Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 20 өдөр                               2020/ДШМ/31                                                                Зуунмод

 

 

Н.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган,

Шүүгдэгч Н.М-,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 01 сарын 27-ны  өдрийн 2020/ШЦТ/38 дүгээр шийтгэх тогтоолтой Н.М-д холбогдох 1934002160418 дугаартай 3 хавтас, 623 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төв аймгийн Засаг даргын тамгын газар Үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар 48-р байрны 1-р орцны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Нэргүйн М-, ___________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.М- нь Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа

-  2015 оны 08 сарын 06-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 95 дугаар тогтоолыг хууль бусаар гаргаж, сумын засаг дарга байх хугацаандаа 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд "Аргасайн чулуу" ХХК-нд сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай тогтоол гаргасан мэтээр ойлгуулж тус сумын 5 дугаар баг Ар хуурай гэх газарт “Аргасайн чулуу" ХХК-нд хайрга, дайргын зориулалтаар 42,4 га газар олгосон.

- Төв аймгийн Эрдэнэ сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тус сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар байрлалтай 3 га газрыг "Мастер майнинг сервис" ХХК-нд тэсэрч, дэлбэрэх бодис агуулах барих зориулалтаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно", 55 дугаар зүйлийн 55.1-т "Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна." гэх заалтыг зөрчсөн,

- "Алтайн түрүү" ХХК, "Боржин суварга" ХХК-иудад Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай чулуу түүвэрлэх тухай захирамж, тус сумын засаг даргын 2018 оны 08 дугаар 16-ны өдрийн А/184 дугаартай чулуу олборлох тухай захирамж, тус сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 дугаартай чулуу олборлох тухай захирамж гаргасан нь "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "...Аймаг нийслэлийн засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ..." гэх заалтуудыг тус тус зөрчиж, аймгийн засаг даргын эрх хэмжээний хуулийн заалтыг ашиглан шууд захирамж гарган, чулуу олборлолтыг удаа дараа явуулах боломжоор хангаж, өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож орон нутагт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Нэргүйн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнсайханд оногдуулсан долоон сая төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1 166 666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "Алтайн түрүү" ХХК-иас 2 757 574  төгрөг, "Мастер майнинг сервис" ХХК-иас 4 656 173 төгрөг, "Боржин суварга" ХХК-иас 3 490 024 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай", 2018.8.16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.5.10-ны өдрийн А/120 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн М- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Миний бие 2007 оны 6 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын даргаар, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар cap хүртэлх хугацаанд Эрдэнэ сумын засаг даргаар тус тус ажилласан.

Шийтгэх тогтоолын "Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар" хэсэгт:

Нэг. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д заасан: тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.” гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Миний бие Төв аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн Б/19 дугаар захирамжаар Эрдэнэ сумын засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж /2-р хх-ийн 54-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн /1-р хх-ийн 001-р хуудас/ бөгөөд өөрийн албан ажилдаа хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас гаргасан алдаатай буруу шийдвэрээ дараах байдлаар засаж залруулсан байтал шүүх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг буруу гэж үзнэ.

1.Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар тогтоолыг дэмжүүлэхээр аймгийн ИТХ-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 тоот албан бичиг явуулснаар Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р баг Ар хуурай гэх газарт “Аргасайн чулуу” ХХК-д хайрга дайрганы зориулалтаар 45 га газар газар олгогдсон. Энэ асуудлын хувьд тухайн үед Эрдэнэ сумын засаг дарга байсан Н.Алтанчимэг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэ сумын ИТХ-аар хэлэлцүүлэхээр 05/22 дугаартай албан бичгээр сумын ИТХ-д уламжилсаныг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар хэлэлцэж нэр бүхий 5 компанид Орон нутгийн тусгай хэрэгцээнээс газар чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсний 1 нь "Аргасайн чулуу" ХХК байсан.

2017 оны 12-р cap, 2018 оны 02 дугаар сард "Аргасайн чулуу" ХХК -ны ажилтан ирж 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэ сумын ИТХ-ын 95 дугаар тогтоол хүчинтэй, түүнийг аймгийн ИТХ-д дэмжүүлэхэд албан бичиг хэрэгтэй байна гэсэн учир аймгийн ИТХ-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 тоот албан тоотыг аймгийн ИТХ-ын даргад явуулсан бөгөөд энэ бичгээр "Аргасайн чулуу" ХХК-д зөвшөөрөл олгосныг 2018 оны 12 дугаар сарын 18-ны сумын ИТХ-ын үеэр мэдсэн юм.

Аймгийн ИТХ нь зөвхөн сумын ИТХ-ын тогтоолыг дэмжиж ёстой байтал сумын засаг даргын албан тоотыг үндэслэн дэмжсэн тогтоол гаргасан нь өөрөө хууль бус үйлдэл юм.

Харин "Аргасайн чулуу" ХХК нь энэхүү газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд миний бие өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх Эрдэнэ сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/30 албан тоотоор аймгийн засаг дарга Ж.Батжаргалд уламжилсан /1-р хх-ийн 197-р хуудас/ боловч эцэслэн шийдвэрлээгүй.

2.Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаар захирамжаар "Мастер майнинг сервис" ХХК-д тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр агуулахын зориулалтаар Эрдэнэ сумын 5-р багийн нутаг Салхитын хөндий гэх газарт 3 га газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Газар эзэмших эрхийн актыг хүчингүй болгох тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/42 тоот захирамжаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон 5-р багийн Салхитын хөндийд байрлах 3 га үйлдвэрлэл, үйлчилгээ, тэсрэх материалын агуулах барих зориулалт бүхий газар эзэмшигч "Мастер “Майнинг сервис" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, "Мастер майнинг сервис" ХХК-д 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/120 захирамж хүчингүй болсон. /1-р хх-ийн 155-р хуудас/

3. Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 тоот захирамжаар “Боржин суварга” ХХК-д чулуу олборлох олгосон зөвшөөрлийн тухайд

-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, "Боржин суварга" ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ байгуулж /2-р хх-ийн 22-24 хуудас/, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 1 600 000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн,

-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, "Алтайн түрүү" ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ байгуулж /1-р хх-ийн 174-177 хуудас/, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 800 000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн, Эрдэнэ сумын ИТХ, засаг даргын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн илтгэх хуудсанд: "...Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 2018 онд 6 сая төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан, орлогыг төвлөрүүлэхийн тулд... олборлолт хийлгэж орлогоос бүрдүүлэх арга хэмжээ авсан байна" гэж дүгнэсэн.

Миний бие төр улс, нутаг орноо хохирооё гэсэн шууд санаатайгаар дээрх бичиг баримтуудыг үйлдээгүй, эрхэлж буй ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгнээс шан харамж, бэлэг сэлт, мөнгө эд зүйл аваагүй, бусдад давуу байдал бий болгоогүй.

Өөрөөр хэлбэл ижил газарт зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж олон байгаагүй бөгөөд дээрх зөвшөөрлийн үндсэн дээр дээрх ах ахуйн нэгжүүдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан иргэний хариуцагч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоно.

Тухайн үед орон нутгийн болон бусад аймаг хотын иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл хүсэлтүүдийг 2018 онд багтаан шийдвэрлэх, ингэхдээ сумандаа ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан ажиллаж сумын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх зорилготойгоор жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж ажиллаж ирсэн.

Гагцхүү өөрийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж алдаатай шийдвэр гаргаж, анх удаа /бусдад төлөх төлбөргүй/ ийнхүү хэрэгт холбогдсондоо машид гэмшин харамсаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан торгох болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр хөнгөрүүлэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн М-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д заасан: тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн М- нь өөрийн албан ажилдаа хайхрамжгүй, хайнга хандсаны улмаас гаргасан алдаатай буруу шийдвэрээ дараах байдлаар засаж залруулсан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь буруу бөгөөд үндэслэлгүй.

-Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаар захирамжаар "Мастер майнинг сервис" ХХК-д тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр агуулахын зориулалтаар Эрдэнэ сумын 5-р багийн нутаг Салхитын хөндий гэх газарт 3 га газар эзэмшүүлэх зөвшөөрөл /2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагуй олгогдсон гэх/ олгосныг - Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Газар эзэмших эрхийн актыг хүчингүй болгох тухай сумым засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/42 тоот захирамжаар хүчингүй болгосноор "Мастер майнинг сервис" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгэзг хүчингүй болсон /1-р XX 155-р хуудас/,

-Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар тогтоолыг дэмжүүлэхээр аймгийн ИТХ-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 тоот албан бичиг явуулснаар Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р баг Ар хуурай гэх газарт "Аргасайн чулуу" ХХК-д хайрга дайрганы зориүлалтаар 45 га газар олгогдсоныг -өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх Эрдэнэ сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05/30 албан тоотоор аймгийн засаг дарга Ж.Батжаргалд уламжилсан /1-р XX 197-р хуу/ боловч эцэслэн шийдвэрлээгүй. "Аргасайн чулуу" ХХК нь энэхүү газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ асуудлын хувьд тухайн үед Эрдэнэ сумын засаг дарга байсан Н.Алтанчимэг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэ сумын ИТХ-аар хэлэлцүүлэхээр 05/22 дугаартай албан бичгээр сумын ИТХ-д уламжилсныг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар хэлэлцэж нэр бүхий 5 компанид Орон нутгийн тусгай хэрэгцээнээс газар чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсний 1 нь "Аргасайн чулуу" ХХК байсан,

Харин 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 тоот албан тоотын дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас "Аргасайн чулуу" ХХК-д зөвшөөрөл олгосныг 2018 оны 12 дугаар сарын 18-ны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр мэдсэн байдаг.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь зөвхөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэн тогтоол гаргах ёстой байтал сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 тоот албан бичгийг үндэслэн тогтоол гаргасан нь өөрөө хууль бус байгаа, үүнийг шалгаж тогтоогоогүй,

-"Алтайн туруу" ХХК, "Боржин суварга" ХХК-д чулуу түүвэрлэхээр зөвшөөрөл олгосон Сумын засаг даргын захирамжийн тухайд

 -Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, "Боржин суварга" ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /2-р XX 22-24 хуудас/, "Алтайн түрүү" ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр /1-р ХХ 174-177 хуудас/ Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ байгуулж түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 800 000 төгрөг болон 1 600 000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн,

Шийтгэх тогтоолд ...шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Эрдэнэ сумым Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн илтгэх хуудсанд: "...Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 2018 онд 6 сая төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан, орлогыг төвлөрүүлэхийн тулд ...олборлолт хийлгэж орлого бүрдүүлэх арга хэмжээ авсан байна" гэж дүгнэсэн.

Аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас "Маргаан шалгах ажлын хэсэг" 2019 оны 3-р сард Эрдэнэ суманд очиж ажиллаад гаргасан дүгнэлтдээ: "...өөрийн хайхрамжгүй байдлаас хуулийн үндэслэлийг хяналгүй алдаатай шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан байгаа.

Шүүгдэгч нь тухайн үед орон нутгийн болон бусад аймаг хотын иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдөл хүсэлтүүдийг 2018 онд багтаан шийдвэрлэх, ингэхдээ сумандаа ажлын байр бий болгох, ард иргэдээ ажилтай орлоготой болгох зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулан сумын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх зорилготойгоор, ажиллаж ирсэн бөгөөд гагцхүү өөрийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж алдаатай шийдвэр гаргаж, анх удаа /бусдад төлөх төлбөргүй/ болгоомжгүй хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг нь Авлигын эсрэг гэмт хэрэгт хамаарна. Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болон Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалтан нь шууд буюу шууд бус санаатайгаар ашиг хонжоо олсон байхаар хуульчилсан, гэтэл шүүгдэгчид анхнаасаа энэхүү гэмт хэргийг үйлдэх шууд санаа, шунахай сэдэлт байгаагүй. Тэрээр төр улс, нутаг орноо хохирооё гэсэн шууд санаатайгаар дээрх захирамжуудыг гаргаагүй, эрхэлж буй ажил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгнээс шан харамж, бэлэг сэлт, мөнгө эд зүйл аваагүй, бусдад давуу байдал бий болгоогүй болох нь иргэний хариуцагч А.Балжинням, Б.Түмэндэлгэр, Ж.Түвшинжаргал, Т.Ганхүү /1-р хавтас 42-54-р хуудас/ нарын мэдүүлгээр бүрэн тогтоогддог.

Мөн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ижил газарт зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаагүй, дээрх хуулийн этгээдүүдэд давуу байдал олгосны улмаас бусад хуулийн этгээдүүдэд хохирлоо гэх гомдол гараагүй, дзэрх аж ахуйн нэгжүүдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр бүрэн нотлогддог тул бусдад давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг сайтар хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дугээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсанд тооцож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦ7/38 дугаар шиийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган гаргасан саналдаа: Гомдолд бичсэн үндэслэлүүдээс гадна Эрдэнэбат, Мөнхбаатар нар тухайн шийдвэрийг гаргуулахаар гуйсан асуудлыг шалгаагүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.М- гаргасан саналдаа: Өмгөөлөгчтэйг санал нэг байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.М-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг зохицуулахдаа гэмт үйлдлийн улмаас тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн байхаар зохицуулжээ. Эрүүгийн хуульд “давуу байдал” гэх ойлголтыг тодорхойлоогүй байна.

Харин Авилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг “давуу байдал” гэж ойлгохоор тодорхойлжээ.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хэргийн бодит байдлыг нотлохын тулд  хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.

Гэтэл Н.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай ямар давуу байдал бий болгосон болохыг нотлон тогтоогоогүй байна.  

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Н.М-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                             Г.БОЛОРМАА