Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00854

 

Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1867 дугаар магадлалтай,

 Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй

*******-д холбогдох

 Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96,000,000 төгрөг, алданги 48,000,000 төгрөг нийт 144,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат, Б.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 96,000,000 төгрөг, алданги 48,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 96,000,000 төгрөг, алданги 48,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 877,950 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1867 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй *******-иас нийт 144,000,000 төгрөгийг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс улсад учирсан хохирлыг барагдуулж гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Ганбат би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1867 дугаар магадлалыг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн 1867 дугаартай магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д "... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол буруутай тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө ... гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхойлж өгсөн бөгөөд 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тодорхой зааснаас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой.

4.2 Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилсэн бөгөөд Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийг үндэслэн алдангийг нэхэмжлээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээх, хохирол хариуцах, үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалт юм. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаагүй, тодорхойлоогүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үрийн улаанбуудай худалдах-худалдан авахаар байгуулсан Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох тухай гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 96,000,000 төгрөг, алдангийн төлбөрт 48,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч, үлдэх 96,000,000 төгрөгийг боломжит хугацаанд төлж барагдуулах талаараа тайлбарлан мэтгэлцжээ. Хариуцагч алданги 48,000,000 төгрөгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... цаг агаарын болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3, 4 жил дараалан ургац алдсан гэж тайлбарлаж байна. 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба алдангийн тохиролцоо гэрээнд туссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр шатны шүүхээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 96,000,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байх ба харин алдангийн хэсгийг гаргуулахаар шийдэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 222.1, 227.3 дахь хэсгээр тодорхойлсныг шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг гэж үзсэн нь буруу гэж тайлбарлажээ.

Хариуцагч үрийн улаанбуудай худалдан авсны төлбөрт 96,000,000 төгрөгийн өртэй байгаа үйл баримт, уг үүргээ биелүүлэх хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж, энэ өдрөөс хойш худалдагчийн төлбөр шаардах эрх зөрчигдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч 2016, 2017 онуудад нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг эрэн сурвалжлуулах шаардлага үүсэж, хаягийг нь тодруулсны үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн гэрээний 6.1-д Энэхүү гэрээний 2.1-т заасан үнийн дүнг гэрээний хүчинтэй хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцон, алдангийн хамт зээлдүүлэгчид төлнө гэж тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэж байна. Тодруулбал, зохигчийн хооронд хийсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдөр тутамд 0.5 хувиар тооцогдох алдангийн тохиролцоо хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ...улаанбуудайн үлдэгдэл төлбөр 96,000,000 төгрөг, алданги 48,000,000 төгрөг ... гэж шаардлагаа тодорхойлсон байх ба алдангийн дүнг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлажээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан ... үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх үндэслэлээр орох байсан орлого нэхэмжилсэн байхад алданги гэж үзэн гаргуулж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд түүний бүрэн эрхэд хамаарах бол нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар холбогдох шалгалт хийж, дүгнэлт өгөх нь хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал болохыг дурдах нь зүйтэй.  

9. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан алданги 48,000,000 төгрөг гаргуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01888 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1867 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                           ДАРГАЛАГЧ,

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ 

                                             ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ