Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/713

 

Д.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Дт холбогдох эрүүгийн 1903001490156 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Дийн Д, 1985 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, Монголын хүүхдийн ордонд драмын багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард-Аюушийн гудамж, 16 дугаар байрны 65 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧБ85021909/;

            Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota Corolla Rumion” загварын, 16-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалтад “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Эгийн жолоодож явсан “Toyota Harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай, Г.Дгийн жолоодож явсан “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дт нийт 2.749.000 төгрөгийн хохирол, “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Дд 1.693.000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Дийн Дыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Д.Д нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас тухай бүрт нь уучлалт гуйж, бусдад учруулсан хохирлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлсөн ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж заасан. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт шүүхээс тогтоосон төлбөл зохих төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Х.Б, Б.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлөхөө бүрэн илэрхийлж байна. Д.Д ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд нөхөр Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сайпан арал руу 1 жилийн гэрээгээр ажиллахаар явсан боловч дэлхийн хэмжээнд дэгдээд байгаа COVID-19 цар тахлын улмаас 2 сараас эхлэн ажилгүй хорионд байгаа бөгөөд Монгол Улсад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Хүүхдүүд болох том хүү 14 настай Энхбаяр, дунд хүү 10 настай Энхбат, бага хүү 3 настай Энхтөр нарыг өөрөө харж хандаж байсан бөгөөд одоо 3 хүүхдийг харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй тул 3 хүүхдийн байдлыг харгалзан үзнэ үү. Иймд Д.Дт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д нь 1.94 хувийн согтолттой байх үедээ замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан нь нэг талаас санаатай, гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж тайлбарладаг. Гэвч уг гэмт хэргийн нийгмийн хор аюулаас шалтгаалан прокурор болон шүүхээс хорих ялын санкцыг оногдуулах нь зүйтэй гэж шүүмжлэлтэй ханддаг. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэж байгаа боловч хохирогчийн нүүрэнд учирсан хохирлыг учруулаагүй гэж маргадаг. Улсын яллагчийн зүгээс санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 1 цаг 40 минутын орчим, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota Corolla Rumion” загварын 16-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалтын а-д “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох ...”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалтад “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Эгийн жолоодож явсан “Toyota Harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай, Г.Дгийн жолоодож явсан “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дт нийт 2.749.000 төгрөгийн хохирол, “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Дд 1.693.000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Бгийн “...“Mazda Demio” загварын 62-45 УБМ улсын дугаартай автомашинд ... явж байтал өөдөс гэрэл гялсхийн, түс тас хийх чимээ гарсан. ...Нэг нь “урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” /1хх 15-17/,

иргэний нэхэмжлэгч П.Чойжилжавын “...Төмөр сараалжин хайснууд нь Нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн улсын өмч болно. ...Нийт 9 ширхэг хайс эвдэрсэн байна. Нэг метр нь 88.000 төгрөг болно. 9 ширхэг хайс нь 27 метр буюу 2.376.000 төгрөг, ажлын хөлстэйгээ нийлээд 3.046.059 төгрөг болно. Хайснууд бүгд хэлбэр дүрсээ алдсан байсан тул засварлах боломжгүй дахин шинээр худалдан авна. ...” /1хх 20/,

иргэний нэхэмжлэгч Б.Бы “...Би гар утсаараа оролдоод явж байтал тас хийх дуу чимээ гарсан. ...Машин дотор битүү утаа байсан. ...Хартал Б зүүн хойд хаалганы гадна талд зогссон, дух хэсгээс нь цус гарч байсан. ...Бид Баянхошуунаас “Mazda Demio” загварын 62-45 УБМ дугаартай автомашин хөлслөн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөс улаан өнгөтэй 16-60 УНП дугаартай автомашин мөргөсөн байсан. ...” /1хх 22-23/,

иргэний нэхэмжлэгч Г.Дгийн “...“Mazda Demio” загварын 62-45 УБМ улсын дугаартай автомашинаа жолоодон зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байгаад 3 дугаар эгнээ рүү орох мөчид “Toyota Corolla Rumion” загварын 16-60 УНП улсын дугаартай автомашин урсгал сөрөөд, зорчих хэсэг тусгаарласан төмөр сараалжин хайс мөргөөд, түрээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогсож байсан “Toyota Harrier” загварын 79-58 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөөс ирээд миний автомашиныг мөргөсөн. ...” /1хх 26-27/,

гэрч Р.Тунгалагийн “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар үйлчилгээний төвийн урд замаар эргэх гээд явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг автомашин ороод ирсэн. ... /1хх 29/,

гэрч Д.Ганбаатарын “Би эхнэр Б болон Б, Наранбаяр нарын хамт ... “Mazda Demio” загварын 62-45 УБМ улсын дугаартай автомашин хөлслөөд ... Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөөс ... нэг автомашин хашлага мөргөөд ороод ирсэн. Тэгээд миний сууж явсан автомашины өөдөөс мөргөсөн. ... “Toyota Corolla Rumion” загварын 16-60 УНП улсын дугаартай автомашин эхлээд хайс мөргөөд дараа нь гэрлэн дохио дээр зогсож байсан “Toyota Harrier” загварын 79-58 УНЭ улсын дугаартай автомашин мөргөөд дараа нь миний сууж явсан автомашиныг мөргөсөн. ...” /1хх 31-32/,

гэрч С.Эгийн “...Гэрлэн дохио хүлээгээд зогсож байтал өөдөөс хурц гэрэл гарч ирээд зорчих хэсгийн голын төмөр хайс хуйлраад, улбар шар өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд миний автомашины урд хэсэг болон хойд хэсгийг мөргөөд төмөр хайс хамаад араас ирж явсан “Mazda Demio” загварын автомашины урд хэсгийг очиж мөргөөд тулаад зогссон. Тэгээд зугтах оролдлого хийхээр нь би очиж хартал 40 орчим насны эмэгтэй жолоон дээр суусан амнаас нь архи үнэртэж байсан. ...” /1хх 34-35/,

гэрч Ж.Арсланбаатарын “...Д жолооны ард сууж явсан. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад би урд суудлаа мөргөсөн. Юу болов гээд хартал миний сууж явсан автомашин “Mazda Demio” загварын 62-45 УБМ улсын дугаартай автомашины өөдөөс урсгал сөрж очоод мөргөсөн байсан. ...” /1хх 37/,

Д.Дын яллагдагчаар өгсөн “...Би ... 2 найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ 1 цаг 40 минутын орчимд, ... өөрийн эзэмшлийн “Toyota Corolla Rumion” загварын 16-60 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ эсрэг урсгал сөрж яваад “Toyota Harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай, “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, улмаар тус машинд зорчиж явсан Х.Бгийн эрүүл мэндэд хохирол учруулсан. ...” /1хх 108-109/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2172 дугаартай “...Х.Бгийн биед хүзүүний 6 дугаар нугалмын зүүн сэртэн, зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2295 дугаартай “...Б.Бы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 43/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-14/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 5/, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх 6/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 7-12/, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 58-61, 70-72/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 64-69/, “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 232-236/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 239-243/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Э, Г.Д нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн, Ц.Дийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 2.749.000 төгрөгийн Г.Дгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 1.693.000 төгрөгийн, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Дын дээрх гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нар “...Шүүгдэгч Д.Д нь үйлдсэн хэргээ хүлээн гэмшиж байгаа. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт шүүхээс тогтоосон төлбөл зохих төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Х.Б, Б.Б нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлөхөө бүрэн илэрхийлж байна. Д.Дын гэр бүлийн байдлыг харгалзан ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “...болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд “Үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах” талаар тусгайлан зохицуулсан.

Шүүгдэгч Д.Дын 3-14 насны 3 хүүхэдтэй, Цар тахлын улмаас нөхөр Г.О нь АНУ-аас ирэх боломжгүй байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирлыг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд нөхөн төлсөн, мөн хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарт уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Д.Дт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, энэхүү хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг тус тус түүнд хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/381 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүргийг тус тус хүлээлгэсүгэй.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ