Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

   2020            5             26                                       2020/ДШМ/679 

 

 

Б.С холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогч Фүжи капитал ХХК-ийн өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн  728 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.С холбогдох эрүүгийн 1809016560669 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.С, 1989 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдрэлийн эмч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УШ89120938/;

 

Б.С нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-иас зээл авахдаа хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар, хуурч 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 37-77 УБД улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” авто машиныг барьцаалж 28.000.000 төгрөг,

- 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөг, нийт 68.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай “Лексус 570 авто машин, 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген Тoypeг” машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан гэмт хэрэгт,

 

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-иас зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтад дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан материал зэргийг хянаж үзэхэд яллагдагч Б.С холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь:

            Яллагдагч Б.Б.Сын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай “Лексус 570 маркийн автомашин, 37-72 УНУ улсын дугаартай Volkswagen Toureg автомашинуудын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашиглан дээрх автомашинуудыг барьцаалан 50.000.000 төгрөгийг Фүжи капитал ХХК-иас залилан авахаар завдсан гэх үйлдэлд Б.Бямбадорж, З.Баярбаясгалан гэгч этгээдүүд хамтран оролцсон байж болзошгүй бодит нөхцөл байдал тодорхойлогдож байх тул тэдний үйлдэл, оролцоог шалгаж тодруулах, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо нь нотлогдон тогтоогдож байгаа бол тэднийг эрүүгийн хариуцлагад татах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.

            Иймд яллагдагч Б.С холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.Б.Сын 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай лексус 570 маркийн авто машин, 37-72 УНУ улсын дугаартай волксваган тоурег автомашины тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашиглан дээрх авто машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг “Фүжи капитал” ХХК-иас залилан авахаар завдсан гэх үйлдэлд Б.Бямбадорж, З.Баярбаясгалан гэгч этгээдүүдийг хамтран оролцсон байж болзошгүй бодит нөхцөл байдал тодорхойлогдож байх тул тэдний үйлдэл, оролцоог шалгаж тодруулах, гэмт хэрэг хамтран оролцсон оролцоо нь нотлогдож тогтоогдож байгаа бол тэднийг эрүүгийн хариуцлагад татах зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Гэтэл урьд нь мөрдөн байцаалтын шатанд З.Баярбаясгалан нь Б.Б.Сын үйлдэлд оролцсон эсэхийг шалгах ажиллагаа явуулж хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 41 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хэдийгээр Б.Б.С нь “З.Баярбаясгалангаас тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдаж авсан” гэж мэдүүлдэг боловч энэ нь давхар нотлох баримтаар нотлогдоогүй.

3.Баярбаясгалан нь 01885602, 01885669, 01814600 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэн нэгэнд өгөөгүй, зараагүй, хулгайлагдсан, эсвэл алга болсон байж магадгүй. Манай ажилчдын хүлээн авсан гэрчилгээнүүд бүгд өөрийнх нь ширээн дээр байж байдаг. Минийх ч гэсэн ширээн дээр компьютерийн урд байж байдаг. Б.Б.Сыг танихгүй” талаар мэдүүлсэн, өөр бусад байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч З.Баярбаясгалан нь Б.Б.Стай хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй.

Б.Бямбадорж нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 9060 УНУ улсын дугаартай лексус 570 маркийн авто машин, 3772 УНУ улсын дугаартай волксваган тоурег машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан үйлдэлд холбогдуулан шалгасан.

Б.Б.С нь “Баярбаясгалан ...тэр өдөр над руу залгаад манай найзууд чам шиг зээл авах гэсэн юм. Чи манай найзад тэр зээл авсан газраа заагаад өгчих гэж хэлсэн. Би Бямбадорж гэдэг залууд “Фүжи капитал” банк бус санхүүгийн байгууллагыг зааж өгсөн. Тэрнээс биш би сүүлийн зээл авах гэж очиход ямар ч ‘хамаагүй, сүүлийн хоёр машины гэрчилгээг би хуурамчаар хийгээгүй” гэж мэдүүлдэг боловч давхар нотлох баримтаар нотлогдоогүй.

Харин гэрч Б.Бямбадоржийн “...Надад машин олоод өг, би урд нь “Фүжи капитал" банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Одоо зээл авчихсан байгаа, асуудалгүй чиний машиныг барьцаалаад зээл аваад буцаагаад асуудалгүй төлнө, чамд 5.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би зүгээр байж байгаад 5.000.000 төгрөг олох нь гэж бодоод Б.Б.Сын хэлснээр бүгдийг нь хийсэн. ...гэмт хэрэг үйлдэх гэж байна гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Нацагдоржийн “...Бямбадорж бол Б.Саар л манай байгууллагатай холбогдож зээл авах гэж ирсэн.  ... хуурамчийг нь хэлэхэд Бямбадорж сандраад би хамаагүй. Б.С явуулсан гээд байсан. ...удалгүй Б.С манайд ирсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Энхбатын “...Бямбадоржийг ирэхэд Б.С зээл авахад туслаад өг гэж өөрөө утсаар хэл лүү, Бямбадорж өөрөө Б.С явуулсан гэж ирсэн билүү, яг сайн санахгүй байна. ...Бямбадорж сандраад “би мэдэхгүй, Б.С явуулсан” гэж хэлсэн. Б.С холбогдоод өөрөө хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Билгүүндалайгийн “...Бямбадорж зээлийг чинь чөлөөлөөд дахиад өөр банк бус санхүүгийн байгууллагад нэмж зээл тавиад удаахгүй автомашиныг чинь чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Би зөвшөөрөөд өгсөн санагдаж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Б.Б.Сын мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй. Харин Б.Бямбадорж нь Б.Б.Сын гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, түүнд ашиглагдаж байсан нь тогтоогдсон тул Б.Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд яллагдагчаар татах ажиллагаа явагдахаар заасан. Б.Бямбадоржийн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг шалгах ажиллагаа явагдсан боловч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй.

Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа ямар нотлох баримтад үндэслэж Б.Бямбадорж, З.Баярбаясгалан нарыг гэмт хэрэг хамтран оролцсон байж болзошгүй бодит нөхцөл байдал тодорхойлогдож байгаа талаараа тодорхой дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар хийгдэх ажиллагаа байхгүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 728 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Фүжи капитал ХХК-ийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй прокурорын хувьд уг хэрэгт өөр байр суурьтай явж байсан. Үүний нотолгоо нь мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан байхад эсэргүүцэл бичсэн байна. Одоо болтол хохирол төлбөр төлөгдөөгүй явж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгээс буцаагаагүй, шүүхэд шилжүүлсний дараа хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нотлох баримтаар З.Баярбаясгалан, Б.Сундуйжав хоёр энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж анхан шатны шүүх үзсэн. Б.Сундуйжав нь З.Баярбаясгалангийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Гэтэл бүлэглэсэн асуудлыг дутуу шалгаж, албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Сундуйжав, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нар нь З.Баярбаясгаланг энэ хэрэгт хамааралтай гэсэн байр сууринаас оролцсон. Хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж байж энэ хэрэг шийдэгдэх ёстой гэж үзэж байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай магадлалаар:

“Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн ямар хувийн байдлыг харгалзан тухайн зүйлийн хамгийн доод хэмжээнд заасан ялуудыг оногдуулсан нь тодорхой биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой заагаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн заасан шударга ёсны зарчимтай түүнд оногдуулсан ял хэрхэн уялдаж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байна.

 

 Мөн прокуророос “...Б.Б.Сын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “гурван удаагийн үйлдлээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд бичлэгийг хуурамчаар үйлдсэн” гэж дүгнэсэн байх бөгөөд Б.Б.С нь ямар хугацаанд, ямар сери дугаартай гэрчилгээг, ямар хэрэг үйлдэхдээ хуурамчаар үйлдэж ашигласан болох нь ойлгомжгүй учир шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр энэ талаар хэлэлцэж, тодорхой дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Дээрх асуудлыг хэлэлцэж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан” зөрчил  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно гэж үзэж мөн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн бусад зөрчлийг дурдаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан” байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжид Б.Б.Сыг автомашинуудын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж ашиглан дээрх автомашинуудыг барьцаалан 50.000.000 төгрөгийг Фүжи капитал ХХК-иас залилан авахаар завдсан гэх үйлдэлд Б.Бямбадорж, З.Баярбаясгалан гэгч этгээдүүд хамтран оролцсон байж болзошгүй бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж магадлалд заагдаагүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтын дагуу анхан шатны шүүх хэргийг  хэлэлцэхдээ  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай магадлалд заасан асуудлыг анхаарч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

           

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 728 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 728 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

                         ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ