Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 220

 

С.Ба-, Г.Со- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Г.Со-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлалтай 201725020780 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Со-ын өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй С.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 10.040.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Г.Со- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Со-од 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон, С.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Г.Со-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Ба-ийг бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.Со-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ба-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ба-өд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Ба-өөс 1.570.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Со-од олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “С.Ба-өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай”, “Хохирогч С.Ба- нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Со-ын өмгөөлөгч О.Мөнхболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх шүүгдэгч Г.Со-ын үйлдсэн гэх гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хууль шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзсэн мөртлөө гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Со- С.Ба-ийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй ба С.Ба-өд учирсан гэмтэл нь машин дотор ноцолдох явцад учирсан байж болзошгүй юм. Энэ нь Г.Со- нь С.Ба-ийн биед санаатай бус болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болох ба 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүйг шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөрдөгч, прокурор нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлэлгүй дан яллах байр сууриас хандсан. Гэрч Ж.Га-ын мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд С.Ба-ийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд С.Ба- нь Г.Со-ын бие, эрүүл мэндийн эсрэг довтолсон, Г.Со- нь довтолгооны эсрэг яг тухайн цаг үед эсрэг хариу үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Мөн Г.Со- нь өөрийн өмч хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсноос гадна өөрөө шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, С.Ба-ийн биед учирсан гэх гэмтлийн хохирол төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу төлөх болж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх нь хэрэглэх боломжтой хуулийн заалтыг хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Г.Со- нь С.Ба-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь бүрэн нотлогдоогүй. С.Ба-ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд тухайн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 1700 цагийн үед учирсан гэдэг нь тогтоогдоогүй, шинжээч уг асуултад хариулаагүй ба шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Бадралаас авсан мэдүүлэгт “уг гэмтэл нь тухайн цаг үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлтэд тусгагдсан мэдээллийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг авч болохыг хуульчилсан болохоос дүгнэлтэд тусгагдаагүй мэдээллийг мэдүүлгээр шинээр мэдүүлж байгаа нь мэдүүлгээр шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа явдал бөгөөд хуулийн дээрх хэсгийг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд учирсан эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай ажиллагаа бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох болохоос мэдүүлгээр тогтоох боломжгүйг анхан шатны шүүх хайхралгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Шинжээч эмчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Шүүгдэгч, хохирогч С.Ба- нь 2017 оны 03 сарын 11-ний өдөр өгсөн анхны тайлбартаа /хх-ийн 12 тал/ шүд хугарсан, булгарсан талаар огт мэдүүлдэггүй. Мөрдөн байцаагчийн зүгээс Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг 2017 оны 03 сарын 11-ний өдөр гаргасан боловч С.Ба- нь 2017 оны 03 сарын 14-нд буюу хэрэг учрал гарсан өдрөөс 4 хоногийн дараа шүүх эмнэлгийн үзлэгт орсон байдаг бөгөөд энэ хугацаанд С.Ба- нь шүдэндээ гэмтэл авсан байх бүрэн боломжтой. Мөн С.Ба- нь хэрэг учрал гарсан өдөр буюу 2017 оны 03 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст албадан саатуулагдаж, эрүүлжүүлэгдсэн байдаг ба албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн116-121/-д С.Ба-ийн биед ил харагдах мэдэгдэх гэмтэл үгүй гэж бүртгэж тэмдэглэсэн байдаг. Шүд булгарах хугарах гэмтэл нь тухайн довтолгоо болсон даруйд мэдэгдэх боломжтой хожуу илрэх боломжгүй гэмтэл юм. Дээрх нөхцөл байдлууд нь Г.Со- С.Ба-ийн биед гэмтэл, хохирол учруулсан гэдэг нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг төрүүлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Со-ыг гэм буруугүйд тооцож ашигтайгаар шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой тайлбар гаргасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нь миний гаргасан тайлбарыг хянаж, дүгнэлт хийж шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээтэй, зөвхөн шүүгдэгч С.Ба-ийн давж заалдах гомдлын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч Г.Со-ыг гэм буруугүйд тооцож, магадлалын тогтоох хэсгийн нэмэлт заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ба-, Г.Со- нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Со- нь С.Ба-ийн биед хөнгөн хохирол, С.Ба- нь Г.Со-ын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Со-ын өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан гомдлыг үндэслэн С.Ба-, Г.Со- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Ба- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аса” циркийн хашаанд иргэн Г.Со-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний эзэмшлийн “Ланд Ровер-Дисковери” загварын тээврийн хэрэгслийн урд шил, толь, урд гупер, хаалга зэргийг гэмтээж Г.Со-од нийт 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ба-ийг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд С.Ба-ийн бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин шүүх С.Ба-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэх Г.Со-ын үйлдлийн талаар дүгнэлт хийхдээ тэднийг харилцан зодолдсон гэж хэргийн үйл баримтыг буруу тогтоон, улмаар гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын байдалд хийгдсэн Г.Со-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Ба- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн автомашинд сууж байсан Г.Со- дээр очиж хэрүүл маргаан өдүүлж, түүний эд хөрөнгөд халдан гэмтээсэн төдийгүй эрх чөлөөнд нь халдан довтлох үед Г.Со- түүний хууль бус халдлагыг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлж С.Ба-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

Тодруулбал, С.Ба- хэрүүл маргааныг эхлүүлж, эд хөрөнгө, эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн цаг мөчөөс Г.Со-ын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал бодитой бий болсон бөгөөд тэрээр С.Ба-ийн довтолгооныг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлэх явцдаа биед нь хөнгөн хохирол учруулжээ. Хэдийгээр С.Ба- энэ нөхцөл байдлыг үгүйсгэн өөрөөр мэдүүлж байгаа боловч, хэрэг маргаан үүссэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаарх бусад нотлох баримтууд, мөн Г.Со- болон уг хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох Ж.Га- уг байдлыг батлан мэдүүлж байгаа зэргээс үзэхэд Г.Со-ын үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзнэ.   

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл билээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, зодсон төдийгүй эд хөрөнгөд нь халдаж байгаа С.Ба-ийн үйлдэл нь Г.Со-ын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.Со-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 249 дүгээр магадлалд “Прокуророос шүүгдэгч Г.Со-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 4 дэх заалт, 3 дахь заалтын эхний хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН