Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00981

 

 Гүн зэгэстэй ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1935 дугаар магадлалтай,

Гүн зэгэстэй ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Равданд холбогдох

1,538,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Равдангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Гүн зэгэстэй ХХК-иас Д.Равданд холбогдуулан 1,538,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Равдангаас 1,538,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гүн зэгэстэй ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Равдангаас улсын тэмдэгтийн хураамж 39,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гүн зэгэстэй ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1935 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Хариуцагч Д.Равдан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие 2016 онд Гүн зэгэстэй ХХК-иас 998,600 төгрөгийн түлш авсан нь үнэн. Устай түлш байснаас болж миний машинд доголдол гарч, түүнээс хойш түлш авахаа больсон. Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс 998,600 төгрөгийг нь бол төлнө, харин хүү алданги болох 499,300 төгрөг, эрэн сурвалжлуулсан гэх 70,200 төгрөгийг бол төлж чадахгүй болно. Энэ талаар удаа дараа шүүхэд тайлбар болон гомдол гаргаж байхад шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Гүн зэгэстэй ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...иргэн Д.Равдантай 2016.02.10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлээр түлш худалдан авч төлбөр тооцоогоо хийгээд явж байсан боловч Д.Равдан 2016 оны 03 дугаар сард зээлээр авсан 998,600 төгрөгийн түлшний мөнгийг төлөлгүй одоог хүрч байна. Иймд гэрээний 2.3-т заасны дагуу дээрх төлбөрт алданги тооцож нийт 1,467,900 төгрөгийг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийн хамт нийт 1,538,100 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

Хариуцагчаас: ...998,600 төгрөгийн түлш авсантай маргаагүй боловч тухайн үед устай түлш байсан учир миний машинд доголдол гарсан тул түүнээс хойш түлш авахаа больсон, түлшний мөнгөө төлнө, алдангийг зөвшөөрөхгүй, ...би хаяган дээрээ амьдарч байсан тул эрэн сурвалжлуулсан төлбөрийг төлөхгүй... гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хариуцагч Д.Равдан: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаар удаа дараа тайлбар гаргаж байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан... гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

9. Хэрэгт цугларсан баримтаар 2016.02.10-ны өдөр талууд Зээлийн гэрээ байгуулж, 2016.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид шатахуун зээлээр худалдах, хариуцагч нь худалдан авсан шатахууны үнийг 15 хоногийн хугацаанд төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон, гэрээний дагуу хариуцагч 2016 оны 03 дугаар сард 3 удаагийн үйлдлээр нийт 998,600 төгрөгийн шатахуун авсан боловч төлбөрийг төлөөгүй үндэслэлээр хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хариуцагч хаягтаа байгаагүй тул эрэн сурвалжлуулсан үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч 998,600 төгрөгийн шатахуун худалдаж авсан үйл баримтын талаар маргаагүй, гагцхүү шатахуун устай байснаас машин доголдсон үндэслэлээр алданги төлөхгүй гэж, мөн энэ хугацаанд хаягаа өөрчлөөгүй хаягтаа байсан тул хохирол нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээг бичгээр байгуулсан тул гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хариуцлагыг хүлээх үндэстэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.

11. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6, 232.4-т тус тус зохицуулсан.

12. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хариуцагч худалдан авсан шатахууны үнийг төлөх, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин нэхэмжлэгчийн худалдсан шатахуун шаардлага хангахгүй буюу доголдолтой болохыг хариуцагч нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй тул энэ үндэслэлээр алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

13. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Гүн зэгэстэй ХХК хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тэрээр гэрээнд заасан хаягтаа байхгүй хаа байгаа нь тодорхойгүй үндэслэлээр Д.Равданг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг нь тогтоолгох хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.17-ны өдрийн 997 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосноор Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хариуцагч нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-243 тоотод оршин суудаг болохыг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан дээрх зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй тул хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөгийг төлөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1935 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...227 дугаар зүйлийн 227.3-т гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1-д гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Равдангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Равдангаас 2020.10.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД