Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00876

 

 Н.Цогтбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1798 дугаар магадлалтай,

Н.Цогтбаатарын нэхэмжлэлтэй

Р.Өлзийсайханд холбогдох

Гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч Р.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Цогтбаатараас хариуцагч Р.Өлзийсайханд холбогдуулан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Р.Өлзийсайханаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цогтбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цоггбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Өлзийсайханаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цогтбаатарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1798 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Р.Өлзийсайханаас 2,000,000 төгрөгийг гаргуулж Н.Цогтбаатарт олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Н.Цогтбаатар нь Р.Өлзийсайханд цохиулсны улмаас 2019.09.10-ны өдрөөс 2020.09.13-ны өдөр Сонс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын хагалгаанд орсон хагалгааны төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж Сонс эмнэлэгийн захирлын гаргаж өгсөн тодорхойлолт болон 2,000,000 төгрөгийг тушаасан тухай Зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүхээс үндэслэл болгосон байна. Хариуцагчийн зүгээс өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, мөн түүнд учирсан хохирлыг хуульд заасны дагуу төлөхөө илэрхийлсэн байр суурьтай байсан. Харин гагцхүү нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн баримтууд шүүхийн үндэслэл болж чадахгүй гэдэг байр суурьтай байна. Учир нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн анхан шатны бичиг баримтын шаардлагыг хангахгүй байгаа явдал нь үнэхээр Н.Цогтбаатар нь 2 000 000 төгрөгийн хамрын хагалгаа хийлгэснийг нотолж чадахгүй байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн хүсэлтээр шүүхээс гаргуулсан Сонс эмнэлэгийн тодорхойлолт зэрэг нь ИХШХШТХуулийн 38-р зүйлийн 38.4-т заасан хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХуулийн 116-р зүйлийн 116.2- т заасан хуулийн шаардлагыг хангахгүй, мөн хуулийг ноцтой зөрчсөн тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч Н.Цогтбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2019.09.05-ны өдөр Р.Өлзийсайханд нүүрэн тус газартаа цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Өөрт учирсан эрүүл мэндийн гэмтлийг сэргээн засах шаардлагатай болсны улмаас Сонс эмнэлэгт 2019.09.10-ны өдрөөс 2019.09.13-ны өдөр хэвтэн эмчлүүлж, хамрын хагалгаанд орж, хагалгааны төлбөрт 2,000,000 төгрөг өгч эмчлүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 1561 тоот Шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 1198 дугаар магадлалд хагалгааны төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, ...шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Р.Өлзийсайханаас хагалгааны төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

Хариуцагч: ...Н.Цогтбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй, түүнчлэн эрүүгийн журмаар хохирлыг нэгэнт шийдвэрлэсэн тул дахин гаргуулах боломжгүй... гэж маргажээ.

7. Хэрэгт цугларсан баримтаар 2019.09.05-ны өдөр зохигч замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын эгнээ байрнаас болж марган, улмаар хариуцагч Р.Өлзийсайхан нэхэмжлэгч Н.Цогтбаатарын нүүр хэсэгт гараараа цохиж, хамрын ясны хугарал, баруун зүүн завжинд шарх, доод зүүн 4-р шүдний сулрал, уруулд зулгаралт, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.09.09-ний өдрийн 10764 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 1561 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Өлзийсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, Н.Цогтбаатар нь 2019.09.08-ны өдөр Хамрын ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын хөндийн үрэвсэл оношоор Сонс чих хамар хоолойн эмнэлэгт мэс засал хийлгэж, төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

8. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зохицуулсан.

9. Хоёр шатны шүүх хариуцагчийг бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай гэм хор учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

10. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн анхан шатны бичиг баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон ...Сонс чих хамар хоолойн эмнэлэгт мэс засал хийлгэж, эмчилгээний төлбөр төлсөн тухай захирал Э.Номундарийн тодорхойлолт, мэс заслын тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Сонс эмнэлгийн кассын зарлагын ордер... зэрэг баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй бөгөөд түүний хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Сонс чих хамар хоолойн эмнэлгээс шүүхэд ирүүлсэн баримтууд байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ...зохигч өөрөө олж авах боломжгүй... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 46 дугаар зүйлийн 46.1-д иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт...-ыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө... гэж, 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус зохицуулсан.

Сонс чих хамар хоолойн эмнэлэг шүүгчийн захирамжид дурдсан баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд баримтад өөрийн компани Жаяиттус ХХК-ийн тамгыг дарсан, Жаяиттус ХХК нь Чих хамар хоолойн өвчний оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг болох нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нь дээрх баримт нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг зөрчөөгүй, хагалгааны төлбөр төлсөн үйл баримтыг нотолсон баримт гэж үзнэ.

12. Иймд ...шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн... талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1798 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Р.Өлзийсаханаас 2020.09.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАНЗРАГЧ

                                          ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД