Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/03509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байрлах, РД:5831164, Ихгифт финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, РД:ЦЗ63011161, Барууд овгийн Бямбацэрэнгийн Оюунчимэг,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, РД:ЦЗ86042971, Б** овгийн Ариунболдын А**** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37.560.380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч бөгөөд хариуцагчийн А.А****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ихгифт финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018-05-14-ний өдрийн 18/41 тоот зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018-07-19-ний өдрийн 18/52 тоот зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус зээлийг Б.Оюунчимэг, А.А*** нарт зээлийг олгосон. Дээрхи зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн **** тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай Ү-2204094610 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Бямбацэрэнгийн Оюунчимэгийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Талууд зээлийн болон барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулан, нотариатаар баталгаажуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон. Гэтэл хариуцагч Б.Оюунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 08-р сараас эхлэн биелүүлээгүй. Иймд хариуцагч Б.Оюунчимэг, А.Анар нараас нь 2020-05-20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 28.000.000 төгрөг, хүү 7.729.410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.830.970 төгрөг, нийт 37.560.380 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 7-р хороо, их тойруу гудамж 30/4-А тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-2204094610 улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх.

Тухайн үед зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үл хөдлөх эд хөрөнгө газраас салшгүй юм. Хариуцагч Б.Оюунчимэгийн Баянзүрх дүүргийн ***-р байрны урд байрлах хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газрыг барьцаалаагүй бөгөөд газар байдаг тухай хэлээгүй. Миний ч алдаа бас байгаа, иймд Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ихгифт финанс ББСБ ХХК-иас 28.000.000 төгрөгийн зээлийг хүү А.А***ын хамт зээлж авсан дээр маргах зүйл байхгүй. 2019 оны 07 сар хүртэл зээлийг би хугацаанд нь төлж байсан. Ингээд 2019 оны 12 сараас эхлэн Монгол улсад шинж тэмдэг нь мэдэгдэхгүй өвчин гарч үйл ажиллагаа жигдэрч чадахгүй байсаар 2020 оны 3 сараас эхлэн бидний хийж байсан бизнес үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Энэ мэтчилэн уг хүмүүстэй хийсэн санхүүгийн төлбөр төлөх асуудлууд хүндэрсэн. Үүний улмаас өр зээлээ төлж чадахгүй байдалд хүрэхэд Ж.Оргил, Их гифт компаний захирал Д.Эрдэнэчимэг нар буруутай. Зээлийг авахдаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан, надаас газрыг хамт барьцаалахыг хэн ч шаардаагүй, би газартай гэдгээ нуусан зүйл байхгүй. Үндсэн авсан зээлээ төлөхийг зөвшөөрч байна, Баянзүрх дүүргийн **** тоот хаяг бүхий 40 м.кв талбайтай, Ү-2204094610 улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан дээр маргахгүй, Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30 м.кв худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Оюунчимэг, А.А**** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28.000.000 төгрөг, зээлийн хүү 7.729.410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.830.970 төгрөг, нийт 37.560.380 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2204094610 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 7-р хороо, Их тойруу гудамж 30/4-А тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30-р байрны урд хаягт байрлалтай ,30 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээ, оёдлын цехийн зориулалттай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Оюунчимэг нь өнөөдрийн байдлаар бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, зээлээ хэвийн төлж байх хугацаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, Ж.Оргил нар нь итгэл төрүүлж төөрөгдөлд оруулсанаас зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн, цар тахалтай холбоотойгоор нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Ихгифт финнанс ХХК нь Б.Оюунчимэг, А.А**** нартай 2018-05-14-ний өдөр 18/41 дугаартай зээлийн гэрээг байгуулж 20.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2018-07-19-ний өдөр 18/52 дугаартай зээлийн гэрээг дахин байгуулж 8.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018-05-14-ний өдрийн 18/41, 2018-07-19-ний өдрийн 18/52 дугаартай барьцааны гэрээг байгуулж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 16.731.279 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Зээлийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлийн гэрээнүүд 12 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 14, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус тус зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх байсан боловч хариуцагч Б.Оюунчимэг, А.А**** нар зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 08-р сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй зөрчилийг гаргаж эхэлсэн хэдий ч тодорхой хэмжээний төлөлтийг хариуцагч нар нь төлж байсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч мэдэгдэл хүргүүлж байсан гэдэг нь нотлогдоогүй.

Хариуцагч Б.Оюунчимэгийн зээлийн гэрээг төлөх боломжгүй байдалд хүрэхэд Ж.Оргил, Д.Эрдэнэчимэг нарын буруутай үйлдэл нөлөөлсөн, мөн Монгол Улсад шинж тэмдэг нь мэдэгдэхгүй өвчин гарснаас бизнесийн үйл ажиллагаа дампуурсан байх нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх дээр дурьдсанаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа зөрчигдөөд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.4-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 1 жилийн дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар үүргийн зөрчил гарсан даруйд 4.1-т заасан үндэслэлд хамааруулан тодорхой арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна.

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон хуульд заасан зохих арга хэмжээг аваагүй байх тул үндсэн зээл 2018-05-14-ний өдрийн гэрээгээр хариуцагч нар үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 7.019.178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 662.257 төгрөг, нийт 27.681.435 төгрөг, 2018-07-19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 2.309.942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125.066 төгрөг, нийт 10.435.008 төгрөг, зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 38.116.443 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Оюунчимэг, А.А**** нараас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 16.731.279 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцон нэхэмжлэлээс хасч 21.385.164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 16.175.216 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2018-05-14-ний өдрийн 18/41, 2018-07-19-ний өдрийн 18/52 дугаартай барьцааны гэрээг байгуулж Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2204094610 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин Баянзүрх дүүргийн ****-р байрны урд хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ оёдлын цехийн зориулалтай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан дээрхи шаардлагыг хангаагүй байх тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

Нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 486.151,9 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Оюунчимэг, А.А**** нараас 335.076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оюунчимэг, А.Анар нараас 21.385.164 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 16.175.216 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн ****-р байрны урд хаягтай 30 м.кв худалдаа үйлчилгээ оёдлын цехийн зориулалтай 18645311228671 тоот нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Оюунчимэг, А.А**** нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Оюунчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 07-р хороо, Их тойруу гудамжны 30/4 тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-2204094610 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 486.151,90 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Оюунчимэг, А.А*** нараас 335.076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА