Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/674

 

Б.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 36 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Лд холбогдох 2005007870355 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн Л, 1987 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр, амны их эмч мэргэжилтэй, хувиараа шүдний эмнэлэг ажиллуулдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 55 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

            Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудлын орчим иргэн Б.Нтэй маргалдан, улмаар түүнийг цохиж зодон, пивоны шил хагалан хэвлий, нүүрэн тус газарт зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бийн Лг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Лд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг даруй биелүүлэх” гэж нэмэлт заалт оруулж, өөрчлүүлэхээр, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудлын орчим хохирогч Б.Нтэй маргалдсаны улмаас цохиж зодон, пивоны шил хагалан хэвлий, нүүрэн тус газарт зүсэж, түүний биед “зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нн “...Л ... ирснээ миний гэдэс орчим нэг удаа өшиглөөд намайг унагаасан. ...Б.Л ... гартаа хоёр пивоны шил бариад хавиралдуулаад хагалсан. ...Хагархай шилээр миний гэдэс рүү чичсэнээ толгой руу цохих гэхээр нь би бага зэрэг хажуу тийшээ болсон чинь шилний үзүүрээр нүүрний зүүн талын шанаа хэсэгт зүссэн. ...Над руу өшиглөөд дайраад намайг дарж унагаагаад хацар дээр нэг удаа хазаад, нүүр рүү нэг удаа мөргөсөн. ...Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Б.Л учруулсан. ...” /хх 13-16/,

гэрч Э.Төгссайханы “...Н нүүрнээс цус гоожоод байна гэхээр нь харсан чинь нүүрний зүүн талын шанаа орчим зүсэгдсэн, цус гарсан байсан....” /хх 17-19/,

Б.Лгийн яллагдагчаар өгсөн “...Би дэлгүүрийн урд талд байсан Жакданиелсийн шил, пивоны шил хоёр байхаар нь аваад хоёр шилээ хооронд нь хавирч хагалсан чинь Н өөдөөс хүрээд ирэхээр нь би баруун гартаа байсан шилээр нь Нн толгой нүүр орчим руу нэг удаа цохисон. Нтэй барьцалдаж аваад газар унаад Нн хацар дээр нь нэг удаа хазсан. ...” /хх 68-72/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2661 дугаартай “....Б.Нн биед зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  ...” /хх 24-25/ дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 86-93/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Лг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Лгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, пивоны шил хагалан хохирогч Б.Нн хэвлий, нүүрэн тус газарт зүсэж, зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Прокурор А.Баясгалангийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Лд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг даруй биелүүлэх” гэсэн нэмэлт заалт оруулах ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас үзэхэд, шүүх хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ