Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр                               2020/ДШМ/27                                                                Зуунмод

 

Н.Б-, С.Д-, Б.М-, Г.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-ын өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, С.Сувдмаа,

Шүүгдэгч С.Д-,

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолтой Н.Б-, С.Д-, Б.М-, Г.Б- нарт холбогдох 201519000510 дугаартай 7 хавтас, 1698 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Гээпэл овогт Намсрайн Б-. Регистрийн дугаар: /_________/, Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3,  2 охины хамт Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг хөдөө оршин суух,

1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзсан,

2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар,

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөгдсөн.

2.Баяуд овогт Сэзээгийн Д-. Регистрийн дугаар: /____________/,  Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4,  3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 780-48 тоотод оршин суух,

1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар,

1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 373 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзсан,

 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107.3, 145.2, 155.2 дахь хэсэгт зааснаар  05 жилийн хорих ялаар,

 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн.

3.Баяуд овогт Гаанжуурын Б-. Регистрийн дугаар: /___________/,  Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 782 тоотод оршин суух,

 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээр №432 ШТ-Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,

2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 150 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

4.Цагаачууд овогт Болдын М-. Регистрийн дугаар:/______________/,  Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Баянчандмань сумын 1 дүгээр баг Нарстын 4-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч С.Д-, Б.М-, Г.Б- нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-наас 25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Зүүн мухарын ам” гэх газраас иргэн Ц.Баярхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж, 1882000  төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д-, Н.Б- нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэл гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө хохирогч Ц.Борбаатарын 9 толгой ямаа, хохирогч Ж.Энхболдын 3 толгой ямаа, 1 толгой хонь  хулгайлж, 1540000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Д-, Н.Б- нар нь бүлэглэн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Нартын адаг” гэх газар 2017 оны 08 дугаар сарын 31-нээс  09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө иргэн Д.Лхамын 1 тооны үхэр, С.Нямаагийн 1 тооны  үхрийг хулгайлж, 2700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Баяуд овгийн Сэзээгийн Д-ын “хохирогч Баярхүүгийн 2 тооны үхэр” хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Баяуд овот Сэзээгийн Д-, Баяуд овогт Гаанжуурын Б-, Цагаачууд овогт Болдын М-, Гээпэл овогт Намсрайн Б- нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Сэзээгийн Д-, Намсрайн Б- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Гаанжуурын Б-, Болдын М- нарыг тус бүр 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д-, Н.Б- нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Г.Б-, Б.М- нарт оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ын цагдан хоригдсон 319 хоног, С.Д-ын цагдан хоригдсон 232 хоног, Г.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 235 хоног, Б.М-ы цагдан хоригдсон 235 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Б-, Б.М- нарт шүүхээс оногдуулсан 7 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, Г.Б-, Б.М- нарыг шүүх хуралдааны танхимаас тус тус суллаж,

Шүүгдэгч Г.Б-, Б.М- нарт авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Д-, Н.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ял эдлэх хугацааг 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40-42 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 1100000 төгрөг, 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2000000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг Н.Б-аас 1100000 төгрөг, С.Д-аас 2000000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн Б.М-ы эзэмшлийн Серена маркийн хөлдөөгч 1 ширхэг, Шарп маркийн будаа агшаагч 1 ширхэг, С.Д-ын эзэмшлийн 5000 төгрөгийн үнэлгээ Нокиа 2300 маркийн гар утас 1 ширхэг, Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг битүүмжлэсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, хөрөө 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймгийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сд-1 ширхэг, мөрдөгчийн нууц магадлагааг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт  зааснаар

Шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 1000000 төгрөг гаргуулан хохирогч С.Нямаад,

Шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод,

Шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борбаатарт,

Шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 350000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхамд тус тус олгож,

 Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Ц.Баярхүүд гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б-, Б.М- нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Сэзээ овогт Д- миний бие эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12.1-т зааснаар 2020 оны 1.16-ны өдрийн шийтгэх тогтоолоор анхан шатны шүүхээс 2 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлхээр шийдвэр гаргасан. Миний бие 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс биеэр суусан 9 сар хорих ангид байх хугацаанд шагналын 30 хоног авсан нийт 10 сар.

2017 оны 6-р сарын 3-4-ний шилжих шөнө 1 удаагийн үйлдэл 2017.9.1-ний нэг үйлдэл нийт 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж хохирлоо төлнө гэдгээ шүүхэд илэрхийлсэн.

Гэм буруугаа ойлгож өөрт учирсан хохирлоо бүрэн төлж, барагдуулсан хохирол байхгүй энэ бүхнийг анхаарч үзнэ үү. Шүүхээс ялын доод талын ял оноож өгнө үү. Эсвэл үлдсэн хугацааг тэнсэн харгалзах ял болгож өнгө үү гэж хүсэж байна. Мөн хийсэн алдаандаа маш их ухаарч байна.

Миний бие өнчин 3 хүүхэдтэй, хань минь 2018 оны 5 дугаар сард хүнд өвчний улмаас таалал төгссөн бага хүү харж хандах асарч хамгаалах хүнгүй, бага охин маань сургуульдаа сурч чадаагүй иймд бага охин сэтгэл санаа нь маш их хямарч зан ааш эвдэрч аав ээж аль аль нь байхгүй сургуульдаа сурч чадаагүй учраас ийм байдалд хүрч байна. Бага хүү мөн адил сэтгэл санааны хувьд хэцүү хичээлдээ явахгүй ааваа санаад байна, очмоор байна гэх зэргээр 2 эгчээ маш их зовоож байгаа. Том охин ажил хийгээд сард 600 мянган төгрөгний цалин авдаг тэрүүгээрээ амьдралаа залгуулж дүүгийнхээ хичээлийн хэрэгсэлд зориулаад хаана ч хүрэхгүй байгаа гэж хэлдэг. Иймд би ар гэрийнхээ амьдралд нөхөгдөшгүй их хор уршиг учруулсандаа би үнэхээр их харамсаж алдсан алдаандаа маш их харамсаж байна. 3 хүүхдийн хувь заяа үнэхээр хэцүү болоод байгааг харж үзнэ үү. 3 хүүхдээ бүтэн өнчирүүлж байгаад үнэхээр их өөртөө гомдож сууна.

Миний бие хань таалал төгссөнөөс хойш 3 хүүхдийнхээ төлөө амьдарч хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж хувиараа ажил төрөл хийж ямарч хэрэгт холбогдохгүй амьдарч байгаад энэхүү хэрэгт холбогдож 3 хүүхдээ зовоож сэтгэл санааны гүн дарамтанд оруулж суугаадаа их гэмшиж байна.

Давж заалдах шатны 3 шүүгчээс эцсийн хүсэлт. Өнчин 3 хүүхэдтэйгээ цуг амьдрах боломж олгож өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хийсэн алдаандаа маш их гэмшиж ухаарч дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Үлдсэн хугацааг тэнсэн болгож өгнө үү гэж хүсэж байна. Мөн давааны хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгааг хүлээн авна уу.” гэжээ.

Шүүгдэгч Н.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Намсрай овогт Б- миний бие нь 2017 оны хулгайн хэргээр Эрүүгийн хуулийн 17.12.1-ээр эрүү үүсгэн шалгаж 2019 оны 5 сарын 28-нд тус аймгийн анхан шатны шүүхээр орж 3 жилийн нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гарсан. 8 сард Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь 413-р хорих ангид хувиарлагдаж ял эдэлж байгаад Монгол Улсын Дээд шүүхээс тус аймгийн анхан шатны шүүхээр дахин хуралдаж гэм буруугаа хүлээсэн гэдэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 2 жилийн нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гаргасан. Мөн шүүхээс хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд үлдсэн ялынхаа 50%-ийг тэнсэн болгох боломжтой гэсэн учир 2020 оны 2 сарын 12 нд гэм хорийн хохирол төлж барагдуулсан. Мөн улсад төлөх төлбөрийг төлөх гэсэн боловч шийдвэр бүрэн гүйцэд гарсан тохиолдолд төлнө гэсэн учир хойшлогдсон миний нийт хохирол 2.120.000 төгрөг төлсөн. Мөн миний нийт хоригдсон болон биеэр эдэлсэн хоног 340 хоног, мөн хорих 413-р ангид очиж ял эдэлж байхдаа ажил хийж шагналын 20 хоног авсан. Би өнөөдрийн байдлаар нийт эдлэх ёстой 2 жилийн ялаас 1 жилийн ялыг эдлээд байна. 50%-г эдэлснийг харгалзан үзэж мөн миний ар гэрийн байдал хагас өнчин 2 охинтойгоо амьдардаг том охин 19 настай бага бага охин 18 настай хоёулаа оюутан эхнэр 6 жилийн өмнө салж өөр хүнтэй амьдарсан. Би хорих ял авахаас урьд Дорноговь аймгийн Мандал боомт дээр 3 жил нүүрсний шаланз барьж амьдралаа залгуулдаг. Хоёр охиноо мэдлэг мэргэжилтэй хүн болгох гэж зүтгэж явсан. Анхан шатны шүүх хурал дээр бага охин маань ирж уйлж унжаад надад үнхээр хэцүү байна. Ар гэрийн амьдрал маш хэцүү байгаа юм байна миний хоёр охин аавыгаа гаргаж авна гэж хүнээс 3.500.000 төгрөг хүүтэй зээл авч ирж миний хохирол төлсөн. Та яаралтай гарч ажилдаа орж энэ мөнгө төлөхгүй бол бид 2 төлж чадахгүй гэж уйлж байгаад явсан. Би 2 охиноо ийм байдалд оруулсандаа үнэхээр өөрийгөө үзэн ядаж гутарч байна. Надад хоёр охиндоо хэлэх үг алга би үнэхээр арчаагүй эцэг гэдгээ одоо л мэдэрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд ар гэрийн байдал болон эдлээгүй үлдсэн 1 жилийн ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү. Та бүгдээс хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч С.Д- үйлдсэн хэрэгт нь ЭХХШТХ-д заасны дагуу тал бүрээс нь бодьтой дүгнэлт хийж сум дундын ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал маш нухацтай хандаж ял ноогдуулсанд талархаж байгаа боловч хувийн болон ар гэрийн аргагүй байдлаасаа шалтгаалж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахыг өмгөөлөгч надад хүсэлт болгосон тул давж заалдах шатны шүүхэд С.Д-ын болон түүний ар гэр үр хүүхдүүдийнх нь амьдрал өөрийх нь сэдэж бодож байгаа зүйлийнх нь талаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэж байна. Үүнд

1. Энэ хэргээс өмнө гурван удаа ял шийтгүүлэхэд нь түүний эхнэр нь гурван хүүхдээ харж хандан ар гэр ахуй амьдралаа авч явдаг байжээ. Гэтэл эхнэр Г.Чимгээ нь 2018-оны 05-р сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас нас барж энэ айлд юугаар ч нөхөшгүй уй гашуудал зовлон тохиолдож гурван хүүхэд нь өнчрөн үлджээ. Энэ өдрөөс хойш С.Д- гурван хүүхдээ асарч хувиараа ажил хөдөлмөр эрхлэн хувийн байгууллагад ажиллан үр хүүхдүүдээ тэжээж байсан боловч хөнгөн хийсвэр байдлаасаа болж дахин хулгайн хэрэгт холбогдон шалгагдан улмаар ял шийтгэл авч өнөөг хүрчээ. Энэ завсар оюутан охин нь сургуулиасаа чөлөө авч эгчийнхээ хамт 7 настай дүүгээ асарч байгаа ажээ. С.Д-ын хүүхдүүд нь Нийслэл хотод өөрсдийн орон байргүй мөнгө төгрөг хоол хүнсгүй маш хүнд амьдарч байгаагийн дотор отгон хүү Мянганбаяр нь ээж аав нараа санаж туйлын хүнд байдалд орж өдөр шөнийг арай ядан өнгөрөөж байгаа нь тов тодорхой ойлгогдож байна.

2. Миний үйлчүүлэгч С.Д- хорих ялаасаа чөлөөлөгдөж өнчирч үлдсэн гурван хүүхдээ асарч хамгаалж тэдэнтэйгээ байнга хамт амьдрахыг хүсэж байгаа болно. Д- сүүлийн хоёр удаагийн хэрэгт оролцсондоо туйлын ихээр харамсаж дахин хэрэг үйлдэхгүй бөгөөд энэ хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа хэлж ярьж байгаа билээ. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан Ц.Борбаатар, Ж.Энхболд, Лхам нарт болон Нямаа гэгчийн төлбөрийг Борнуур сумын 4-р багийн засаг даргын 2020-оны 02-р сарын 03-ны өдрийн 11 тоот тодорхойлолтын дагуу бухны жинхэнэ эзэн Н.Нямаагийн төрсөн ах болох Н.Баяраа нарт хохирлыг төлж тэд нарыг хохиролгүй болгосон юм. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх С.Д-ын 18-04 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2.000.000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж заасан заалтыг түүний өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг хэргүүдийг үйлдэхдээ дээр дурьдсан машиныг ашигласан байж болохоор байгаа боловч тухайн хүний амьдрал ахуйн нөхцөл байдлыг нь харгалзан заавал улсын орлогт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.

3. Дэлхий даяр короногийн шинэ вириус үүсэж онц байдал тогтоосон үед өнчирч үлдсэн гурван хүүхдийнх нь амь нас эрүүл мэнд ахуй нөхцлийг нь харгалзан тэднийг эцэг С.Д-ых нь асрамж хараа хяналтанд байлгах зайлшгүй шаардлагатайг зориуд тэмдэглэж байна.

Иймд дээрх байдлуудаас дүгнэлт хийж дор дурьдсан хүсэлтийг гаргаж байна.

1. С.Д-ын үйлдсэн хэрэг нь ЭХ 17-р зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа тул Д-т анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг хөнгөрүүлж одоогийн байдлаар эдлээд байгаа ялд нь тохируулж ял ноогдуулж өгөхийг хүсэж байна.

2. С.Д-ын өөрийнх нь гаргасан гомдолдоо дурьдсан зүйлүүд болон үйлдсэн хэргээ зөвшөөрч түүндээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарт хохирлоо бүрэн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүх миний энэ хүсэлтийг хангаж анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Миний энэ саналыг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй гэж үзвэл ЭХ 6-р зүйлийн 7 дах хэсгийн 1.2 зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нь тэнсэж  мөн хугацаагаар хянан харгалзаж өгөхийг хүсэж байна. Ер нь С.Д- урьд өмнө нь гурван удаа ял шийтгүүлэхдээ тэнсэгдэж байгаагүй тул энэ онцгой тохиолдолд гурван хүүхдийх нь хувь заяаг харгалзан тэнсэж болохыг зориуд дурьдаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие заавал оролцох тул хурлын товыг урьдаас мэдэгдэнэ үү. Жич: Хохирогч нарын хохирол барагдуулсан баримт 1 ширхэг, Багийн засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, Г.Чимэгийн нас барсан гэрчилгээний хуулбар 1 ширхэг, Д.Мянганбаярын төрсөний гэрчилгээний хуулбар 1 ширхэг зэргийг хавсаргав.”

Шүүгдэгч С.Дүгэвжавын өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.16-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 17.12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэзээгийн Д-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэж түүнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

С.Д- нь энэ хэргийн улмаас өнөөдрийн байдлаар биеэр 9 cap хоригдсон шагналын 30 хоногтой түүний эхнэр Г.Чимгээ нь 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүнд өвчний учир нас барсан. Тэрээр 3 өнчин хүүхэдтэй үлдсэн. Одоо бага хүүхэд нь 8 настай хүү. Бага охин Солонго 2018 онд “Рояал академ”-ийн 1-р курсд орж суралцсан боловч ар гэрийн гачигдлаас болж 2019 онд сургуулиасаа чөлөө авч одоо дүүгээ харж асарч байгаа.

С.Д-ын ял шийтгэлийг хөнгөрүүлэхийн тулд түүний ах дүү, хүүхдүүд чин сэтгэл гаргаж малчны зээл, цалингийн зээл авч малаа зарж анхан шатны шүүх хурлын дараа энэ хэргийн хохирогч нар болох С.Нямаад /Баяраад/ 1000000 төгрөгийг түүний 5736075826 тоот дансанд 2020.02.13-ны өдөр, Ж.Энхболдод 180000 төгрөгийг мобайл банкаар 2020.02.06-ний өдөр, Ц.Борбаатарт 590000 тогрөгийг мобайл банкаар 2020.02.05-ны өдөр, Д.Лхамд 350000 төгрөгийг түүний З00000235740 тоот дансанд 2020.02.13-ний өдөр охин Д.Солонгоос шилжүүлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7-1, 1-2-т зааснаар 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх боломтой болж байна.

С.Д- нь гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. С.Д-ын холбогдсон зүйл анги нь 17.12.1-д хорих ялын доод хэмжээ нь 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул ялын доод хэмжээг харгалзан түүний урьдчилан хоригдсон хоногоор хорих ял тогтоож түүнд дүйцүүлэн суллах боломжтой байдлуудлыг харгалзан үзэж шүүгдэгч Д-ын ар гэрийн гачигдалтай байдал, хохирогчид учирсан гэм хор, хор уршиг арилсан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэн суллаж өгнө үү!” гэжээ.

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Н.Баяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч Намсрай овогтой Б- нь анхан шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, хохирол төлөхийг илархийлсэн. Хэргийг шүүхээр хэлэлцэх үед хохирол төлөгдөөгүй байсан тул Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэх боломжгүй байсан юм.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэсний дараа Б- болон үүний ар гэрийнхэн хохирогч С.Нямаагийн 1000000 төгрөг /нэг сая/, Ж.Энхболдын 180000 /нэг зуун наян мянга/, Ц.Борбаатарын 590000 /таван зуун ерөн мянга/, Д.Лхамын 350000 /гурван зуун тавик мянган/ төгрөгийг тус бүрд нь бүрэн төлж барагдуулсан.

Н.Б- нь хагас өнчин 2 охинтойгоо амьдардаг. Хоёр охиныхоо сургуулийн зардлыг төлж, мэдлэг мэргэжилтэй болгохыг зорьж яваа нэгэн. Энэ талаараа өргөдөлдөө тодорхой бичсэн байна. Мөн цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй ажиллаж амьдарч чадах хүн. Иймд түүнд төрийн зүгээс сүүлчийн боломжийг олгож Төв аймгийн сум дундын Эрүүгийн эргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/30 тоот шийтгэх тогтоолоор ногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, эсхүл 1 жил, түүнээс доош хорих ял болгон өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, давж заалдах гомдол үндэслэлгүй тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч Ц.Рашзэвэг гаргасан саналдаа: Хохирол төлсөн тул тэнсэх, эдлэсэн ялд нь дүйцүүлж багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан саналдаа: Хохирол төлсөн тул тэнсэх, эдлэсэн ялд нь дүйцүүлж багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б-ын өмгөөлагч Н.Баяр: Хохирол төлсөн тул тэнсэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д- гаргасан тайлбартаа: Ялыг багасгаж, тэнсэж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

- Шүүгдэгч  Б.М-, Г.Б- нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сум “Зүүн мухарын ам” гэх газраас хохирогч Ц.Баярхүүгийн 2 тооны үхрийг хулгайлж, 1882000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- шүүгдэгч С.Д-, Н.Б- нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцагаан сум Шар дэл гэх газраас хохирогч Ц.Борбаатарын 9 ямаа хулгайлж, 1080000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Ж.Энхболдын 3 ямаа, 1 хонь хулгайлж, 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

- шүүгдэгч С.Д-, Н.Б- нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сум “Нартын адаг” гэх газраас хохирогч Д.Лхамын 1 үхэр хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Нямаагийн 1 үхэр хулгайлж, 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас-02, 2 дугаар хавтас-190, 4 дүгээр хавтас-98/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас-04, 199, 201, 203, 3 дугаар хавтас-40, 4 дүгээр хавтас-146/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас-05, 2 дугаар хавтас-204-206, 4 дүгээр хавтас-99-101/, хэргийн газрын үзлэг тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 06-07, 2 дугаар хавтас-207-220/, 4 дүгээр хавтас-102-104/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас-08/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас-10-11/, эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтас-13-14, 5 дугаар хавтас-214/, хохирогч Ц.Баярхүү, Ж.Энхболд, Ц.Борбаатар, С.Нямаа, Д.Лхам нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас-15-16, 152, 195, 2 дугаар хавтас-152, 224-225, 228-229, 4 дүгээр хавтас-109-110, 115-116, 5 дугаар хавтас-28/, гэрч Ж.Пүрэвдарь, П.Хажидсүрэн, Г.Болд, Х.Болормаа, Б.Туяа, Б.Солонго, Г.Чимгээ, Л.Дашдаваа, Б.Бум-Эрдэнэ, М.Ганзориг, Л.Баярбаатар, О.Цэрэннадмид, Д.Саран, С.Нэргүй, Л.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас-21, 22, 23, 25, 26, 99-101, 196-197, 2 дугаар хавтас-151, 234-235, 236-237, 240-241, 245-248, 3 дугаар хавтас-3, 4 дүгээр хавтас-126-127, 132, 231, 233-234, 241, 5 дугаар хавтас-26/, Шүүхийн шинжилгээний албаны №78 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас-29-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №98, 122 дугаартай шинжээчийн  дүгнэлт /3 дугаар  хавтас-43-46, 4 дүгээр хавтас-140-141/, гар утасны ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1 дүгээр хавтас-57-74, 3 дугаар хавтас-143-167, 168-175, 175-199, 203-209, 212-221/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас-103-107/, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадлагаа  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хохирогч Ц.Баярхүүгийн 2 үхрийг хулгайлсан хэргээс шүүгдэгч С.Д-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдал болон нууц мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явагдаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, УЕП-ын туслах прокурор хянаж баталгаажуулсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон нь хуульд нийцсэн, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.Д-, Н.Б-, шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, С.Сувдмаа, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай ба анхан шатны шүүх шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Д-, Н.Б- нарт тус бүр 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Б-, Б.М- нарт тус бүр 7 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч С.Д-, Н.Б- нар 2017 оны 06, 08 сард бүлэглэж, машин механизм ашиглаж, шууд санаатай, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар нэр бүхий 4 хохирогчийн 12 ямаа, 1 хонь, 2 үхрийг хулгайлж, бусдад 4240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлоо төлсөн бол заавал хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх тухай ойлголт биш юм.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон тооцооны алдаа гаргасныг засах шаардлагатай байна. Үүнд: тухайн хэрэгт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй талаар шүүх дүгнэсэн атлаа эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тухайн зүйл, заалтыг баримтлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын нэр бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон атлаа эд зүйлийг эзэмшигч нарт буцаан олгохыг тогтоолд заагаагүй орхигдуулсан, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Энхболдод 460000 төгрөгийн, хохирогч Ц.Борбаатарт 1080000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас хувь тэнцүүлэн гаргуулахдаа хохирлын хэмжээг буруу тооцсон, шүүгдэгч Г.Б-, Б.М- нарын цагдан хоригдсон хоногийг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлэсэнд тооцож шийдвэрлэхдээ зохих хуулийг баримтлаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэзээгийн Д-, Намсрайн Б- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гаанжуурын Б-, Болдын М- нарыг тус бүр 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэзээгийн Д-, Намсрайн Б- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Гаанжуурын Б-, Болдын М- нарыг тус бүр 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт...” гэж,

- 9 дэх заалтын “...шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 180000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Энхболдод, шүүгдэгч Н.Б-, С.Д- нараас тус тус 590000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Борбаатарт,” гэсэн хэсгийг  “Н.Б-аас 230000 төгрөг, С.Д-аас 230000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ж.Энхболдод, Н.Б-аас 540000 төгрөг, С.Д-аас 540000 төгрөг тус тус гаргуулж  хохирогч Ц.Борбаатарт” гэж тус тус өөрчилсүгэй.

2. -4 дэх заалтын “...С.Д-, Н.Б- нарт..., Г.Б-, Б.М- нарт...” гэсний араас “ тус тус” гэсэн,

- 8 дахь заалтын “...битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,” гэсний араас “эзэмшигч нарт тус тус олгох” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойшхи Н.Б-, С.Д- нарын тус бүрийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

                                                                                                                                                         6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                           Г.БОЛОРМАА