Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2019/05001/И |
Дугаар | 2591 |
Огноо | 2020-07-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2591
2020 07 21 | 101/ШШ2020/02591 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Зээлийн гэрээний үүрэгт 11,271,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, О.Е, нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээлдэгч Д.Б нь зээлдүүлэгч Б.С-гаас 2018 оны 06, 07 дугаар сард тоёото приус 20 болон тоёото приус 30 маркийн 2 ширхэг автомашины урьдчилгаа төлбөрт 11,271,100.00 төгрөгийг буцааж өгөх нөхцөлтэйгээр зээлж авсан.
Гэтэл хариуцагч нь зээлийг буцааж өгөхгүй зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зээлийн гэрээ биш гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байна. Гэтэл хариуцагч Д.Б-аас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа тус автомашинуудын урьдчилгааг нэхэмжлэгч Б.С, түүний нөхөр И.Б нараас авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Талууд тухайн үед зээлийн гэрээ байгуулахгүйгээр “Н *******” ХХК-нд хариуцагч нь өөрөө санал тавиад урьдчилгаа төлбөрийг төлөөд автомашиныг эзэмшиж, ашигласан ба тэрхүү төлбөрийг нэхэмжлэгч нь төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-д мэдэгдэлгүйгээр автомашинуудыг хувьдаа авч, худалдан борлуулж ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон С дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан байдлуудаар тогтоогдсон.
Ийм учраас автомашинуудыг өөрөө худалдан авах зориулалттай байсан ч гэсэн эсхүл нэхэмжлэгчид буцаан өгөх зориулалттай байлаа ч гэсэн нэхэмжлэгчээс 11,271,100.00 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өгсөн мөнгөө шаардаж байгаа тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд, хариуцагчаас 11,271,100.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б-ыг 2 автомашин авахын тулд нэхэмжлэгч Б.С-гаас 11,271,100.00 төгрөг зээлж авсан гэж тайлбарласан. Гэтэл хариуцагчийн тухайд, энэ мөнгийг буцаан төлөхөөр зээлж аваагүй, хавтаст хэрэгт цугларсан эрүүгийн хэргийн явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд зээлсэн тухай асуудал яригдаагүй тул зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагчийг хариу тайлбартаа энэ мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж байна. Гэвч тус хариу тайлбарыг уншихад зээлтэй холбоотой мөнгө төлнө гэж бичээгүй, харин ямар учраас уг мөнгийг авсан, юунд захиран зарцуулсан бэ гэдэг талаар дурдсан байна. Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн талуудын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд хариуцагчийн мэдүүлгийн агуулгад зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн утга байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоод байгаа зүйл нь прокурорын гомдлын хариу, мөн хохирогчийн мэдүүлэг болно. Гэтэл эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн баримтыг иргэний хэргийн нотлох баримт гэж үзэхгүй ба албан бичгийн агуулгаас урьдчилгаа авсан гэдэг зүйл яригдсан болохоос зээлж авсан гэдгийг тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох ёстой бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийг хохироогоогүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг хохироосон. Тодруулбал, хариуцагчид өгөх ёстой цалин хөлсөө өгөөгүй, буцаан авахгүй гэсэн мөнгөө ийнхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С-гаас хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,271,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар С дүүргийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.С-гийн өмгөөлөгч Д.Ж-д хариуцагч Д.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын шийдвэрт гаргасан гомдлыг нь үндэслэлгүй байна гэжээ /х.х-ийн 5 хуудас/.
Мөн Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тоот албан бичгээр Д.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан шийдвэрийг үндэслэлтэй гэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ” гэж, мөн 4.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах” гэж тус тус зааснаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-г залилан мэхэлсэн гэсэн гомдлыг хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Гэвч хариуцагч Д.Б-ыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримтад үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн эдгээр албан бичигт “................Б.С нь 2 ширхэг автомашины урьдчилгаа төлбөр 11,271,100.00 төгрөгийг Д.Б-д өгч, “Н” *******-аас Д.Б-ны нэр дээр 2 ширхэг автомашин зээлээр худалдан авсан байна. Б.С нь 2 автомашины үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй учир Д.Б нь үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулан автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Д.Б-ны “Н” *******-нд төлсөн мөнгийг Б.С нь Д.Б-д төлсөн тохиолдолд автомашиныг Б.С-д шилжүүлэн өгөх боломжтой талаар мэдүүлэг авагдсан байна..............” гэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Б-д автомашин худалдан авахад нь 11,271,100.00 төгрөгийг зээлдүүлсэн” гэсэн тайлбар хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.
Үүнийг дэлгэрүүлэн авч үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх прокурорын албан бичгүүдэд тус тус дурдсанаар хариуцагч Д.Б нь 11,271,100.00 төгрөгийг өөртөө бус харин нэхэмжлэгч Б.С 2 ширхэг автомашиныг хувьдаа хэрэглэхээр хариуцагчаар худалдан авахуулахаар урьдчилгаа гэж өгч, автомашины үлдэх төлбөрийг худалдагчид төлөхөөр “Н *******” ХХК-иас хариуцагч Д.Б-ны нэрээр зээл авахуулсан байх тул хариуцагчийг маргааны зүйл болох 11,271,100.00 төгрөгийг ашиглахаар зээлсэн гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Б 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Н *******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 12,250,000.00 төгрөгийг тоёото приус 30 маркийн улсын дугаартай автомашиныг иргэн Б.Б-аас худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 58-62 хуудас/.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын тайлбарт дурдсанаар хариуцагч Д.Б уг өдрөөс өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Н *******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 9,800,000.00 төгрөгийг тоёото приус 20 маркийн улсын дугаартай автомашиныг худалдан авахаар 36 сарын хугацаатай зээлжээ /х.х-ийн 64-69 хуудас/.
Гэвч хариуцагч Д.Б зээлийн гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээг өөрийн нэрээр “Н *******” ХХК болон худалдагчтай байгуулсан боловч автомашинуудыг ашиглах буюу худалдан авагч этгээд нь нэхэмжлэгч Б.С байсан байна. Тодруулбал, хариуцагчийн тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-гийн нөхөр гэх И.Б-ыг “Г” ХХК-нд менежерээр ажиллаж байх хугацаанд жолоочоор нь ажиллаж байснаас гадна нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Э” ХХК-нд автомашин хэрэг болсон тул автомашин худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 11,271,100.00 төгрөгийг нэхэмжлэгчээс авч, үлдэх хэсгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн байна /х.х-ийн 24, 25 хуудас/.
Энэ талаар нэхэмжлэгч Б.С-гийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт “Миний бие “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд манай гэрийн жолооч Б гэх хүнд 11,271,100.00 төгрөг өгөөд банк санхүүгийн байгууллагаас 2 ширхэг автомашин зээлээр худалдаж авахуулсан. 11,271,100.00 мөнгө нь зээлийн урьдчилгаа мөнгө байсан юм аа. Тэгээд 2 ширхэг автомашиныг Батчулуун өөрөө унадаг байсан бөгөөд ажилдаа ирэхгүй 2018 оны 09 дүгээр сараас хойш ирээгүй алга болчихсон.............................Б нь өөрөө банк бус санхүүгийн байгууллагад 2 ширхэг автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөд машиныг зараад алга болгосон байсан..................” гэж /х.х-ийн 47, 48 хуудас/,
хариуцагч Д.Б-ны өгсөн мэдүүлэгт “....................Би энэ машиныг Б, С нартай ерөөсөө булаацалдаагүй, энэ хоёр хүн миний банкинд тавьсан машины төлбөрийг төлөөд дээр нь миний төлж барагдуулж байсан мөнгийг буцаагаад надад өгөөд намайг өр ширгүй болгоод энэ машинаа буцаагаад ав гэж хэлдэг. ....................................банк бус санхүүгийн байгууллагатай би өөрөө гэрээ байгуулсан мөнгийг нь С, Б нар өгөх ёстой байсан боловч төлбөрөө төлөхгүй явсаар машин хураагдсан бөгөөд хураагдсан машиныг би өөрөө мөнгө төлж байж авсан шүү дээ” гэсэн мэдүүлгээс тус тус үзэхэд нэхэмжлэгч Б.С нь 11,271,100.00 төгрөгийг хариуцагч Д.Б-д зээлдүүлээгүй байна /х.х-ийн 74-78 хуудас/.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч Б.Сд хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байхгүй.
Харин хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-гийн автомашин худалдан авахаар төлсөн 11,271,100.00 төгрөг шингэсэн тоёото приус 30 маркийн болон тоёото приус 20 маркийн улсын дугаартай автомашинуудыг хувьдаа ашиглаж байгаа ажээ.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н *******” ХХК-иас ирүүлсэн баримтаар хариуцагч Д.Б-ыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлсэн 9,800,000.00 төгрөгийн зээлийг хааж, тоёото приус 20 маркийн улсын дугаартай автомашиныг барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн гэсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь тоёото приус 30 маркийн улсын дугаартай автомашиныг өөрөө ашиглаж, зээлийг үргэлжлүүлэн төлж байгаа гэжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй боловч хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-гийн өгсөн 11,271,100.00 төгрөг болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөөр худалдан авсан автомашиныг ашиглаж байгаа бол нэхэмжлэгч нь өөрөөс гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн нь түүнд ийм эрх бий эсэхийг тодруулах шаардлага үүсч байна.
Гэвч үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан байдаг.
Тайлбарлавал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дүүргийн болон Улсын ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч Б.С нь автомашин худалдан авахаар хариуцагч Д.Б-ны нэр дээр “Н *******” ХХК-иас зээл авч, худалдагчид төлбөрийг нь төлөхөөр хариуцагчид 11,271,100.00 төгрөгийг өгсөн бөгөөд хожим нэхэмжлэгчийг зээлийг төлөөгүй гэсэн шалтгаанаар хариуцагч нь автомашинуудыг өөртөө авсан байх тул түүнийг нэхэмжлэгчээс өгсөн 11,271,100.00 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Тэмдэглэн хэлбэл, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Б-ны бусдад төлөх өр төлбөр, эсхүл бусдаас худалдан авахаар тохирсон гэрээний төлбөрт сайн дураар болон андуурч 11,271,100.00 төгрөгийг төлөөгүй, харин өөртөө ашиглахаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн урьдчилгаа гэж хариуцагчид өгч, түүний нэрээр банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хамт худалдан авсан автомашинуудыг хариуцагч нь нэхэмжлэгчийн хэрэгцээнд ашиглах үйлдэл хийх, бусдад худалдах үйлдлийг хийхгүй байх ёстой атал тэрээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчээс гаргасан тэрхүү зардлын хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэл болно.
Энэ талаар тус хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж зохицуулжээ.
Ийм учраас хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-д 11,271,100.00 төгрөгийг буцаан өгөх нь шударга ёсонд нийцнэ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 3,000,000.00 төгрөгийг буцаан авах нөхцөлгүйгээр өгсөн, нэхэмжлэгч Б.С-гийн нөхөр И.Б-ын жолоочоор ажиллаж байхдаа авах ёстой цалин хөлсийг аваагүй тул 11,271,100.00 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Б нь 3,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-гаас авах ёстой байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба ******* жолоочоор ажиллаж байсан буюу хөдөлмөрийн хөлстэй холбоотой асуудлыг тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 11,271,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР