| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 183/2018/00650/И |
| Дугаар | 1600 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1600
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01244 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 180 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 7 588 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н, өмгөөлөгч К.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “С” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20161026 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар “С” ХХК нь 44 787 000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэвч уг төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс үлдэгдэл төлбөр 44 787 000 төгрөг, мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 22 393 500 төгрөг, нийт 67 180 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгож, тооцоо хийгдсэн, авсан мөнгөндөө бараагаа нийлүүлсэн, 30 000 000 төгрөгт элс баяжуулах суурь машин оролцуулах тухай тохиролцоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч талтай хийсэн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу гэрээний үлдэгдэл 44 787 00 төгрөг байгаа талаар маргахгүй боловч гэрээний үлдэгдэл 30 000 000 төгрөгт тооцон элс баяжуулах суурь машиныг бартерын нөхцөлөөр солилцон, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн. Харин “Т” ХХК нь гэрээгээ удаа дараа зөрчсөний улмаас барилгын ажлаа хэвийн явуулахын тулд гэрээгээр тохирсон үнээс илүү өндөр үнээр бетон зуурмаг бусдаас худалдан авч хохирсон. Энэ тухай манай компаниас 2017 оны 06 дугаар сарын 29, 2017 оны 07 дугаар сарын 06, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгүүдээр удаа дараа нэхэмжлэгч талд мэдэгдсэн тул “Т” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 7 588 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас 67 180 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд 7 588 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 918 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Гантөмөр нь гэрээний үүргээ ноцтой зөрчин, манай компанийн эзэмшлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 332-р байрны 202 болон 205 тоот байрыг бусдад зарсан талаарх Х.Тулгаболдын гаргасан гомдлоор Баянзүрх дүүргийн цагдагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөгч ахмад Р.Хатанбаатарын үүсгэсэн эрүүгийн хэргийн хавтас хэрэгт авагдсан материалаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй. Иргэн Х.Тулгаболдын гаргасан гомдол, сэжигтэн Л.Гантөмөрийн мэдүүлсэн мэдүүлгээр хэрэг хянан шийдвэрлэхэд гол нотлох баримт болох 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актаас хойш дахин төлбөр төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах зүйтэй байсан гэж үзэж байна. Төлбөр тооцоотой баримтуудын учир дутагдалтай дүгнэж, нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээр тооцож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ удаа дараалан зөрчсөнөө өөрсдөө хүлээсэн нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 180 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөний улмаас 7 588 000 төгрөгийн хохирол учруулсан гэж марган сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх.62/
Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч компани нийт 3 900 м.куб бетон зуурмагийг хариуцагч “С” ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь бетон зуурмагийн үнэд нийт 630 468 000 төгрөг төлөхөөс 523 600 000 төгрөгт тооцож 187 м.кв орон сууц өгөх, 80 000 000 төгрөгийг гэрээ хийгдсэний дараа, үлдэгдэл 26 868 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хх.7-8/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
Нэхэмжлэгч нь гэрээгээр 630 468 000 төгрөгийн 3 900 м.куб бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ бүрэн биелүүлээгүй, харин 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 358 075 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрт гэрээгээр тохирсон 205 тоот орон сууцыг 206 388 000 төгрөгт тооцон шилжүүлж, 106 900 000 төгрөгийг төлж, 44 787 000 төгрөгийн үлдэгдэл байгаа болох нь талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
Хэргийн 6 дугаар талд авагдсан энэхүү тооцоо нийлсэн актад гэрээний үлдэгдэл үнийн дүнг 44 787 000 төгрөг байгааг баталгаажуулж зохигч компаниудын захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тус тус санхүүгийн тэмдгийг дарсан байна. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 44 787 000 төгрөг төлөхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас шаардах эрхтэй.
Талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хэмжээний бетон зуурмагийг бүрэн нийлүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч компанийн зүгээс бетон зуурмагийн төлбөрт шилжүүлсэн байрыг буцаан авах, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлэхээр шаардаж байсан үйл баримт хэрэгт авагдсан албан бичиг болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх.74-75/ Тодруулбал, талуудын хооронд эд хөрөнгийн хариу төлбөрийн зарим хэсгийг орон сууцаар төлөхөөр тохиролцож нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн орон сууцыг хариуцагч буцаан авсан зэрэг бараа нийлүүлэлт, төлбөр төлөлттэй холбоотой маргаан талуудын хооронд үүсч байсан болох нь хариуцагчаас нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сарын 06, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хүргүүлсэн мэдэгдэх хуудсууд гэх баримт, 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх өглөг, авлагын талаарх тооцоо нийлсэн актууд зэрэг бичиг баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх.69, 74-75/
Талуудын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа, тэдгээрийн төлбөр төлөлтийн талаар тооцоо нийлсэн баримтаас /хх.6/ үзэхэд нэхэмжлэгч тал нь гэрээгээр тохирсон хэмжээний барааг тогтоосон хугацаанд бүрэн нийлүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхээ алдсан байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Харин хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хэргийн материалаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Уг хүсэлтэд зааж буй хэргийн оролцогч биш, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дуудагдаагүй хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан гомдол, мэдүүлэг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байх тул анхан шатны шүүх баримт бүрдүүлэх журмыг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийн төлбөрт 22 393 500 төгрөгийг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01244 дүгээр шийдвэрийн
тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 44 787 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 393 500 төгрөг, хариуцагчийн 7 588 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дах заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 493 850 төгрөг гаргуулан” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381 885 төгрөг гаргуулан” гэж, тогтоох хэсгийн “3, 4” дэх заалтын дугаарлалтыг “2, 3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 493 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ