Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  2020             10             13

                                  102/ШШ2020/03033

                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б

 

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

 

17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь Ж.Б, Б.Х нартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж, 5 000 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн ба мөнгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул үндсэн зээл нийт 17 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Ж.Б, Б.Х нар шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь Сэлэнгэ худалдааны төвөөс архи, ус, ундаа татдаг байсан. Тухайн үед хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг авсан ба ямар нэг хүүгийн тохиролцоо байгаагүй. Хариуцагч Б.Х мөнгийг аваагүй бөгөөд Ж.Б зээл 16 000 000 төгрөгийг авсан. Уг төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр харилцан тооцохоор талууд тохиролцож нэхэмжлэгчид нийт 6 507 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон зээлийн төлбөрт 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн ба үүнийг хасаж тооцох нь зүйтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энь хариуцагч Ж.Б, Б.Х нарт холбогдуулан 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нарт нийт 17 000 000 төгрөгийг зээлүүлж, мөнгийг бэлэн болон бусаар шилжүүлсэн” гэж тодорхойлсон. Хариуцагч нар уг үндэслэлийг “...Б.Х мөнгийг аваагүй, Ж.Б нийт 16 000 000 төгрөг авсан. Уг төлбөрөөс бараа бүтээгдэхүүнээр төлсөн 6 507 000 төгрөгийг, мөн зээлийн төлбөрт төлсөн 500 000 төгрөгийг хасаж тооцно” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч Б.Хд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банк дахь хариуцагч Ж.Бын эзэмшлийн 5113088937 дугаар дансанд 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар нотлогдож байхаас гадна талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй үйл баримтын талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бод 16 000 000 төгрөгийг зээлүүлж, мөнгийг шилжүүлсэн, хариуцагч Ж.Б зээлийг хүлээн авсан нь тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь гэрээний дагуу хэдэн төгрөг шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бод 16 000 000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байх боловч 1 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Б шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь шилжүүлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөр 16 000 000 төгрөгийн 6 507 000 төгрөгт ногдох хэсгийг бараа, бүтээгдэхүүнээр төлөхөөр тохиролцож, хүлээлгэн өгсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд үүргийн гүйцэтгэлийг бараа, бүтээгдэхүүнээр харилцан тооцохоор тохиролцсон, улмаар 6 507 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг гэрээний үүрэгт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. 

Харин хариуцагч Ж.Бод нь дээрх гэрээний үүрэгт 500 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид буцаан өгсөн нь Хаан банкны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй.

 

Иймд хариуцагч Ж.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг шилжүүлж авсан 16 000 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 15 500 000 төгрөгийг буцаан төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар хариуцагч Ж.Боос нийт 15 500 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Хгийн тухайд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 500 000 төгрөгийг хариуцагч Ж.Бын харилцах данснаас “...Б.Хгаас гэж шилжүүлсэн тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж тодорхойлсон боловч энэ нь тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Хгаас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Боос 15 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.Хд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч  Ж.Боос 15 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөг, хариуцагч Б.Хд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Боос 235 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                                                         

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН