Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0350/З |
Дугаар | 282 |
Огноо | 2017-09-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 282
“А б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0380 дугаар магадлалтай, “А б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар акт болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 206 дугаар шийдвэрээр “А б т” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн дүнгээс 17974000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөн хэлтрүүлж захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0380 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “А б т” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “А б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон нөхөн татварт “А б т” ХХК-аас төлсөн 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүх “... 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хууль тогтоомж зөрчиж шийтгэл хүлээсэн этгээдийн шийтгэл нь биелэгдээгүй тохиолдолд өршөөн хэлтрүүлэхээр байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн дүгнэжээ. Гэвч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд ийм агуулгатай зүйл, заалт байхгүй.
Харин эсрэгээрээ уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.10-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасантай үл нийцэж байна.
2. Магадлалд “2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш актаар тогтоосон алданги, торгуульд төлсөн 10 485 000 төгрөгийн төлбөр нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Учир нь, нэхэмжлэгч компанийн зүгээс хяналт шалгалтын актын нийт дүн болох 100193.1 мянган төгрөгөөс 12103.6 мянган төгрөг нь алданги, 26243.5 мянган төгрөг нь торгууль, 11.0 мянган төгрөг нь хүү, нийт 38358.1 мянган төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан өршөөн хэлтрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд алданги, торгууль, хүүнд төлсөн 30869.0 мянган төгрөг нь илүү төлөлт болно гэж үзээд нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах шаардлагыг уялдуулан гаргасан.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэсэн шийтгэлийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Харин анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг шийдвэрлээгүй атлаа 2 дугаар шаардлагыг шийдвэрлэж, тоо тооцоолол хийж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Зүй нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох 35/0001897 тоот актаар тогтоосон хүү, торгууль, алдангийг чөлөөлсний үндсэн дээр илүү төлсөн татварыг нөхөн татварт суутгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах учир шалтгаантай байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 206 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул 54.1.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, манай компанийн 2011, 2012 оны татварын ногдол, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2013 онд хяналт шалгалт хийгээд нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 тоот акт тогтоосон. Энэхүү актын зарим заалтыг буюу Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 39 900 000 төгрөгийг үндэслэлгүйгээр ногдуулсан гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 206 дугаар шийдвэрээр 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг 100193.1 мянган төгрөг болгон бууруулан тогтоосон. Энэ шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан.
Өөрөөр хэлбэл 35/0001897 тоот актаар үндэслэлгүйгээр ногдуулсан татварын маргааныг шийдвэрлэсэн 2015 оны 206 дугаар шийдвэр нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан шийдвэрлэсэн шийдвэр биш юм.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний маргааныг шийдвэрлэхгүйгээр хяналт шалгалтын актад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10 485 000 төгрөгт ач холбогдол өгч тооцоолол хийсэн. Хэрэв ингэж тооцоолол хийн хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд хэрэгт авагдсан баримтад “А б т” ХХК-ийн татварын актын дагуу төлөх өр төлбөрийг дэлгэрэнгүй харуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн гаргаж өгсөн “Татварын тооцооллын жагсаалт”-д манай компанийн төлсөн 30.869.00 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангийг хуваарилан тооцсон байгааг анхааран түүнд дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. Гэвч аль ч шатны шүүх татварын байцаагчийн 2 удаа гаргаж өгсөн “Татвар төлөлтийн тооцоолол”-ыг анхаарч үзээгүй атлаа тооцоолол хийж, шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй болжээ.
Татварын хэлтэс манай компанийн төлсөн мөнгөнөөс хяналт шалгалтын актын алдангид 4 400 000 төгрөгийг илүү төлсөн гэж тооцоолол гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хууль хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар буюу 2015 оны 5, 6 дугаар сард төлсөн төлбөрөөс 4 400 000 төгрөг илүү төлөлт болох нь баримтаар тодорхойлогдож байна. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс дээрх “Татварын тооцооллын жагсаалт”-ыг удаа дараа шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэгээс бусад нь 4 400 000 төгрөгийн илүү төлөлттэй гэж, харин хамгийн сүүлд шүүхэд гаргаж өгсөн баримт дээр нь энэ илүү төлөлт байхгүйгээр баримт үйлдэн ирүүлсэн байсан. Анхан шатны шүүх Татварын хэлтсийн энэхүү тооцоолол нь яагаад зөрүүтэй байгааг тодруулахгүйгээр удаа дараа гаргаж байсан баримтаас илтэд зөрүүтэй баримт байхад түүнийг үдэслэн шийдвэр гаргасан байгаа нь хэт нэг талыг барьсан илт үндэслэлгүй шийдвэр байна.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй гэсний дагуу буцаан авахгүйгээр нөхөн татварт суутган тооцуулахаар нэхэмжилсэн боловч дээрх 4 400 000 төгрөгийг хэрхэх тухай шүүхийн шийдвэр тусгаагүй, эсхүл буруу дүгнэж 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өмнө төлсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
4. Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн хүү, торгууль, алдангийг энэхүү хуулийн үйлчлэлд хамруулах нь хуульд нийцэхгүй байх тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамрахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, Монгол Улсын Их хурал 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлнэ” гэж шийдвэрлэсэн.
Үүнээс үзвэл Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцсэн байна. Харин 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нь энэхүү хуулийг хэрэгжүүлж эхлэх өдрийг заасан бөгөөд бидний маргаж байгаа захиргааны акт, анхан шатны шүүхийн шийдвэр нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд юм.
5. Анхан шатны шүүх шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар Тогтоох хэсэгт “... Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа...”-г зааж өгөөгүй байгаа нь шүүхийн
шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
6. Манай компанийн шүүхэд болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст
гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасаны дагуу хяналт шалгалтын актын төлбөрийн 12103.6 мянган төгрөгийн алданги, 26243.5 мянган төгрөгийн торгууль, 11.0 мянган төгрөгийн хүү, нийт 38358.1 мянган төгрөг нь захиргааны зөрчилд ногдуулсан
хариуцлага байх тул хуулиар олгосон боломжийн дагуу дээрх хариуцлагаас өршөөгдөх үндэсэлтэй юм.
Тодруулбал, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэгдүгээрт: Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001897 тоот актын алданги, торгууль, хүүг өршөөлийн хуульд хамруулан хүчингүй болгох; хоёрдугаарт: Татварын улсын байцаагчийн актын дагуу төлсөн 30869,0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгуулах гэсэн шаардлагыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх 35/0001897 тоот актын төлбөр, тооцооллын хувьд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлсэн гэж үзэхээр байна. Харин 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэн актын тооцоолол дээр марган нэхэмжлэл гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрт энэ талаар ямар ч дүгнэлт тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ямар дүгнэлт гаргасан талаар ямар ч мэдээлэл байгаагүй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч Д.Г гэгч нь орсон боловч түүний дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.3, 104.1, 104.2-т заасны дагуу шүүх хуралдааны үед уншуулж сонсгоогүй, хэргийн оролцогчдоос асуулт асууж дуусаагүй байхад нь тасалдуулсан гэх зэрэг нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх шийдвэрээ урьдаас гаргачихсан байсан гэх дүгнэлтэд хүргэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /Өршөөлийн хууль гэх/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн хуулийн үйлчлэх хугацааг тодорхой заасан, өөрөөр хэлбэл түүнийг буцаан хэрэглэх талаар заагаагүй байна. Иймээс хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.10-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэснийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн”-ий эдэлсэн болон эдлээгүй ял, биелсэн болон биелээгүй захиргааны хариуцлага буюу шийтгэлийг бүхэлд нь чөлөөлж өршөөнө гэж тайлбарлах үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм. Учир нь, энэхүү хуулийн үйчлэлд хамаарах этгээд нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүлээлгэсэн ял, шийтгэлийг /захиргааны хариуцлагыг/ бүрэн юмуу тодорхой хэсгийг нь биелүүлсэн тохиолдолд түүнийг өршөөх боломжтой. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн нэгэнт эдэлчихсэн ялыг нь өршөөх, төлсөн төлбөр, торгуулийг нь буцаах юмуу суутгах боломжгүй, харин биелэгдээгүй хэсэгт нь буюу эдлээгүй ял, хэрэгжүүлээгүй шийтгэлд /тухайлбал төлөөгүй торгуульд нь/ нь өршөөл үзүүлэх боломжтой болох нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ” хэмээн ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх зарчмыг зохицуулснаас тодорхой харагдаж байна.
Түүнчлэн, хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн Монгол Улсын иргэний үндсэн үүрэг бөгөөд, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулиар хариуцлага хүлээдэг. Харин төрөөс /хууль тогтоогчоос/ өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “хүмүүнлэг” зарчмын үүднээс онцгой, цөөн, тодорхой тохиолдолд гэм буруутай этгээдийг хуулиар хүлээлгэсэн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор өршөөлийн хуулийг баталдаг. Иймд гэм буруутай этгээдийн хувьд энэхүү хуулийг буцаан хэрэглэхийг шаардах буюу хэрэглэхгүй байгаа нь Үндсэн хуулиар хамгаалагдсан зарчмыг /тухайлбал, тэгш байдлын зарчмыг/, эсхүл үндсэн эрхийг зөрчсөн гэж маргах шаардах эрхийн үндэслэл болохгүй.
Иймд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчийн 2015 оны 5, 6 дугаар сард буюу Өршөөлийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө төлсөн төлбөрийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй, зөвхөн биелэгдээгүй шийтгэлд үйлчилнэ гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим үндэслэлийг хангах боломжгүй байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 206 дугаар шийдвэрээр маргаан бүхий актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоололтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, харин Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрах эсэхтэй холбоотой энэхүү ялгаатай үйл баримт бүхий хэргийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 206 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна...” гэх гомдол үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг үйл баримт нь өөр гэх үндэслэлээр хүлээн авах үндэслэлтэй ч, түүнийг хангах хууль зүйн боломжгүй. Учир нь, захиргааны актыг /эсвэл захиргааны актын бие даасан нэмэлт зохицуулалтыг/ хүчингүй болгох үндэслэл нь тухайн акт нь хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй байх явдал юм. Харин хариуцагчийн 2013 оны 35/0001897 тоот актаар тогтоосон алданги, торгууль, хүү нь хуульд заасан журмын дагуу гарсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй, мөн түүнийг Өршөөлийн хуулийг хэрэглэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын зарим хэсгийг хангаж Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдах байдлаар нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10,485,000 төгрөгийн торгууль, алдангийг өршөөлд хамруулж, нөхөн татварт тооцохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Учир нь, төлбөр тогтоосон актын торгууль, адангийг Өршөөлийн хуулийн дагуу хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус биш, харин өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус юм.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг шийдвэрлээгүй атлаа 2 дугаар шаардлагыг шийдвэрлэж, тоо тооцоолол хийж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Зүй нь нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох 35/0001897 тоот актаар тогтоосон хүү, торгууль, алдангийг чөлөөлсний үндсэн дээр илүү төлсөн татварыг нөхөн татварт суутгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай...” гэх утгатай гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн хууль хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар буюу 2015 оны 5, 6 дугаар сард төлсөн төлбөрөөс 4,400,000 төгрөг илүү төлөлттэй байсан гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй болохыг, үүнийг ч хариуцагчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрснийг тэмдэглэн, мөн энэ талаар нэхэмжлэгч анхнаасаа маргаагүй тул “...анхан шатны шүүх Татварын хэлтсийн тооцоолол нь яагаад зөрүүтэй байгааг тодруулахгүйгээр удаа дараа гаргаж байсан баримтаас илтэд зөрүүтэй баримт байхад түүнийг үдэслэн шийдвэр гаргасан байгаа нь хэт нэг талыг барьсан илт үндэслэлгүй шийдвэр” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан дээрх болон бусад үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0380 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ...” гэснийг хасаж, “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ...” гэснийг “... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ