Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00942

 

Д.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1811 дүгээр магадлалтай,

Д.Ганболдын нэхэмжлэлтэй

А.Бадралхуягт холбогдох

5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалтын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Ганболдоос А.Бадралхуягт холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч А.Бадралхуягаас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,000 төгрөгийн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансаас буцаан гаргуулж, хариуцагч А.Бадралхуягаас 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1811 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй, болж өнгөрсөн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг нотлох баримтын талаар урьдчилж дүгнэлт хэлсэн байдлаар ноцтой зөрчихийн зэрэгцээ хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, харин хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан байна.

4.1. А.Бадралхуяг нь том тээврийн ЗИЛ131 автомашинаар самар тээвэрлэдэг ажил хийдэг хувь хүн юм. Д.Ганболд нарт очих самрыг хүргэж өгч, үүний хариуд самар зөөвөрлөсөн ажилдаа тохирсон хөлсөө авдаг. Ийм л ажил амьдралаа залгуулдаг байна. Тэрнээс өөрөө самрын наймаачин биш байна. Самар түүж, зарж худалдаалдаг хүн огт биш. Тухайн үед Д.Ганболд А.Бадралхуягийн дансанд хийсэн мөнгийг самар түүж борлуулдаг хүмүүст нь хувааж өг гэснийх дагуу хувааж өгсөн. А.Бадралхуяг тэндээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Д.Ганболдод ямар нэгэн өр төлбөргүй, тэдний хооронд ямар ч тооцоо байхгүй юм. Гэтэл А.Бадралхуягийг самар Д.Ганболдод худалдах зорилгоор мөнгө авсан мэтээр үнэлж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Ганболдын хөлсний жолооч учир ач гэсэн самрыг ачиж, буулга гэсэн газарт буулгадаг. Д.Ганболд авсан самрынхаа мөнгийг өөрөө шилжүүлдэг байсан ч зарим нөхцөлд А.Бадралхуягийн дансаар дамжуулж шилжүүлж А.Бадралхуяг өмнөөс нь төлбөр тооцоог нь гүйцэтгэх тохиолдол байдаг байсан. Тухайн үед самрын худалдаачин бас бус хүмүүст хувааж өгөх ёстой мөнгөө А.Бадралхуяг руу шилжүүлж түүний дансыг ашигласан төдий юм. Тэрнээс самар зарж борлуулах зорилгоор түүнээс мөнгө авсан зүйл огт байхгүй байна.

4.2. Д.Ганболдоос өгөх мөнгөний үлдэгдэлтэй гэсэн гараар бичсэн баримт хуурамч баримт байсан. Энэ тухай хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй байна. А.Бадралхуяг өөрөө самар түүдэггүй, самар бэлтгэдэггүй, самар борлуулдаггүй хэрнээ яагаад самар борлуулсан мөнгө нь дутуу гэх зэргээр бичиг үйлдэх вэ? ийм байх ямар ч учиргүй. А.Бадралхуягийн бичгийн хэв, гарын үсэг өөр гэдгийг хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь энэ баримтыг үнэлэхгүй учир шинжлүүлэх шаардлагагүй гэсэн утгатай зүйлийг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нь А.Бадралхуягт хэлсэн байна. Ингэж хэлсэн учир санаа амарч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна. Харин давж заалдах шатны шүүх тухайн баримтыг үнэлж шийдвэрээ гаргалаа. Энэ талаар болсон нөхцөл байдлыг хэлсэн боловч хүлээн авсангүй. Анхан шатны шүүх процессын ноцтой зөрчил гаргасан. Хэргийн баримтыг үнэлж дүгнэх үе шат болоогүй байхад тухайн баримтын талаарх сэтгэгдэл дүгнэлтээ хэргийн зохигчид илэрхийлсэн байна. Үүний улмаас шинжээч томилуулж, нотлох баримт цуглуулах замаар татгалзлаа нотлох боломжийг нь хязгаарласан байна.

4.3. А.Бадралхуягаар дамжуулан Хосбаярт шилжүүлсэн мөнгөө цагдаагийн журмаар шалгуулж байгаа. А.Бадралхуягийн дансаар дамжуулж Хосбаярт 5 сая төгрөгийн шилжүүлж тэр хоёр хоорондоо тооцоотой болсон. Тийм учир тэр асуудлаараа цагдаад өгч шалгуулсан. Тухайн цагдаагийн газар дээр Д.Ганболдын гуйсных нь дагуу А.Бадралхуяг биеэр очиж мэдүүлэг өгч байсан. Түүний хүссэнээр хэлж өгсөн зүйл болсон байна. Тухайн үед А.Бадралхуягт баярлалаа гэж хэлээд явж байсан. Гэтэл тэр мөнгөө хожим А.Бадралхуягаас нэхэмжилж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа нь буруу байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Д.Ганболд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь хуш модны самар бэлэн мөнгөөр авч өгнө гэсний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэнд 4,500,000 төгрөгт самар өгсөн тул үлдэгдэл 5,500,000 төгрөгийг гаргуулна... гэж,

Хариуцагч нь ...Самар авч өгнө гэж нэхэмжлэгчээс аваагүй, тухайн үед бусдын самрыг зөөж өгч, авалцдаг байсан бөгөөд самар захиж өгсөн мөнгийг самар зарж буй хүмүүст нь хүргэж өгдөг, өгсөн самрыг нь авчирч өгдөг байсан, нэхэмжлэгч нь Хосбаяраас мөнгө авна гэж ярьдаг байсан, ямар ч байсан би Ганболдод ямар нэг мөнгөний өглөг байхгүй... гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8.Зохигчийн хооронд самар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгт тохирсон самар нийлүүлэх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй үндэслэлээр үлдэгдэл 5,500,000 төгрөгөө буцаан шаардсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2017.11.05-ны өдөр хариуцагчийн Хаан банкны данс руу 1т самар гэх агуулгатай 7,000,000 төгрөгийг, мөн оны 11.13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь Хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдсон, мөн хариуцагч нь Баримт. Ганболд ахаас самрын урьдчилгаа болгож авсан 5,500,000 төгрөг үлдсэн Бадралхуяг гэсэн бичвэр тус тус үйлдэгдсэн байна. /ХХ-4-6 дугаар тал/

10. Иргэний хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ, хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

11. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан үндэслэлээ баримтаар нотлоогүй, түүнчлэн төлбөрийн үлдэгдэлтэй талаарх Баримт гэх бичвэрийг шинжээч томилуулан шалгуулах хүсэлт гаргаагүй байх тул хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12. Иймд: ...хариуцагч нь самар тээвэрлэдэг ажил хийдэг болохоос өөрөө самрын наймаачин биш, тухайн үед нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгө хийж, самар түүж борлуулдаг хүмүүст хувааж өг гэснийх нь дагуу хувааж өгсөн, нэхэмжлэгчтэй ямар ч тооцоо байхгүй байхад самар худалдах зорилгоор мөнгө авсан мэтээр дүгнэж байгааг зөвшөөрөхгүй, ...түүнчлэн Д.Ганболдод мөнгөний үлдэгдэлтэй талаарх гараар бичсэн бичвэр хуурамч баримт гэж хэлсээр байтал шүүх авч хэлэлцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, дээрх баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/ хангах үндэслэлгүй гэж үзлээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1811 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалтаас 2020.09.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАНЗРАГЧ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                          ШҮҮГЧИД                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД