Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 39

 

Н.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0023/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Аймгийн прокурорын газрын

орлогч прокурор                           У.Дэндэвдорж

Хохирогчийн өмгөөлөгч               И.Атарбямба

Цагаатгагдсан этгээд                   Н.М-

Цагаатгагдсан этгээдийн

өмгөөлөгч                                     Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаар цагаатгах тогтоолтой, Н-гийн М-т холбогдох, 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч П.Б-гийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын  эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-гийн М- 

Шүүгдэгч Н.М- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2., 2 дахь хэсгийн 2., 5 дугаар зүйлийн 4., Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-д заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Б-гийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 05 дугаар сарын 18-ны, 2018 оны 06 дугаар сарын 18-ны, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.Б-гийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаар цагаатгах тогтоолоор:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт Б- овогт Н-гийн М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 .д зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5.т зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Миний бие 2016 оны сонгуулийн дараа МАН-аас хэрэгжүүлсэн 60-н тэрбумын авлигын сүлжээний хохирогч болж МЦХ ХК-н Дархан-уул аймгийн Холбооны газрын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн ба З шатны шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажпаас халагдсаныг тогтоож 2017 оны 12-р сарын 07-нд Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн.

Гурван шатны шүүхийн шийдвэрийг МЦХ ХК-н захирал шийдвэрлэхгүй цааргалсаар 2018 оны 06-р сарын 22-нд ажил хүлээлцэх хуурамч акт үйлдэж 2018 оны 07-р сарын 20-нд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэх хуурамч Х/146 тушаап гаргасан.

Уг тушаалын үндэслэл хэсэгт Дархан-Уул аймгийн НДХ-ийн 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн 674 тоот 2018 оны 06-р сарын 18-ний өдрийн 757 тоот албан бичиг, Хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 0161021 тоот акт Мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 06-р сарын 19-ний өдрийн 10-01-001-114 тоот дүгнэлтийг дурдаж уг тушаалыг гаргасан байдаг.

Дээрх албан тоот дүгнэлтүүдийг МЦХ ХК-н гүйцэтгэх захирал А- нь 60-н тэрбумын сүлжээгээр томилогдсон хүнээ ажилтай байлгахын тулд дээрх албан тушаалтнуудтай урьдчилан ярьж тохирч албан тоот явуулж хууль бус дүгнэлт гаргуулж хувь хүний эрүүл мэндийн нууцыг санаатайгаар задруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалтай нотлогдож яллах дүгнэлт үйлдэгдсэн болно.

МХЕГ, НДЕГ дээрх хууль бус шийдвэрийг Улсын Ерөнхий байцаагчийн тогтоолоор хүчингүй болгож Төрийн албан хаагчийн ёс зүйн хорооны тогтоол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болно.

Шүүхийн цагаатгах тогтоолын 14-р хуудсанд ...хувь хүний нууц задруулах гэдэг нь хүний хувийн нууцийг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг, бичлэг бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст санаатай тараасан байхыг ойлгоно. гэж тодорхойлсон байна.

Тогтоолын 15-р хуудсанд 2 дахь хэсэгт “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг ойлгоно гэж тус тус заажээ гэж дурдсан байна.

Гэвч эрхэм шүүгч цаашид дээрх хуулийн заалтыг огт ойлгоогүй хуулийг санаатайгаар гуйвуулан тайлбар хийж хавтаст хэргээс зөвхөн Н.М-ыг цагаатгах талын гэрчийн мэдүүлгийг түүвэрлэн дурдаад илт хууль бус авлига ашиг сонирхлын зөрчлөөр хэргийн үнэн бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр /цагаатгах тогтоол/ гаргасан гэж үзэж байна.

Хувь хүний нууцын тухай хуулийн 2-р зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 2, 5-р хэсгийн 4 дэх заалтыг ноцтой зөрчсөн яллагдагч Н.М- нь дээрх үйлдлийг 60-н тэрбумын авилгалын сүлжээгээр томилогдсон У-ийг МЦХ ХК-н Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь үлдээхийн тулд урьдчилан тохирч санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг болно.

Шүүгч Н.Идэр нь тухайн өдөр болсон хуралдааны тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн яллагдагч Н.М-ыг гэм буруугүй гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлгүүдийг түүвэрлэн бичээд прокуроруудын яллах дүгнэлтэнд тайлбарласан тайлбар, гарцаагүй хууль зөрчсөнийг нотлох баримтаар дүгнэж хэлсэн тайлбар, яллагдагч, түүний өмгөөлөгчийн мэдүүлгийг няцаасан тайлбарыг огт дурдаагүй бөгөөд хууль бус шийдвэрээ зөвтгөхийн тулд хуулийн онолын тайлбар хийж ойлгоход төвөгтэй хоорондоо зөрчилтэй шүүгчийн дүгнэлт гэхээсээ онол арга зүйн зөвлөмж болсон байна.

Прокуророос МЦХ ХК-д 2 удаа, МХГ нэг удаа олон удаагийн үйлдлээр нууц задруулсныг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тухай яллах дүгнэлтэнд дурдсан энэ тухай шүүх хурал дээр прокурорууд удаа дараа тайлбарласаар байтал энэ тухай тогтоолд огт дурдаагүй, яллах дүгнэлтэд няцаалт хийж чадаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, цагаатгах тогтоолоор нотлогдох болно.

Яллагдагч Н.М- нь 60-н тэрбумын авилгын сүлжээний гол төлөөлөгч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үеэл дүү гэх бөгөөд илт хууль зөрчиж гаргасан шүүгчийн цагаатгах тогтоолд ашиг сонирхолийн зөрчил нөлөөлсөн байж болзошгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримт Дархан-Уул аймгийн ЦГ-ийн мөрдөгч нарийн 4 удаагийн яллагдагчаар татахаар прокурорт хүргүүлсэн санал, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, 2019 оны 12-р сарын 19-нд гарсан 462 тоот яллах дүгнэлт зэргийг үндэслэн Дархан-Үул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 05-ний өдрийн 2020/ШШТ/59 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Н.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Прокуророос шүүгдэгч Н.М- нь албан үүргээ гуйцэтгэх явцад олж мэдсэн хохирогч П.Б-гийн Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан хувь хүний эрүүл мэндийн талаарх нууцыг түүний өөрийнхөн зөвшөөрөлгүйгээр, Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, лавлагаа олгох журмыг зөрчин задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Харин шүүх Н.М-ын үйлдлийн улмаас хохирогч П.Б-гийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учраагүй байна. Учир нь П.Б-гийн Е10 Инсулинээс хамаарах чихрийн шижин өвчин нь ердийн өвчинд тооцогдох тул Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хувь хүний нууц биш гэж хуулийг тайлбарлан шууд дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д “Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” гэж заасан. Хавтаст хэрэг авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Э-ын мэдүүлгээр чихрийн шижин өвчин бол халдварт өвчин биш боловч хүний өвчин мөн болохыг мэргэжлийн хүний хувьд тодорхойлж өгсөн. Мөн хавтас хэрэгт шүүгдэгч Н.М- нь иргэн П.Б-гийн эрүүл мэндийн нууцад хамаарах өвчний талаарх мэдээллийг ажил олгогч Монголын Цахилгаан холбоо ХХК-д албан бичгээр тодорхойлолт мэдээлэл өгч, улмаар ажил нь олгогч уг мэдээллийг ашиглан П.Б-г ажлаас чөлөөлсөн ба иргэн П.Б- нь ажил олгогчийн уг шийдвэр нь түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж шүүхийн байгууллагад хандаж шүүхээс иргэний болон захиргааны хэрэг үүсгэн тус маргаан шалгаж байгаа талаарх холбогдох баримт материал хавтаст хэрэг хангалттай авагдсан болно. Дээрх байдлаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.М- хохирогч П.Б-гийн Хувь хүний нууцаар хамгаалагдсан эрүүл мэндийн нууцыг задруулж улмаар түүний хууль ёсны ашиг, сонирхолд илтэд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн шүүх прокурор хувь хүний нууцын талаарх харилцан хамаарлыг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж тайлбарласан, гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёны зарчимыг зөрчиж Хувь хүний нууцын тухай хууль, Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, лавлагаа олгох журамд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, ажил олгогчийн хүсэлтийн дагуу салбарын ажилтныхан эрүүл мэндийн талаар мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн шүүгдэгчийн үйлдлийг заавал хувь хүний нууц задруулахад хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн агуулга зарчмыг тайлбарлах нь буруу. Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмаар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж хууль тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд “хувь хүний нууц”-ыг тусгайлан тайлбарлаагүй бөгөөд Хувь хүний нууцын тухай хуулиар “хувь нууцыг”-ыг тодорхойлж тус хуулиар хамгаалсан эрх зүйн зохицуулалттай байна. Мөн прокуророос Н.М- нь Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, лавлагаа олгох журмыг зөрчин оусдад өгч болохгүй, хуулиар хамгаалагдсан хувь нууцын талаарх мэдээллийг бусдад өгч дээрх журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх нэг талын нотлох баримт юм.

Үүнтэй холбогдуулан прокуророос Н.М- нь холбогдох хууль, журам зэргийг зөрчин хохирогч П.Б-гийн хувь хүний нууцыг задруулсан гэж ялласан бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, лавлагаа олгох журам зөрчсөн гэж яллаагүй болно. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заажээ. Харин Н.М-ын хувьд хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн холбогдох хууль тогтоомж, заавар журмаа зөрчин бусдын хуулиар хамгаалсан нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан “хэргийн бодит байдалтай дүгнэлт нийцээгүй дүгнэлт” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д  заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох болно.       

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Б-гийн өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа:

Илтгэгч шүүгч миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Н.М- нь түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг 3 удаа явуулсан нь тогтоогддог. Энэхүү асуудлаас болж миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Аймгийн прокурорын газрын орлогч прокурор У.Дэндэвдорж дүгнэлтдээ:

Цагаатгах тогтоол үндэслэлгүй. Хувь хүний нууцын тухай хуульд хувь хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл нь нууцад хамааруулахаар заасан. Тухайн баримтыг үндэслээд хохирогчийг ажлаас нь халчихсан байхад түүнд илтэд хохирол хор уршиг учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн санаатайгаар биш болгоомжгүйгээр хувь хүний нууц задруулсан байна гэж цагаатгах тогтоолдоо тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Санаатайгаар задруулсан гэдэг нэр томьёо хуульд байхгүй. Түүний үйлдэл нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Ямар мэдээлэл өгөх, өгөхгүй нь заавар журманд нь тодорхой байгаа. Мэдээгүй гэдэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Н.М-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж оролцож байна. Гэмт хэргийн шинжийн аль нэг нь үгүйсгэгдэж байвал гэмт хэрэгт тооцдоггүй талаар хуульд тодорхой заасан. Албан бичгийн хариуг миний үйлчлүүлэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу олгосон байдаг. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасан. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Н.М- тайлбартаа:

Хохирогчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагаас лавлагаа өгөхөөс өмнө Монголын цахилгаан холбоо түүнийг өвчтэй гэдгийг мэдсэн байдаг. Үүнийг бататгахын тулд манай байгууллагад 3 удаа хүсэлтийг ирүүлсэн байдаг. Өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын дагуу хариу өгсөн. Ямар нэгэн өөр санаа зорилго байгаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хохирогч П.Б-гийн давж заалдах гомдол мөн   прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос:

Цагаатгагдсан этгээд  Н.М-ыг  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2., 2 дахь хэсгийн 2., 5 дугаар зүйлийн 4., Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-д заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Б-гийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 05 дугаар сарын 18-ны, 2018 оны 06 дугаар сарын 18-ны, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.Б-гийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Н.М-ын үйлдлийг Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг   цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл П.Б- нь “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ талаараа шүүхэд хандаж 3 шатны шүүхийн шийдвэрээр  түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. /хяналтын шатны шүүхийн шийдвэр 2017-12-07-ны өдөр/

           Шүүх хуралдаан дээр “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П.Б-гийн эрүүл мэндийн талаар мөн хөдөлмөр чадвар алдалтын өвчний актыг танилцуулсан бөгөөд П.Б- энэ баримтыг өөрийнхээ хувь хүний нууцтай холбоотой асуудлыг хууль бусаар олж авсан гэж гомдол гаргасан.,  харин энэ баримтыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.М- нь 2018 оны 05 дугаар сард П.Б-гийн ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” ХК-с 3 удаагийн албан бичиг  ирүүлсэн учир төрийн албан хаагчийн ажил үүргийн дагуу албан бичгүүдэд тухай бүр нь гарын үсэг зурж хариуг явуулсан үйл баримт болжээ.

          Энэ үйл баримт нь цагаатгах тогтоолын  үндэслэл болсон  нотлох баримт болох  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн цагаатгагдсан этгээд Н.М-, хохирогч П.Б-, гэрч Ж.Азбаяр, Д.Болдбаатар В.Энхзаяа, Б.Э- Ц.Ганцэцэг нарын мэдүүлэг, /х.хийн 2 -8-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/  “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018-5-17-ны өдрийн 3а/339 дугаар,  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018-5-18-ны өдрийн 614 дугаарт албан бичгүүд, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт , /х.хийн 87-89-р хуудас / “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018-5-29-ний өдрийн 3а/353 дугаартай, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018-05-31-ний өдрийн 674 дугаартай албан бичиг.,  /х.хийн 90-91-р хуудас / “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 2018-06 -13-ны өдрийн 3а/391 дугаар.,  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018-06-18-ны өдрийн 757 дугаартай албан бичэг ., /х.хийн 90-93-р хуудас/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018-12-07-ны өдрийн 1/2857 дугаартай албан бичиг / 2-р х.хийн 24-р хуудас / “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-07-20-ны өдрийн  Х/146  дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал., /2-р х.хийн 76-р хуудас / Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн хорооны 2019 - 01 -04-ний өдрийн дүгнэлт., / х.хийн 80-81-р хуудас/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015-12-18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журам., / х.хийн /136-142-р хуудас/ зэргээр  тогтоогджээ.

Харин энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2.т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй., өөрөөр хэлбэл Н.М- нь  П.Б-гийн ажил олгогч  болох “Монголын цахилгаан холбоо” ХК-с Дархан-Уул аймаг дахь салбарын ажилтан П.Б-гийн хөдөлмөрийн чадвар алдалт, нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэртэй холбоотой мэдээлэл гаргуулахаар ирүүлсэн удаа дараагийн албан бичгийн дагуу тухай бүр нь албан үүргийн дагуу хариу хүргүүлсэн болох нь нотлогдсон байна.

Хуульд зааснаар  “хувь хүний нууц” гэдэг нь тухайн этгээдийн хуульд нийцүүлэн нууцалсан бөгөөд түүнийг задруулбал тэр хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг  ойлгох ба  “хувь хүний нууцыг задруулах”  гэдэг нь хүний хувийн нууцыг агуулсан мэдээ сэлт, бичиг баримт, зураг, бичлэг, бусад биет зүйлийг хөндлөнгийн хүмүүст, хэвлэл мэдээллээр болон бусад арга, хэлбэрээр санаатай тараасан байх., энэ санаатай үйлдэл нь  ямар нэг тодорхой зорилгыг агуулсан байх бөгөөд ийм нөхцөл байдал  Н.М-ын  үйлдэлд тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хувь хүний нууцад захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц  хамаарах бөгөөд  эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл хамрагдах бөгөөд П.Б-гийн Е10 инсулинээс хамаарах чихрийн шижин өвчин нь ердийн өвчинд тооцогдохоос гадна  ажил олгогчийн хүсэлтийн дагуу салбарын ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх эрүүл мэндийн мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн  үйлдлийг хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй.       

Мөн тухайн орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нийгмийн даатгалтай холбоотой үүрэг хүлээхээс гадна тухайн аймгийн хэмжээнд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын ажил үүргийг давхар хийдэг учраас ажил үүргийн хуваарийн дагуу энэ асуудалтай холбоотой албан бичигт албаны журмаар хариу илгээсэн гэж үзэхээр байна.

          Нөгөө талаар Монголын цахилгаан холбооноос Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.4, 3.4.5 дугаар  заалтыг үндэслэж  Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж П.Б- нь нийгмийн даатгалын сангаас олгогддог, тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг хэдэн оноос, хэдэн хувиар тогтоогдсон зэрэг тэтгэмжийн аль төрөлд хамрагддаг тухай лавлагааг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай албан бичгээр хандаж хариуг авахад Дархан-Уул нийгмийн даатгалын хэлтсээс П.Б-г Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0091480 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар тогтоолгосон., энэ нь 24 сарын сунгалттай гэсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн актын хамтаар ирүүлжээ.

            Үүнээс үзвэл төрийн албан хаагч нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил мэргэжил, ур чадвараас гадна биеийн эрүүл мэндийн хувьд  тухайн ажил үүрэг гүйцэтгэх чадвартай эсэх  талаар мэдүүлэх үүрэгтэй  бөгөөд П.Б-  75%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар,  эрүүл мэндийн байдлаа ажил олгогчдоо мэдэгдээгүй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын тухай хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

            Иймд анхан шатны шүүх болсон үйл баримт болон нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж Н.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Б-гийн гаргасан давж заалдах гомдол мөн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан.,  шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж дүгнэлт хийсэн., хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээнд  хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Б-гийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

            2 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                     ШҮҮГЧ                                          Ц.ТУЯА

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР