Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2020/02329

 

 

 

 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Батболд, Б.Хажидмаа нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхбаяр нь Ж.Батболд, Б.Хажидмаа нартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 5 000 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн ба мөнгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул үндсэн зээл нийт 17 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь Сэлэнгэ худалдааны төвөөс архи, ус, ундаа авдаг байсан. Тухайн үед хариуцагч нар нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөг авсан, зээлийн хүү төлөх талаар тохиролцоогүй. Б.Хажидмаа мөнгийг аваагүй бөгөөд Ж.Батболд зээл 16 000 000 төгрөгийг авсан. Уг төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр харилцан тооцохоор талууд тохиролцож Н.Энхбаярт нийт 6 507 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон 500 000 төгрөгийг өгсөн тул энэ төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Батболдоос 15 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 500 000 төгрөг, хариуцагч Б.Хажидмаад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батболдоос 235 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч эд зүйлийн үнэ болох 6 507 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үүнийг сөрөг нэхэмжлэлийг бие шаардлага гэж үзэх боломжгүй, харин хариуцагчийн татгалзлын үндэслэл гэж хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлохын тулд Н.Сүхбатаас хариуцагч нэхэмжлэгчид зээлийн төлбөрт ямар бараа материал өгсөн талаар мэдүүлэг авч хэрэгт нотлох баримтаар өгсөн. Гэвч анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгийг анхаарч үзэлгүй хариуцагч 6 507 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн өгсөн нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь буруу. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчид хэдэн ширхэг бараа материал хүлээлгэн өгснөө нотлох зорилгоор үзлэг хийлгэх болон үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж эдгээр ажиллагааг хийлгэсэн. Үзлэгээр хариуцагчаас оргилуун дарс 4 хайрцаг нийт 34 ширхэг, дэлгүүрийн лангуу төмөр угсармал нийт 28 ширхэг, хавтангаар хийсэн модон лангуу 4 ширхэг, төмөр цагаан лангуу нийт 40 ширхэг, бараа хураах зориулалтын модон тавиур 8 ширхэг, пиво хийх зориулалтын авдар нийт 36 ширхэг, хяналтын камер 3 ширхэгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Шинжээч Гэрэгэ-Эстимэйт ХХК-д үзлэгээр баталгаажсэн эд зүйлд үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг үүрэг болгосон ч дүгнэлт гаргахдаа үзлэгээр баталгаажсан бүх эд зүйлсэд үнэлгээ хийгээгүй, дутуу орхисон. Тухайлбал, модон лангуу үзлэгээр 4 ширхэг гэснийг 2 ширхэг, төмөр лангуу 40 ширхэг гэснийг 2 ширхэг, шар айрагны авдар 36 ширхэг гэснийг 34 ширхэг, дэлгүүрийн төмөр угсармал лангуу 28 ширхэг гэснийг огт үнэлээгүй орхигдуулсан. Хариуцагчийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан. Иймд анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь хариуцагч Ж.Батболд, Б.Хажидмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн төлбөрт 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 6 507 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө өгсөн тул зээлийн төлбөрөөс хасаж тооцно гэж маргасан.

 

Н.Энхбаяр нь Хаан банк ХХК дахь Ж.Батболдын эзэмшлийн 5113088937 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг шилжүүлж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь гэрчийн мэдүүлэг нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүхбатыг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/08431 дугаар захирамжаар Н.Сүхбатыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж түүнээс мэдүүлэг авсан. Гэрч нь хариуцагч Ж.Батболдын дэлгүүрээс 2019 оны 5 сарын сүүлээр тамхи зэрэг бараа материалыг лангуу, тавиур, авдарын хамт Н.Энхбаярын хашаанд аваачиж буулгасан талаар мэдүүлжээ. /27,42-43, 66-68/

 

Дээрх мэдүүлэгийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаярын хашаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2020/010092 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 14 дүгээр гудамж, 15 тоотод хаягт байрлах бараа материалд үзлэг хийжээ. Уг үзлэгийн тэмдэглэлд ...тоосгон амбаарт ориглуун дарс 4 хайрцаг, нийт 34 ширхэг, дэлгүүрийн төмөр угсармал лангуу 28 ширхэг, модон лангуу 4 ширхэг, төмөр цагаан лангуу 40 ширхэг, цэнхэр, ногоон өнгийн бараа хураах зориулалттай тавиур /подоон/ нийт 8 ширхэг, шар айрагны авдар 36 ширхэг, камер 3 ширхэг байсан талаар тусгасан байна. /хх-112-113/

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10958 дугаар захирамжаар үзлэгээр тогтоогдсон эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлтэд бараа материалын тоо ширхэгийг дутуу бичсэн, зарим хөрөнгийг огт тусгаагүй байна. Тухайлбал, үзлэгт модон лангуу 4 ширхэг, төмөр лангуу 40 ширхэг, төмөр угсармал лангуу 28 ширхэг, шар айрагны авдар 36 ширхэг гэсэн байхад шинжээчийн дүгнэлтэд модон лангуу 2 ширхэг, төмөр лангуу 2 ширхэг, шар айрагны авдар 34 ширхэг гэж дутуу үнэлсэн, төмөр угсармал лангуу 28 гэснийг огт дурдаагүй орхигдуулан, нийт 1 272 693 төгрөг гэж үнэлсэн. /хх136-150/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус бол нэмэлт шинжилгээ хийхээр зохицуулсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй эд хөрөнгөд нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны 102/ШЗ2020/14760 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй.

 

Мөн гомдолд дурдсанаар шинжээч Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийн тусгай зөвшөөрөл дууссан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 235 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА