Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 19 өдөр                               2020/ДШМ/21                                                                Зуунмод

 

 

Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-,

М.Б-, С.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-,

Нарийн бичгийн дарга Э.Билгүүн нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолтой Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарт холбогдох 1934000000139 дугаартай 3 хавтас, 732 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-, __________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтайн өлгий 36 дугаар гудамж, 653 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Батчулууны А-, _____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны 50 дугаар гудамж 740 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, Их сүүж овгийн Мягмарын Б-, ____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг Баянчандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Уулс заамар ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, ээж, эгч, дүүгийн нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархадны 50 гудамж 740 тоотод оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж-, ____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа төмрөөр эд зүйл хийдэг, ам бүл 5, эмээ, эгч, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шархадны 62 гудамж 861а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, _____________ регистрийн дугаартай,

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, аав, эгч, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шархадны 49 дүгээр гудамж 723 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  02 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Боржигон овгийн Саруулын М-, _____________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Д- нь М.Б-, Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нарыг Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор 46-84 УНЦ улсын дугаартай “Приус-30” маркийн, 6194 УНХ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт” 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Б-, Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор 4684 УНЦ улсын дугаартай “Приус-30” маркийн 6194 УНХ улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Батчулууны А-, Их сүүж уул овгийн Мягмарын Б-, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж-, Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-ыг бусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Батчулууны А-, Их сүүж уул овгийн Мягмарын Б-, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж-, Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Батчулууны А-, Их сүүж уул овгийн Мягмарын Б-, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Саруулын М-ид энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-т оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хорих ялыг, шүүгдэгч Боржигон овгийн Батчулууны А-, Их сүүж уул овгийн Мягмарын Б-, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж- нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг, шүүгдэгч Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг, мөн шүүгдэгч С.М-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг, нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг тус тус шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарын эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “Приус 30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “Приус 30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн “Приус 30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “Приус 30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 02070715, 02072787 дугаарын гэрчилгээнүүдийг “Тайгын булаг авто” ХХК-д шилжүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “Приус 30” маркийн 46-84 УНЦ улсын дугаартай, “Приус 30” маркийн 61-94 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч тус бүрт хувь тэнцүүлэн хувааж 4.030.246 /дөрвөн сая гучин мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч С.М-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарын хорих ял эдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-, Боржигон овгийн Батчулууны А-, Их сүүж уул овгийн Мягмарын Б-, Боржигон овгийн Мягмарбаатарын Ж-, Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч Д.Д- нь М.Б- Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг,

Яллагдагч М.Б- Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нар нь бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд нь аймгийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Д-ыг гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Б- Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар, Б.А-, М.Ж-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 08 сарын хорих ялаар, М.Б-, С.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 06 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.М-ид оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 4 жил 6 сараар тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүгдэгч Саруулын М-ид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарыг хорих ялыг нэмж нэгтгэхдээ 1 сарын хорих ялыг орхигдуулж ялыг дутуу нэмсэн.

Мөн тогтоох хэсгийн 5-д шүүгдэгч Саруулын М-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 140 хоног, нийт 142 хоногийн ялыг оруулан тооцох талаар дурьдсан бөгөөд дээрх хугацаагаар хоногийг тооцоход 128 хоног байгаагаас үзэхэд 16 хоног илүү тооцсон байх тул цагдан хоригдсон хоногийг зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/387 дугаартай Д.Д-, М.Б- Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нарт холбогдох эрүүгийн 1934000000139 дугаартай хэргийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нарыг ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон шийдвэрлэсэн байна.

 Дээрх шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж хийсэн гэмт үйлдлийнхээ улмаас учирсан хохирлоо сайн дураараа бүрэн төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргахгүй байр суурьтай оролцсон юм. Эрүүгийн хуулийн ерөнхий аснгийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах...” гэж заасныг үндэслэн миний үйлчлүүлэгч М.Ж-, Д.Д-, Б.А-, М.Б-, М.Б-, С.М- нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “Шүүгдэгч М.Б- миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ сайн ойлгож байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Ж- давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “Миний бие М.Ж- нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж гэм буруугаа ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, бүрэн төлсөн болно. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: “Миний бие  хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болно. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: Миний бие М.Б- нь үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа үнэхээр гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Д- давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: Шүүгдэгч Д.Д- би хийсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны эхэн үеэс өнөөг хүртэл хүлээн зөвшөөрч байгаа хэвээр болно. Миний бие 59 настай ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр ичиж зовж байхын зэрэгцээ миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирлоо бүрэн сайн дураараа бүрэн төлсөн, насны болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцэлд С.М-ид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ шүүх зөв шийдвэрлэсэн байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгээс татгалзаж, харин С.М-ийн цагдан хоригдсон хоногийг 16 хоногоор илүү тооцсоныг засч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан саналдаа: Шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй санал нэг байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нар гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг багасгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, нарын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр М.Б-, Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нарыг хохирогч З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Б-, Б.А-, М.Ж-, М.Б-, С.М- нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах хохирогч З.Өсөхбаярын амралтын зориулалттай байшинд нэвтэрч телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор 4684 УНЦ улсын дугаартай “Приус 30” маркийн, 6194 УНХ улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 1-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх 14/, Төв аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай лавлагаа /2-р хх 109-111/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн №09/145, 09/144, 09/146  дугаартай үнэлгээний тайлангууд /1-р хх 75-87, 97-108, 118-137/, хохирогч З.Өсөхбаяр /1-р хх 15-19/, гэрч Ч.Бямбасүрэн /1-р хх 26-27/,  гэрч П.Наадам /1-р хх 61/, Д.Д-,Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-,  С.М- /2-р хх 38-40/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б- нарын гаргасан “ял  хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай,  хүнд гэмт хэргийн ангилалд  хамаарна.

Шүүгдэгч Д.Д- “манай хажуу айл эзэнгүй байна. Ирээд шоглоод өг” гэж Б-т, дараа нь А-, Ж- нарт утсаар залгаж хэлж дуудсан,  Д.Д- тэднийг утсаар дуудаж, “хажуугийн айл эзгүй байгаа, ирээд жаахан шоглоод өг, хэрэгтэй юм байвал ав” гэж хэлсэн тул тэд  Баянчандмань сумын 60 даваа гэх газарт шөнө 01 цагийн үед “Приус 30” маркийн 2 автомашинтай очиж,  З.Өсөхбаярын байшинд нэвтрэн орж 6 585  156 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан, 2 машинд хулгайлсан эд зүйлээ ачиж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт авчирч айлд нуусан, эзэнгүй айл ухаж хулгай хийх талаар анхнаасаа ойлгож мэдсэн,ярилцсан талаар шүүгдэгч Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нар мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгүүд болон  бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг нууц далд аргаар шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 6 сараас 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй нь дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн “С.М-ид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж хорих ялыг дутуу нэмсэн” гэсэн хэсгээс татгалзаж, харин С.М-ийн цагдан хоригдсон хоногийг илүү тооцсоныг зөвтгөж, тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

С.М-ийг 2019 оны 03 сарын 24-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчилсан, цагдан хоригдсон хоног нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 126 хоног, нийт 128 хоног /1-р хх 207, 3-р хх 118-123/ байхад шүүх “142 хоног” гэж 14 хоногоор илүү бодож, буруу тооцсон байх тул зөвтгөж тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Д-ыг ямар гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй орхигдуулсан, ял эдлэх дэглэмийг тогтоохдоо С.М-ид оногдуулсан хорих ялын хугацааг буруу бичсэн, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн заалт ойлгомжгүй бичигдсэн алдааг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж,  шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж        шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын: “Шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д-ыг бусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Их сүүж уул овгийн Дэчинлхүндэвийн Д- нь бусдыг бүлэглэн, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,” гэж,

- 4 дэх заалтын:”...шүүгдэгч Дархан овгийн Мэндбаасанжавын Б-, Боржигон овгийн Саруулын М- нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн хэсгийг “шүүгдэгч Дархан овгийн Мэндбаасанжавын Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг, Боржигон овгийн Саруулын М-ид оногдуулсан 4 /дөрвөн/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

- 5 дахь заалтын: “...шүүгдэгч С.М-ийн  цагдан хоригдсон нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг” гэснийг “шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорих найм/  хоногийг”  гэж,

- 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ  болох 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б-, С.М- нараас тус бүрээс 4.030.246 /дөрвөн сая гучин мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.Д-, Б.А-, М.Б-, М.Ж-, М.Б- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээд шатны прокурорын бичсэн №05 дугаартай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэснийг дурьдсугай.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧИД                                             Т.ЭНХМАА

 

 

                                                                   Г.БОЛОРМАА