| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2020/0643/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 646
2020 5 21 2020/ДШМ/646
Г.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
хохирогч О.Б-,
шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/681 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Э-т холбогдох эрүүгийн 1906063330435 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Г.Э-, 19.. оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВЮ............./;
Г.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан иргэн О.Б-тэй “өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаа үүсгэсэн, чат бичсэн” гэх асуудлаар маргалдаж, улмаар “...миний найз охиныг тайван байлга, ална шүү” хэмээн нүүр рүү нь цохих, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, Г.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүхээс шүүгдэгч Г.Э-т ял оногдуулахад тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.” хэмээн тусгасан атлаа хүндрүүлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны үнэт зарчим алдагдсан, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн тайлбар мэдүүлэг нь өөр хоорондоо илт зөрүүтэй байснаас гадна О.Б- шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт учирсан гэмтлүүд нь биеийн хаана, хэрхэн учирсан, хэн учруулснаа зөрүүтэй байдлаар мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ “Г.Э- миний зүүн хацар болон зүүн шанаа руу цохисон. Би өөрийгөө хамгаалж байгаад хуруугаа хугалуулсан гэж бодож байна” хэмээн мэдүүлсэн. Харин хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгийг харвал дараах байдлаар мэдүүлгээ өгсөн байдаг.
Мөрдөн байцаалтын явцад өгсөн хохирогч О.Б-ийн мэдүүлэгт “2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр намайг Г.Э- миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд үснээс зулгааж, өөрөө машинаас буугаад үснээс чирсэн. Би үстүүлсэн чигтээ газар унасан. Би газар гараараа тулах үед намайг өшиглөж зодсон. Намайг ухаан баларттал нүдэж байгаад яваад өгсөн.” /хх 14-15/,
2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоос авсан тайлбар мэдүүлэгт “нүүр рүү 2 удаа, дагз хүзүү рүү маш их цохисон. Нүүр, шанаа хавдсан, уруул язарсан.” гэж мэдүүлсэн байдаг ба энэ нөхцөл байдлууд нь дараахь бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2.2 дахь хэсэгт “толгойн томографикаар гавал ясанд гэмтэлгүй. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. ...дайвар хөндийнүүдэд агууламжгүй. Нүүр, хуйхны зөөлөн эдэд хаван хавдаргүй.” /хх 36-41/ байсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан ба гэрч Пүрэв-Очир, Амартүвшин нарын тайлбар мэдүүлгээр хохирогч О.Б-ийн нүүрэнд ил харагдах шарх гэмтэл байгаагүйг давхар нотлож байгаа болно.
Дээрхээс гадна 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 тоот дүгнэлтэд “О.Б-ийн биед ...баруун дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад цус хуралт, дээд уруул, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” хэмээн дүгнэсэн байхад хохирогч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ зүүн шанаа руу цохисон, зүүн дээд урууланд цохисон гэсэн мэдүүлэг нь зөрүүтэй байхын зэрэгцээ анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт “хохирогч ... нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.” гэх дүгнэлттэй огтхон ч нийцэхгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс ноцтой зөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед түүний гаргасан мэдүүлгийг уншиж сонсгоно” гэснийг анхан шатны шүүхээс зөрчсөн, өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн мэдүүлэг зөрж байгаа талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно. Хавтас хэргийн 16 дугаар талд уг хэрэгтэй холбогдуулан хийсэн аюулын зэргийн үнэлгээний маягт авагдсан ба аюулын зэрэг өндөр гарсан байдаг. Тус баримтаас үзэхэд 1 дүгээр асуултад “хөгжлийн бэрхшээлтэй, бөөрний архаг дутагдалтай, унаж татдаг өвчтэй”, 4 дүгээр асуултад “миний барилгыг 150.000.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Би өмнөөс нь 1.000.000 төгрөг төлдөг”, 5, 6 дугаар асуултад “хутга барьж ална гэж сүрдүүлж байсан, машинаар дайрч алах гэж байсан” хэмээн тайлбар өгч аюулын зэрэг өндөр гарсан байдаг. Гэтэл хохирогч О.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийгөө хөгжлийн бэрхшээлгүй, архаг хууч өвчингүй гэж мэдүүлснээс гадна дээрхи хүснэгтэд тусгагдсан 150.000.000 төгрөгийн зээлийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Хаан” банкнаас Г.Э-, О.Б- нар нь хамтран зээл авсан баримт хавтас хэргийн материалд тусгагдсан. Мөн энэхүү асуудлаар 2 ч удаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст залилангаар гомдол гаргасан. Тухайн хэргийг иргэний хэргийн маргаан гэж үзээд Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан ба дээрх нөхцөл байдал үгүйсгэгдсэн баримт авагдсан. 5 дугаар асуултад хариулсан “хутга барьж ална гэж сүрдүүлсэн” хэмээн мэдүүлснийг Мэдээлэл шуурхай албаны удирдлагын төвд хүсэлт хүргүүлэн О.Б-ийн зүгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсныг тодруулан баримт гаргуулан авахад “миний төрсөн дүү хутга бариад хүү бид 2-ыг ална гэж дайраад байна” гэсэн утгатай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгч байсан талаарх баримт хавтас хэрэгт авагдсан байна. Дээрхи баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтас хэргийн материалд тусгуулсан байтал шүүхээс эдгээр нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүй зөвхөн хохирогчийн тайлбар мэдүүлгээр дүгнэж, өмгөөлөгчийн хууль зүйн тайлбарыг анхаарч үзэлгүй энэ баримтууд энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хохирогчийн хувийн байдал болон урьд урьдын асуудлыг сөхөн ярих шаардлагагүй хэмээн үзсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн ял оногдуулсан. Гэтэл энэхүү шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн яг аль зүйл, заалтаар хүндрүүлэн ял оногдуулж байгаа нь тодорхойгүй. Энэ талаар шүүхийн шийдвэрт бүрэн дүүрэн тусгаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Э- нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх, энэ талаар дуудлага мэдээлэл бүртгэгдсэн эсэхийг шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байхад уг хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хэмээн хүндрүүлэн зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэхийг хүсч байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” болон нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд гомдлын агуулга, үндэслэлийг дараахь байдлаар тайлбарлаж байна.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “хохирогч О.Б- мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр намайг Г.Э- болон түүний явдаг хүүхнээс машинаа булааж авсан, нэр төрд нь халдсан, эд зүйл эвдсэн, хулгайлсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн байхад тэнд таарч байсан. Гэхдээ миний буруу биш гэдгийг тогтоосон. ... би явлаа гэсэн чинь Г.Э- надаас охиноо булааж аваад миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон. Тэгээд үснээс зулгааж өөрөө машинаас буугаад үснээс чирсэн. Би үстүүлсэн чигтээ газар унасан. Би газар гараараа тулах үед намайг өшиглөж зодсон. Намайг ухаан баларттал зодож байгаад яваад өгсөн.” /хх 14-15/ гэж мэдүүлсэн боловч О.Б- “... уулзахдаа тэр хүүхэн намайг доромжлоод байгаа талаар хэлж, болиулаад өгөөч гэж хэлэх гэхэд шүүгдэгч миний нүүр рүү 2-3 удаа цохисон ба миний хуруу хугарсан байсан. Би өөрийгөө хамгаалж байгаад хугалуулсан” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн үед хэлсэн. Хохирогч О.Б-ийн хавтас хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байснаас гадна 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хохирогчоос авсан мэдүүлэгт “нүүр рүү 2 удаа, дагз, хүзүү рүү маш их цохисон. Нүүр, шанаа хавдсан, уруул язарсан” хэмээн мэдүүлсэн. Гэтэл хавтас хэргийн 36-41 дүгээр хуудаст авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2.2 дахь хэсэгт “Дайвар хөндийнүүдэд агууламжгүй, нүүр, хуйхны зөөлөн эдэд хаван хавдаргүй” байсан талаар тусгагдсан байна. Мөн хохирогч О.Б-ийн ярьж байгаа тухайн машин нь миний нэр дээр байснаас гадна энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст намайг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг дурьдмаар байна.
Хэргийн 16 дугаар талд авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягтад тусгагдсан 1 дүгээр асуултад “өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, бөөрний архаг дутагдалтай, унаж татдаг өвчтэй”, 4 дүгээр асуултад “миний барилгыг 150.000.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан. Би өмнөөс нь 1.000.000 төгрөг төлдөг”, 6 дугаар асуултад “хутга бариад ална гэж сүрдүүлж байсан, машинаар дайрч алах гэж байсан” хэмээн О.Б-ийн аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан. Гэтэл хохирогч О.Б- шүүхийн хэлэлцүүлгийн үед “хөгжлийн бэрхшээлгүй, архаг хууч өвчингүй” гэж мэдүүлсэн. Дээрхи хүснэгтэд тусгагдсан 150.000.000 төгрөгийг би өөрийн нэрээр “Хаан” банкнаас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хамтран зээлдэгчээр О.Б-тэй авсан бөгөөд тусдаа амьдарснаас хойш тухайн асуудлаар надад хоёр ч удаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр гомдол гаргасан. Баянгол дүүргийн прокурорын газраас 150.000.000 төгрөгийн асуудлаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хүртэл гарч байсан. /хх 82-83/,
Мөн 6 дугаар асуултад хариулсан “хутга барьж ална гэж сүрдүүлсэн” хэмээн мэдүүлснийг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүсэлт хүргүүлэн О.Б-ийн зүгээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсныг тодруулан, баримт гаргуулан авахад “миний дүү хутга бариад хүү бид хоёрыг ална гэж дайраад байна” гэсэн утгатай дуудлагыг цагдаагийн байгууллагад өгч байсан. Энэ баримтыг хавтас хэрэгт нотлох баримтын хэмжээнд хавсарган өгсөөр байтал шүүхээс дээрхи нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүй намайг буруутан болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын тайлбар мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн дүүрэн үнэлээгүй. Тодруулбал, гэрч Э.Пүрэв-Очирын мэдүүлэгт /хх 28/ “О.Б-ийн биед ил харагдах шарх байгаагүй. Тухайн үед Г.Э-ын ээжтэй утсаар холбогдоход бид нарт ажил явдал гарсан, ямар ч завгүй байна. Наад дуудлага өгсөн эмэгтэй чинь дандаа ингэж байдаг.” гэсэн утгатай зүйл яриад салгасан,
гэрч М.Амартүвшингийн мэдүүлэгт /хх 29/ “Толгой хавантай, нүүр рүү 2 удаа цохисон гэж хэлсэн. Гэхдээ ил харагдах шарх байгаагүй.”,
гэрч М.Бадмаагийн мэдүүлэгт /хх 31/ “...О.Б- нь надад нэг удаа Г.Э-ыг шоронд оруулж байгаад сална”,
Г.Э-аас гэрчээр авсан мэдүүлэгт “...намайг машинаас буух үед миний толгой руу 2-3 удаа О.Б- нь хүчтэй цохисон. Би охиноо аваад зугтаасан. Гарыг нь хөшсөн зүйл байхгүй.”,
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 188 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “толгойн томографт гавал ясны гэмтэлгүй. Тархины эд голомтот өөрчлөлтгүй. Нүүр, хуйхны зөөлөн эдэд хаван хавдаргүй” хэмээн тус тус хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримт нь хохирогч О.Б-ийн гаргасан гомдлыг үгүйсгэж байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна.
Хавтас хэргийн 33-34 хуудаст авагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “баруун дээд 2 дугаар шүд хоёр чиглэлд бага зэрэг хөдөлгөөнтэй, дээд уруулын баруун хэсэг бага зэрэг овойж хавдсан, дотор салстад 1.5х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай” байна. О.Б-ийн биед баруун гарын дунд хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад цус хуралт, дээд уруул, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” хэмээн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Гэтэл дээрхи дүгнэлтэд тусгагдсан баруун дээд 2 дугаар шүд нь хиймэл байсныг нь хамтран амьдрах хугацаандаа мэдэж байсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хяналтын прокурорт хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийг хүлээн аваад 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тухайн дүгнэлтэд өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдагдсан баруун дээд 2 дугаар шүд нь буйланд суулгасан хиймэл болон ясан шүдэлбэр аль нь болохыг тогтоогоогүйгээс гадна дотор салстад үүссэн 1.5х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралтын өнгийг тус дүгнэлтэд 1-3 хоногт хөх ягаан өнгөтэй байхаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэн гаргасаар байтал шүүхээс дээрхи нотлох баримтыг бүрэн бодитойгоор үнэлээгүй. Мөн дүгнэлтийн 5 дахь хариултад “баруун гарын дунд хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, бусдыг алгадах, шанаадах” зэрэг үед үүсгэгдэх боломжтой гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан гэрч, яллагдагчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр О.Б- нь миний нүүр болон шанаа хэсэг рүү 2-3 удаа алгадаж, шанаадах үйлдлийг хийсэн талаар мэдүүлсэн байтал энэ үйл баримтыг мөн үнэлээгүй, хохирогч О.Б-ийн хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэгт “газарт гараараа тулж унасан, өөрийгөө хамгаалж байгаад цохиулсан” хэмээн мэдүүлсэн. Гэтэл дээрхи дүгнэлтэд “бусдыг алгадах, шанаадах, цохих үйлдэлд үүсэх боломжтой” гэснийг огт үнэлээгүй.
Миний бие 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хэргийн материалтай танилцсан бөгөөд тухайн үед хавтас хэргийн 33 дугаар хуудаст хавсаргасан байсан 12423 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлбөр төлсөн баримт хэргийн материалтай танилцах үед байсан боловч шүүхийн шатанд хэргийн материалтай танилцах үед төлбөрийн баримт алга болсон байсан. Тухайн баримтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 33 минутад төлбөр төлсөн баримт байсан. Энэ баримт нь хэрэг маргаан гарахаас өмнөх өдөр нь төлөгдсөн байсан бөгөөд хэрэгт авагдсан гэрч М.Бадамын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр өгсөн мэдүүлэгт “... надад нэг удаа Г.Э-ыг шоронд оруулж байгаад салгана” /хх 31-32/, гэрч Э.Пүрэв-Очирын мэдүүлэгт “Г.Э-ын ээжтэй утсаар ярихад наад дуудлага өгсөн эмэгтэй чинь дандаа ингэж байдаг гэсэн утгатай зүйл яриад байсан, тэгээд утсаа салгасан.” /хх 28/, хэргийн 73 дугаар хуудаст авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Иргэний хэргийн шүүгчийн захирамж, хэргийн 82 дугаар хуудаст авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын газраас “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол” зэрэг дээрх баримтуудыг харвал хохирогч О.Б- нь зориуд намайг гэмт хэргийн буруутан болгохоор улайран дайрч буй үйлдлүүд нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “намайг 2018 оны 4 дүгээр сар, 7 дугаар саруудад зодож байсан. Сүүлд зодсоноос хойш энэ хүнийг уучилж чадахгүй хөндий харьцаатай байсан” гэх мэдүүлэг бүхэлдээ гүтгэлгийн чанартай бөгөөд өмнө нь миний бие О.Б-ийн биед халдах, дарамтлах үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн цаг хугацаанд болсон гээд байгаа зүйлүүдийн үнэн зөв байдлыг нотлох баримтаар тогтоогоогүй ба зөвхөн О.Б-ийн мэдүүлснээр хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэтэл тус шийтгэх тогтоол “шүүгдэгч Г.Э-т ял оногдуулахад тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” хэмээн тусгасан. Мөн хяналтын прокурор намайг 1 жилийн хугацаагаар хорих ялтайгаар шүүхэд санал хүргүүлсэн боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч үнэн зөв, шударгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ... “ гэв.
Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Э-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан иргэн О.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмтлийг учруулсан гэж үзэж миний үйлчлүүлэгчид 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас үзэхэд Г.Э- нь хохирогч О.Б-тэй тодорхой хугацаанд хамтран амьдарч байгаад салсан бөгөөд гэр бүлийн салалтын талаар болон эд хөрөнгийн маш их маргаантай байдаг. Хэрэг гарсан өдөр О.Б- хүүхэд өвдөөд байна, аавыгаа санаад байна гэдэг байдлаар Г.Э- руу өдрийн турш мессеж бичиж, уулзъя гэсэн байдаг. Г.Э-ын зүгээс эхийнх нь хамаатны хүн нас бараад буяны ажилтай байна, би очих боломжгүй байна гэхэд “хүүхдийг чинь өгмөөр байна” гэсэн. Г.Э- “би чамтай аль болох уулзмааргүй байна, ээжид үлдээчих, найзад үлдээчих” гэдэг байдлаар хариулахад “заавал чамд өгнө” гэсэн О.Б-ийн удаа дараагийн шахалтын улмаас ирж уулзсан байдаг. Уулзаад эмэгтэй хүнтэй чат бичсэн гэсэн маргаан үүсэхэд Г.Э- “миний найз охиныг тайван байлга” гэсэн. О.Б-ийн хувьд орилж хашхирсан, зан ааш нь тогтворгүй байсан, Г.Э-ын нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон байдаг. Шүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тодорхой төрлийн хэдэн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Мөн баруун гарын дунд хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал нь цохих, цохигдох, бусдыг алгадах, шанаадах зэрэг үед үүсгэгдэх боломжтой гэж дүгнэсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн ахмад Буяндэлгэр 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гэрч Бадамыг байцаасан байдаг. Бадам нь О.Б- гэх хүний 10 жилдээ хамт сурч байсан багын найз бөгөөд одоо ч найз нөхдийн харилцаатай. Тэрээр “О.Б- бид хоёр Төв аймгийн Баянчандмань сумын нэгдүгээр сургуульд 8 дугаар анги хүртлээ хамт сурсан. О.Б- сургуульд байхдаа сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн шиг зан ааштай, уурыг нь хүргэвэл орилж хашхирч дайрдаг, занг нь мэддэг учир хүүхдүүд ойртдоггүй байсан. Яагаад ийм зан араншинтай болсон гэхээр аав нь архи ууж ирээд ээжийг нь зоддог, хүүхдүүдээ хүнд хүчир ажил хийлгэдэг, амьдралын хувьд тарчиг өссөн, аав нь нас барчихсан, ээж нь хүүхдээ өмөөрөөд зоддог байсан, баруун гарын дунд хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, бусдыг алгадах, шанаадах” зэрэг үед үүсгэгдэх боломжтой, гар хөл нь халцарчихсан, хавдчихсан явдаг байсан. Эрэгтэй хүнийг үзэн ядах болсон шалтгаан нь энэ байх. Ямар нэг хүнийг заавал өөрийнхөөрөө байлгах гэж үздэг, үгнээс нь зөрвөл уурладаг, бид нар хүүхэд байхдаа айдаг байсан. Одоо ч айдаг, зан араншингийн хувьд маш түрэмгий, бодсон зүйлээ заавал гүйцэлдүүлж байж салдаг. Ямар нэг асуудал болвол зайгаа барьж тайвшрахаар нь уулзах жишээтэй харьцдаг байсан. О.Б- Г.Э-тай гэртээ нэг өөр байдлаар харьцдаг. Ямар нэг зүйл болсон тохиолдолд өөрийнх нь буруу үйлдэл байхад цагдаа дээр очиж өөрийнхөө зөв болгож ярьдаг. Би гэрт нь хааяа хонож өнждөг байсан. Г.Э-ын хувьд гэрийн эзэн шиг харагддаггүй, түүнтэй зарц шиг харьцдаг. Энэ талаар найз нөхөд нь мэддэг боловч хэл амнаас айгаад хэлж чаддаггүй байсан. Эрэгтэй хүнтэй байнга орооцолддог, зугаа цэнгэлд маш дуртай, шоуддаг. Би О.Б-тэй найз нөхөд, одоо ч хэвийн харилцаатай байгаа. Найзыгаа хамгаалах үе гарвал хамгаална. Гэхдээ үнэн гэж байх ёстой” гэж мэдүүлсэн байдаг. Мөн “О.Б-ийн байгаа байдал, ёс суртахуун, гэр бүлийн байдал зэргийг хэлэхэд үнэхээр хэцүү. Надад нэг удаа Г.Э-ыг заавал шоронд оруулж байж сална гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болно. Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь, О.Б-ийн багын найз Бадамын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад О.Б- гэх хүнийг ямар хүн болох талаар мэдүүлсэн байхад шүүх уг мэдүүлгийг огт үнэлээгүй. Мөн шийтгэх тогтоол гарах үед хохирогчийн мэдүүлгийг үндэслэж, гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа заагаагүй. Анхан шатны шүүх Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж О.Б-т хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 шинжийг байнга үйлдсэн байхыг үзнэ гэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 630 дугаартай тогтоолоор тайлбарласан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлдлийг байнга үйлдсэн байхыг шаарддаг. Эрүүгийн эрх зүйн онол, практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжтай шинжийг тодорхойлохдоо давтан болон байнга гэх ойлголт яригддаг. Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд 3 болон түүнээс дээш үйлдсэн байхыг ойлгоно. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Э-ыг О.Б- гэх хүний эсрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан шинжүүдийг байнга үйлдсэн талаар нотолсон зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан. Хохирогчийн зүгээс Төв аймгийн Баянчандмань суманд зодуулсан, энэ асуудал болоход би ээжийнхээ гар утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэдэг. Энэ талаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хүсэлт гаргаж авахад тухайн өдөр ийм дугаараас дуудлага ирээгүй гэсэн лавлагаа өгсөн байдаг. Мөн шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хутга барьж дайрсан, машинаар дайрах гэж байсан гэдэг асуудал яригддаг. Гэтэл хавтас хэргийн 151 дэх талд хутга барьж дайрсан асуудал нь хохирогчийн төрсөн дүүгийн гаргасан үйлдэл болох нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах дэслэгч Сүлдмаагийн өгсөн лавлагаагаар тогтоогддог. Дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд хохирогч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэг нь эргэлзээтэй. Мөн тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тухайн гэмтлийг учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Миний үйлчлүүлэгч хохирогч О.Б-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирол учруулаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хуульд заасан торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Э- миний 5 хүүхэд болон надад оюун санаа, сэтгэл санаа, бие махбодын хохирол учруулсан хэрнээ гэм буруугаа нэг удаа ч ухаараагүй, надаас уучлал гуйгаагүй өдийг хүртэл явсан. Одоо хамаатан садан, ах дүү нар нь бүгд биднийг буруутгадаг. 5 настай хоёр ихэр хүү, 3 настай миний охин эцгийнхээ царайг хараагүй 1 жил гаруй болсон. Г.Э- маш их хэмжээний зээл авахуулаад жил гаруй хугацаанд алга болсон бөгөөд хүүхэд бэтгэрээд байхаар нь нэг удаа уулзуулах гэж очтол намайг зодсон. Г.Э- 3 хүүхэдтэйгээ амьдардаггүй. Би 5 хүүхэдтэйгээ амьдардаг. Г.Э- 150.000.000 төгрөгийн зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй. Би сар бүр 3.759.000 төгрөг төлж байгаа бөгөөд банкинд эрсдэлийн хэмжээнд хүрчихсэн, банкнаас мэдэгдэл ирээд шүүхэд шилжиж байгаа. Зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй бол барьцаагаар хангана гэсэн заалт байдаг. Уг барьцаа хөрөнгө нь миний хөрөнгө тул би хөрөнгөө алдахгүйн тулд зээлийг нь төлөөд явж байна. Г.Э- бид хоёрын дунд маш олон зөрчил бий. Учир нь, Г.Э- 2017 оны 8 дугаар сараас хойш өөр хүнтэй харьцаа үүсгэж, амьдрах гэж явсан. Үүнийг гэрчлэх олон хүн байдаг. Мөн 21 настай жолооны курс төгсөөгүй эмэгтэйд 25.000.000 төгрөгөөр надад авч өгсөн гэх нэртэй автомашинаа бэлэглэсэн байсан. Би тэр эмэгтэйгээс автомашинаа авах гэж очиж муудалцсан бөгөөд намайг маш их хэл амаар доромжилж чат бичсэн. Би Г.Э-т энэ мэт зүйлийг үзүүлж “үүнийг болиулаад өг, чи намайг ямар их доромжилж ханадаггүй юм бэ” гэж хэлэх гээд очтол тэр эмэгтэйг өмөөрч намайг зодсон. Би тухайн үед намайг хэдэн удаа цохисныг, өөрийгөө хамгаалах гэж хуруугаа хугалуулсан уу, газар тулж байгаад хуруугаа хугалуулсан уу гэдгээ санахгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар үг, үсгийн алдаан дээр маш их тоглолт хийдэг. Өнөөдөр Г.Э- хэргээсээ мултрах гэж ухаарч байна гэж ярьж байгаа боловч миний хувьд маш их гомдолтой байна. Учир нь, миний хүүхдүүд, гэр бүл, надаас уучлал гуйгаагүй, хүүхдүүдээ авах, уулзах гэж нэг ч удаа ирээгүй. Би Г.Э-ыг ухаараад буцаж ирнэ байх гэж цөхөртлөө хүлээсэн. ...” гэв.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хавтас хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд, хүндрүүлэх шинж байхгүй гэж бичсэн хэрнээ хүндрүүлсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар анхан шатны шүүхэд маргадаг. Гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид орсон тохиолдолд гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байдаг тул уг гомдол үндэслэлгүй. Мөн шүүгдэгч талаас хохирогч О.Б-ийн хувийн байдал болон зээл төлбөртэй холбоотой баримтын талаар их ярьдаг. Гэвч уг асуудал нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд хамааралгүй, гэмт хэргийг шийдвэрлэсэн байдалд нөлөөлөөгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэсэн зүйл ярьж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үүссэн бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан энэ харилцааг гэр бүлийн хүчирхийлэл гэж томьёолдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг байнга шинжээр тодорхойлогдож зүйлчлэгддэг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь тухайн гэмт хэргийн үйлдлийн арга, сэдэл зорилгод дүгнэлт хийж гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр авч үздэг зохицуулалт тул хэргийн зүйлчлэл бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Г.Э-ыг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдарч байсан иргэн О.Б-тэй “өөр эмэгтэйтэй эр, эмийн харилцаа үүсгэсэн, чат бичсэн” гэх асуудлаар маргалдаж, улмаар “...миний найз охиныг тайван байлга, ална шүү” хэмээн нүүр рүү нь цохих, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоож, шүүгдэгч Г.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов.
Учир нь, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.
Харин, өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байсан, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Б-ийн “...Бид хоёр миний машинд сууж ярилцах үед би жолооч талын, Г.Э- миний хажууд зорчигчийн суудал дээр, 3 настай охин миний өвөр дээд сууж байсан. Ингээд би “тэр хүүхэн чинь яагаад намайг доромжлоод байгаа юм бэ, над руу юм бичээд байна, чи заваарч явсан юм бол өр зээлээ төл” гэсэн чинь “би өөрийн гэсэн юмаа чамаас авна, би яаж амьдрах юм бэ, миний найз эмэгтэйг тайван орхи, ална шүү” гэсэн. Тэгээд намайг зодож эхэлсэн. Би “явлаа” гэхэд Г.Э- охиноо надаас булааж аваад миний нүүр рүү нилээд хэдэн удаа цохисон. Тэгээд миний үснээс зулгааж өөрөө машинаас буугаад үснээс чирсэн. Би үстүүлсэн чигтээ газар унасан. Би газар гараараа тулах үед намайг өшиглөж зодсон. Намайг ухаан балартал нүдэж байгаад яваад өгсөн” /хх 14-15/ гэх,
гэрч Э.Пүрэв-Очирын “...дуудлагыг хүлээн авч тус газар очиж тухайн эмэгтэйг машинд суулгаж аюулын зэргийн үнэлгээ хийж, мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах явцад тухайн эмэгтэй “манай хүүхэд аавтайгаа уулзана гэхээр нь уулзуулсан чинь хүүхдийг минь аваад явчихлаа. Машинд сууж байхдаа хамт амьдарч байгаа хүүхнийх нь талаар ярьсан чинь тэр эмэгтэйг тайван орхи гээд нүүр рүү 2 удаа цохисон. Толгой, дагз руу олон удаа цохисон. Толгой маш их өвдөж байна” гээд толгойгоо харуулахад ар дагз хэсэг нь хавдчихсан, зодуулсан шинжтэй байсан. Цохиулаад газар унахдаа гараа гэмтээсэн, юм бичиж болохгүй байна гэж ярьж байсан” /хх 28/ гэх,
шүүгдэгч Г.Э-ын “...би тухайн үед хүүхдээ аваад явна гэсэн бодолтой байсан. Намайг очиход автобусны буудал дээр охинтойгоо машинд сууж байсан. Би жолоочийн зүүн талын суудал дээр суусан. Охиноо авах гэсэн чинь өгөхгүй байсан. О.Б- өөрөө хэрүүл өдөөд янз бүрийн юм яриад байсан. Би өөдөөс нь ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй, тухайн өдөр ажил явдал гарчихсан байсан учраас хүүхдээ аваад буух гэсэн чинь орилж чарлаад үсээ зулгаагаад байсан. Танайхан бүгдээрээ үхээсэй гэх мэт зүйлс яриад байсан. Миний хувьд О.Б-т гар хүрсэн зүйл байхгүй. Харин охиноо аваад буух гэсэн чинь О.Б- толгой, баруун шанаа руу баруун гараараа 3-4 удаа цохисон. Тухайн үед би хүүхдээ зүүн гартаа тэвэрчихсэн байсан. Хүүхдээ аваад зугтаасан. Миний шанаа хавдчихсан байж байгаад одоо зүгээр болчихсон. Бас миний нүүр рүү алгадаад байсан. ...” /хх 53-54/ гэх мэдүүлгүүд,
хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 27-28/, мөн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх 38-41/,
эрсдэлийн түвшин “өндөр” болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх 16-17/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:
Г.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын автобусны буудлын орчим хамтран амьдарч байсан О.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүр рүү нь цохих, үснээс нь зулгаах, газар унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Харин Г.Э- гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан хамтран амьдарч байсан О.Б-ийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Хохирогч О.Б- нь 2018 оны 4, 7 дугаар саруудад Г.Э-т зодуулсан /хх 14-15/ тухайгаа мэдүүлсэн боловч тэдний хооронд үүссэн маргаан нь шүүгдэгчээс хохирогчийг дарамталж, харгис хэрцгий харьцаж байсан гэх шинжгүй буюу гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан хоёр хүний хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн шинжтэй байх тул Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэдийгээр шүүгдэгч Г.Э-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч хохирогчийн гомдол саналыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн ялын дээд хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон хугацааг хуульд заасан аргачлалаар хасч, үлдэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, түүний 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 37 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэсний дагуу 296 цагийг хасч, үлдэх 424 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газар, тэдний хяналтад дор эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/681 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Прокуророос Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Г.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э-ыг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 37 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 424 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ