| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03484/И |
| Дугаар | 3176 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 3176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **** тоот, “Ок” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Х*******гийн Сд /РД: 0000/ холбогдох
Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын ****** дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлж өгөхийг Х.Сд даалгах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болортуул,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,
Хариуцагч Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ок” ХХК-ийн захирал Д.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ок” ХХК нь 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Х.Стэй Баянгол дүүрэг, ****** дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг худалдахаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Х.С гэрээний төлбөрт 4.000 ам доллар төлөх байсан.
Гэвч Х.С үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахад уг үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх боломжгүй гэдэг хариу өгдөг. Х.С гэрээний үүргээ биелүүлээгүй мөртлөө эрхийн улсын бүртгэлийн албанд өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Иймд манай компанийн зүгээс иргэн Х.Стэй байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж байгаа тул Баянгол дүүргийн *** дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлэхийг Х.Сд даалгаж өгнө үү.
Иргэн Б.Лосол нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид холбогдуулан Баянгол дүүргийн ***** дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Б.Лосол нь нэгэнт уг грашийн өмчлөгчөөр Х.Стэй бүртгэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээний үүрэгт төлсөн 18.000.000 төгрөгийг тус “Ок” ХХК-иас нэхэмжлэн тус хэрэг 2020 оны 5 дугаар сард шийдвэрлэгдэж дууссан. Уг шийдвэрт манай компани давж заалдах гомдол гаргаагүй, Б.Лосолд мөнгийг нь өгч шийдвэр хүчин төгөлдөр болсон гэв.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.С миний бие 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Ок” ХХК-д ажилладаг хамаатныхаа хүнээс Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 17 дугаар байранд 2 өрөө байр худалдан авч 2 жил гаруй хугацаанд амьдарсан.
Тухайн үед мөн зоорийн давхарт байрлах грашийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан ашиглаж байсан.
Миний зүгээс “Ок” ХХК-д авто зогсоолын мөнгө гэж төлөөгүй бөгөөд уг авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр гарсныг сүүлд 2018 онд мэдсэн.
Уг грашийг 2018 онд шийдвэр гүйцэтгэх байгууллага хураан авсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болсон ч зарагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй ба ажиллагаа хийгдээгүй жил гаран болж байна.
Уг грашийг Б.Лосол гэж хүн худалдан авсан гээд ашигладаг гэсэн. Би уг грашийг өмчлөх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч “Ок” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ок” ХХК нь хариуцагч Х.Сд холбогдуулан Баянгол дүүргийн **** дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлж өгөхийг Х.Сд даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Ок” ХХК нь хариуцагч Х.Стэй 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан А тал болох “Ок” ХХК нь Б тал болох Х.Сд Баянгол дүүрэг, ***** тоотын 14.4 м.кв талбайтай дулааны зогсоолын ажлыг гүйцэтгэх, Б тал Х.С дулааны зогсоолын үнэд 4.000 ам доллар төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд гэрээг орон сууц захиалгын гэрээ хэмээн нэрлэсэн боловч уг орон сууц болон авто зогсоол дээрх гэрээг байгуулах үед ашиглалтанд орсон байсан бөгөөд дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсэг зуран тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Зохигч хэн аль нь гэрээ байгуулсан талаараа маргахгүй байгаа ба гагцхүү хариуцагч Х.Сийг үнийг нь төлөөгүй гэж маргаж байгаа болно.
/ХХ-ийн 5, 56 дугаар тал/
“Ок” ХХК-ийн захирал Д.Ганзориг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/230 тоот тодорхойлолтдоо “Х.С Баянгол дүүрэг, ****** дүгээр байранд 14.4 м.кв талбайтай 17 дугаартай авто машины дулаан зогсоолыг бариулж төлбөрийг бүрэн хийж дуусгасан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэжээ.
/ХХ-ийн 57-59 дүгээр тал/
Мөн Х.С нь 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бүртгэлийн байгууллагад “Х.С нь Баянгол дүүрэг, *** байранд 14.4 м.кв талбай бүхий 17 дугаартай авто машины дулаан зогсоолыг бариулж төлбөрөө дуусгасан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү.
Грашийн үнэ 4.000 ам доллар буюу 4.666.000 төгрөгийг төлсөн” гэжээ.
/ХХ-ийн 51-54 дүгээр тал/
Х.С нь Баянгол дүүрэг, **** тоотын 14.4 м.кв талбай бүхий 17 дугаартай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн авто зогсоолын өмчлөгчөөр 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бүртгэгдэн түүнд ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
/ХХ-ийн 60 дугаар тал/
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 861 дугаартай “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” захирамжаар Д******* А******* ХХК-ийн захирал Х.С, Д.Мөнхнасан нар нь Ариг банкинд 2015 оны 2 дугаар сарын 28-ны дотор 50.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор 63.657.314 төгрөгийг төлөхөөр,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 30539 тоот захирамжаар Х.Сээс 161.000.000 төгрөгийг гаргуулж П.Жамсранд олгохоор,
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1306 тоот захирамжаар Х.С Голомт банкинд 6 сарын хугацаанд сар бүр 1.062,4 ам доллар, нийт 6.374,79 ам долларыг төлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 38-76 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 18-ны 2/17789, 27-ны 1/18485 тоот албан бичигтээ “Х.С нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн хариу ирүүлнэ үү” гэжээ.
Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 8 дугаар сарын 21-ний 2348 тоот, 29-ний 2444 тоот албан бичгүүддээ “... Х.Сийн өмчлөлд Баянгол дүүрэг, ****** тоот авто зогсоол бүртгэгдсэн байна. Танай 2014 оны 2/17789, 2/18485 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ гэсэн байна.
Мөн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 10-ны 3/43071 тоот албан бичгээр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны 861 тоот захирамжаар Д******* а******* ХХК-ийн захирал Х.Сээс 114.020.434 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн тул түүний өмчлөл дэх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлнэ үү”,
2017 оны 5 дугаар сарын 19-ний 3/14668 тоот албан бичигтээ “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1181 тоот шийдвэрээр Г.Э*******, Х.С нараас 24.689.929 төгрөг гаргуулан Вема ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Х.Сийн өмчлөл дэх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлнэ үү” гэсэн байна.
Бүртгэлийн байгууллагын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 977 тоот албан бичигт “Танай 2017 оны 3/14668 тоот албан бичгийн дагуу Х.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоотын авто зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ” гэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 4/11366 тоот албан бичигтээ “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1306 дугаар захирамжаар Х.Сээс 6.3774,79 ам доллар гаргуулан Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн тул түүний өмчлөл дэх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлнэ үү гэсэн байна.
Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 665 тоот хариундаа “Баянгол дүүрэг, **** тоот хаягт байрлах зогсоолын өмчлөгчөөр Х.С бүртгэлтэй байна.
Танай 2020 оны 2/18 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2014 оны 2/17789, 1/18485 тоот, 2015 оны 3/43071 тоот, 2017 оны 3/14668 тоот албан бичгүүдийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэжээ.
/ХХ-ийн 61-64, 68, 71, 74, 76 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх газар Х.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг, *** тоотын авто зогсоолыг төлбөр авагч болон төлбөр төлөгч Х.С нарын тохиролцон тогтоосон үнэ 20.000.000 төгрөгийн 70 хувь 14.000.000 төгрөгөөр дуудах үнийг тогтоож 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 2/3969 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 72-73 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх байгууллага хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхээр төлбөр төлөгч Х.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 байрны 17 тоотын 14.4 м.кв талбай бүхий 17 дугаартай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны 16290022/05 тоот тогтоолоор битүүмжлэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 16290022 тоот, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны 16290022/06 тоот тогтоолуудаар хураан, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 3-ны 4-227/27751 тоот, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1377 тоот лавлагаануудаар тус тус тогтоогдлоо.
/ХХ-ийн 38-76 дугаар тал/
Нэхэмжлэгч “Ок” ХХК нь хариуцагч Х.Сийг дээрх авто зогсоолын үнэ 4.000 ам долларыг төлөөгүй тул 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байна хэмээн маргасан ба мөн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгч “Ок” ХХК нь компанийн ажилтаны буруу ойлголтоос үүдэн санамсаргүй байдлаар авто зогсоол Х.Сийн өмчлөлд шилжсэн хэмээн тайлбарласан болно.
/ХХ-ийн 21-23 дугаар тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Ок” ХХК нь Х.Сийг авто зогсоолын үнэ 4.000 ам долларыг төлсөн тул түүний өмчлөлд уг хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлснээр уг хөрөнгө Х.Сийн өмчлөлд бүртгэгдсэн нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдлоо.
2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 12 жил, 9 сар, 26 хоног, авто машины зогсоол Х.Сийн өмчлөлд бүртгэгдсэн 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш 12 жил, 8 сар, 17 хоногийн дараа хариуцагч Х.Сийг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 19 дүгээр байр, 17 тоотын авто зогсоолын үнэ 4.000 ам долларыг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байна хэмээн маргасан нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч Х.Сд холбогдох Баянгол дүүргийн ***** дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлж өгөхийг Х.Сд даалгах тухай нэхэмжлэгч “Ок” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэн Б.Лосол нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ок” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, **** дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2076 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 15 дугаар тал/
Б.Лосол уг авто зогсоол Х.Сийн өмчлөлд бүртгэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гэрээний төлбөрт төлсөн 18.000.000 төгрөгийг шаардсан ба 2020 оны 5 дугаар сард түүний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэн, шийдвэр хүчин төгөлдөр болон биелэгдсэн хэмээн “Ок” ХХК тайлбарласан тул энэ талаарх баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Ок” ХХК ажилтаны буруу ойлголтоос үүдэн санамсаргүй байдлаар авто зогсоол Х.Сийн өмчлөлд шилжсэн хэмээн тайлбарласан бөгөөд компанид хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хариуцагч Х.С Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлэхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагатай тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Сд холбогдох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 19 дүгээр байрны зоорийн давхрын 17 дугаартай, 14.4 м.кв талбайтай, авто машины дулаан зогсоолыг “Ок” ХХК-д шилжүүлж өгөхийг Х.Сд даалгах тухай нэхэмжлэгч “Ок” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ок” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН