Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

П.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00001 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Пийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Хохирол 2 936 565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 

454 850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.ЭнЭ нар оролцов.

 

   Нэхэмжлэгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э группэд харуулаар 2010 оноос эхлэн ажиллаж, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс харуулын албаны даргаар дэвшин ажилласан. 3 сарын туршилтын хугацаанд алдаа дутагдал гаргаагүй тул 7 дугаар сарын 06-ны өдрөөс жинхэлсэн. Туршилтын хугацаанд 680 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамааран нэмэгдэл 170 000 төгрөгийн цалин авч байсан. Жинхлээд 760 000 төгрөгийн үндсэн цалин, гүйцэтгэлээс хамаараад нэмэгдэл 190 000 төгрөгөөр цалинжсан. 2017 оны 7 дугаар сарын эхээр гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин муу ажиллаж байна, харуулуудаар хог цэвэрлүүлэхгүй байна гэх шалтгаанаар удаа дараа ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардсан. Ингээд 7 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл өгч 7 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болсон. Халагдсан тушаал гаргаж өгөхгүй шалтаг хэлсээр 8 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн. 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн халамж дээр ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор очиход Э групп нь 2014 оны ажилчдын цалингаас суутгасан мөнгө төлөөгүй тул тэтгэмж авах эрх үүсээгүй гэсэн. Мөн 7 дугаар сарын цалин 513 965 төгрөг, амралтын мөнгө 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийг шалтаг хэлж өгөхгүй өдийг хүрсэн. 6, 7 дугаар сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл, ажилласан 144 цагтай тэнцэх 176 000 төгрөг, 112 цагийн 133 000 төгрөгийг муу ажилласан гэх шалтгаанаар ямар ч шийтгэвэргүйгээр хассан. Миний хариуцаж байсан эд хогшлоос 1 хуучин сандал дутсан. Тэр сандлын анхны үнэ 59 000 төгрөг, захирал шинэ сандлын үнэ суутгаж ав гээд суутгасан. 2014 онд ийм сандал 15 000 төгрөгөөр актлагдаж зарагдсан. 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл миний цалингаас 9 162 006 төгрөг суутгасан. Компани нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж 1 338 692 төгрөг авч чадаагүй. Иймд хариуцагчаас 7 сарын цалин, амралтын мөнгө 1 244 873 төгрөг, 6 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 176 000 төгрөг, 7 сарын ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 133 000 төгрөг, сандлын үнийн зөрүү 54 000 төгрөг, нийгмийн даатгалаас авах байсан 1 338 692 төгрөг нийт 2 936 565 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 7 дугаар сарын цалин амралтын мөнгө 1 244 783 төгрөг авах ёстой гэж шаардсан. Нэхэмжлэгч П.П манай компанид харуулын ажилтнаар ажиллаж байхдаа үндсэн цалин 760 000 төгрөг, ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл 190 000 төгрөг захирлын тушаалаар олгогддог байсан. 2017 оны 7 дугаар сард 136 цаг ажиллахаас 112 цаг ажиллаж 625 882 төгрөг бодогдсоноос нийгмийн даатгалын шимтгэл, татвар хасагдаад 513 965 төгрөг олгогдохоор гарсан. Үүн дээр ээлжийн амралтын 730 908 төгрөг нийт 1 244 873 төгрөгийн өглөгтэй гэж манай компани гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь 6, 7 дугаар саруудад авах ёстой байсан ажлын гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Урамшуулал нь тухайн ажилтны үндсэн цалин биш. Ажлын гүйцэтгэлээс хамаарч гүйцэтгэлийн үнэлгээний журмаар бодогдож, захирлын тушаалаар олгогддог. 6, 7 дугаар сард П.Пд нэмэгдэл хөлс олгогдохооргүй тушаал гаргасан учир үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй. Сандлын зөрүү мөнгийг П.П хүлээн зөвшөөрч миний хариуцаж байсан эд зүйлээс дутсан учир төлнө гэж бичиж өгсөн. Нийгмийн даатгалаас авах ёстой 1 330 000 төгрөгийг манай зүгээс гаргаж өгөх боломжгүй. Нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалын хуулийн дагуу авах ёстой гэжээ.

            Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.П цалингаас урьдчилаад авсан 1 000 000 төгрөгийг цалингаас суутгаж аваагүй тооцогдсон учраас нэхэмжлэгчид олгогдох ёстой. Нийт 1 699 000 төгрөгийн авлагатай болсон. Нэхэмжлэгчид өгөх ёстой 1 244 873 төгрөг байгаа учраас үүнийг харилцан тооцож манай компанийн авах ёстой авлага 454 850 төгрөг байгаа. Иймд хариуцагч П.Пээс 454 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч П.П сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: 1 000 000 төгрөгийг 2 өөр тайлбарлаж байгаа. Тийм зүйл байхгүй. 1 699 000 төгрөг гэж хариуцагч зохиомлоор гаргаж өгсөн тоо гэж үзэж байна. Надад Э ХХК-д 289 000 төгрөгөөс өөр өр төлбөр байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 1 244 873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 363 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Пийн нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмжид авах ёстой 1 338 692 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 427 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 36 369 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй.

Шүүх хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 1 244 873 төгрөгийг өгөхөө хүлээн зөвшөөрсөн, 1 244 873 төгрөгийн өглөгтэй гэсэн дээр талууд маргаагүй хэмээн дүгнэсэн нь талуудын өгсөн тайлбар, болон бичгэн нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй, ач холбогдолтой баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэлт өгч, хэргийг шийдвэрлээгүй. Учир нь шүүхийн шийдвэрт тусгагдсан нэхэмжлэгч нь "Э" ХХК-аас 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар хүсэлт бичиж 1 000 000 төгрөгийг цалингаас гадуур зээл хэлбэрээр авсан талаар нэхэмжлэгчийн бичсэн өргөдлийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан "...надад "Э" ХХК-д 289 000 төгрөгөөс өөр өр байхгүй" гэсэн тайлбарыг шүүх огт үнэлэлгүй, 1 000 000 төгрөгийн зээл олгосон талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч "Э" ХХК нь нэхэмжлэгчид 1 244 873 төгрөгийг өгөх үндэслэлгүй талаар холбогдох баримтуудыг гаргаж өгч, харин ч манай байгууллага нэхэмжлэгчээс 454 850 төгрөгийн авлагатай тул тус авлагын хэмжээгээр сөрөг нэхэмжлэл хүртэл гаргаж үндэслэл бүхий тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид 1 244 873 төгрөгийн өглөгтэй талаар талууд маргааүй, хариуцагч тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч П.П шүүхэд хандан, хариуцагч “Э” ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 1 553 873 төгрөг, цалин хөлснөөс илүү суутгасан зөрүү 54 000 төгрөг, гэм хорын хохиролд 1 338 692 төгрөг, нийт 2 936 563 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид дутуу олгосон цалин, хөлс болох 1 244 873 төгрөгийг компанид төлөх ёстой 1 699 723 төгрөгийн төлбөрт суутган, зөрүү 454 850 төгрөгийг П.Пээс сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

            Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, маргааны үйл баримтыг “хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

            Учир нь хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөгийн цалингийн зээл болон 699 723 төгрөгийн авлагыг суутгаагүй” гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “... 1 сая төгрөгийн цалингийн зээлийг суутгаж авсан гэж хэлсэн, ... цалин хөлснөөс 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 8 сар хүртэл 9 162 006 төгрөгийн суутгаж авсан, ... одоо хариуцагчид 289 000 төгрөг төлөх ёстой ...” гэсэн зөрүүтэй тайлбар өгсөн байхад шүүх уг нотлох баримт буюу зохигчдын тайлбарыг хэрхэн үнэлж маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон гэж үзнэ. /хх 1-2, 22, 147-148 дахь тал/

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхтэй боловч цалин хөлснөөс суутгал хийгдсэн эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтууд нь шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл үг, үсэг, он сар өдөр уншигдахгүй байгаагийн улмаас маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. /хх 82-140 дэх тал/

            Мөн нэхэмжлэгч П.П нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа хариуцагч компанийн нягтлан бодогч н.Долгорсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байхаас гадна талуудын хоорондын маргаанд уг гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой байж болох тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

            Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон гэх үндэслэлээр гэм хорын хохирол нэхэмжилсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохирол 1 338 692 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь оновчгүй болжээ.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД