Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00914

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1949 дүгээр магадлалтай,  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Алтайтерст ХХК-д холбогдох 

Гэрээг цуцалж, 50,643,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан 2018.05.22-ны өдрийн байгуулсан бараа нийлүүлэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөр 50,643,357 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 50,643,357 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бодь Интернэшнл ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,200 төгрөгийн 481,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 833 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас 481,367 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1949 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас талуудын хооронд үүссэн харилцааг бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцаа хэмээн буруу дүгнэсэн байна. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд Алтай трест" ХХК болон Бодь Интернэшнл ХХК нарын хооронд ИХ-ийн 476-р зүйлийн 476.1 дүгээр зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ хамтран ажиллах гэрээ нь хоёр тал хөрөнгө нийлүүлж, ашиг олох зорилгоор хамтран үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй мөн Иргэний хуулийн 476.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэдэг нь дараах үйл баримтуудаар нотлогддог. Үүнд: Талууд гэрээний гол нөхцөл болох хамтын зорилгыг тодорхойлсон байдал: Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь хамтын зорилго байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын зорилго нь ОХУ-ын Иркутск Сталь Бетон хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгээс тулгуур төмөр хамтран худалдан авах ашгийн бус зорилго байсан. Тодруулж хэлбэл 2 компани тус тусдаа тулгуур төмөр худалдан авах тохиолдолд тулгуур төмрийг тээвэрлэн ирүүлэх тусгай зориулалтыг вагоны зардал тус бүрд нь гарах байсан тул уг зардлыг хэмнэх буюу нэг тусгай зориулалтын вагоноор тулгуур төмрүүдийг тээвэрлэх зорилгоор нийлүүлэгч Иркутск Сталь Бетон компанид хамтран захиалга өгч тулгуур төмөр худалдан авах зорилготой байсан болно. Энэ нь хавтаст хэргийн 66-р талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан Бодь Интернэшнл ХХК-иас Алтай Трест ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн үнийн санал, хамтран ажиллах санал, хамтран захиалга өгөх эсэх талаар лавласан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн цахим шуудан, гэрч Г.Сономжамцын гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээ нь гагцхүү ашиг олох зорилгоор байгуулагддаг гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон байна.

4.1.2 Тус тусын худалдан авах тулгуур төмрийн үнэ болон гааль, тээврийн зардлыг хариуцан төлөхөөр зардлын хуваарилалт хийсэн байдал: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 2.5 дахь заалтаас харахад талууд төлбөрийг өөрт ногдох хэсгээр төлөхөөр тохиролцсон байдаг. Түүнчлэн тээвэрлэлтийн нийт зардлын 60 хувийн Бодь Интернэшнл" ХХК, 40 хувийг Алтай Трест ХХК хариуцан төлнө гэж гэрээнд тохиролцсон байдаг. Түүнчлэн хавтаст хэргийн 66-р талд авагдсан үзлэгээр баталгаажсан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цахим шууданд хавсаргасан зардлын тооцооллоос харахад Бодь Интернэшнл ХХК нь зөвхөн өөрийн худалдан авах тулгуур төмрийн үнэ болон тээвэр, гаалийн зардлыг төлсөн болох нь харагддаг.

4.1.3 Хуульд нийцсэн, хэлбэрийн шаардлага хангасан. Иргэний хуулийн 476.2-р зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг амаар байгуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тиймээс талуудын хооронд амаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжтой.

4.1.4 Удирдлага, төлөөллийг шийдвэрлэсэн байдал. Иргэний хуулийн 478.4-р зүйлд хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно гэж заасан байдаг. Энэ зүйлд заасны дагуу 2 компанийн зүгээс хамтын үйл ажиллагааг Алтай Трест" ХХК хэрэгжүүлэхээр тохиролцсон гэдэг нь Алтай Трест ХХК өөрийн болоод "Бодь Интернэшнл ХХК-ийн нэрийн өмнөөс хамтын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулснаар нотлогдож байгаа юм. Иргэний хуулийн 478.7-р зүйлд хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлдог. Алтай Трест" ХХК нь Иргэний хуулийн 400.1-р зүйлд заасны дагуу Бодь Интернэшнл ХХК-иас өгсөн зааврын дагуу гэрээ хийж тус компанид холбогдох төлбөрийг ОХУ-ын Иркутск Сталь Бетон" компанид шилжүүлсэн байдаг.

4.1.5 Алтай Трест ХХК ОХУ-ын Иркутск Сталь Бетон компанид үүссэн нөхцөл байдлын талаар Бодь Интернэшнл ХХК-д мэдэгдэж байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагааг төлөөлж буй этгээдийн хувьд Алтай Трест ХХК нь Иргэний хуулийн 400.3-р зүйлд заасан үүргээ биелүүлсэн байдаг нь үзлэгээр баталгаажсан цахим шуудангийн харилцаа болон хавтаст хэргийн 53-57-р талуудад авагдсан албан бичгүүдээс харагддаг. 

4.2 Харин анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн 6-р талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээг Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ дээрх үйл баримтуудыг анхаарч үзээгүй, дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т нийцүүлэн үнэлээгүй байна. Гэрээ гэдэг нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд талууд гэрээний агуулгын талаар маргаж байгаа, өөр өөр байр суурьтай буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл харилцан нийцээгүй байх тохиолдолд шүүх Иргэний хуулийн 41, 189 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлдог. Худалдах, худалдах авах гэрээ нь хариу төлбөртэй, ашиг олох зорилготой хийгддэг гэрээ бөгөөд гэрээнд нийлүүлэх эд хөрөнгө, түүний төрөл, зүйл, техникийн тодорхойлолтыг тодорхой тусгасан байхыг шаарддаг. Хавтаст хэргийн 6-р талд авагдсан гэрээ нь талуудын хооронд хийгдсэн бодит тохиролцоо бус, хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгдсэн гэрээ болох нь дараах үйл баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

4.2.1 Алтай Трест ХХК-д гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэл зориг байгаагүй. Анх Бодь Интернэшнл ХХК-иас Алтай Трест ХХК-д хандан хамтран худалдан авалт хийх зорилгоор цахим шуудан илгээсэн байдаг ба энэхүү цахим шууданд ОХУ-ын үйлдвэрээс Бодь Интернэшнл ХХК-д ирүүлсэн үнийн саналыг явуулсан байдаг. Энэ нь 4 сарын 22-ны өдрийн цахим шуудан байдаг. Алтай Трест ХХК үүний дараа мөн ялгаагүй ОХУ-ын үйлдвэрээс үнийн саналыг 4 сарын 28-нд авсан ба тэд худалдан авах үнэ дээрээ тогтон хамтран ажиллах гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу "Алтай Трест ХХК ОХУ-ын үйлдвэрт захиалга өгсөн юм. Хавтаст хэргийн 113-р талд авагдсан гэрээнээс харахад Алтай Трест ХХК нь ОХУ-ын үйлдвэртэй 2018 оны 5 дугаар сарын 8-нд гэрээ хийсэн байдаг. Хэрэв бодит байдал дээр "Алтай Трест" ХХК нийлүүлэгчийн хувьд энэ гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан бол цаг хугацааны хувьд эхлээд худалдан авагч буюу Бодь Интернэшнл ХХК-тай гэрээ байгуулж энэхүү гэрээний үүргээ хэрэгжүүлэхийн тулд Оросын компанитай гэрээ байгуулах байсан. Гэтэл эхлээд Бодь Интернэшнл ХХК-тай харилцан зөвшилцсөний дагуу ОХУ-ын компанитай гэрээ байгуулаад хожим буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Бодь Интернэшнл ХХК-тай гэрээ байгуулсан байгаа нь талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэл нь бараа нийлүүлэх гэрээний харилцаа байгаагүй гэдгийг нотолж байна

4.2.2 Алтай Трест ХХК нь Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээнээс аливаа ашиг олоогүй. Зарчмын хувьд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь хариу төлбөртэй, ашиг олох зорилготой хийгддэг гэрээ. Алтай Трест ХХК нь энэ тохиолдолд бусдын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг Бодь Интернэшнл ХХК-д худалдан ямар нэгэн ашиг олох хүсэл зориг байгаагүй, ашиг олоогүй гэдэг нь илэрхий байна. Энэ нь хавтаст хэргийн 6-р талд авагдсан гэрээнд заасан нэгж бүтээгдэхүүний үнэ болон 113-р талд авагдсан ОХУ-ын үйлдвэртэй байгуулсан гэрээнд заасан бүтээгдэхүүний нэгж үнийн хооронд зөрүү байхгүй байгаагаар нотлогддог.

4.2.3 Алтай Трест ХХК нь ОХУ-ын үйлдвэртэй гэрээ байгуулахдаа Бодь Интернэшнл ХХК-иас зөвшөөрөл авсан байдал болон гэрээтэй холбоотой аливаа харилцааг үргэлж Бодь Интернэшнл ХХК-д мэдэгдэж байсан байдал Хавтаст хэргийн 66-р талд авагдсан цахим шуудангийн харилцаанаас харахад Алтай Трест ХХК нь ОХУ-ын үйлдвэрээс ирүүлсэн бүхий л мэдээллийг Бодь Интернэшнл ХХК-д илгээж, тус компаниас зөвшөөрөл авсны үндсэн дээр ОХУ-ын үйлдвэртэй гэрээ байгуулсан байдаг. Түүнчлэн ОХУ-ын Иркутск Сталь Бетон компанид үүссэн нөхцөл байдалтай танилцахаар Бодь Интернэшнл ХХК-иас анх үнийн санал ирүүлж байсан, тухайн үед тус компанид ажиллаж байсан ажилтан Эрхүү хот руу Алтай Трест ХХК-ийн төлөөллийн хамт явсан байдаг. Энэ талаар Эрхүү хотын консулын газраас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. Хэрэв талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл худалдан авагч нь ийм үйлдэл хэрэгжүүлэхгүй байсан буюу гагцхүү гэрээний үүргийн биелэлтийг шаардах байсан.

4.2.4 Хавтаст хэргийн 6-р талд авагдсан гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тодорхойлолт тусгаагүй - Худалдах, худалдан авах гэрээний гол үүрэг нь эд зүйлийг нийлүүлэх байдаг тул гэрээнд ямар төрлийн, ямар хэмжээтэй, ямар техникийн үзүүлэлт бүхий барааг нийлүүлэх талаар дэлгэрэнгүй тусгадаг. Энэ нь хожим доголдол үүссэн эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийлүүлэх эд зүйлийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг тусгаагүй байна. Ялангуяа техникийн нарийн үзүүлэлт бүхий бараа, материалын хувьд зайлшгүй техникийн тодорхойлолтыг гэрээнд тусгах нь бизнест тогтсон практик болно. Гэтэл талуудын хооронд уг тохиролцоо хийгдээгүй байгаа нь талуудад бараа нийлүүлэх гэрээ байгуулах бодит хүсэл зориг байгаагүй гагцхүү уг гэрээний гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан гэдгийг харуулж байна.

4.2.5 Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл бөгөөд талуудын бодит хүсэл зориг нь хамтран ажиллах гэрээ байсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг харгалзан үзэлгүйгээр гагцхүү бичгээр байгуулагдсан гэрээний үг үсгийг баримтлан талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэлд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд яагаад, юунд үндэслэн гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн талаараа шүүхийн магадлалд тусгах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа "... талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуульд үндэслээгүй буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс өөрийн боломжит хэмжээнд гарган өгсөн боловч шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. 

6. Нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,643,357 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ зохигчийн хооронд тулгуур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг төлж, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч худалдагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, тулгуур төмрийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй тул гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж, урьдчилгаа төлбөрийг шаардана гэж тайлбарлаж байна.  

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигчийн хооронд бичгээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус, халхавчилсан хэлцэл бөгөөд талуудын бодит хүсэл зоригийн үндсэн дээр хамтран ажиллах гэрээ байсан учир нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.  

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээний үүрэг биелээгүй байх тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

9. Нэг талаас худалдагч гэх ******* ХХК, нөгөө талаас худалдан авагч гэх Бодь интернэшнл ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр СК22.1-1.3 маркийн 8 ширхэг тулгуур төмөр 1,822,359 рублиэр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулсан байх ба тус гэрээ хавтаст хэргийн 5-8 дугаар талд нотлох баримтаар авагджээ. Хариуцагч талаас тус гэрээ нь нэр болон гадаад илрэлийн хувьд худалдах худалдан авах гэрээ мэт боловч энэ нь зохигчийн жинхэнэ хүсэл зориг байгаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд талуудын бодит хүсэл зориг хамтран ажиллах гэрээ байгуулахад чиглэгдэж байсан, энэ нь тэдгээрийн хооронд гэрээ байгуулахаас өмнө солилцож байсан цахим шуудангийн харилцаа, зохигчийн гэрээ байгуулахаас өмнө ба дараа хийж байсан тодорхой үйлдлээр нотлогдоно гэж үзжээ.  

10. Зохигчийн хооронд байгуулагдаж, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж бичгээр үйлдсэн тохиролцоог эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглээгүй, хамтран ажиллах жинхэнэ хүсэл зоригийг халхавчлах зорилгоор байгуулсан гэж дүгнэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, талуудын хамтран ажиллах гэрээ байгуулах гэсэн бодит хүсэл зоригийг худалдах худалдан авах гэрээгээр халхавчлах болсон шалтгаан, зорилго тодорхойгүй байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчилсан хэлцлийг аливаа сэдэлт, шалтгаангүйгээр, санаандгүй байгуулах хууль зүйн боломжгүй. Иймд зохигчийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.  

11. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зохицуулжээ. Түүнчлэн мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, гэрээг тайлбарлахдаа эхний ээлжинд үгийн шууд утгыг харгалзах бөгөөд хэрэв үгийн шууд утгаас гэрээний агуулга, талуудын үнэн хүсэл зоригийг тодорхойлох боломжгүй бол гэрээ байгуулах үеийн бусад нөхцөл байдлыг анхаарахыг шаардсан гэж ойлгоно. Гэвч маргаан бүхий тохиолдолд хэрэгт нотлох баримтаар авагдсан худалдах худалдан авах гэрээний үгийн шууд утгаас уг гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзэх, энэ агуулгаар тайлбарлах боломжгүй байна.  

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ба өмгөөлөгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо хариуцагчийн гаргасан цахим шуудан болон бусад баримтыг холбогдох шатны шүүхүүд үнэлээгүй талаар дурдсан байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт ...Хариуцагч талуудын хооронд харилцсан цахим шуудангаас талуудын тохиролцоо тогтоогдоно гэж тайлбарлах боловч хариуцагчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын нэхэмжлэгчтэй харилцсан цахим шуудан, түүнд хавсаргасан албан бичиг зэрэгт хийсэн үзлэг, гэрээ байгуулагдахаас өмнөх гэрээний төсөл зэргээр хариуцагчийн татгалзал нотлогдсонгүй ... гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх эдгээр баримтын үндсэн дээр хариуцагчийн татгалзал нотлогдсонгүй гэж үзэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, улмаар зохигчид худалдах худалдан авах гэрээ бус хамтран ажиллах гэрээ байгуулах бодит хүсэл зоригтой байсан нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг шүүхүүд зохих журмын дагуу үнэлсэн байх ба ийнхүү үнэлсний үндсэн дээр хариуцагчийн татгалзлын үндэслэл болох худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.  

13. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг харгалзан үзэлгүйгээр гагцхүү бичгээр байгуулагдсан гэрээний үг үсгийг баримтлан талуудын бодит хүсэл зоригийн илэрхийлэлд нийцээгүй дүгнэлт хийсэн ... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02221 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1949 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, өмгөөлөгч Д.Энхзул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 481,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ

 Н.БАЯРМАА

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ