-тэй гэр бүл болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “гэрлэгчид” байна. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар ... гэр бүлийн гишүүн (нэхэмжлэгчийн нөхөр Я.Б-) нас барснаар өв нээгдсэн байна... Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн 142/ШШ2022/00150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.4-т зааснаар Ц.Н-ийг талийгаач Я.Б-ийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэгдсэнээр хариуцагчаас хөрөнгийг шаардах эрхтэй болсон... Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 76,000,000 төгрөгийн 50 хувь 38,000,000 төгрөг нэхэмжилдэг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг үнийн дүнгээр шийдвэрлэх боломжгүй, иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан ... 142/ШШ2021/00114 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан “талийгаач Я.Б нь байрыг 2014.09.17-ны өдөр иргэн Т.Баярхүүгээс 35,000,000 төгрөгөөр худалдан авч Ж.Ө-ын хамт 2 хүний өмчөөр бүртгүүлсэн, үүнийг нэхэмжлэгч няцаадаггүй... зэргийг харгалзан  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 35,000,000 төгрөгөөс  талийгаач Я.Б-өд ногдох хэсэг 50 хувь болох 17,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

11. Хяналтын шатны шүүхээс зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь 2010 оноос хойш Я.Б-тэй хамт амьдраагүй боловч гэр бүлийн бүртгэлээ цуцлуулаагүй тул хууль зүйн утгаараа Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “гэрлэгчид” хамаарна. Иймд тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-ийн дагуу “нас барагчийн эхнэр...”-ийн хувьд өвлөх эрхтэй этгээд ба уг үйл баримтыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 142/ШШ2021/00114 дүгээр шийдвэрээр тогтоосон.

13. Харин дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн “...Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 18 дугаар байрны 67 тоот байрны үнээс ногдох хэсэг болох 22,500,000 төгрөг гаргуулах тухай” Ц.Н-ийн шаардлагыг шүүх “... Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан журмаар гаргаагүй... ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, үүний дараа нэхэмжлэгч дахин шүүхэд хандаж “өвлөх эрх сэргээлгэх тухай” нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн 142/ШШ2022/00150 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хандах ёстой байсан боловч хандаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул мөн хуулийн 528.4-т зааснаар өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

14. Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т “... Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид... шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, иймд “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, зарим хэсгийг хангасан нь хууль зөрчсөн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэг нэхэмжлэлийг шүүх хоёр удаа шийдвэрлэснээс хоорондоо зөрчилтэй шүүхийн шийдвэр гарсан, аль нь хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6–д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

15. Мөн энэхүү хэргийн тухайд нэгэнт хүчин төгөлдөр болсон бусад шүүхийн шийдвэр хууль ёсны эсэхийг хянахгүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6.2-т заасан гомдлыг хангах боломжгүй юм.     

16. Түүнчлэн, хоёр шатны шүүх өөрсдийн бүрэн эрхийн хэмжээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн өвлөгдөх хөрөнгө болох орон сууцны үнийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үеийн үнийн дүнгээр тодорхойлж, нэхэмжлэгчид ногдох хэсгийг гаргуулсныг хяналтын шатны шүүхээс буруутгах боломжгүй, иймээс “маргаж буй орон сууцны үнийг албан ёсоор тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтад тулгуурлан 35,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй” гэх (Тодорхойлох хэсгийн 6.3-т) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, мөн “... байрыг одоогийн зах зээлийн ханшаар 76,000,000 төгрөгөөр тооцож 50 хувийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх (Тодорхойлох хэсгийн 5-д) нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангах үндэслэлгүй.

17. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00695 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2022/00073 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                            ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД