Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 729

 

 

 

 

                                                                       

 

 2020            6              4                                            2020/ДШМ/729                           МАЛАЛ

 

Б.Дөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар, Ж.Содномдаржаа,

иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,  

шүүгдэгч Б.Д,  түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар, Ж.Содномдаржаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дөд холбогдох 201725021401 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Дэлгэрхаан овгийн Б.Д, 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧН86062471/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Б.Д нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Энхбаяраас ОХУ-с ирсэн чихрийг хямд үнээр авч” өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12.314.000 төгрөг залилан авсан,

 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд ОХУ-с “Алпен Голд” шоколад хямд үнээр оруулж ирж байгаа” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Бадмаарагаас 106.840.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 119.154.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дэлгэрхаан овогт Батцэнгэлийн Дэлгэрмөнхийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дийг 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэж, Б.Дөд оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Дийн цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөөс нийт 117.357.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Энхбаярт 12.237.000 төгрөг, хохирогч Ч.Бадмаарагт 105.120.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг, түүнчлэн Б.Ганбаатарын нарын 4 иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034142 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 59/1 байрны 75 тоот орон сууц зэрэгт хориг тавьсанд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, иргэн Д.Бат-Эрдэнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлж, шүүгдэгч Б.Дөд урьд авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар, Ж.Содномдаржаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Содномдаржаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад иргэн Д.Бат-Эрдэнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан.

Хохирогч Ч.Бадмаараг нь Д.Бат-Эрдэнийн Хаан банкны данс руу 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр АТМ-ээр 1.100.000 төгрөг /1-хх-81/, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 16.200.000 төгрөг, иргэн Хишигдүүрэн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөг шилжүүлснийг Хишигдүүрэнд Ч.Бадмаараг төлсөн /1-хх-82/ нийтдээ 23.300.000 төгрөг шилжүүлснийг Д.Бат-Эрдэнэ Хаан банкны дансаар хүлээн авсан байдаг.

Ч.Бадмаарагийн хувьд тухайн төлбөрийг Оросын Холбооны Улсаас “...шоколад, чихэр захиалж байна...” гэсэн үүднээс Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн болохоос шүүгдэгч Дэлгэрмөнхийн бусдад төлөх өр төлбөрийг хариуцах учиргүй юм.

Түүнчлэн Д.Бат-Эрдэнэ нь өөрийн дансаар Ч.Бадмаарагаас мөнгө хүлээн авсан гэдэг нь нотлогдож байгаа, мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнээс цааш хэрхэн зарцуулсан нь энэ хэрэгт ач холбогдолгүй юм. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаас Д.Бат-Эрдэнийг чөлөөлж хохирогчийн хохирлыг барагдуулах боломжийг хаасан.

Шүүхээр хохирогчийн эрх зүйн байдлыг бүрэн хааж битүүмжлэгдсэн байсан бүх эд хөрөнгийг суллаж, иргэний хариуцагчийг чөлөөлснөөр хохирол төлбөр барагдах боломжгүй болгосон.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг ...Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газар нь Б.Д гэр бүлийн гишүүдийн хамтаар хамтран өмчилдөг, тус газарт нь дахин төлөвлөлтөд орсон газрыг худалдаж борлуулах магадлалтай. Хэрвээ тухайн газрын худалдан борлуулсан нөхцөлд Б.Дөд ноогдох хэсгийг хохирогчийн хохирлыг барагдуулах боломжтой гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаанд байхад хүсэлт тавьж шилжилт хөдөлгөөнийг зогсоолгосон.

Гэтэл шүүхээс Б.Дийн хувьд ноогдох хэсгээс хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Энэ мэтээр хохирогчийг эрхийг огт харгалзан үзэлгүй шийдвэр гаргаж байгаа нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШТТ/З10 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн суурь зарчим, үзэл баримтлалтай зөрчилдсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хохирлыг барагдуулах чиглэлд анхаарч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ч.Бадмаарагаас шууд мөнгө шилжүүлэн авсан буюу гэмт хэргийг улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн Д.Бат-Эрдэнээс 23.300.000 төгрөг гаргуулах, үлдэгдэл хохирлыг Б.Дийн хамтран өмчилж буй хөрөнгөөс түүнд ногдох хэсгээс гаргуулах арга хэмжээг авч өгөхийг хүсч байна. ...” гэв.

Хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс давж заалдах гомдол гаргасан. Тодруулбал, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хохирол төлбөр барагдах арга хэмжээ авах ёстой. 23.300.000 төгрөгийг хуульд зааснаар иргэний хариуцагч Бат-Эрдэнэ хариуцвал зохино гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн өмгөөлөгч нар Ч.Бадмаарагаас Бат-Эрдэнийн данс руу мөнгө шилжиж орсон үйлдэл нь Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед болсон үйл баримт нь Бат-Эрдэнэ, Дэлгэрмөнх нар хоорондоо шоколад оруулж ирж байгаа гэдэг асуудлаар Бадмаарагтай уулзаж мөнгө шилжүүлсэн асуудал биш. Хэргийн үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан гэрч нар буюу Дэлгэрмөнхийн шоколад борлуулахдаа авч явдаг 2 автомашины жолооч нар, мөн хохирогч Бадмаарагийн мэдүүлэгт “Бат-Эрдэнэтэй огт уулзаж байгаагүй, Бат-Эрдэнэ шоколад оруулж ирж байгаа талаар ярьж байгаагүй, Дэлгэрмөнх ярьдаг. Бат-Эрдэнэ мөнгө шилжүүлэх үед гадаа машинд сууж байсан” гэсэн үйл баримтыг ярьдаг. Үүнтэй холбоотойгоор Бат-Эрдэнэ Дэлгэрмөнхөд урьд өмнө зээлээр өгсөн шоколадныхаа мөнгийг авах гэж хамт очиход Дэлгэрмөнх “таны шоколадыг өгсөн, хүнээр мөнгийг тань шилжүүлүүлнэ” гээд Бат-Эрдэнийн дансыг өгсөн байдаг. Энэ үйл баримтыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх заалтад маш тодорхой дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлт нь хууль ёсны гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Дөд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг /хаана, хэзээ, яаж үйлдсэн/ зөв тогтоож буюу Б.Д нь хэрхэн бусдыг залилсан талаарх үйл баримтыг шалган тогтоож, яллах дүгнэлтэд тодорхой дүгнэсний дараа шүүх уг үйл баримтад гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, дээрх гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн, хэзээ төгссөн цаг хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Ингэснээр шүүгдэгч Б.Дийн урьд ял шийтгэгдэж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолыг буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэх нөхцөл байдал үүсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. ...” гэж, мөн зүйлийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж тус тус заасан заалтуудыг хэрэглэх үндэслэл бүрдэнэ.

Иймд хэргийг нэг мөр шийдвэрлэх нөхцөл байдал үүсч болзошгүй тул сүүлийн гэмт хэргийн төгссөн цаг хугацааг тодорхой болгох үүднээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар, Ж.Содномдаржаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Дөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ