Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/03730

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** давхарт байрлах “С сп холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** давхарт байрлах “Ц тө” ГҮТББ-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Х******* м******* б******* овогт Б*******ын О*******,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г цуцлах, 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******ад нөхөн олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-д заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ичинхорлоо нар оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн З овогтой М миний бие нь “С плаза” төвийн өмчлөгч гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, өмчлөлийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн үйл ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээ болон ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллахад шаардагдах ашиглалтын төлбөрийг тооцон авч төсвийн дагуу зарцуулах, ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний найдвартай байдлыг ханган ажиллахыг зохион байгуулах зорилгоор 2012 оны 03-р сарын 23-ны өдөр “Сан-дэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг 5 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан. Манай төрийн бус байгууллага нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/04570 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу "Сан-дэй плаза” худалдаа үйлчилгээний гөвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг 2016 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллах болсон. Дүрэмд заасан үндсэн зорилгоо биелүүлэх, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байрлах байр шаардлагатай байсны улмаас 2018 оны 06 сарын 26- ны өдөр иргэн Б О*******тай 180,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, ингэхдээ эхний 1 жилд сарын 1 хувийн хүүтэй, үлдсэн 2 жилийн хугацаанд хүүг талууд харилцан тохиролцож тогтоохоор зээлийн гэрээг байгуулж 2018 оны 11 cap хүртэл 5 сарын хугацаанд зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүргээ биелүүлж байсан болно. Иргэн Б.О*******аас зээлсэн хөрөнгөөр “Сан-дэй Плаза” төвийн 8 давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 2018 оны 09 сараас ашиглалтад оруулан байрлаж байсан. Гэтэл нэр бүхий этгээдүүдийн албан шахалтын улмаас 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-р “Сан-дэй плаза худалдааны үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаа, 8 давхарт ашиглалтын захиргааны түүнтэй холбогдон үүсэх бусад эрх, үүрэг “Ц тө”-д шилжүүлэн өгсөн. “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-ийн дагуу “Сан-дэй плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг ашигласны төлбөрт тооцон зээлийн хүү 1,800,000 төгрөгийг cap бүр иргэн Б.О*******ад төлөхөөр талууд тохиролцсон болно. Гэтэл хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй өдийг хүрч хохирол учруулж байна "Төрийн бус байгууллагын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.”, 7.2 дах хэсэгт “Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл манай төрийн бус байгууллага нь дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлж дуусаагүй, татан буулгах талаарх эрх бүхий этгээдүүдийн шийдвэр гараагүй атал бидний үйл ажиллагааг өөр нэгэн төрийн бус байгууллага хэрэгжүүлэх нь хууль зорчиж буй үйлдэл юм. 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн  “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж егөхийг даалгаж, 2018 оны 12-р сарын 10-ы өдрөөс 2019 оны өдрөөс 12 сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын 1,800,000 төгрөг алданги 11,700,000 нийт 35,100,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ц тө” ГҮТББ нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх” гэрээний 3.3-аар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3 дахь хэсгийг үндэслэн 2018.12.10-ний өдрийн “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-нээс гэрээний нэг тал болох “С плаза худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ийн зүгээс гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээгээ цуцалж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардсан ч хариу тайлбараараа үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор тухайн гэрээний харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна.  Хариуцагч “Ц тө” ГҮТББ нь өмнө нь ч “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний үүрэг, гэрээний 3 дугаар зүйл 3.2 дахь хэсэг хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан. Иймд 2018.12.10-ний өдрийн “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах “Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах буюу тус гэрээний 3.3-д заасан үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардах” гэж зааснаар 2018.12.10-ний өдрөөс 2020.08.10-ны өдрийг хүртэл 21 сарын 1,800,000 төгрөг нийт 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******ад нөхөн олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэг. “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ” байгуулах болсон үндэслэл: “Ц тө” ГҮТББ болон “С сп холбоо” ГҮТББ нар нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулж, “С сп холбоо” ГҮТББ-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан. Ийнхүү дээрх гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө “С сп холбоо” ГҮТББ буюу тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З.М нь “С плаза” худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдээс хураан авдаг хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан болно. Хожим дээрх хууль бус үйл ажиллагаа нь ил болсон тул тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигч гишүүд хуралдан шинээр “Ц тө” ГҮТББ-ыг байгуулж, дээрх гэрээний дагуу захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан. Уг асуудлаар “С сп холбоо” ГҮТББ-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З.Мт холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хяналт шалгалт хийгдэж байгаа болно.

Хоёр. “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3 дахь заалт хүчин төгөлдөр бус байх тул хэрэгжих боломжгүй тухайд: Дээрх гэрээг байгуулах үед гэрээний 3.3-т “Сапдэй плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүжилт бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэх байдлаар тусгасан. Тухайн гэрээг байгуулан эрх шилжүүлэн авах үедээ манай байгууллагын хувьд дээрх гэрээний 3.3. дахь заалт хэрэгжих боломжгүй, хууль бус талаар мэдээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ “...талуудын хооронд 2018.12.10-ны өдрийн “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ ” байгуулсан  ба гэрээний 3.3 дахь хэсэгт “С плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Гэтэл хариуцагч тал болох С плаза бизнес эрхлэгчид Ц төв ГҮТББ нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Б.О*******ад cap бүр төлөх 1,800,000 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсаар байна” гэжээ. “Ц тө” ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний 3.3-д заасан үүргийг биелүүлэх нөхцөл байдал бүрдээгүй бөгөөд 2018.12.10-2020.08.10-ийг хүртэл 21 cap, сарын 1,800,000 төгрөг нийт 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******-д төлөх үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн З.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.О*******тай иргэн хоорондын “Зээлийн гэрээ” байгуулан 180,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.Мийн Хаан банкин дахь хувийн данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “О*******аас хөрөнгө оруулалт аван “С плаза төвийн 8 давхарт өргөтгөл барьж, 2018 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулсан” гэжээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төрийн бус байгууллагын орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэж болно: ” гээд 1/-т “гишүүний mamвap, хандив; ”, 2/-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;”, 3/-т ‘‘дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй  холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;'”, 4/-т “зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө” гэж тус тус зааснаас өөр хэлбэрээр буцаан төлөлт хийх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт татахыг хуулиар зөвшөөрөөгүй  “С сп холбоо” ГҮТББ-ын дүрмийн санхүүжилт” хэсэгт мөн тусгагдсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан “С сп холбоо” ГҮТББ-д дээрх үнийн дүнгээр орлого орж ирсэн зүйлгүй, энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй, Б.О*******ын оруулсан хөрөнгөөр бус харин ч үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap болгон төлдөг хураамжийн хөрөнгөөр, тус байгууллагын ажилчдыг өөрсдийг нь ажиллуулан 8 давхрын өргөтгөлийг бариулсан байдаг. Ийнхүү дээр дурдсанчлан “С сп холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Мийг уг асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа болно. Түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийг ашиглалтад оруулаагүй, улсын комисс хүлээн барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын  шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд нь Мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичигт тодорхой дурдсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны дүгээр сарын 17-ны өдрийн даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг иргэн З.Мт даалгасан боловч уг зөрчлөө арилгаагүй бөгөөд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж зохицуулсан. Дээрх ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-т “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 мкв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн уйл ажиллагаа явуулна...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******ад нөхөн олгуулах” гэж тодорхойлсон байна. Ийнхүү гэрээнд зааснаар тус барилгын 8 давхарт байрлах өргөтгөлийг түрээслэн үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдээгүй буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07-Б1904050177/0599 дугаар даалгавар, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичгийн дагуу хуульд зааснаар түрээслэх, ашиглах нөхцөл бүрдээгүй. Улмаар Б.О******* нь тус “С сп холбоо” ГҮТББ-ийн гишүүнд хамааралгүй, хандив, хөрөнгө, орлого оруулсан болохыг нотлох зүйлгүй байхад З.М болон Б.О******* нарын хооронд буюу иргэн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг, хамааралгүй этгээд болох “Ц тө” ГҮТББ-д “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-т заасан хэлбэрээр дамжуулан шилжүүлж, З.Мийн зээлсэн зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2018.12.10-ны өдрийн “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах” гэх байдлаар нэмэгдүүлсэн байна. Ийнхүү гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ “...Ц тө” ГҮТББ нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх” гэрээний 3.3-аар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3 дэх хэсгийг үндэслэн ... гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээгээ цуцалж байна” гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх” гэрээний 3.3 дахь заалт нь дээр дурдсан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх гэрээний зохицуулалт байх тул хариуцагч Ц тө” ГҮТББ уг гэрээний заалтыг хэрэгжүүлэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч уг үндэслэлийг дурдаж гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч “С сп холбоо” ГҮТББ-аас Б.Тогоодуламд итгэмжлэл олгохдоо олгосон өдрийн огноог бичээгүй байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл Б.Тогоодуламд олгосон итгэмжлэлээ тодруулж, засаж ирүүлээгүй байна. Иймд “С сп холбоо” ГҮТББ-ын гаргасан “2018.12.10-ны өдрийн “Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлэхийг шаардах, 2018.12.10-наас 2020.08.10-ны өдрийг хүртэл 21 cap, сарын 1,800,000 төгрөг нийт 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******ад нөхөн олгуулах, 2018.12.10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ц тө” ГҮТББ болон “С сп холбоо” ГҮТББ нар нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулж, “С сп холбоо” ГҮТББ-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан. Ийнхүү дээрх гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө “С сп холбоо” ГҮТББ буюу тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга З.М нь “С плаза” худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдээс хураан авдаг хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан нь хожим ил болсон тул гишүүд хуралдан шинээр өөр байгууллага байгуулан улмаар дээрх гэрээг байгуулах үндэслэл бий болсон. Уг асуудлаар “С сп холбоо” ГҮТББ-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар З.Мтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хяналт шалгалт хийгдэж байгаа болно. Дээрх “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулах үед тус гэрээний 3.3-т “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэх байдлаар гэрээний заалт болгон оруулсан байсан. Дээрх гэрээний 3.3 дахь заалтад дурдсан хөрөнгө оруулагч гэх Б.О*******ын тухайд, З.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б.О*******тай иргэн хоорондын “Зээлийн гэрээ” байгуулан 180,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.Мийн Хаан банкин дахь хувийн данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. З.М нь дээрх байдлаар Б.О*******аас зээлсэн мөнгөөрөө “С плаза” төвийн 8 давхарт өргөтгөл барьж, 2018 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулсан гэж тайлбарладаг боловч тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан “С сп холбоо” ГҮТББ-д дээрх үнийн дүнгээр хөрөнгө оруулалт орж ирсэн зүйлгүй, энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй харин ч тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap болгон төлдөг хураамжийн хөрөнгөөр 8 давхрын өргөтгөлийг барьсан байдаг. Дээр дурдсанчлан уг асуудлаар “С сп холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Мийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор санхүү, татварын тайланд хийгдсэн аудитын дүгнэлт, холбогдох мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, тайлангаас Б.О******* нь хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг олж мэдсэн. Гэрээний 3.3-т “...7 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна” гэх байдлаар тусгасан байдаг. Гэтэл түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх ... үүргийг хүлээх”-ийг шаарддаг бөгөөд үүнээс үзэхэд гэрээний дээрх заалтаар Б.О*******ыг С плаза төвийн 8 давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах буюу өмчлөх эрхтэй этгээд байхыг шаардаж байна.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч гэж “...бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” этгээд гэж ойлгохоор байх тул Б.О******* нь С плаза төвийн 8 давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах цаашлаад өмчлөх эрхгүй болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд энэ талаар хожим Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02-03/1475 дугаар албан бичгээс олж мэдсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг З.М даалгасан байдаг.  Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж зохицуулсан. Гэтэл ийнхүү Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтад хуулиар ашиглахыг хориглосон барилга байгууламжийг “...Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна” гэх байдлаар тусгаж, гэрээгээр зохицуулсан заалт нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан бөгөөд хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцлийг ойлгоно.  Ийнхүү “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3 дахь заалт нь дээрх хуульд заасанчлан хүчин төгөлдөр бус байх хэлцэл /гэрээний хэсэг/ байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-т “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл /гэрээний хэсэг/ болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-д “С плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1.800.000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ. Гэрээний дээрх заалтыг Иргэний хууль дахь түрээсийн гэрээний зохицуулалт болон Барилгын тухай хуулийг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна. Нэхэмжлэгч нь иргэн Б.О*******тай 2018.06.26-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж түүнээс зээлсэн мөнгөөр С плаза төвийн 8 давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 2018 оны 09 дүгээр сараас ашиглалтад оруулсан. Гэтэл Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээгээр тус 8 давхрын байрыг хариуцагчид шилжүүлэн өгөх болсон тул зээлдүүлэгчийн эрх ашгийг хөндөхгүйн үүднээс гэрээний 3.3-д иргэн Б.О*******ад cap бүр 1.800.000 төгрөгийг өхөөр талууд харилцан тохиролцсон. Эндээс нэхэмжлэгч болон иргэн Б.О*******ын хооронд Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдэг нь тодорхой харагдаж байна. О******* бол зээлдүүлэгч буюу хөрөнгө оруулагч гэдгийг энд дурдах нь зүйтэй. Гэтэл ИХ-ийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг дэх Түрээсийн гэрээний зохицуулалтыг татаж Б.О*******ыг С плаза төвийн 8 давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах цаашлаад өмчлөх эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар илт үндэслэлгүй байна. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж зааснаар 8 давхрын өргөтгөлийн байрыг хуулиар ашиглахыг хориглосон байхад Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтад “... Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1.800.000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна” гэх байдлаар тусгасан нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэжээ. 8 давхрын өргөтгөлийн барилга нь дуусаад ашиглалтад орчихсон объект тул хуулийн уг зохицуулалт хамааралгүй. Хариуцагч ч одоо тус объектыг бодитоор ашиглаж байгаа ээ үүнийгээ дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилгад хамааруулж гаа нь утгагүй бөгөөд ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн хэлцэл” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгодог. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалт нь ямар ч хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, талуудын чөлөөт хүсэлт з үндэслэсэн байхад үйл баримтад үл хамаарахгүй эрх зүйн зохицуулалтыг хамаатуулж, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагчийн 2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч “С плазад бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-д 180.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2018.06.26-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь надаас зээлсэн хөрөнгө мөнгөөр С плаза худалдааны төвийн 8 давхрын ашиглалтын захиргааны байрыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. С плазад бизнес эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нь зээлийн гэрээний үүргээ 2018 оныы 11 дүгээр cap хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан ч тус 8 давхрын ашиглалтын захиргааны байр, түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг нь 2018.12.10-ны өдрөөс “Ц тө” ГҮТББ-д шилжсэний улмаас зээлийн гэрээний үүрэг доголдож улмаар гуравдагч этгээд надад хохирол учирч эхэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-д "С плаза төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 кв байрыг хөрөнгө оруулагч Б. О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэж тусгайлан заасан. Гэтэл хариуцагч нь гэрээгээр ашиглалтын эрх, үүргийг шилжүүлэн авсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж надад cap бүр төлөх 1,800,000 төгрөгийн төлбөр хуримтлагдаж, өнөөдрийн энэ маргаан бүхий харилцаа үүссэн. Үүнтэй холбогдуулж, нэхэмжлэгчийн зүгээс “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-д заасны дагуу Б.О******* надад 2018.12.10-ны өдрөөс 2020.08.10-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 37.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нөхөн олгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно. Харин хариуцагчийн 2020.05.05-ны өдөр гаргасан Ашиглалтын үйл ажиллагааг  хэрэгжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан энь агуулга болон хэлбэрээрээ хуульд харшлаагүй гэрээ байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдаад буй “.... түрээсийн гэрээний тухай хуулийн зохицуулалт болон барилгын тухай хуулийн заалт” нь хэрэгт огт хамааралгүй байгаагаас гадна ашиглахыг  хориглосон гээд байгаа 8 давхартаа өөрсдөө одоо үйл ажиллагаа явуулаад, ашиглаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С сп холбоо” ГҮТББ нь хариуцагч “Ц тө” ГҮТББ-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г цуцлах, 37,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Б.О*******ад нөхөн олгуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Ц тө” ГҮТББ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-д заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах, уг гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх, хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул үндсэн бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Нэхэмжлэгч “С сп холбоо” ГҮТББ нь хариуцагч “Ц тө” ГҮТББ нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 15-17 дахь талд/

Гэрээ хэлцлийг цуцлах, тухай гэрээний үүргийг харилцан шаардахад тус гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шалгах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, аливаа гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх бөгөөд эдгээр шалгуурыг хангаснаар гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болно.

Талуудын маргаан бүхий гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “Гуравдагч этгээдэд ашигтай” гэрээ болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01759, 01853 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1552, 1447 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 00406, 00436 дугаартай тогтоол зэргээр тус тус тогтоогдсон. /х.х-ийн 131-156 дахь талд/

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр мөн эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг талуудын хооронд байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2, 3.3 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн үндэслэлээр гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2-д “Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж, 3.3-д “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м2 байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-д заасан үүргээ хариуцагч зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч үүрэг гүйцэтгүүлэгч буюу гуравдагч этгээд нар үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан үүргийг зохих ёсоор гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд тус үүргийг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин гэрээний 3.3 дахь хэсэгт заасан үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй, гэрээний тус заалт хүчин төгөлдөр бус гэж хариуцагч маргасан.

Хариуцагч нь гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэлээ “... С плаза төвийн 8 давхрын өргөтгөлийн барилгыг Б.О******* эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй өмчлөгч биш тул түрээслэн үйл ажиллагаа явуулна гэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан болох нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн...” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.

Тайлбарлавал, хуулийн дээрх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин талууд хэлцэл байгуулахдаа тодорхой хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчсөн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх журамтай.

Өөрөөр хэлбэл, “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м2 байрыг хөрөнгө оруулагч Б.О*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Б.О*******тай зөвшилцөнө” гэсэн тохиролцоо нь Иргэний хууль болон бусад хуульд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд гэрээний тус заалт нь хүчин төгөлдөр байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлах боломжтой юм.

Гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 198.4 дэх хэсэгт “Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж зохицуулсан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга нь төрийн бус байгууллагын удирдах, захиран зарцуулах эрх болон эд хөрөнгө зэргийг шилжүүлэн өгөх агуулгатай байх тус заалтын “хөрөнгө оруулагч”, “түрээслэн” гэх мэт агуулгын зөрчилтэй үгийг нэхэмжлэгч хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан баримт зэргийг харьцуулан гэрээний агуулгын хүрээнд тайлбаралахад “С плаза” төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м2 байрыг барихад Б.О******* нь хөрөнгө оруулсан, уг хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний мөнгийг эрх хүлээн авагч нь сар бүр шилжүүлж байх үүргийг хүлээж, ийнхүү шижлүүлэхдээ хугацаа болон хэмжээг гуравдагч этгээд буюу Б.О*******тай тохиролцох эрхийг олгосон агуулгаар тайлбарлагдахаар байна. /х.х-ийн 11 дүгээр талын ар тал, 61-70/

Тодруулбал, гэрээний 3.3-т зааснаар байгууллагын эрх хүлээн авагч “Ц тө” ГҮТББ нь гуравдагч этгээд Б.О*******ад төлөх мөнгөний хэмжээ, хугацааг түүнтэй өөрөөр тохиролцоогүй тохиолдолд уг гэрээний үүргийн хүрээнд сар бүр 1,800,000 төгрөгийг Б.О*******ад төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Хариуцагч “Ц тө” ГҮТББ нь гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гуравдагч этгээд Б.О*******ад төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул уг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл байвал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах журамтай.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэг гүйцэтгэх талаар хариуцагчид мэдэгдсэн хугацаа тогтоож өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээ цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин гэрээний 3.3 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч тал зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул уг үүргийг гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “С сп холбоо” ГҮТББ нь шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 21 сарын хугацааны төлбөрт /21х1,800,000/=37,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь “С сп холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.М Б.О******* нарын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд тус зээлийн гэрээний үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн захирамж авагдсан байх ба уг шүүгчийн захирамжаар Б.О*******ын нэхэмжлэлтэй З.Мт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 215,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.М нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.О*******ад төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 18-19 дахь талд/

Дээрх хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлээгүй, талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаанаа өөрсдөө шийдвэрлэсэн байх тул Б.О*******, З.М нарын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн тус үүрэгт шаардсан мөнгөн дүн нь зээлийн үүрэг мөн эсэх талаар тусгайлан дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ц тө” ГҮТББ-ын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, 37,800,000 төгрөгийг Б.О*******ад олгуулахаар шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гэрээ цуцлах, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-д заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Б.О*******ад 37,800,000 төгрөгийг олгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц тө” ГҮТББ-аас 37,800,000 төгрөгийг гаргуулж, Б.О*******ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц тө” ГҮТББ-ын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.3-д заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,180,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц тө” ГҮТББ-аас 623,700 төгрөгийг гаргуулж, үүнээс 346,950 төгрөгийг нэхэмжлэгч “С сп холбоо” ГҮТББ-д, үлдэх 276,750 төгрөгийг улсын төсвийн орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ

                           2020         10         27                             

                          101/ШШ2020/03730

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъянжүгийн гудамж, 37 Сан-дэй плаза үйлчилгээний төвийн 7 давхарт байрлах “С сп холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъянжүгийн гудамж, 37 Сан-дэй плаза үйлчилгээний төвийн 8 давхарт байрлах “Ц тө” ГҮТББ-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъянжүгийн гудамж 36а байр 78 тоотод оршин суух, Х******* м******* б******* овогт Б*******ын О*******,