Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/02135

 

 

 

 

 

 

 

         2020        08           25  

                                181/ШШ2020/02135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Э.Ц-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Д-д холбогдох,

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг Э.Цт шилжүүлэхийг даалгах тухай хэргийг зхянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Э.Цнь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Дтай 3 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөгийг зээлж авсан.

Мөн өдөртөө Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт баяршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан Барьцааны гэрээ байгуулсан.

Б.Днь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр намайг дуудан найз нь чамд ашигтай нөхцөл үүсгэе үлдэх төлбөр дээрээ авто зогсоолоо надад өгчих тэгээд дуусгавар болгоё гээд намайг нотариат дээр дагуулан үүрэг дуусгавар болсон хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж авто зогсоолыг авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган авсан.

Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Днь намайг 20 сая төгрөгөө төлөөгүй гээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өгч мэдүүлэг өгсөн ба иргэний шүүх дээрх зээлийн гэрээтэй холбоотой шийдвэр гаргуулвал чам дээр үүсгэсэн эрүүгийн гомдолоо татна гэсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүх дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг айлган сүрдүүлж гаргуулсан.

Б.Днь зээлийн гэрээний дагуу надаас 46.400.000 төгрөг гаргуулснаас гадна миний авто зогсоолыг өмчлөх эрхтэй болоод байна. Өөрөөр хэлбэл Б.Д2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үүрэг дуусгавар болгосон хэлцэл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийлгэж, өөртөө их хэмжээний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан.

Харин миний бие үлдэх төлбөр болох 17.200.000 төгрөгөндөө зах зээлийн ханшаар 25.000.000 төгрөгний үнэлгээ бүхий авто зогсоолын гэрээний төлбөрт бүрэн шилжүүлэн аваад зөрүүнд нь 3.000.000 төгрөг төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй учир гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа нэхэмжлэгчийн авга эгч н.Дэлгэрмаагийн өмчлөлд байсан.

Б.Д, Э.Цнарын хооронд байгуулсан гэрээнд Э.Цтухайн үл хөдлөх эд хөрөнгөө 3.000.000 төгрөгөөр худалдъя, ирээдүйд үнийг төлөх буюу 2 жилийн дараа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлье гэж гэрээ байгуулах санал гаргасан.

Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийллээ нөгөө этгээдийн хамт бодитойгоор илэрхийлэх шаардлагыг нэг бүрчлэн хангаж байна.

Энэ гэрээний үүргийг хариуцагчаас биелүүлсэн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Гэрээний үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж, гэрээний үүргийн биелүүлсэн болохыг бичгийн нотлох баримтаар нотлож байна.

Худалдах худалдан авах гэрээ 3.000.000 төгрөгөөр байгуулаад үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж,  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,  Их Монгол улсын гудамж 105 дугаар байр, 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг Э.Цт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: Э.Ц, Б.Д нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд:

1.1.Нэхэмжлэгч Э.Цнь хариуцагч Б.Дгаас 20.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажууулсанаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 5, 10, 11-р хуудас/

Дээрх зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалж барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-р хуудас/

1.2.Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Б.Днарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаанд буй автозогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хийжээ. /хх-ийн 7-р хуудас/

Зохигч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай дээрх хэлцлээр 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцжээ.

1.3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08565 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Цолмонбаяр нь дээрх зээлийн гэрээний төлбөрт 46.400.000 төгрөгийг Б.Дд төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх-ийн 12,13-р хуудас/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 08565 дугаартай шүүхийн шийдвэр, 9050 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 187, 238-р хуудас/

Эвлэрлийг баталгаажуулсан дээрх захирамжид барьцаа хөрөнгөний тухай дурьдагдаагүйгээс нэхэмжлэгч Э.Ц нь уг хөрөнгийг Б.Д-д дараах байдлаар шилжүүлсэн гэж үзэхээр байна.

ХОЁР: Э.Ц, Б.Днарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний тухайд:

Нэхэмжлэгч /худалдагч/ Э.Ц2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж 105 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолыг 3.000.000 төгрөгөөр худалдах, хариуцагч /худалдан авагч/ Б.Днь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 8-р хуудас/

Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч /худалдан авагч/ Б.Днь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч /худалдагч/ Э.Цт хүлээлгэн өгч уг үл хөдлөх эд хөрөнгө Б.Дд шилжсэн байна. /хх-ийн 9, 39-р хуудас/

Дээрх бүхнээс үзэхэд нэхэмжлэгч Э.Цнь Б.Дтай 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот авто зогсоолыг Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 3.000.000 төгрөгөөр худалдаж 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Дгаас 3.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байна./хх-ийн 39-р хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.3-д зааснаар энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр /Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар/ өмчлөх эрх худалдан авагч талд үүсч, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болохоор тохиролцжээ.

Э.Ц нь автозогсоол худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг айлган сүрдүүлж гаргуулсан, 3.000.000 төгрөгийг аваагүй, Үүрэг дуусгавар болгосон хэлцэл, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуурч мэхлэн хийлгэж, хариуцагч Б.Дг өөртөө их хэмжээний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж тайлбарлаж байгаа үндэслэлүүдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Э.Цнь хариуцагч Б.Дтай 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их Монгол гудамж 105 дугаар байр, 18 тоот авто зогсоолыг 3.000.000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй, хариуцагч Б.Днар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Одгаригт шүүх хуралдааны товыг 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр буюу тэднийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно. /хх-ийн 209, 244, 245, 247-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол  105 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО