Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00842

 

 Б.Минсэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1751 дүгээр магадлалтай,

Б.Минсэлийн нэхэмжлэлтэй

М.Цэрмаад холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Минсэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Минсэл, хариуцагч М.Цэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Минсэлээс хариуцагч М.Цэрмаад холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Цэрмаагаас 5,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Минсэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1751 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,700,000 гэснийг ...4,000,000 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Минсэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэрээр хариуцагч Цэрмаагаас 5,700,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнийг 4,000,000 төгрөг гаргуулахаар болгож өөрчилсөн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Хариуцагч нь 2013 оны 11 сард нэхэмжлэгч Б.Минсэлээс үхрийн мах авсан, түүнчлэн Цэрмаа гар бичмэл баримтыг өөрийнхөө гараар бичиж, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Нотлох баримт болох гараар бичсэн баталгаа /Хавтаст хэргийн 6 тал/ нь бичмэл нотлох баримт бөгөөд хэрэгт чухал ач холбогдол бүхий, нотлох эаримтын шаардлага хангасан ганц чухал баримт юм.

Хариуцагч энэхүү гар бичмэлд заасан мөнгийг Хаан банкны дансаар 2013.10.02-ны өдрөөс 2013.12.30-ны хооронд шилжүүлж бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарладаг. Харин нэхэмжлэгч тухайн шилжүүлгүүдийг өмнөх махны тооцоо гэж маргадаг. Хариуцагчийн тайлбар цаг хугацааны хувьд тооцон үзэхэд үндэслэлгүй тайлбар болох нь нотлогдоно. Логикоор бодоход мах авахаас өмнө /2013.10.02-ны өдөр/ болон авангуутаа үнийг бүрэн төлж барагдуулсан байсан бол 2014.11.28-ны өдөр баталгаа болгон өөрийн гараар баримтыг үйлдэх шаардлага, шалтгаан үүсэхгүй байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх гараар бичсэн баталгааг 2013 оны 12 сард бичсэн гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Хариуцагч тус бичгийг 2013 оны 12 сард бичсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч баримтаар нотлоогүй бөгөөд анхан шатны шүүхэд гаргасан тайлбартай илт зөрүүтэй тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасныг шүүх үнэлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Минсэл нь уг бичвэрийг 2014.11.28-ны өдөр бичиж өгсөн гэдгийг маш тодорхой, удаа дараа хэлсэн бөгөөд хариуцагч энэ хугацаан дээр маргаагүй, улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэзээ бичиж өгсөн бэ гэж тодруулахад ямар ч байсан өвөл бичиж өгсөн гэж хариулж байсан, харин 2013 оны 12 сард гэж огт хэлээгүй.

4.2. Мөн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ёстой. Тухайн бичвэр дээр ...Минсэл эгчээс 2013 оны 11 сард мах авсан. Үүний үлдэгдэл ...нийт 6,000,000 төг махны тооцоо бий. Үүнийг өгч чадалгүй их удлаа. ...Энэ мөнгийг 1-2 сарын дотор багтаан өгнө. Наана нь үнэхээр боломжгүй. Би цувуулж 2-3 удаа тасалж өгъе. Би ажилгүй байна. Миний байдлыг Минсэл эгч харж байгаа. ...Миний байхгүйг харж байгаа болохоор намайг хүлээгээд байгаа. Бид 2 олон жил харьцсан. Надад өөрт нь өшөө ч өглөг бий. Эрсдэл гарсныг Минсэл эгч ойлгож байгаа. Жоохон хугацаа хэрэгтэй байна... гэж бичсэнээс үзвэл нэхэмжлэгчийн 2014.11.28-ны өдөр бичсэн гэх тайлбар үндэслэлтэй байна. Хэрэв 2013 оны 12 сард бичсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байсан бол ийм утга, агуулга бүхий бичвэр бичихгүй байсан бөгөөд махны үнийг ондоо багтааж өгөхөөр тохиролцсон байсан тул гэрт нь бичвэрийг бичүүлэх гэж удаа дараа очих шаардлагагүй байх байсан. /анхан шатны шүүх хуралдааны хурлын тэмэдэглэлээс тодорхой харагдана/

4.3. Түүнчлэн хариуцагч болон түүний өмгөөлөгч нар тухайн үед буюу 2013 оны 11 сард авсан махны жин, чанартай холбогдуулан анхан шатны шүүх хуралдаан дээр, мөн давж заалдах гомдолдоо үнэр орчихсон, бага жинтэй үхрийн махыг илүү үнээр авсан мэтээр тайлбарласан байна. Хэрэв муудсан бага жинтэй үхрийн махаа өндөр үнээр худалдаж байсан бол ямар ч хүн тэр тусмаа цааш нь дамнан зарах гэж байгаа хүн тийм мах авахгүй. Нэхэмжлэгч гарал үүслийн бичиггүй мах зардаггүй гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэтэл хариуцагч гарал үүслийн бичиггүй байсан, харлаж муудсан мах байсан, мал эмнэлэгийн тодорхойлолтгүй байсан гэсэн хэрэгт ач холбогдолгүй асуудал ярьдаг боловч түүнийгээ нотолж чадаагүй бөгөөд тухайн үед ямар нэгэн чанарын талаар шаардлага гаргаж байгаагүй. Хариуцагч махыг хүлээн авснаа, цааш үнийг нэмж бусдад худалдан борлуулснаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн.

4.4. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг үүссэн. Нэхэмжлэгч үхрийн махыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч Цэрмаа үүрэг гүйцэтгэх хугацааг хэдэн сараар хойшлуулсаар ирсэн. Улмаар хариуцагчийн зүгээс М.Цэрмаа би Минсэл эгчээс 2013 оны 11 сард мах авсан. Үүний үлдэгдэл 5,578,000 үлдсэн 422,000 үүний зөрүү гэж нийт 6,000,000 төгрөг махны тооцоо бий. Үүнийг өгч чадалгүй их удлаа. ...Энэ мөнгийг 1-2 сарын дотор багтааж өгнө гэсэн агуулга бүхий баталгааг 2014.11.28-ны өдөр бичиж өгсөн. Анх 2013 ондоо багтаан төлөхөөр тохиролцсон махны үнийг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу Цэрмаагийн хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсаар ирсэн.

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх хүсэл зоригийн илэрхийллийг анхаарахгүйгээр, талуудын тайлбаруудыг харьцуулж үзэхгүйгээр, хэт нэг талыг барьж, зөвхөн хариуцагч Цэрмаагийн бичмэл баримтыг 2013 оны 12 сард нэхэмжлэгч Б.Минсэлд бичиж өгсөн гэх үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй ганц тайлбарыг үндэслэн төлбөрийг тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсан явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Хариуцагч М. Цэрмаа 2013 оны 11-р сард 5 үхрийн махыг авсан нь үнэн. Нийт 1000 орчим кг мах болсон. Б.Минсэл махыг жигнэж тэдий жинтэй мах боллоо, 1кг нь төчнөөн төгрөг шүү гэж хэлж өгөөгүй, бидэнд махыг өгсөн авсан тухай баримт байхгүй. Би тухайн үеийн ханшаар бодож 2013.10.02-наас 2013.12.30-ны хооронд 12 удаагийн шилжүүлгээр 6,700,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж нотлох баримтыг шүүхэд гаргаж, гэрч үүнийг нотолж оролцон хэргийг хэлэлцүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтыг үндэслэн М.Цэрмаагаас 5,700,000 төгрөг гаргуулах, 4,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2,000,000 төгрөгийг хасч, 4,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

5.2. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж, өөрөөр хэлбэл хэргийн нотлох баримтын хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтыг үнэлж, бодитой үнэн зөв шийдвэрлэхийг хүсч гомдол гаргасан.

Эс тэгвээс хариуцагч 5 үхрийн махны үнэд нэхэмжлэгдсэн төлбөрийг 2 дахин төлөх болоод байгаа талаар тодорхой дурдсан. Гэтэл алдаатай магадлал гарлаа.

5.3. Мөн 2013 онд иргэд хооронд үүссэн маргааны хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд дууссан байтал, хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 4 жил болсон иргэний маргааныг шүүх хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гомдлыг шийдвэрлэж хууль зөрчиж байна. Иргэний хуулийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж хуульд заасан. Б. Минсэн 2013 оны 11-р сард мах өгч, төлбөр нэхэмжлэх хугацаа нь 2016 оны 11-р сард дууссан. Төлбөрөө 100% авсан байсан учраас уулзахгүй, ирэхгүй, хуулийн байгууллагад хандахгүй байгаа. Гэтэл 2020 онд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөд байна.

5.4. Давж заалдах шатны шүүх 2013.10.02-с 2013.12.30-ны хооронд 12 удаагийн мөнгөний шилжүүлгээс 1,700,000 төгрөгийг махны үнэ 6,000,000 төгрөгөөс хасч өр төлбөрийг багасгаж байгаа ч 2013 оны 11-р сард өгсөн үхрийн махны төлбөрийг л нэхэмжлэгч нэхсэн байтал урьд өгсөн махны төлбөр төчнөөн төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй байхад нэхэмжлэгчийн нэхээгүй, нөгөө талаар нотлоогүй шаардлагыг хангаж шийдвэрлээд байгаа нь хууль зөрчиж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэдгийг анхаарахыг хүсч байна.

Энэ 2 зөрчил нь ИХШХШХ-н 172-р зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоогүй гэж гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа техникийн алдаа гаргаж, мөн шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч Б.Минсэл: ...Би хөдөө явж мал, мах авч ирдэг бөгөөд М.Цэрмаад махаа зээлээр өгөөд, зарагдсаны дараа мөнгөө авдаг байсан. ...энэ хүн авсан махны мөнгөө гүйцэд өгөхгүй явсаар байгаад одоо 10 сая төгрөг өгөх ёстой. ...2014 оноос хойш одоог хүртэл өгөхгүй байгаа тул 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... гээд нэхэмжлэлийн үндэслэл болгож ...6,000,000 төгрөгийн тооцоо байгаа, ...1-2 сарын дотор багтааж төлнө... гэсэн хариуцагчийн бичвэр зэрэг баримтыг нэхэмжлэлд хавсаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...2013 оны намар 5 үхрийн мах аваад үнийг увуулж, цувуулж өгсөөр 6,700,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, ...5 үхрийн мах 1,000 кг орчим болсон, тэр үеийн ханшнаас дээгүүр үнээр буюу 6,300 төгрөгөөр өгсөн санагдана, ...тооцоог дуусгасан... гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас 5,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгч Минсэлээс ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын тайлбарыг харьцуулан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж... шийдвэрт өөрчлөлт оруулсан тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээх-ээр хяналтын журмаар гомдол гаргасан,

хариуцагчийн өмгөөлөгчөөс ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гомдлыг шийдвэрлэж, хууль зөрчсөн, ...нэхэмжлэгчийн нэхээгүй, нөгөө талаар нотлоогүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах...-аар хяналтын журмаар гомдол тус тус гаргасан байна. /тодорхойлох хэсгийг 4, 5-д тусгагдсан/

9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж маргаантай эрх зүйн харилцааг зөв дүгнэсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Нэхэмжлэгчээс мах авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь махны үнийг шаардах эрхтэй, харин хариуцагч махны үнийг төлснөө нотлох үүрэгтэй.

11. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг 6,000,000 төгрөгийн хүрээнд тодорхойлсон нь нотлох баримтад үндэслэгдсэн байна, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас бичиж өгсөн бичвэрийн хугацааг 2013 оны 12 сард үйлдэгдсэн гэж тодорхойлон тухайн хугацаанаас хойш хариуцагчаас төлсөн, баримтаар нотлогдсон 2,000,000 төгрөгийг төлөх ёстой 6,000,000 төгрөгөөс хасч, хариуцагчийн үүргийг 4,000,000 төгрөгөөр тогтоохдоо нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаарх зохигчийн гомдлыг хангахгүй.

12. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зохицуулсан.

Хариуцагч нь 2019 онд махны үнэд 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдсон үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан байх тул ...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагын үнийн дүнд өөрчлөлт оруулсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг тооцолгүй орхигдуулсан, мөн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийн үнийн дүнг буруу бичсэн техникийн алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1751 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5,700,000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг... гэснийг ...4,000,000 төгрөг... гэж, ...4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг... гэснийг ...6,000,000 төгрөг... гэж, 2 дахь заалтын ...106,150 төгрөгийг... гэснийг ...78,950 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Минсэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Минсэлээс 2020.09.08-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг, хариуцагч М.Цэрмаагаас 2020.09.07-ны өдөр төлсөн 106,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БАЯРМАА

                                                                                       ШҮҮГЧИД                П.ЗОЛЗАЯА

                                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД