Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 01661

 

Г нөхөрлөл ТББийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г нөхөрлөл ТББийн хариуцагч Ц.Э-ээс гэм хор учруулсны хохиролд 3 432 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нөхөрлөл ТББийн өмчлөлийн Ландкрузер Прадо маркийн 1077 ГСА улсын дугаартай автомашиныг тус нөхөрлөлийн захирал Я.Дамдиндоо жолоодож ядах үед 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим хариуцагч Ц.Э Харьер маркийн 21-96 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 31-ний 310000617505534 тоот шийтгэлийн хуудсаар хариуцагчийг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан бөгөөд хариуцагч учруулсан хохирлоо төлөхгүй байгаа тул хариуцагчаас автомашинд учирсан хохирол 3 337 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 75 000 төгрөг, ачилтын зардалд төлсөн 80 000 төгрөг, нийт 3 492 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 07 сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Налайх дүүргээс Улаанбаатар хот орохоор 3 хүүхдийн хамт өөрийн эгнээ урсгалд 40-50 миллийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас 1077 ГСА дугаартай 105 Прадо маркийн саарал машин ирж мөргөсөн ба үүний улмаас бид эсрэг урсгалд орж зогссон. 1 цагийн дараа н.Дарханбаатар гэдэг замын цагдаа ирж хэмжилт хийсэн боловч машинуудад үзлэг хийгээгүй, мөн надаас юу ч асуухгүй эсрэг машины жолоочийн хэлсэн үг болон миний машины эсрэг урсгалд зогссон байдал зэргээр дүгнэн машиныг минь журмын хашаанд хийж, нөгөө машиныг явуулсан. Эсрэг машины жолоочийн хоёр найз согтуу байсан ба намайг айлган сүрдүүлж юм яриулаагүй. Маргааш нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагт мэргэжлийн машин засварчин н.Ганбатыг дагуулан Чулуун-Овоотын 1-1 хашаанд байрлуулсан 1077 ГСА машиныг очиж үзэхэд рулийн тайг мултарсан байсан бөгөөд, энэ нь намайг ирж мөргөсөн болохыг тодорхой харуулж байсан. Намайг мөргөх үед түүний дугуй миний машины урдуур орж, урд хэсгээрээ мөргүүлэн, обуд нь дотор талаасаа гадагш хагарсан байсан ба дугуй нь арагш болж крылоны дотор талыг үрсэн байсныг жолоочид хэлэхэд мэдэхгүй байна гэсэн. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэрэг бүртгэгч П.Пунсалдуламд хуваарилагдаад 2 сарын дараа намайг урсгал сөрсөн хэмээн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч торгоод, учирсан хохирлыг хоорондоо зохиц, үгүй бол шүүхэд ханд гэсэн шийдвэр гарсан.

Миний бие шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг нотлох зургуудын хамт П.Пунсалдуламд өгсөн боловч 1 хүний хэлснээр шийдвэр гарсан байсан. Жолооны үнэмлэхгүйгээс хот, хөдөө ажиллах ажил цалгардаж, журмын хашаанд хонуулсны 345 000  төгрөг, 9 000 000 авсан машиныг 3 000 000 худалдсан зэрэг олон хохирол амссан. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13:50 минутад эсрэг машины жолооч утасдаж, манай эхнэрийн дүү шүүхээр 4 000 000 төгрөг нэхэмжлэхээр хөөцөлдөж байгаа 2 000 000 төгрөг өгчихвөл хэл амгүй салцгаая гэсэн. 1077 ГСА автомашины рулийн тайг мултарснаас энэ осол гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 3 492 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Осол гарсны маргааш өглөө 06:00 цагт хэргийн газар очиж үзэхэд 2 машины хар зураас, миний машины хагарсан шил гэх мэт эд мөрийн баримтууд олон байсан. 08:00 цагт засварчин н.Ганбааг дагуулан жолооч н.Дамдиндоо болон түүний эхнэрийг байлцуулан тэдний машины рулийн тайг мултарсан, машины урдуур орж дугуйны обуд нь дотор талаасаа гадагш хагарсан зургийг нь авсан. Мөн журмын хашаанд очиж өөрийн машины зургийг авсан. Дугуй нь хойш мөргүүлж, гар нь мурийсан, дугуй нь эргэхгүй болж эсрэг урсгалд орсон шалтгаан нь тодорхой харагдаж байсан. Эдгээр зурагт үзлэг хийгээгүй, н.Дарханбаатар цагдаад хэлэхэд надад хамаагүй гэсэн. Иймд н.Пунсалдуламд хандан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. 10 хоногийн дараа 8 дугаар сарын 12-ны өдөр №1-299 тоот дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дүгнэлт гаргасан шинжээч осол гарсан газар, машинд үзлэг хийгээгүй дүгнэлт бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г нөхөрлөл ТББ нь хариуцагч Ц.Эт холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 3 492 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1-2/ хариуцагч эс зөвшөөрч зам тээврийн осол нэхэмжлэгчийн буруугаас болсон гэж маргажээ. /хх.33-37/

2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хорооллын зүүн урд талын замд 21-96 УНИ дугаартай “Toyota Harrier” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглох...” тухай заалтыг зөрчиж нэхэмжлэгч Г нөхөрлөл ТББийн өмчлөлийн 10-77 ГСА улсын дугаартай “Land Cruiser Prado” маркийн автомашинд хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мөн автомашинд учирсан эвдрэл гэмтэл нь хариуцагчийн буруутай үйлдэл, зам тээврийн ослын улмаас үүссэн болох нь техникийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх.8-9, 14-15/

Хариуцагч нь “осол болсон өдөр Замын цагдаагийн газраас машинуудад үзлэг хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн” гэж тайлбар гарган, уг асуудлаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байх боловч Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас “хоёр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар өөр эрх бүхий байгууллагаар дахин дүгнэлт гаргуулах, анх мөргөлдсөн А цэгийг хэрхэн тогтоосон тухай материал шаардлагатайн улмаас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн. Ц.Э нь өөрийн тээврийн хэрэгслийг автомашины ченжид 3 000 000 төгрөгөөр зарсан гэж тайлбар гаргасан /хх.36/, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.г-д зааснаар осол гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн ул мөр, байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа тээврийн хэрэгслийг хөдөлгөх журамтай бөгөөд осол болсон тэмдэглэлийг энэ журамд зааснаас өөрөөр хийсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Мөн ослын газар анх мөргөлдсөн гэх А цэгийг тогтоосон схем зургаас үзэхэд зохигчдын тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө явж байсан байх бөгөөд зам тээврийн осол нь хариуцагчийн эсрэг урсгалд тэмдэглэгдсэн болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг эсрэг урсгалд орох үед осол болсон гэж үзэх боломжтой.

Хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй болох нь Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэлийн хуудсаар тогтоогдсон. /хх.10-11/ Дээрх байдлуудыг харьцуулан үзэхэд осол гарсан шалтгаан, нөхцөл байдлын талаар дахин шинжээч томилох зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй, шүүхийг шинжээч томилох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах боломжгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ц.Э нь осолтой холбоотой нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөр ноцтой зөрчил биш байх тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн 10-77 ГСА улсын дугаартай “Land Cruiser Prado” маркийн автомашинд учирсан хохирлын хэмжээг “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 3 337 000 төгрөг гэж тогтоосон /хх.6-7/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Эийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь “холбогдох судалгааг хийж ажиллахад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй” талаар хариу ирүүлжээ /хх.70/

Дүгнэлт гаргах боломжгүй талаар ирүүлсэн хариутай холбоотойгоор хариуцагч нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хүрээнд буюу “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тооцон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3 337 000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 75 000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилтын зардал 80 000 төгрөг, нийт 3 492 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                              ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ