Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/02652

 

 

  

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сры н   27 өдөр

                          181/ШШ2020/02652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Г -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Т-д   холбогдох

 

            22,170,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

            Хийн шланк, кроп өргөгч данхрад, машин өргөдөг хоёр хөлтэй лифт, тэнхлэг тохиргооны аппарат 4 дугуйнаас зүүдэг дуран, процессор, дэлгэц, компьютер оношилгоо, машин өргөдөг 4 хөлтэй лифт, ком нагтгай, том хар троцопны ком, моторын хийний дарагч шахагч ком, түргэн иштэй троцопны ком, 129 ширхэгтэй троцопны түлхүүрийн ком, хийн буу, урт цохидог аптеркны ком, 2 ширхэг газу, азот хийлэгч, шүүр тайлагч, 8,10,12,14-ын Гэ троцопны ком, автомат кропны тос шахагч аппарат, автомат кропны тос солигч 2 ширхэг, 10-24 хүртэлх ком түлхүүр, 8-24 хүртэлх өндөр троцопны ком, тахир ком троцопны, резво татагч том зэргийн өмчлөгчөөр намайг тогтоолгох, учирсан хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Э.Т , хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Т тай анх авто засварын газар хамтарч ажиллуулахаар тохирсон. Авто засварын тоног төхөөрөмжийг Э.Т  бид хоёр гэр бүлийнхээ гишүүдтэй хамт явж авчирсан. Авто засварын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 45 хоногийн дараа бид таарч тохирохгүй болж, Э.Т  надад мэдэгдэлгүй шөнийн 2 цагт тоног төхөөрөмжүүдийг авч явсан. Шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийг 30,881,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүний 50 хувь буюу 15,440,500 төгрөгийг Э.Т гаас гаргуулж өгнө.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Э.Т  бид хоёр ажлын 37 өдөр л хамт ажилласан. Энэ хугацаанд их мөнгө олох боломжгүй. Э.Т  нь 2-3 байгууллагаас миний нэр дээр байгаа объект дээр гэрээ хийж, тос авсан. Бид өөрийнхөө дансанд байсан 3,000,000 гаруй төгрөгөөр юань худалдан авч, эрээнд байрлах байр, хоол хүнсийг дааж байсан. Мөн Э.Т  миний зарсан машиныг минийх биш гэж үгүйсгээд шинжээч томилуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд хөрөнгөө нийлүүлэн компани байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хуулийн этгээдийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй учраас талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Компанийн нэр дээр маргаан бүхий хөрөнгө байхгүй, компанийн нэрээр тайлан бүрдүүлэлт хийгээгүй, хөрөнгийг компани хүлээж аваагүй. Талууд гэрээг амаар байгуулсан учраас гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талууд хамтран ажиллаж ашиг олох тохиролцоотой байсан. Х.Г , Э.Т  нар нь тус бүр 10,000,000 төгрөг гаргаж, Эрээн хот явж маргаан бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаа явуулсан гэдэгт маргадаггүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хэн нь их мөнгө гаргасан нь нотлогдохгүй байна.

Талууд тоног төхөөрөмжийг худалдан авсан тохиолдолд энэ нь талуудын дундын өмчлөх хөрөнгө болж байгаа юм. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна, тус хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Х.Г  нь Э.Т тай хамтран ажиллахаар тохирч дундаасаа тэнцүү хэмжээгээр мөнгө гаргасан учраас өөрт ноогдох хэсгийн үнийг шаардаж байгаа юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 15,440,500 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд өөрсдийн хөрөнгийг нийлүүлж тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна. Иймээс тоног төхөөрөмжийг 100 хувь хариуцагчийн өмч гэж үзэх боломжгүй байна. Талууд гараашид үйл ажиллагаа явуулж байгаагийн хүрээнд тодорхой хэмжээний тохижилт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тохижилт хийсний төлөө бусад хөрөнгийг 100 хувь өмчилж авах талаар гэрээ, контракт хийгээгүй учраас дундын өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Э.Т гийн бусдаас зээлсэн өр төлбөрийг Х.Г ас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдтэй хийсэн гэрээ, хэлцэлтэй холбоотой үүргийг хариуцагч өөрөө хариуцах нь зүйтэй. Энэ нь нэхэмжлэгчтэй хамааралгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тоног төхөөрөмж авахад би Х.Г ас илүү их мөнгө гаргасан. Мөн авто засварын засан сайжруулалтад надаас тодорхой хэмжээний бараа болон мөнгө гарсан. Би өөрийнхөө мөнгийг Х.Г ас гаргуулахаас нааш эвлэрэх хэлэлцэн бодолгүй байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Миний бие Х.Г ас 27,034,000 төгрөгийг шаардаж байгаа. Үүнд авто машинаа барьцаанд тавьсан 3,000,000 төгрөг, өөрийн ах н.Баярбаясгалангаас зээлсэн 800,000 ам.доллар буюу 2,000,000 төгрөг, Х.Г ын  эзэмшилд байдаг авто гараашийн шалыг 4,000,000 төгрөгийн зээл авч хийлгэсэн, Да хүрээ захаас авсан тоног төхөөрөмж 1,200,000 төгрөгөөс 1,400,000 төгрөг, хаяг 280,000 төгрөг, экскаваторын хөлс 100,000 төгрөг, газар шороо болон гагнуурын ажил хийсэн хөлс 780,000 төгрөг, эхнэрийн дүү н.Баатартөрөөс зээлсэн 500,000 төгрөг, гарааш засан сайжруулахтай холбоотой бизнесийн санаа 1,500,000 төгрөг, бусад зардалд 345,000 төгрөг, Х.Г ын  хувьдаа хэрэглэсэн 4,829,000 төгрөг нийт 27,034,000 төгрөгийг Х.Г ас гаргуулж өгнө үү. Мөн Х.Г ын  гараашид үлдсэн тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр болгож өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай санал нийлэхгүй байна. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотой талуудаас хуульд заасан нөхцөлийг хангах эсэхийг шалгах шаардлага гарсан. Тэгэхэд талуудын эрх үүрэг, нэр хаяг, бүтэц эрх, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээ дуусгавар болгох зохицуулалт зэрэг нь тодорхойгүй байна. Дундын өмчлөлийн хөрөнгө нь талуудын хооронд болж өнгөрсөн үйл баримтад нийцэж байгаа юм. Хэрэв хамтран ажиллах гэрээгээр талуудын асуудал зохицуулагдана гэж үзвэл харилцан бие биенийхээ зөвшөөрлийг авах ёстой, нэг саналын эрхтэй байна гэсэн саналтай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.Т гийн объектод хөрөнгө оруулсан ч хамтын ажиллагаа бодитой хэрэгжээгүй. Хариуцагч нь өөрийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд өөрчлөгдөж байгаа учраас яг аль шаардлага нь нэхэмжлэгчийн хүсэл зориг мөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн авто машин зарсан мөнгө, зээл хийсэн мөнгө зэрэг нь хамтын үйл ажиллагаанд ороогүй. Мөн нэхэмжлэгчийн хэлж буй мөнгөн дүнгүүд зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгч нь орж ирсэн орлогыг өөрөө авч байсан гэх гүйлгээ хийгдсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас Э.Т гийн 41,000,000 төгрөгийн гаргасан зардал нэхэмжлэгч тал руу орлого болж орж байсан гэж харагдахаар байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г  нь хариуцагч Э.Т д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,170,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Т  нь нэхэмжлэгч Х.Г д холбогдуулан Хийн шланк, кроп өргөгч данхрад, машин өргөдөг хоёр хөлтэй лифт, тэнхлэг тохиргооны аппарат 4 дугуйнаас зүүдэг дуран, процессор, дэлгэц, компьютер оношилгоо, машин өргөдөг 4 хөлтэй лифт, ком нагтгай, том хар троцопны ком, моторын хийний дарагч шахагч ком, түргэн иштэй троцопны ком, 129 ширхэгтэй троцопны түлхүүрийн ком, хийн буу, урт цохидог аптеркны ком, 2 ширхэг газу, азот хийлэгч, шүүр тайлагч, 8,10,12,14-ын Гэ троцопны ком, автомат кропны тос шахагч аппарат, автомат кропны тос солигч 2 ширхэг, 10-24 хүртэлх ком түлхүүр, 8-24 хүртэлх өндөр троцопны ком, тахир ком троцопны, резво татагч том зэргийн өмчлөгчөөр намайг тогтоолгох, учирсан хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 15,440,500 төгрөг болгож багасгасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авто засварын газар хамтран ажиллуулахаар амаар тохиролцож, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Г  нь авто засварын газрын ажлын байр болон 35,000,000 төгрөг, хариуцагч Э.Т  нь авто засварын инженер тул мэргэжлийy үйл ажиллагаа болон  хамтын үйл ажиллагааг явуулах барилгад засварын ажил хийх, мөн 42,209,333  төгрөг гаргааар тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Талууд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Аварга тэнхлэг” ХХК-ийн байгуулан, Х.Г  50 хувийн хувьцааг, Э.Т  50 хувийг хувьцааг эзэмших, Э.Т  нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /2 дугаар ХХ-ийн 4 дэх тал/

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүрэгт хамаарч байх бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хамтран ажиллах замаар ашиг олохоор аман хэлбэрээр тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хамтын үйл ажиллагаа нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба Э.Т  нь маргаан бүхий тоног төхөөрөмжийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Х.Г ын  өмчлөлийн засварын газраас ачиж явснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх хамтын үйл ажиллагааны явцад бий болсон авто засварын тоног төхөөрөмжийг үнэлгээг тогтоох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон ба уг тоног төхөөрөмжийг 44,340,000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч нь шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрсөн тул 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4711 тоот захирамжаар “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилоход тус эд хөрөнгийн үнэлгээг 30,881,000 төгрөгөөр үнэлсэн ба талууд уг үнэлгээнд гомдол гаргаагүй тул маргаагүй үнэлгээ гэж үзэв.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.”, 477.4-д “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын хөрөнгө оруулсан хувь хэмжээ нь тодорхой бус, зөвхөн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан мөнгөөр төлсөн хураамж гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Т  засвар хийх үйл ажиллагаагаар, нэхэмжлэгч Х.Г  нь авто засвар хийх газрыг гаргахаар харилцан тохиролцсон үйл баримтаас үзэхэд зөвхөн хамтын үйл ажиллагаанд оруулсан мөнгөн хөрөнгийг хамтын үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй байна.

 

Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон өмч /тоног төхөөрөмж/ нь дундын өмч бөгөөд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундын өмчийг харилцан тэнцүү өмчлөх эрхтэй тул уг багаж, тоног төхөөрөмжийн үнийг тэнцүү хувааж, нэхэмжлэгч Х.Г д 15,440,500 төгрөг олгож, Э.Т г багаж, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэгэнт шүүх хариуцагч Э.Т д тоног төхөөрөмжийн өмчлөлийг үлдээж шийдвэрлэсэн тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй байна.

 

Мөн, хариуцагч Э.Т  нь засварын тоног төхөөрөмжийг дур мэдэн өөрийн эзэмшилд авсан нь үндэслэл муутай ба уг хугацаанд тоног төхөөрөмж ашиглаж олсон ашгийг тодорхойлох боломжгүй тул Х.Г ын  дансаар шилжүүлсэн гэх мөнгийг хувааж шийдвэрлээгүй болно.

 

Хариуцагч Э.Т  нь гарсан зардал болон ажиллах хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 20,134,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь “...би засварын газарт ажиллаж байгаад ажлаасаа гарч, Х.Г тай хамтан ажилласан, хэрэв ажил хийж байсан бол цалин авах ёстой байсан уг хугацааны цалин болон тоног төхөөрөмж худалдан авахад гарсан зардал, мөн бусдаас зээлсэн зээл бусад зардалд 20,134,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Мөн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, БНХАУ-ын Эрээн хотоос авч ирсэн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага гаргасан атлаа уг тоног төхөөрөмжийг худалдан авахад гарсан зардлаа шаардсан, хамтран ажиллах гэрээний хувьд үр шим, ашиг хүртэх хуулийн зохицуулалттай бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин шаардаж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Хамтын үйл ажиллагаатай холбогдон гарах бусад зардлыг хамтран хариуцах үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд, хариуцагч Э.Т гаас 15,440,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгож, Э.Т г Хийн шланк, кроп өргөгч данхрад, машин өргөдөг хоёр хөлтэй лифт, тэнхлэг тохиргооны аппарат 4 дугуйнаас зүүдэг дуран, процессор, дэлгэц, компьютер оношилгоо, машин өргөдөг 4 хөлтэй лифт, ком нагтгай, том хар троцопны ком, моторын хийний дарагч шахагч ком, түргэн иштэй троцопны ком, 129 ширхэгтэй троцопны түлхүүрийн ком, хийн буу, урт цохидог аптеркны ком, 2 ширхэг газу, азот хийлэгч, шүүр тайлагч, 8,10,12,14-ын Гэ троцопны ком, автомат кропны тос шахагч аппарат, автомат кропны тос солигч 2 ширхэг, 10-24 хүртэлх ком түлхүүр, 8-24 хүртэлх өндөр троцопны ком, тахир ком троцопны, резво татагч том зэргийн өмчлөгчөөр тогтоолгох, Х.Г ас учирсан хохиролд 20,134,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дах заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Э.Т гаас 15,440,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,700 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 293,120 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т гаас 235,152  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР