Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01081

 

 

                        “Ц ш” ХК-ийн нэхэмжлэлтэй

                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2200 дугаар магадлалтай,

“Ц ш” ХК-ийн нэхэмжлэлтэй,  

“А м”  ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 5,657,728,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч А.Г-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц ш” ХК нь хариуцагч “А м”  ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 5,657,728,328 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “А м”  ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,151,469,220.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ш” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,506,259,107.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,446,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,915,296.10 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2200 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,119,185 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн тул шийдвэрийн зарим хэсгийг болон магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Магадлалын Хянавал хэсэгт “… Монгол Улсад 2020 оны 02 дугаар сараас онц байдал зарласан нь нийтэд илэрхий үйл баримт мөн боловч онц байдал зарлах хүртэлх хугацааны алданги төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм” гэж дүгнэж, гомдолд хамааралгүй, дурдагдаагүй асуудлаар дүгнэлт гаргаж, гомдлын дагуу үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг гаргаагүй.

4.2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “… ЦХГ/2019/11 дугаар гэрээний хавсралт 3-т зааснаар 2019 оны 12 дугаар сард 753,910,419 төгрөг ... төлөхөөр тохиролцсон байна. Үүнээс үзэхэд … 2019.12.31-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс алданги тооцох эрхтэй …” гэж үзээд 192,247,157.10 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “А м”  ХХК нь “Ц ш” ХК-тай 2019.06.27-ны өдөр байгуулсан цемент худалдах-худалдан авах тухай гэрээний дагуу 41,180 тонн цементийг 2019 оны 10 дугаар сард багтаан худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч тал нь гэрээний үнэ 6,006,839,300 төгрөгийг худалдагч “Ц ш” ХК-д дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Үүнд: Эхний ээлжийн 4,752,928,881 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээн авсны дараа цементийн үнийг 2020 оны 4 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан гурван талт гэрээний дагуу төлөх, дээрх цемент хүлээн авсны дараа, дараагийн ээлжийн 1,253,910,419 төгрөгийн үнэ бүхий цементийг хүлээн авч цементийн үнийг “Ц ш” ХК-д 2020 оны 2 дугаар сард төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эхний 2019.12.31-ний өдрийн байдлаар ердөө 27,789.30 тонн 3,959,222,063 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн. Тодруулбал, эхний ээлжийн 4,752,928,881 төгрөгийн үнэ бүхий цементийг бүрэн нийлүүлээгүй болно. Энэ нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх ёстой байсан 4,752,928,881 төгрөгийн үнэ бүхий цементэд хамаарч байгаа. Харин хоёрдугаар ээлжийн буюу гэрээний хавсралт 3-т заасан 1,253,910,419 төгрөгийн үнэ бүхий цементийг манай компанид огт нийлүүлээгүй, хавсралт 3-т заасан графикийн дагуу гэрээний үүрэг огт үүсээгүй байхад шүүхээс хавсралт 3-т заасны дагуу алданги шаардаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү дарааллаар төлөх нь зөв гэдгийг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас энэхүү төлөх дараалалтай маргаагүй, алдангийг гэрээний хавсралт 2-т заасны дагуу 2019 оны 4 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх байсан 1,000,000,000 төгрөгөөс бодож нэхэмжилсэн. Гэтэл шүүх дээрх төлөх дарааллыг анхаарч үзэхгүй, нийлүүлэгдээгүй, үүрэг үүсээгүй гэрээний хавсралт 3-т заасныг үндэслэн 192,247,157.10 төгрөгийн алдангийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн алдангид 192,247,157.10 төгрөг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Ц ш” ХК-аас хариуцагч “А м”  ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 5,657,728,328 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 4,151,469,220.10 төгрөг гаргуулж, үлдэх 1,506,259,107.90 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... Манай компани “А м”  ХХК-тай 2019.06.27-ны өдөр цемент худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 3,959,222,063 төгрөгийн 22,546.30 тонн задгай цемент, 5,243 тонн савтай цементийг нийлүүлсэн. Тус гэрээний хавсралт №2-ын дагуу хариуцагч нь 4,752,928,881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст, хавсралт №3-ын дагуу 1,253,910,419 төгрөгийг “Ц ш” ХК-ийн 469009966 тоот дансанд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч компани өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн. 2019.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 3,959,222,063 төгрөг төлөхийг хариуцагч компани зөвшөөрсөн. Тус хэлцлийн дагуу төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасны дагуу алданги тооцож шаардах эрхтэй. Иймд, үүргийн үлдэгдэл 3,959,222,063 төгрөг, 143 хоногийн алданги 1,698,506,265 төгрөг, нийт 5,657,728,328 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу цементийн нийт 3,959,222,063 төгрөгийг төлж барагдуулахыг 2019.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн. Өвлийн улиралд барилга угсралт, барилгын бетон зуурмагийн үйл ажиллагаа эрс мууддаг тул төлбөрийг төлөх боломж, бололцоо байгаагүйгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Мөн 2020 оны 2 дугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд бүртгэгдсэнтэй холбоотойгоор улсын хил хааж манай компанийн үйл ажиллагаа саатахад хүрсэн. Энэхүү шалтгаан нь тус гэрээний 10.2-т “давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан үндэслэл болно. Уг гэрээний хугацаа нь 2019.06.27-2020.12.31-ний өдрийн хооронд байх бөгөөд гэрээ дуусах өдөр болох 2020.12.31-ний өдрөөс эхлэн алданги тооцох ёстой байхад гэрээний хугацаанаас өмнө 1,698,506,265 төгрөгийн алданги тооцох үндэслэлгүй. Иймд, гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гэрээг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч  нийт төлбөрийн 4,752,928,881 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт, үлдэх 1,253,910,419 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэж заасан. Хариуцагч нь 4,752,928,881 төгрөгийг нэхэмжлэгчийн харилцах дансаар дамжуулахаар тохиролцоогүй байх тул гэрээний хавсралт 2-т заасан төлбөрөөс алданги шаардах эрхгүй. Харин уг гэрээний хавсралт 3-т заасан төлбөрийн хугацаа хэтрүүлсэн бол алданги шаардах эрх үүснэ. Мөн 2020 оны 2 дугаар сард төлөх байсан төлбөрөөс нэхэмжлэгч нь алданги нэхэх боломжгүй, иймд гэрээний хавсралт 3-ын дагуу 2019.12.31-ний өдөр гэхэд төлөх байсан 753,910,419 төгрөгийн төлбөрөөс алданги тооцох эрхтэй ... Хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, гэрээний 10.2-т хамаарахгүй ... иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 3,959,222,063 төгрөг, алданги 192,247,157.10 төгрөг (753,910,419*0.5%x51 хоног), нийт 4,151,469,220.10 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ...” гэсэн дүгнэлт хийсэн, уг шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

9. Хяналтын шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019.12.31-ний өдрийн байдлаар хариуцагч талд 3,959,222,063 төгрөгийн цемент нийлүүлсэн, хариуцагч гэрээний хавсралт 3-т заасны дагуу 2019 оны 12 дугаар сард 753,910,419 төгрөг (хавсралт 2-т зааснаар 1,000,000,000 төгрөг, нийт 1,753,910,419 төгрөг) төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй, тухайн гэрээний хавсралт 2, 3-т хариуцагчаас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон нэхэмжлэгч “Ц ш” ХК-д хувааж төлөх төлбөрийн хуваарийг тохирсноос бус нэхэмжлэгчийн нийлүүлэх цементийн хэмжээ, түүнд үндэслэн төлөх төлбөрийг хуваарилсан агуулгагүй тул “... шүүх төлбөр төлөх дарааллыг анхаарч үзэлгүй, нэхэмжлэгчээс нийлүүлээгүй, үүрэг үүсээгүй гэрээний хавсралт 3-т заасныг үндэслэн 192,247,157.10 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Түүнчлэн шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 3-ын дагуу 2019.12.31-ний өдөр төлөх байсан 753,910,419 төгрөгт 192,247,157.10 төгрөгийн алданги тооцсон байх тул “... Нэхэмжлэгч талаас алдангийг гэрээний хавсралт 2-т заасны дагуу 2019 оны 4 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх байсан 1,000,000,000 төгрөгөөс бодож нэхэмжилсэн ...” гэх гомдол ач холбогдолгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03020 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2200 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,119,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

                                ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА