Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 307

 

Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаар магадлалтай, Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.М нарт холбогдох 1934000000139 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, И овогт Д-ийн М,

2. Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ны А,

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны   05 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан И овогт М-н Б,

4. Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар урьд авсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 2 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт М-ын Ж,

5. Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д овогт М-ын Б,

6. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Б овогт С-н М,

Шүүгдэгч М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.Мнар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн З.Ө-ын амралтын зориулалттай байшинд нэвтэрч “телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим” зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор 4684 УНЦ улсын дугаартай “приус 30” маркийн 6194 УНХ улсын дугаартай “приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

Шүүгдэгч Д.М нь М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.Мнарыг тухайн хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Мыг “бусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.М нарыг “бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А, М.Б, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.Б, С.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.М-д энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М-т оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хорих ялыг,

шүүгдэгч Б.А, М.Б, М.Ж нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг,

шүүгдэгч М.Б, С.М нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан “тоёота приус-30” маркийн 4684 *** улсын дугаартай, “тоёота приус-30” маркийн 6194 *** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ болох 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч тус бүрт хувь тэнцүүлэн хувааж  4.030.246 /дөрвөн сая гучин мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар” шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Шүүгдэгч И овгийн Д-н М-ыг бусдыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэсэн хэсгийг “Шүүгдэгч И овгийн Д-ийн М нь бусдыг бүлэглэн, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт татан оруулж, тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд” гэж,

4 дэх заалтын: “... шүүгдэгч Д овгийн М-ын Б, Б овгийн С-н М нарт оногдуулсан тус бүрийн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн хэсгийг “шүүгдэгч Д овгийн М-ын Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг, Б овгийн С-ын М-д оногдуулсан 4 /дөрвөн/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

5 дахь заалтын: “... шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон нийт 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг” гэснийг “шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорих найм/ хоногийг” гэж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 24.181.480 /хорин дөрвөн сая нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнараас тус бүрээс 4.030.246 /дөрвөн сая гучин мянга хоёр зуун дөчин зургаа/төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б гаргасан гомдолдоо “... Миний бие 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүү үүсгэж 2019 оны  12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 2 жил 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Мөн Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хурал болж ялыг хэвээр баталсан. Би мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж хийсэн гэмт үйлдлийнхээ улмаас учирсан гэм хорын хохирлоо бүрэн төлсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байр суурьтай оролцсон. Энэ хэрэгт миний оролцоо гэвэл байшингаас машинд 1-2 удаа эд зүйл зөөсөн ба тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Сүүлд гэрт ирсний дараа мэдсэн. Надад хулгайн эд зүйл авсан, хэрэглэсэн зүйл байхгүй. Би өөртөө үнэхээр гомдож байна. Хөнгөн хийсвэр зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо гомдолтой байна. Миний ар гэрийн байдал 80 гарсан эмэг эхтэйгээ амьдардаг. Одоо ямар байдалтай байгаа, бие нь ямар байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Миний хувьд энэ хэрэгт ямар оролцоотойг шалгаж, ар гэрийн байдал, энэ бүгдийг харгалзан үзэж, миний эдлэх ёстой 2 жил 6 сарын ялаас хасч өгөхийг та бүгдээс хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт би шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарт хууль зүйн өмгөөлөл, туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Өмгөөлөгч миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19 өдрийн 21 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарыг “бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А, М.Б, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Б, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан. Миний үйлчлүүлэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны эхний шатнаас шүүхийн хэлэлцүүлгийг дуустал гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд миний үйлчлүүлэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.М нарын хувийн байдал, нас, эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал үйл баримтад нийцсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.М, Б.А, М.Б, М.Ж, М.Б, С.Мнарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.Мнар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг 60-ын даваа гэх газарт байрлах иргэн З.Ө-ын амралтын зориулалттай байшинд нэвтэрч “телевизор, караоке тоног төхөөрөмж, микрофон 4 ширхэг, өсгөгч, будаа агшаагч, пэйч, том баллон тавьдаг ус буцалгагч, хонины мах, том 25-ын тогоо, барилгын багаж, хайрцагтай гал тогооны хэрэгслүүд, суурин оёдлын машин, 1 ширхэг телевизор, хаалганы бариул, цоож, сантехникийн холбох хэрэгслүүд, хүлээн авагч төхөөрөмж, ширээний гэрэл, тавагтай чихэр, морин хуур хөгжим, 1 ширхэг гитар хөгжим” зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор 4684 УНЦ улсын дугаартай “приус 30” маркийн 6194 УНХ улсын дугаартай “приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

Шүүгдэгч Д.М нь М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.Мнарыг тухайн гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.М нь М.Б, Б.А, М.Ж, М.Б, С.Мнарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тэдгээрийн үйлдэл хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч нарын тус үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцсэн болно.

Шүүх бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан байгааг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б “... миний эдлэх ялаас хасч өгнө үү”, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж өгнө үү” гэсэн гомдлуудыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байхын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш юм.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь хэд хэдэн хүний хүчин чармайлт, саналыг нэгтгэн гэмт хэрэгт хэн ямар үүрэгтэй оролцохоо хувиарлаж, хэргийн ул мөрийг нуун далдлах боломжийг бүрдүүлдэг учир нийгмийн хор аюулаар ямагт их байдаг.

Иймд шүүгдэгч М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН