Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00843

 

 

Д.Чимгээ, М.Цэцэгмаа, Ц.Балжинням, Б.Мөнхбаяр,

Б.Уламбаяр, Я.Мягмаржав, Л.Отгон-Эрдэнэ,

Ш.Бадрахгэрэл, Э.Хишигдэлгэр, Б.Мөнгөнсувд

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1748 дугаар магадлалтай,

Д.Чимгээ, М.Цэцэгмаа, Ц.Балжинням, Б.Мөнхбаяр, Б.Уламбаяр, Я.Мягмаржав, Л.Отгон-Эрдэнэ, Ш.Бадрахгэрэл, Э.Хишигдэлгэр, Б.Мөнгөнсувд нарын нэхэмжлэлтэй

Эс Си Эм ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 574,250,317 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Болдхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Чимгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбат, Ж.Хишигдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбилэг, нэхэмжлэгч Ч.Балжинням, Б.Мөнхбаяр, Б.Уламбаяр, Б.Мөнгөнсувд, Г.Бадрахгэрэл, М.Цэцэгмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, Б.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Эс Си Эм ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс ажлын доголдлын улмаас орон сууцны үнийг хувь тэнцүүлэн бууруулан тооцож, Д.Чимгээ 73,460,835 төгрөг, Б.Уламбаяр 123,546,160 төгрөг, Я.Мягмаржав 41,014,750 төгрөг, Л.Отгон-Эрдэнэ 45,379,432 төгрөг, Д.Баярцэнгэл, Д.Балжинням нар 44,197,128 төгрөг, Б.Мөнгөнсувд 49,741,568 төгрөг, Э.Хишигдэлгэр 50,231,288 төгрөг, Ш.Бадрахгэрэл 44,265,230 төгрөг, М.Цэцэгмаа 46,265,230 төгрөг, Б.Мөнхбаяр 56,284,770 төгрөг, нийт 574,250,317 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Эс и эм ХХК-иас нийт 574,250,317 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Чимгээд 73,460,835 төгрөг, Б.Уламбаярт 123,546,160 төгрөг, Я.Мягмаржавт 41,014,750 төгрөг, Л.Отгон-Эрдэнэд 45,379,432 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Балжинням нарт 44,197,128 төгрөг, Б.Мөнгөнсувдад 49,741,568 төгрөг, Э.Хишигдэлгэрт 50,231,288 төгрөг, Ш.Бадрахгэрэлд 44,129,156 төгрөг, М.Цэцэгмаад 46,265,230 төгрөг, Б.Мөнхбаярт 56,284,770 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Чимгээгийн төлсөн 525,254 төгрөг, Б.Уламбаярын төлсөн 775,690 төгрөг, Я.Мягмаржавын төлсөн 363,100 төгрөг, Л.Отгон-Эрдэнийн төлсөн 384,850 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Балжинням нарын төлсөн 378,940 төгрөг, Б.Мөнгөнсувдын төлсөн 406,660 төгрөг, Э.Хишигдэлгэрийн төлсөн 410,000 төгрөг, Ш.Бадрахгэрэлийн төлсөн 378,600 төгрөг, М.Цэцэгмаагийн төлсөн 389,300 төгрөг, Б.Мөнхбаярын төлсөн 439,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 4,451,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чимгээд 525,254 төгрөг, Б.Уламбаярт 775,690 төгрөг, Я.Мягмаржавт 363,100 төгрөг, Л.Отгон-Эрдэнэд 384,850 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Балжинням нарт 378,940 төгрөг, Б.Мөнгөнсувдад 406,660 төгрөг, Э.Хишигдэлгэрт 410,000 төгрөг, Ш.Бадрахгэрэлд 378,600 төгрөг, М.Цэцэгмаад 389,300 төгрөг, Б.Мөнхбаярт 439,380 төгрөг тус тус олгуулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1748 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Т.Болдхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй, зохигчийн хүсэлтийг хангахгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.1. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж шийдвэрлэсэн тухайд.

Анхан шатны шүүх захиалагч нарын өмчлөлд шилжүүлсэн орон сууцанд ашиглалтын явцад чанарын доголдол үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул ажил гүйцэтгэх гэрээний үр дүн биет байдлын доголдолтой, хариуцагч доголдлыг арилгаж чадаагүй гээд нэхэмжлэгч тус бүрийн орон сууцны үнийг Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан дүнгээр буурсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон юм.

Учир нь Дамно ХХК нэхэмжлэгч нарын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Ре констракшн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон бөгөөд тус төв нь зөвхөн барилгын хийц, бүтээц эдлэхүүн түүний түүхий эдүүдэд физик механик шинж чанаруудыг стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлтийг хийх чиг үүрэгтэй атлаа барилга барихад ашигласан материалын чанар стандартын талаар лабораторийн шинжилгээ хийхгүйгээр дүгнэлтийг гаргаж улмаар уг дүгнэлтэндээ өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар буюу тодруулбал, хашлага хана, сан техникийн тоноглолыг хамгийн чанар муутай материалаар сонгож, угсралтын муу технологиор хийсэн байна гэсэн нь бодит байдалтай нийцээгүй юм. Хариуцагч талаас Ре констракшн төвийн шинжээчийн дүгнэлтийг няцааж барилгад ашигласан материал тус бүрийг тусгай лабораторид оруулж шинжилгээнд хамруулсан сертификатыг нотлох баримтаар шүүхэд өгсөн байхад 2 шатны шүүх уг нотлох баримтыг үнэлж үзэхгүйгээр зөвхөн нэг талын нотлох баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ре констракшн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргааныг шийдвэрлэхэд учир дутагдалтай гээд нэхэмжлэгч нараас хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргахад ...шүүх нэгэнт нэхэмжлэгч нар амьдраад 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад тухайн үеийн болон одоо үеийн зах зээлийн үнэлгээ хийх боломжгүй гээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан атлаа нэг талын хүсэлтээр хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлж, хариуцагчийг илт хохироосон шийдвэрийг гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. /2 дугаар хавтаст хэргийн 87-89 х, 94-96х/

Түүнчлэн хариуцагч талаас Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нэг талын эрх ашигт илүү нийцүүлсэн хуульд заасан арга хэрэгсэлээр цуглуулсан нотлох баримт биш гэж үзээд нотлох баримтаас хасуулах, улмаар шинжээч томилуулах хүсэлт гаргахад уг нотлох баримтыг үнэлэх эсэхийг шүүх шийдээгүй байна гэсэн эргэлзээ төрүүлсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа уг тайланг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй.

4.2. Доголдол илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч байсан тухайд.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар орон сууцыг бүхэлд нь үзээд нийтийн эзэмшлийн талбай болон түүнд хамаарах эд хөрөнгийн доголдлын талаар үүрэг даалгавар өгснийг хариуцагч Түмэн бархас ХХК-тай 17 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж доголдлыг арилгасан. Мөн Түмэнбархас ХХК-тай 2017.08.04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 9, 16, 26, 57, 72, 120, 127, 132, 135, 138, 141, 144, 156, 163 тоотод амьдарч байгаа айлуудын доголдолтой зүйлүүдийг /үндсэн хэрэг-1 хх-163-165/, 2017.03.22- ны өдрийн гэрээгээр 10, 33, 38, 45, 113, 198 тоотуудын гээд нийт 5 гэрээгээр айл бүрд илэрсэн /жижиг доголдлыг хүртэл/ доголдлыг арилгаж хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх орон сууцны доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон юм. Өөрөөр хэлбэл шүүх орон сууцны барилгын нийтийн эзэмшлийн талбай болон түүнд хамаарах эд хөрөнгийн доголдол, /арилгасан/ тухайн орон сууцанд амьдарч байгаа зарим айлуудад илэрсэн доголдлыг ялгаж зааглахгүйгээр нийтэд нь доголдолтой мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч айлуудын тухайд хүлээн авсан орон сууц нь бүхэлдээ эсвэл зарим хэсэг доголдолтой эсэхийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, доголдол байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй мөн хариуцагчийн зүгээс доголдлыг тогтоох, улмаар арилгах арга хэмжээ авах гэхэд авахуулаагүй байхад шүүх хариуцагчийг ямар нэгэн арга хэмжээ аваагүй мэтээр буруутгасан дүгнэлтийг хийсэн юм.

4.3. Гэрээний харилцааны тухайд.

Нэхэмжлэгч нарын тухайд манай компанитай 2014.05.23-2015.01.23-ны өдрийн хооронд гэрээ байгуулан орон сууцаа худалдан авсан бөгөөд манай компани нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууцны барилгыг 2015.01.13-ны өдөр улсын комисс хүлээн аван ашиглалтанд оруулсан юм. Энэ нь нэхэмжлэгч нарын анхны гэрээ байгуулсан хугацаа нь орон сууц ашиглалтанд орохоос 6 сар гаруй хугацааны өмнө байх бөгөөд нэхэмжлэгч нарыг худалдан авах эсэхээс шалтгаалахгүйгээр тус орон сууц эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдаж дуусгавар болж байсан үе байх бөгөөд захиалагчид зориулсан гэрээний үр дүн бус нэгэнт бэлэн болсон барилгаас нэхэмжлэгч нар нь давхар, орц, өрөөний тоо зэргийг сонгож орон сууцыг худалдан авсан нь Худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байна.

Мөн шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болох орон сууц байх ба гүйцэтгэгч нь батлагдсан төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барилгыг барих үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд учир нь тус орон сууц нь талуудын тохиролцоогоор анхнаасаа төсөв мөнгөө тохиролцон гүйцэтгэгддэг ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүн биш бөгөөд нэгэнт баригдаж дуусгавар болж буй орон сууцнаас нэхэмжлэгч нар нь манай компанийг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, байршил, орон сууцыг барихад гаргасан зардал, ашиг зэргийг тооцоолон үнээ тогтоосны дагуу тус орон сууцнаас сонгон худалдан авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа учир шүүхээс ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн тус гэрээний холбогдох зохицуулалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.

6. Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

7. Нэр бүхий нэхэмжлэгч нар хариуцагч Эс Си Эм ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус компанийн захиалан барьж ашиглалтад оруулсан барилгаас орон сууц худалдан авсан боловч ашиглалтын явцад барилга чанарын шаардлага хангаагүй, доголдолтой болох нь илэрсэн, доголдлыг засуулах шаардлага гаргасан боловч доголдол гүйцэд арилаагүй, тухайн үед 1 м.кв талбайг 2,273,000-3,198,000 төгрөгөөр захиалан төлбөрийг бүрэн төлсөн. Өнөөдөр барилгын доголдлын улмаас 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр үнэлж, үнэ буурсан байгаа тул орон сууцны үнийг буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн, гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн зохих хэсгийг буцаан гаргуулахыг хүссэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэлийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.10.13-ны өдрийн 05/224 дугаартай албан бичиг, түүний хавсралтад заасан орон сууцны барилгад илэрсэн 13 төрлийн зөрчил дутагдлыг нэрлэн заасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийг тус тусдаа гаргасан бөгөөд нэг хариуцагчид холбогдуулан адил агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэн шүүх хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж үзэн тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т нийцсэн байна.

8. Анхан шатны шүүхийн ...зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах нь зүйтэй... гэх дүгнэлт үндэслэл муутай, шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй байна.

9. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гүйцэтгэсэн ажил нь доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулах тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-т тус тус зохицуулсан.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нар хариуцагчтай тус тусдаа Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх тул шүүх гэрээний агуулга, зорилгыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлж, улмаар тухайн харилцааг зохицуулсан хуулийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гэрээг дүгнэх учиртай.

Нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан гэрээний нэр адил боловч гэрээний зүйл, байрлал, түүний хэмжээ, үнийн дүн, ажлын доголдол харилцан адилгүй, хариуцагчийн доголдлыг арилгасан талаарх тайлбар, холбогдох баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээ тус бүрийг дүгнээгүй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016.10.13-ны өдрийн 05/224 дугаартай албан бичиг, түүний хавсралтад заасан уг барилгын чанар байдлын талаар гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

11. Шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой маргаан үүссэн гэж үзсэн атлаа захиалагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар тухайн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргасан эсэх, ямар үндэслэлээр ажлын үр дүнгийн үнэ буурсан гэж үзсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

12. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

13. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1748 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Т.Болдхүүгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Эс Си Эм ХХК-аас 2020.09.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,029,202 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БАЯРМАА

                                                                                   ШҮҮГЧИД                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД