Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01687

 

­­­­­

 

 

 

 

 

 

 

 

Ч.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Г-гийн хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах, ажиллаж байсан хугацааны дутуу олгосон цалин хөлсний зөрүүд 11 408 273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Мөнх-Од, өмгөөлөгч О.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард менежментийн багийн хурал дээр бусад захирлууд олон ажлыг давхар сайн хийдэг гэж намайг магтаж байхад шинээр ирсэн Д.Энхсайхан захирал миний ажил үүрэгт хамааралгүй агуулахын тоос шороо, хайрцаг сав янзалсангүй гэх мэт ажлыг хийхийг шаардаж, илт дарамталж эхэлсэн. Олон ажлыг давхар хариуцахад хүндрэлтэй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шоп менежерийн ажлаа шинээр ирсэн шоп менежер н.Дорждэрэмд хүлээлгэн өгсөн. Мөн оны 12 дугаар сараас эхлээд миний бие ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтийг гаргаж, ээлжийн амралтаа эдэлж дуусаад оны сүүлийн ажлуудыг дуусгахаар ажилласан.

2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш миний бие өвдөөд ажилдаа очоогүй. Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгийн дутагдал гаргасан гэж 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Цагдаагийн байгууллагад шалгуулаад эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгосны дараа иргэний шүүхээр мөнгө гаргуулахаар шаардсан. Бид шүүхэд эвлэрсэн бөгөөд ийнхүү иргэний хэрэг хянагдах явцад нотлох баримт бүрдүүлж байхдаа ажил олгогч нь намайг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас халсан тушаалыг гаргасныг мэдсэн. Иймд миний бие Осим брендийн борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Би ажиллах хугацаандаа 2015 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 400 000 төгрөгийн цалин авахаас 11 408 273 төгрөг дутуу авсан тул үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь манай байгууллагад Осим брендийн борлуулагчаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилд орж, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс борлуулалтын менежер болсон. Гэхдээ түүнийг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулалтын менежерээр томилсон баримт манайд байхгүй, хөдөлмөрийн гэрээ байдаггүй. Хариуцагчийн хувьд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй. Бүтэн 1 жил хагасын хугацаанд ажлаа хийгээгүй байж ажлаасаа халагдсан тухайгаа мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал нь нэхэмжлэгч тухайн үед сандал хулгайлснаас болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Тиймээс бид иргэний журмаар хохирлоо нэхэмжилж авахаар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/43 дугаар Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал зэргийг тус тус хүчингүй болгож, Ч.Г-г Осим брэндийн борлуулалтын менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, “Н” ХХК-аас 2 650 252 төгрөгийг гаргуулж Ч.Г-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ч.Г-гийн “Н” ХХК-аас олгогдоогүй цалин 11 408 273 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар олгогдоогүй цалин гаргуулах нэхэмжлэлдээ төлсөн 197 482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 127 554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үнийн дүнгээр тооцож 2 650 252 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү бичилт нь ажил олгогчоос цалин хөлсийг дутуу бичин олгож байсан цалингаар тооцож олгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 33 600 000 төгрөгийн олговрыг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.         

            Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, ажилласан хугацаанд олговол зохих цалинг бүрэн олгоогүй, цалингийн зөрүү 11 408 273 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч буюу ажил олгогч “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/30 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө нэхэмжлэгч Ч.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан ба хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд гардуулж өгөх үүргээ биелүүлснээ нотлоогүй байна. Түүнчлэн Ч.Г нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж хариуцагч тайлбарласан боловч 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ОСИМ брендийн борлуулалтын менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөх түүний хүсэлтийг ажил олгогч шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ОСИМ брендийн борлуулалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, худалдааны зөвлөхийн албан тушаалд томилсон “Н” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 01/43 дугаар тушаал хэрэгт авагдсан байна.

            Дээрх бичмэл баримтууд, хэргийн нөхцөл байдлыг шүүх харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн, түүний борлуулалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг зөрчөөгүй, шүүхийн энэхүү шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

            Харин нэхэмжлэгч Ч.Г нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг 2 650 252 төгрөг гэж шүүх тогтоосныг зөвшөөрөөгүй давж заалдах гомдол гаргасан ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажиллаж байсан хугацаанд бодитоор авсан цалингийн хэмжээг өөрөө тодорхой дурдаж, цалингийн дансанд шилжиж орсон баримтыг шүүхэд гаргасан, мөн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 10 дугаар сарыг дуустал олгосон цалинг бичилт хийсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан, 2015 онд хөдөлмөрийн гэрээнд зааснаар нийт 14 400 000 төгрөгийн цалин авах ёстойгоос 2 991 727 төгрөгийг бодитоор авснаа нэхэмжлэлдээ дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд цалингийн зөрүүг нэхэмжлээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх хугацаанд олгогдоогүй цалин гэж 11 408 273 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Иймд ажилтны ажилгүй байсан хугацаанд олгох олговрыг түүний ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сард бодитоор авсан цалингийн дунджаар тооцсон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, ийнхүү тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Харин шүүх цалингийн зөрүүд 11 408 273 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо “Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг баримталсан нь оновчгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ