Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00915

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1779 дүгээр магадлалтай,  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Гэрэлт фокус ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 13,851,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Гэрэлт фокус ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 13,851,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 104,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Гэрэлт фокус ХХК-д холбогдуулан гаргасан 13,851,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Гэрэлт фокус ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1779 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 227,210 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 681,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.2-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: Хөрөнгө эстимэйт ХХК нь даатгалын хохирол үнэлэх болон хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг илрүүлэх тусгай мэдлэг бүхий этгээд биш ба тухайн этгээдийн гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт гэж үнэлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх үйл баримтыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй. гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө эстимэйт ХХК /1112000195 тоот/-иар хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд барилгад 13,431,200 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн дүгнэлт гаргасан.

4.1.1 Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон доголдлыг шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хүсэлтээр газар дээр нь очиж үзсэн. Борооны ус дээврээс гоожсоныг нотлоход заавал тусгай мэдлэгтэй шинжээч шаардлагагүй бөгөөд бидэнд ч бусдыг гүжирдэж, гүтгэж зарга чирэгдэл үүсгээд байх шаардлага байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ...зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр ...шүүгч захирамж гарган шинжээч томилно. гэж заасан байдаг. Шүүх бодит байдал дээр очиж дээврийн завсар зайгаар борооны ус гоожиж хана, таазаар дамжин урсаж шалыг хөндийрүүлсэн байгааг үзсэн. Мөн гадна талын хананы өрлөг борооны ус дамжин урссанаас үүдэн цууралт өгсөн байгаа зэрэг энгийн нүдээр хараад ч тодорхойлох боломжтой нөхцөл байдлыг л үзсэн. Хэрэв хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг хүйтнээс болж цан цохисон бол ус урсаж гоожсон ул мөр үлдээхгүй, машинаар хана мөргөснөөс үүдэн цууралт өгсөн бол ханын шавар, будаг хагарч няцарсан ул мөр үлдээх ёстой. Гэтэл хана, таазанд дандаа ус урссан мөр үлдсэн. Дээврийг муу хийснээс болж тааз, хана дагаж борооны ус урсан барилгын үндсэн хийцэд нөлөөлөн хохирол учруулсныг гүйцэтгэсэн ажлын доголдол гэж үзэж байна.

4.1.2 Дээврийг чанаргүй хийснээс үүдэн борооны ус урсаж хохирол учирсан талаар бид хохирлын үнэлгээ, шүүхийн үзлэг хийлгэсэн. Харин хариуцагч борооны ус гоожоогүй, механик гэмтлээс болж хохирол учирсан байна гэж тайлбарладаг боловч нотлох үүргээ биелүүлээгүй. Хариуцагч татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байхад хэт нэг талыг барьсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18 өдрийн Дугаар 102/ШШ2020/01552 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн Дугаар 1779 тоот магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээр шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв. 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Гэрэлт Фокус ХХК-д холбогдуулан 13,851,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч, баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон. ... үүний улмаас компанид 13,431,200 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ... үнэлгээ хийлгэсэн төлбөр 350,000 төгрөг, эрэн сурвалжлуулснаас учирсан хохирол 70,200 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасантай нийцнэ гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... нэхэмжлэгч улсын комисс хүлээж аваагүй барилгыг 4 жил ашигласан, ... баталгаат хугацаа дуусгавар болсон. ... инженерийн бүх шугам сүлжээ, сан техник, цахилгааны ажлуудыг ******* ХХК өөрөө хийсэн, ... төвийн холболттой холбогдоогүй, яаж халааж байсныг мэдэхгүй. ... дээврээс ус алдах, хана ... ус нэвтрэх ямар ч боломжгүй. гэж маргаж байна.  

7. Хариуцагч нэхэмжлэгчээс 104,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр сөрөг шаардлагаа дэмжин ... захиалагч санхүүжилтээ гаргаж өгөөгүйгээс барилгыг өөрийн санхүүжилтээр барьсан. ... өргөтгөх санал ирүүлсэн тул нэмэлт зардал гаргасан. Нэмэлт ажлын зардал 17,275,000 төгрөг, ... барилга хол баригдаж байсан тул ажилчдыг байршуулж ажиллуулсантай холбоотой зардалд 86,900,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байх бол нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, ...өнгөлгөөний тоосгоны үнэ болон үлдэгдэл санхүүжилтийг хариуцагчид олгосон. ... бүх төлбөрийг төлсөн. ...үндэслэлгүй нэхэмжлэл гэж маргаж байна.  

8. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн бол сөрөг шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэл заажээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримт дутуу тогтоогдсон, доголдол түүнийг нотлох асуудлаар хангалттай баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй байна.  

10. Талуудын хооронд 2016.07.07-ны өдөр байгуулсан 16/133 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тус гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12:16 м.кв харьцаатай, 5 метрийн өндөртэй, 207 м.кв талбай бүхий автомашины засварын байрыг 2016.07.29-ний өдрийг хүртэл хугацаанд 107,700,000 төгрөгөөр барихаар талууд харилцан тохиролцсон талаар зохигчид адил агуулга бүхий тайлбар гаргажээ.

 11. Зохигчийн харилцан гаргасан үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, тэр дундаа барилгын дээврийн хэсгээр ус гоожиж нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх, барилгын захиалагчийн буруутай үйлдлийн улмаас гүйцэтгэгчид нэмэлт зардлын шууд ба шууд бус хохирол учирсан эсэх асуудлаар маргаан өрнөсөн байна.  

12. Нэхэмжлэгч үндсэн шаардлагаа нотлох зорилгоор өөрт учирсан хохирлын үнэлгээг тооцсон хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтийг нотлох баримтаар гаргасан байх ба уг хохирол дээврээс ус гоожсон үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоолгохоор шүүхээр үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргажээ. Шүүх тус хүсэлтийг хүлээн авч 2020.04.06-ны өдөр 102/ШЗ2020/05224 дугаартай захирамж гарган 2020.04.07-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, фото зургийн хамт хэрэгт хавсаргасан байна. Шүүх ийнхүү үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдсэн боловч уг үзлэгийн тэмдэглэл, фото зургийн талаар тухайлсан дүгнэлт өгөлгүйгээр тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаагүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэв үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал маргаан бүхий үйл баримтыг нотлох чадваргүй гэж шүүх үзсэн бол ийнхүү үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авах үедээ, эсхүл үзлэг хийсний дараа энэ талаар зохигчдод мэдэгдэх боломжтой бөгөөд энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчихгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан шүүхийн тодруулах, чиглүүлэх чиг үүрэгт нийцэх юм. Энэ нь шүүх маргааны үйл баримт дутуу тогтоогдсон, хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.  

13. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч сөрөг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар огт мэтгэлцээгүй, энэ асуудлаар нэхэмжлэгч сөрөг шаардлагыг татгалзаж тайлбар гаргаагүй байхад шүүх шийдвэртээ сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон асуудлыг үндэслэл болгосон нь зохигчийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрсдөө тодорхойлох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэх эсэхийг анхаараагүй, зэрэг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болжээ. 

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээр дурдсан нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1779 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМАГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

Х.ЭРДЭНЭСУВД