Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00339

 

 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03033 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2329 дүгээр магадлалтай,

 

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй

Ж.Батболд, Б.Хажидмаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Н.Энхбаяр хариуцагч Ж.Батболд, Б.Хажидмаа нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар ...16,000,000 төгрөгийг Ж.Батболд авсан, Б.Хажидмаа мөнгө аваагүй, ...хүү тооцох тохиролцоо байхгүй, зээлийн төлбөрт 500,000 төгрөг, 6,507,000 төгрөгийн үнэ бүхий бараа өгсөн тул зээлийн төлбөрөөс хасаж тооцох ёстой... гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03033 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Батболдоос 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөг, хариуцагч Б.Хажидмаад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2329 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үзлэг болон шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан бараа материалын тоо зөрүүтэй, зарим зүйлийг огт үнэлээгүй орхигдуулсан, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Үзлэгээр баталгаажсан модон лангуу 4 ширхэг нь угсраад нийлүүлэхэд 2 ширхэг болно, төмөр лангуу 40 ширхэг гэдэг нь 40 ширхэг лангууны төмөр тавцан, төмөр угсармал лангуу 28 ширхэг гэдэг нь дээрх 40 ширхэг тавцанг холбож угсрах хөлнүүд /бусад холбоосууд/, эдгээр 68 ширхэг төмөр лангууны хэсгүүд нь угсрагдаж 2 ширхэг лангуу болно.

Үзлэгийг мэргэжлийн бус хүмүүс буюу шүүгчийн туслах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хөндлөнгийн гэрч, шүүгч, мэдээлэл технологийн мэргэжилтэн нар хашаанд хураалттай бараа материалыг яг тэр чигээр нь тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа зах зээлд зарагдаж болохуйц хэлбэрээр буюу лангууны 1 ширхэг тавиурыг биш худалдан борлуулах хэлбэрээр угсрагдсан байдлаар үнэлж үнэлгээ гаргасан. Бараа материалын тоо ширхэгийг дутуу бичээгүй, огт тусгагдаагүй бараа материал үлдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч Н.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нарын хүсэлтээр 2018.11.16-нд 5,000,000 төгрөг, 2018.11.18-нд 1,000,000 төгрөг, 2018.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг 2019.05.15-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэйгээр, мөн 2018.12.24-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2019.01.03-ны өдөр буцааж өгөхөөр 8 хувийн хүүтэй зээлж авсан боловч хариуцагч нар нь амаар хийсэн гэрээгээ зөрчиж, авсан мөнгөний хүүг төлөхгүй байгаа тул үндсэн мөнгө болох 17,000,000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.

 

Хариуцагч нар ...нэхэмжлэгчээс цувуулж 16,000,000 төгрөг авсан, зээлийн төлбөрт 6,507,000 төгрөгийн бараа материал, 500,000 төгрөгийг өгснийг хасуулна ... гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч 500,000 төгрөгийг буцаан өгсөн нь баримтаар нотлогдсон... гэсэн дүгнэлт хийж хариуцагч Ж.Батболдоос 15,500,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,500,000 төгрөг болон Б.Хажидмаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад: ...анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн... гэх үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бараа материалын тоо бүрэн, огт тусгагдаагүй, дутуу бичигдсэн бараа материал үлдээгүй, ...шинжээч дүгнэлтдээ хураалттай барааг зах зээлд зарагдаж болохуйц хэлбэрээр, угсрагдсан байдлаар үнэлсэн тул магадлал үндэслэлгүй... гэжээ.

 

Шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...үзлэгээр баталгаажуулсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй орхигдсон эд зүйлсэд нэмэлт шинжилгээ хийлгэх...-ээр хүсэлт гаргасныг шүүх шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч хэргийн 112-113 дугаар талд авагдсан Үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан эд зүйлс, 136 дугаар талд бичигдсэн, шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн эд зүйлсийн тоотой зөрүүтэй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, зохигчийн маргаж буй зээлийн төлбөр төлөгдсөн эсэх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй, энэ үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

9. Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох тохиолдолд нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Давж заалдах шатны шүүх: ...анхан шатны шүүх Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлтэд бараа материалын тоо ширхэгийг дутуу бичсэн үндэслэлээр дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус гэж үзэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна... гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянжаргалаас 2021.01.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД