Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01660

 

­­­­­

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Эын хариуцагч Б.Лд холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сард Ц.Б нь хариуцагчаас Лексус-350 маркийн автомашин худалдан авах гэж байгаа талаар түүнтэй хамт ажилладаг П.А надад хэлж, 10 000 000 төгрөгийг машины төлбөрт шилжүүлж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу 10 000 000 төгрөгийг Б.Лгийн дүү Т.Бын Хаан банкны 5003407904 тоот данс руу шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машиныг Ж.Д гэх хүн худалдан авсан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч 10 000 000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тул 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Бд Лексус 350 автомашиныг зээлээр худалдсан. Нийт 68 000 000 төгрөгөөс урьдчилгаа 30 000 000 төгрөгийг авч, үлдэгдэл мөнгийг 3 хувааж авахаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Г.Эыг би огт танихгүй. Ц.Бтэй хамт ажилладаг П.Ангараг нь манай ах болох Т.Бтой ярилцаад 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Төлбөр тооцоо дууссан тул 2017 оны эхээр автомашиныг Ц.Бгийн найзын нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Л, Ц.Б нар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан. Үүргийн эрх зүйн харилцаа нь харьцангуй эрх болохын хувьд зөвхөн үүргийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсдэг. Б.Л болон Ц.Б нарын хооронд автомашин шилжүүлж, түүний хариу төлбөрт 68 000 000 төгрөг хариу шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсээд, дуусгавар болжээ. Гэтэл 68 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн Г.Э гэгч нь Ц.Б-ийн худалдан авч байгаа машины мөнгийг шилжүүлж байна гээд мөнгө шилжүүлж машиныг Ц.Б-ийн хамт явж хэлж өгсөн хүнд нь машиныг шилжүүлсний дараа шүүхээс Ц.Бд холбогдуулж гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тул Б.Лгээс мөнгө гаргуулж өгнө үү гээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болголоо гэсэн тул Г.Эын нотлох баримтаа бүрдүүлээгүй хэрэгсэхгүй болгосон хэргийн хариуцлагыг Б.Лгээс нэхэмжлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Б.Лд холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч худалдсан автомашины үнэ, төлбөрт авсан гэх үндэслэлийг заан маргажээ. /хх.12/

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.Чинзоригийн “Т.Б гэж хүний данс руу нэхэмжлэгч Г.Э 10 000 000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх.34/, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Г.Э нь Т.Бын 5003407904 дансанд “Lexus-350 машины төлбөр” гэсэн утгатайгаар 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай бичилт бүхий Хаан банкны орлогын мэдүүлэг /хх.6/, гэрч Т.Бын уг мөнгийг Т.Б, Б.Л нар бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан тухай мэдүүлэг /хх.35-36/, хариуцагч Б.Лгийн шүүхэд гаргасан “мөнгийг автомашины төлбөрт тооцож авсан” гэх тайлбар /хх.12/ зэрэг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 10 000 000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байна.

Хэргийн 4-5 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр Ц.Бэс автомашин авахдаа зээлсэн 10 000 000 төгрөг гаргуулах тухай Г.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус шийдвэрээр Лексус-350 маркийн автомашины өмчлөгч нь Ц.Б биш, Б.Лд Г.Эаас шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдсөн гэж үзэхгүй талаар дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 10 000 000 төгрөг нь З.Баянсэлэнгийн худалдан авсан автомашины төлбөр биш болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул дахин нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгч Г.Эаас хариуцагч Б.Лд 10 000 000 төгрөг төлөх үүрэг хууль болон гэрээний дагуу үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

 

                                                  ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ