| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0135/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., 17.8.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 211
Н.Да-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалтай 201522000717 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Н.Да- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулах”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Да-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос шүүгдэгч Н.Да-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Да-гээс 7.170.075 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Тө-т олгож, 30.743.810 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруутай болохоо нотлох үүрэг хүлээдэггүй бөгөөд анхан шатны шүүх нь итгэмжлэн хариуцсан этгээд биш гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Мөн машин шатаагаагүй талаарх эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсныг анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй бичигдсэн зэрэг алдаа нь шүүхийн зөрчил бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх засварлах боломжтой юм. Магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Да-г цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Н.Да-г 30.743.810 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэх үйлдэл нь нотлогдоогүй гээд хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Хохирогчид учирсан хохирлыг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн Н.Да-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Н.Да-гийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Тө-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа, үйлчилгээний төвд бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 6597 ХӨВ дугаартай “Пронтер” загварын ачааны автомашиныг, тэвшинд байсан барааны хамт шатааж 7.170.750 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
мөн Ч.Тө-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа, үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурор хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялласан байна.
Анхан шатны шүүх Н.Да- нь “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хангалттай тогтоогдоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй гэж дүгнэж Н.Да-гийн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэв.
Түүнчлэн хохирогч Ч.Тө-ын шатсан гэх бараа бүтээгдэхүүн, түүний эзэмшлийн автомашиныг цаашид ашиглах боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлгээ хийлгэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Н.Да-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН