Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 101/2015/05653/И |
Дугаар | 181/ШШ2020/02487 |
Огноо | 2019-10-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/02487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “А” ХХК/РД: /-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 320 289 494 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх 01/20120920 тоот гэрээг байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасны дагуу хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн барьсан “Маршал” хотхоны хаус 1, хаус 3, хаус 4, хаус 6 дээрх 4 хаусны 1, 2, 3 давхар болон граж, техникийн давхрын дотоод заслын ажлыг интерьер зураг төсөл, барилгын норм дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр нэг хаусын ажлыг 2 сарын дотор хийж гүйцэтгэн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “Э” ХХК нь тус гэрээний 2.1-д заасны дагуу хариуцагч “А” ХХК-д нийт 160 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээж хоёр талын эрх бүхий хүмүүс хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан.
Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээт ажлын төлбөрт нийт 160 000 000 төгрөгийг /20 000 000 төгрөгийг бэлнээр, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий Toyota Lexus LX570 маркийн автомашин/ бүрэн төлсөн. Мөн нэхэмжлэгч “Э” ХХК, “А” ХХК-ийн эрх бүхий хүмүүс МУ-ын Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д заасны дагуу хаус тус бүр дээр төсөв баталгаажуулж, баталсан төсвийн дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь хаус 1-ийн ажлын нийт 96 916 934 төгрөгийн батлагдсан төсвөөс 26 988 326 төгрөгийн материалыг, хаус-3 барилгын 110 511 346 төгрөгийн батлагдсан төсвөөс 6 072 100 төгрөгийн материалыг, хаус-4 барилгад 130 541 664 төгрөгийн батлагдсан төсвөөс 62 459 268 төгрөгийн материал нийт 95 519 694 төгрөгийн материалыг хариуцагч “А” ХХК-д хүлээлгэн өгсөн боловч хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-иас хүлээн авсан материалыг үр ашиггүй зарцуулж, барилгын норм, дүрмийг зөрчиж чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус-6-д ямар ч ажил хийлгүй 2013 оны 06 дугаар сард барилгын ажлыг хаяж явж 01/20120920 тоот гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дах заалтыг ноцтой зөрчсөн.
Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээний 1.2-т заасан ажлыг хариуцагч “А” ХХК нь барилгын норм дүрмийг зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажил хийсэн, нэхэмжлэгч “Э” ХХК-иас хүлээн авсан эхний ээлжийн материалыг үргүй зарцуулсан тул нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс биеэр болон албан тоотоор хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 3.4, 3.5, 3.8, 4.2, 4.3, 4.8-д заасны дагуу чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажил болон хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг чанар, стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор мэдэгдэл өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч “А” ХХК-ийн зүгээс мэдэгдэл тухай бүрт ажлын чанарыг сайжруулах амлалт өгдөг боловч шаардлагатай арга хэмжээг авалгүй хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, барилгын заслын ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгалгүй барилгын ажлыг 2013 оны 06 дугаар сард хаяж явсан тул арга буюу нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй хаяж явсан, ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1-д заасны дагуу ажлын төлбөрт бэлнээр 20 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хаус 1, 3, 4-р барилгад дотоод засалд зориулж нийт 95 519 694 төгрөгийг нийт 255 519 694 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч “А” ХХК нь хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т заасан хаус 1, 3, 4 барилгын дотор заслын ажлыг барилгын норм, дүрмийг зөрчиж чанар, стандартын шаардлага хангахгүй ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүйгээр ажлыг хаяж явсан. “Э” ХХК-иас хүлээн авсан 95 519 694 төгрөгийн материалыг үр ашиггүй зарцуулж нэхэмжлэгч “Э” ХХК-ийг хохироож байна.
“Э” ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч “А” ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч “Э” ХХК-ийг хохироож байна.
Хариуцагч “А” ХХК нь МУ-ын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх...”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэх ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дах заалтыг зөрчиж нэхэмжлэгч “Э” ХХК-ийн барьсан хаус-1, хаус-3, хаус-4 дүгээр барилгын дотор заслын ажлыг барилгын норм, дүрэм зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй дутуу хийж гүйцэтгэсэн, хаус-6 дугаар барилгад ямар ч заслын ажлыг хийж гүйцэтгэлгүй нэхэмжлэгч “Э” ХХК-ийг хохироосон.
Иймд МУ-ын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч “Э” ХХК татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг болон хохирол 95 519 694 төгрөг, нийт 255 519 694 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “А” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч “Э” ХХК татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг болон хохирол 95 519 694 төгрөг нийт 255 519 694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх 01/20120920 тоот гэрээг байгуулан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн барьсан “Маршал” хотхоны хаус 1, хаус 3, хаус 4, хаус 6 дээрх 4 хаусны 1, 2, 3 давхар болон граж, техникийн давхрын дотоод заслын ажлыг интерьер зураг төсөл, барилгын норм, дүрэм, стандартыг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр нэг хаусын ажлыг 2 сарын дотор хийж гүйцэтгэн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор нэхэмжлэгч “Э” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1-д заасны дагуу ажлын төлбөрт бэлнээр 20 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгний үнэ бүхий автомашин хаус 1, 3, 4 дүгээр барилгад дотоод засалд зориулж нийт 95 519 694 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, мөн барилгын материал авахад нь зориулж бэлнээр 50 769 800 төгрөгийг нийт 306 289 494 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хариуцагч “А” ХХК-д хүлээлгэн өгсөн боловч хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-иас хүлээн авсан материалыг үр ашиггүй зарцуулж, барилгын норм, дүрмийг зөрчиж, чанар, стандартын шаардлагад нийцэхгүй заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, хаус 6-д ямар ч ажил хийлгүй 2013 оны 06 дугаар сард барилгын ажлыг хаяж явж, 01/20120920 тоот гэрээний 1.2, 4.2, 4.3, 4.6 дах заалтыг ноцтой зөрчсөн.
Хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээний 1.2-т заасан ажлыг хариуцагч “А” ХХК нь барилгын норм дүрмийг зөрчиж чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажил хийсэн, нэхэмжлэгч “Э” ХХК-иас хүлээн авсан эхний ээлжийн материалыг үргүй зарцуулсан тул нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс биеэр болон албан тоотоор хоёр талын байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 3.4, 3.5, 3.8, 4.2, 4.3, 4.8-д заасны дагуу чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажил болон хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлыг чанар, стандартын дагуу дахин хийж гүйцэтгэн тус гэрээний 4.6-д заасны дагуу акт үйлдэн албан ёсоор хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байсан боловч хариуцагч “А” ХХК-ийн зүгээс мэдэгдэл тухай бүрт ажлын чанарыг сайжруулах амлалт өгдөг боловч шаардлагатай арга хэмжээг авалгүй хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, барилгын заслын ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгалгүй барилгын ажлыг 2013 оны 06 дугаар сард хаяж явсан тул арга буюу нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгаж, барилгын заслын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулсан.
Хариуцагч “А” ХХК-ийн хаус 1 дүгээр барилгын чанар стандартын шаардлага хангахгүй заслын ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгахад 6 000 000 төгрөгийн зардал, хаус 4 дүгээр барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг нураалгахад 8 000 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд хариуцагч “А” ХХК барилгын засварын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас хаус 1, хаус 2 дугаар барилгын чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг “Олгонуудын ихэр охид” ХХК-иар нураалгахад нийт 14 000 000 төгрөгийн хохирол нэхэмжлэгч “Э” ХХК-д учирсан. Хариуцагч “А” ХХК нь хаус 1, хаус 4 дүгээр барилгын заслын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч “Э” ХХК-д 14 000 000 төгрөгийн хохирол учрахгүй байсан.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д барилгын материал авахад нь зориулж бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, хариуцагч “А” ХХК-ийн чанар стандартын шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн хаус 1, хаус 2 дугаар барилгын заслын ажлыг “Олнонуудын ихэр охид” ХХК-иар нураалгахад 14 000 000 төгрөг нийт 64 769 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
“Э” ХХК-ийн эрх бүхий хүмүүс удаа дараа чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа заслын ажлыг нурааж дахин өөрийн зардлаар барилгын норм, дүрэм, чанар стандартын шаардлага хангасан заслын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хоёр талын байгуулсан 01/20120920 тоот гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг мэдэгдэж байсан боловч хариуцагч “А” ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч “Э” ХХК-ийг хохироож байна.
Хариуцагч хэд хэдэн зүйлийг ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан зургийн баримтаар нотлогдохгүй байна, зургийн баримт нь дутуу байна гэсэн зүйлийг ярьж байна. Ингэж ярьж байгаа нь өөрөө буруу юм. Хуульд нь ч заасан байгаа. Гэрээгээр тохиролцсон талуудын тохиролцоо байгаа. Гэрээний 1.2, 4.2, 4.6-т маш тодорхой заагаад өгчихсөн. Фото зургаар баримтжуулна гэж заасан. Хариуцагч тал маань Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасны дагуу өөрөө нотлох үүрэгтэй. Байхгүй зүйлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй зүйлийг олон удаа уншиж хэлэх шаардлагагүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлээд байгаа. Дараагийн асуудал юу вэ гэвэл ил далд ажлын акт, зургаа хүлээлгээд өгчихсөн бол хэн ч маргахгүй. Гэтэл энэ маань өөрөө өндөр зэрэглэлийн хаус, орон сууц байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууцыг ил далд ажлын акт байхгүйгээр зураг байхгүйгээр хийсэн юм аа гэж байна. Бидний хийх зүйл 5, 6 өрөө байсан юм гэтэл 1, 2 өрөөний зургийг өгөөд бусад өрөөний зургийг өгсөнгүй гэсэн зүйлийг яриад байх юм. Энэ зургийг хэн өгөх үүрэгтэй юм. Хариуцагч тал өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаад байна. Энэ үүргээ биелүүлээгүй тул бид маргаад байгаа. Барилга гэдэг нь хүн амь настай холбогддог. Нэгэнт ашиглалтад орсны дараа цаанаас нь юу ч алдаж болно. Ус алдаж болно. Хана эвдэх хэрэг гарна. Ингэхийн тулд ил далд ажлын актыг зайлшгүй хийх ёстой. Хэрвээ ил далд ажлын акт хийхгүйгээр явсан бол энэ барилгыг цаашид хүлээж авах боломжгүй. Фото зургаар баримтжуулаагүй, ил далд ажлын акт байхгүй бол талууд маргах үндэслэлгүй болчихож байгаа юм. Энэ дээр хариуцагч тал ямар ч үг хэлэх эрхгүй ийм асуудал руу орчихож байгаа. Ийм үндэслэлгүй зүйл ярих шаардлагагүй.
Иймд МУ-ын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу хоёр талын байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 01/20120920 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч “Э” ХХК татгалзаж байгаа тул тус гэрээг цуцалж ажлын хөлсөнд төлсөн 160 000 000 төгрөг болон барилгын материалын төлбөр 95 519 694 төгрөг, барилгын материал авахад зориулж бэлнээр өгсөн 50 769 800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14 000 000 төгрөг, нийт 320 289 494 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “А” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 30-ны гэрээг анхааралдаа авч үзэх ёстой. Гэрээг яах гэж байгуулдаг юм. Гэрээнд заасан үүргийг талууд дагаж мөрдөнө. Материалын зардал, материалын хохирол 95,000,000 төгрөгийн асуудал яригдаад байгаа. Энэ зөрчлөөс болж олон материалын хохирол үүсээд байгаа. Үүнийг зөв тогтоох талаар шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. “Э” ХХК-ийн гаргаж өгсөн материалаар хариуцагч хариуцагч “А” ХХК тоглоод хаячихсан. Тоглоод хаячихсан учир материалын 95,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг ингэж тодруулж хэлмээр байна.” гэв.
Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 09 сард хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Э” ХХК-ийн “Маршал” хотхоны 1, 3, 4, 6 дугаар барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр бартерийн гэрээ байгуулан барилгын заслын ажлыг эхлүүлсэн. Эдгээр барилгууд нь хагас дутуу, чанаргүй хийсэн гүйцэтгэлтэй байсан болно. Тус компани ажил хийсэн өдрөөс тус гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөхгүй бас шаврын ажлууд дутуу, тэгш бус мөн сангийн ажлууд дутуу, цахилгааны ажлууд огт хийгдээгүй байсан. Засал хийхтэй холбоотой бараа материал бэлэн биш байсан. Мөн ажлын зураг байхгүй.
Бид энэ байдлыг тус компаний ерөнхий захирал болон талбайн инженер Ганчимэг нарт олон удаа хэлсний эцэст өөрсдийн машинаар материалыг татахаар болж үндсэн материал болох хаалга, паркет, гипсэн хавтан, гипсэн төмрүүд, плита, шатны маршны мод, хашлаганы төмрийг тус компаний агуулахаас манай компани зардал гаргаж тээвэрлэн авсан гэвч эдгээр материалууд нь складанд олон жил болж чанараа алдсан хэмжээнүүд нь зөрүүтэй паркет нь сэнсэрсэн зэрэг шатны марш нь таарахгүй, хаалга хэмжээ зэрэг олон асуудал гарсан. Гэсэн хэдий боловч бид асуудлыг тухай бүрт мэдэгдэж ажлыг хүлээсэн үүргийн дагуу бүх бололцоотой байдлаар хийж байсан. Туслах материалыг өөрийн нярвыг гарган зуун айлаас өөрсдийн унаагаар авч ирж өгч тооцоог баримтаар хааж болно.
Мөн ажил гүйцэтгэл хийж байх явцад удаа дараалан ус алдах, сан цахилгааны ажлаа дахин дахин хийсэн ажлуудыг эвдэн хийх зэрэг төвөгтэй байдлаас ажил хийх ямар ч нөхцөлгүй болсныг тус компаний ерөнхий захирал С.Нямдаваад мэдэгдэж үлдсэн хөлсөнд гипсний ажил хийхээр харилцан тохиролцож ажлыг 2013 оны 06 сард зогсоосон.
Ажил зогссоны дараа бид удаа дараа санхүүгийн тооцоо нийлэх гэж явсан боловч хариуцах эзэн байхгүй бидний ажлыг сунжруулж байсан.
Гэвч бид хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер санхүүгийн ажилтнуудаар акт баримт үйлдүүлж авсан. Холбогдох баримтуудыг хавсаргасан болно. Иймд тус компани нэхэмжилж байгаа эдгээр материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй болох учир дахин энэ асуудалд нухацтай хандаж харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх байх гэдэгт найдаж байна.
Хариуцагч тал маршал таун хотхоны 1 дүгээр барилгыг 100 хувь, 3 дугаар барилгыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж дуусгасан. Ажил хүлээлгэж өгсөн баримт хавтаст хэргийн 124, 126 дугаар талд авагдсан байгаа. “Э” ХХК-ийн н.Ганчимэг гэдэг хүний хүлээж авсан ажлын гүйцэтгэл хүлээж авсан баримт бичиг байдаг. Энэ баримтаар нотлогдож байгаа. Мөн түүнчлэн эдний компаниас ажлыг гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн гээд байгаа. Гэрээний 1.2-т заасан манай бүх ажлуудыг нураасан, дахиж гүйцэтгэсэн талаарх баримтаа гаргаж өгөн нь эдний үүрэг юм. Нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Манай компаниас тухайн үед ус алдсан даруйд баримт зургаа өгч байсан.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд төлсөн 160 000 000/нэг зуун жаран сая/ төгрөгийг, барилгын материалын төлбөр 95 519 694/ерэн таван сая таван зуун арван есөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг, барилгын материал авахад зориулж өгсөн 50 769 800/тавин сая долоон зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, нийт 320 289 494/гурван зуун хорин сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “А” ХХК нь бид хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер санхүүгийн ажилтнуудаар акт, баримт үйлдүүлж авсан ... эдгээр материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 01/20120920 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 01/20120920 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
01/20120920 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч нь нэг хауст дээрх бүх ажлыг гүйцэтгэх хугацаа 2/хоёр/ сар байхаар, хаус 1, 3, 4, 6 дугаар барилгын гараж, 1, 2, 3 дугаар давхар, техникийн давхрын дотоод заслын ажлуудыг, хана, таазны замасканы үлдэгдэл ажлыг, гипсэн таазыг/уналттай/ интерьерийн дагуу хийж гүйцэтгэх, хана таазны обой наах, хана тааз, шалны эмульс будгийн ажлыг хийх, гоёлын чулуу наах, 00-н өрөөний плитаны чигжээс хийх, цонхны тавцангийн чигжээс силикон хийх, гал тогооны плита наах, паркетан шал, дрож дэвсэх, плинтүүс хийх, дотор хаалга суулгах, шатны гишгүүр суулгах, хашлаганы гагнуур хийх, гоёлын хана, шатны маршны хажуу гоёлын хана, телевизорийн тавиур, виноны тавиур, ажлын өрөөний тавиур болон бусад хананы ажлыг интерьер зураг төслийн дагуу хийх, гоёлын хүрээ болон гипсэн хүрээ хийх, мөн бусад нэмэлт ажлуудыг интерьерийн дагуу бүрэн хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын нийт төлбөр 160 000 000/нэг зуун жаран сая/ төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 20 000 000/хорин сая/ төгрөгийг, үлдэгдэл төлбөрт 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Лексус ЭлИкс570 маркийн суудлын автомашиныг 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгөөр тооцон хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 01/20120920 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хариуцагч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн 01/20120920 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгч урьдчилгаа хөлсөнд 20 000 000/хорин сая/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгийн хөлсөнд 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Лексус ЭлИкс 570 маркийн суудлын автомашиныг шилжүүлсэн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээний 1-ийн 1.2-т заасан ажлыг чанар стандартын шаардлага хангахгүй, дутуу хийсэн гэх үндэслэлээр ажлын хөлсөнд төлсөн 160 000 000/нэг зуун жаран сая/ төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь Гэрээний 1-ийн 1.2-т заасан ажлыг чанар стандартын шаардлага хангаагүй, дутуу хийсэн болох нь нэхэмжлэгчийн “Олгонуудын ихэр охид” ХХК-тай байгуулсан № 01/20130731 Ажил гүйцэтгэх гэрээний болон № 01/20140811 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар/II хавтас, хх-66-71/, гэрч Ж.Ганчимэгийн гэрчийн мэдүүлэг/III хавтас, хх-56-57/-ээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.
Хариуцагч нь Гэрээний 1-ийн 1.2-т заасан үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн болох нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 05/2012332 Мэдэгдлийн болон 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 04/2013-005 Мэдэгдлийн хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн № 02/2013-061 Мэдэгдлийн хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн № 02/2013-113 Мэдэгдлийн болон 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/2014-002 Мэдэгдлийн хуулбар/I хавтас, хх-23, 25-28/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй болох нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 05/2012332 Мэдэгдлийн болон 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 04/2013-005 Мэдэгдлийн хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн № 02/2013-061 Мэдэгдлийн хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн № 02/2013-113 Мэдэгдлийн болон 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/2014-002 Мэдэгдлийн хуулбар, № 01/20130731 Ажил гүйцэтгэх гэрээний болон № 01/20140811 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 205.2-т “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:”, 205.2.1-т “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй;” гэж заасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.2.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 160 000 000/140000000+20000000=160000000/ /нэг зуун жаран сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тоёота Лексус ЭлИкс570 маркийн автомашиныг зарсан гэх тайлбар гаргаж, нэхэмжлэгч нь тус тээврийн хэрэгслийг 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгт тооцож ажлын хөлсөнд өгсөн байх тул хариуцагчаас мөнгөн хэлбэрээр 140 000 000/нэг зуун дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын материалын төлбөр 95 519 694/ерэн таван сая таван зуун арван есөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг, барилгын материал авахад зориулж өгсөн 50 769 800/тавин сая долоон зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг, чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад гарсан зардал 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орлогыг хохиролд тооцно.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хаус 1, 3, 4 байрны дотор заслын ажлын материалын тооцоог гаргасан болох нь байрнуудын дотор заслын ажлын материалын тооцоогоор тогтоогдож байна./I хавтас, хх-13-22/
Хаус-1 байрны дотор заслын ажлын материалын тооцоо 96 916 934.4/ерэн зургаан сая есөн зуун арван зургаан мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, Хаус-3 байрны дотор заслын ажлын материалын тооцоо 110 511 346/нэг зуун арван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг, Хаус-4 байрны дотор заслын ажлын материалын тооцоо 130 541 664.3/нэг зуун гучин сая таван зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг гурван мөнгө/ төгрөг гарсан болох нь хаус 1, 3, 4 байрны дотор заслын ажлын материалын тооцоогоор тогтоогдож байна./I хавтас, 13-22/
Нэхэмжлэгч нь хариуцагчид дотор заслын ажлын материалын тооцооноос нийт 95 519 694/ерэн таван сая таван зуун арван есөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийн барилгын материал хүлээлгэн өгсөн болох нь Хаус 1, 3, 4 барилгуудад авсан бараа материалын нэгдсэн тооцооны болон хүлээн авсан материалын жагсаалтын хуулбараар тогтоогдож байна./I хавтас, хх-81-89/
Нийт 95 519 694/ерэн таван сая таван зуун арван есөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийн барилгын материалыг нэхэмжлэгчид учирсан хохирол буюу эд хөрөнгийн алдагдал гэж үзэх тул хариуцагчаас 95 519 694/ерэн таван сая таван зуун арван есөн мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид барилгын материал худалдан авахад зориулж бэлнээр нийт 50 769 800/тавин сая долоон зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг өгсөн болох нь Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн болон Кассын зарлагын ордерын хуулбар, Авсан материалын зарцуулалтын болон Бараа материалын захиалгын хуудсын хуулбар, нэхэмжлэхийн болон Кассын зарлагын баримтуудын хуулбараар тогтоогдож байна./I хавтас, хх-204-241, II хавтас, хх-1-17/
Нийт 50 769 800/тавин сая долоон зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол буюу эд хөрөнгийн алдагдал гэж үзэх тул хариуцагчаас 50 769 800/тавин сая долоон зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн чанаргүй хийж гүйцэтгэсэн заслын ажлыг нураахад нийт 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийн зардал гаргасан болох нь № 01/20130731 Ажил гүйцэтгэх гэрээний болон № 01/20140811 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар/II хавтас, хх-66-71/, Кассын зарлагын болон Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбар/II хавтас, хх-72-/-аар тогтоогдож байна.
Нийт 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол буюу гарсан зардал гэж үзэх тул хариуцагчаас 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 320 289 494/160000000+95519694+50769800+14000000=320289494/ /гурван зуун хорин сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 320 289 494/гурван зуун хорин сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас нийт 320 289 494/гурван зуун хорин сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 917 550 төгрөгөөс 1 759 397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 158 153 төгрөгийг, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 759 397 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ