Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00857

 

Виста технологи ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02081 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1800 дугаар магадлалтай,

Виста технологи ХХК-ийн нэхэмжлэлтэй

Модив ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 5,874,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Тэлмэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Виста технологи ХХК хариуцагч Модив ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 5,874,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасныг баримтлан Модив ХХК-иас 5,874,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Виста технологи ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Виста технологи ХХК-иас 1,800,000 төгрөг гаргуулан хариуцагч Модив ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,934 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43,750 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1800 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Модив ХХК-иас 5,874,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Виста технологи ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Виста технологи ХХК-иас 1,800,000 төгрөг гаргуулан, хариуцагч Модив ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,934 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Тэлмэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2019.10.22-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.2-т Ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлыг Захиалагчийн гаргасан шаардлагын дагуу топ болон бусад дэд хуудасны дизайны дагуу гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд багтаан мэргэжлийн түвшинд, бүрэн гүйцэд аливаа доголдолгүйгээр хийж гүйцэтгэнэ, 3.1-д Ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээт ажлыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хонгийн дотор бүрэн хийж гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд ажил гүйцэтгэгч Модив ХХК нь вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан.

Хэрэгт авагдсан баримт болох Модив ХХК-ийн ажилтан Ж.Дулмаагаас Виста технологи ХХК-д ирүүлсэн и-мейлд ...12 сарын 11-нд топ хуудасны дизайн батлагдсан. Топ хуудас батлагдсан өдрөөс гэрээний хоногоо тоолдог... талаар дурдаж, гэрээний хугацаа эхэлсэн болохыг хүлээн зөвшөөрдөг. Вэб дизайн батлагдсан 2019.12.11-ний өдрөөс ажлын 28 хоногийн дараа буюу 2020.02.17-ны өдөр гэхэд Модив ХХК нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж, ажлыг захиалагч Виста технологи ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байжээ. Ийнхүү ажил гүйцэтгэгч тогтоосон буюу гэрээний 3.1-д заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэгчийн үүргийг зөрчсөн тул Виста технологи ХХК нь 2020.02.17-ны өдөр дээрх гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн, вэб дизайныг батлах үүргийг зөвхөн Виста технологи ХХК ганцаар хүлээхгүй бөгөөд ажил гүйцэтгэгч Модив ХХК нь дизайны загварыг гаргаж, захиалагчид хүргүүлдэг. Ийнхүү хүргүүлэхдээ хугацаа алдсан болохоо хүлээн зөвшөөрч, өөрсдийн хугацаа алдсан шалтгаанаас болж гэрээт ажлыг 2 дугаар сарын 14-ний өдөр дуусгахаа илэрхийлсэн болох нь өмнө дурдсан Модив ХХК-ийн ажилтан Ж.Дулмаагийн и-мэйлээр тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, ямар шалтгаанаар үнэлэхээс татгалзсан нь тодорхойгүй байх бөгөөд зөвхөн талуудын 2020.02.03-ны өдөр харилцсан цахим шууданг нотлох баримтын хэмжээнд үнэлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй нь буруу гэж үзэж байна.

4.2. Шүүхүүд захиалагч тал гэрээг цуцлаж байгаа талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээний нөгөө талд мэдэгдээгүй тул гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тодруулбал, Виста технологи ХХК нь 2020.02.17-ны өдөр гэрээг цуцлаж байгаа талаараа Модив ХХК-д и-мэйл болон албан бичгээр мэдэгдсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байхад гэрээг цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Мөн Модив ХХК нь 2020.02.20-ны өдөр ажлын үр дүнг тест серверт байршуулж, Виста технологи ХХК-д хүлээлгэн өгөх үйлдлийг хийсэн гэж шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан байх боловч уг үйлдэл нь гэрээг цуцалснаас хойш үйлдэгдсэн байх тул тус дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Модив ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Виста технологи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Виста технологи ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...талууд MS-WEB19/082301 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр төхөөрөмжид ээлтэй, админ хялбар банкны холболттой онлайн захиалгатай жуулчлалын вэб хийхээр харилцан тохиролцсон. Захиалагч буюу нэхэмжлэгч талаас ажлын урьдчилгаанд 1,369,000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн LG smart TV телевизорыг бартераар, 2,831,000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 4,200,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн боловч хариуцагч Модив ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компани гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Иймд гэрээний урьдчилгаа төлбөр 4,200,000 төгрөг, алданги 1,674,000 төгрөг, нийт 5,874,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

Хариуцагч Модив ХХК: ...Манай компанийн зүгээс хийсэн дизайнаа батлуулахаар нэхэмжлэгч талд хүргүүлсэн боловч эргэн хариу өгөхгүй байсаар 2019.12.11-нд эхний хуудас буюу Нүүр хуудасны дизайн батлагдсанаар бусад хуудасны дизайн хийгдэх боломжтой болсон бөгөөд 2020.02.03-ны өдөр вэбсайтын дизайныг нэхэмжлэгчийн и-мэйлээр явуулснаар эцэслэн батлагдсан. Энэ өдрөөс эхлэн гэрээнд заасан ажлын 28 хоногоор тооцоолбол 2020.03.16-ны өдөр гэрээт ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2 дугаар сарын 20-нд хийж дууссан. Иймд гэрээний дагуу хийгдэх ажил нь гэрээт хугацаанаас хуанлийн 26 хоногийн өмнө дууссан ба нэхэмжлэгчийн хэлсэн гадаад арга хэмжээнээс өмнө дууссан. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл хоцроосон үндэслэл болохгүй тул гэрээг цуцлах ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргасан,

Улмаар сөрөг нэхэмжлэл гаргаж, ...Манай компанийн зүгээс ажил дууссан талаар Виста технологи ХХК-ийн захиралтай маш олон удаа утсаар болон и-мэйлээр харилцаж, ажлаа хүлээлцэхийг хүссэн боловч нэхэмжлэгч талаас нийгмийн сүлжээгээр манай компанийг доромжилсон постууд хийж байсан учраас ажил хүлээлцэх акт үйлдэх боломж бүрдээгүй. Бид гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч талтай 2 сарын турш холбогдох гэж оролдсон. Гэтэл тэд гэнэт 12 дугаар сард манай и-мэйл хаяг, холбогдох утасны дугаар нэг хэсэг ажиллахгүй байлаа гэдэг тайлбар өгсөн. ...Манай зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,800,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэж,

Нэхэмжлэгч Виста технологи ХХК сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Өнөөдрийг хүртэл тест сервер ажиллаж эхэлсэн талаар, мөн захиалагч талд шалгуулж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээлцсэн зүйл байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ёстой. 2020.02.20-нд и-мэйл ирсэн. Гэхдээ бид тэрийг нээж үзээгүй буюу хүлээж аваагүй. Гэрээний 2.2.2 дахь заалтад ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс: ...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаагүй... тул нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан.

9. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх зохицуулалтад нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

10. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2019.10.22-ны өдөр Ажил гүйцэтгэх MS-WEB19/082301 дугаартай гэрээ байгуулж, гүйцэтгэгч буюу Модив ХХК төхөөрөмжид ээлтэй, админ хялбар банкны холболттой онлайн захиалгатай жуулчлалын вэб сайтыг хийж гүйцэтгэх, захиалагч буюу Виста технологи ХХК ажлын хөлс 6,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр, гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болж, вэб сайтын дизайн батлагдсан өдрөөс хойш ажлын 28 хоногийн дотор бүрэн хийж дуусгахаар харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу захиалагч нь урьдчилгаа 4,200,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, хариуцагч буюу гүйцэтгэгч вэб сайтын дизайныг 2020.02.03-ны өдөр батлагдсан гэж үзэн уг өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2020.02.20-нд ажлыг хийж дуусган, тус компанийн тест сервер болох сайтад байршуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ зөрчөөгүй тул ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзсан, үгүйсгэсэн тайлбар, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.

Нэхэмжлэгч Виста технологи ХХК хариуцагчийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан боловч гэрээнээс татгалзсан тухайгаа гүйцэтгэгчид мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад тулгуурлажээ.

12. Зохигчийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд вэб сайтын дизайныг ямар хугацааны дотор гаргаж, батлуулах талаар харилцан тохиролцоогүй, гагцхүү дизайн батлагдсанаас хойш ажлын 28 хоногт багтааж вэб сайтыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх тул гүйцэтгэгчийн илгээсэн загварыг захиалагчийн ...таалагдаж байна... гэж хариу өгсөн 2020.02.03-ны өдрөөр дизайны батлагдсан өдөр гэж, үүнээс хойш ажил гүйцэтгэх хугацааг тоолсон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь ...гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэх...-ийг хүссэн шаардлагаа нотлоогүй байна.

13. Харин гүйцэтгэгч Модив ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2020.02.20-ны өдөр гэрээт ажлыг тест сервер болох job1.modivsoft.com-д байршуулсан нь шүүхээс и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул ажлын хөлсний үлдэгдэл 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан үр дагаврыг шаардсан байхад анхан шатны шүүх хуулийг оновчтой зөв хэрэглээгүй үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1800 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Тэлмэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Виста технологи ХХК-иас 2020.09.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                                               ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ

                                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД