Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00962

 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХК-д холбогдох, 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 54,871,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, нийт 65,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “ ****” ХХК нь хариуцагч “ **** ****” ХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 42,631,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, нийт 53,631,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ажлын хөлсөнд нийтдээ 53,393,000 төгрөг, алдангид 11,000,000 төгрөг, камер суурилуулсны үнэ 1,478,000 төгрөг, нийт 65,871,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “ **** ****” ХК-аас 65,871,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651,845 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 487,305 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 164,540 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “65,871,000 төгрөг” гэснийг “64,393,000” төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,000 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Дархангурил ****” ХК нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 729 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.14-ний өдрийн 100 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь: Манай компани нь “ ****” ХХК-тай 2018.10.03-ны өдөр харуул хамгаалалтын 18/10 тоот гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагуу хийгдэх харуул хамгаалалтын ажиллагааны дотоод журмыг баталсан байдаг. Энэ гэрээ, дотоод журмын үндсэн зорилго нь: “ ****” ХХК-аас гэрээний дагуу үйлчлүүлэгч байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажиллагсдын хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж байх үүднээс байгууллагыг гадны гэмт халдлагаас хамгаалах, объектын эд аж ахуй, хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж ажиллахад оршино... гэж бид хамтын үйл ажиллагааны журмаа боловсруулж талууд энэ гэрээ журмаа баталж гарын үсгээ зурцгаасан байдаг юм. Харуул хамгаалалтын гэрээний 4-т “Өөрийн байгууллагын ажилтны гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хамгаалагч байгууллага хуулийн дагуу хариуцаж барагдуулна ... мөн гэрээний 10-т ...харуул хамгаалалтын албан хаагч нь гэрээний заалтыг зөрчсөнөөс үйлчлүүлэгчид эд хөрөнгийн хохирол учруулбал харуул хамгаалалтын байгууллага хариуцлагыг хүлээж үйлчлүүлэгчийг нэн түрүүнд хохиролгүй болгох ба хамгаалалтын албан хаагчийн хариуцлагын асуудлыг өөрийн дотоод журмаараа зохицуулна... гэж заасан. Мөн “ **** ****” ХК, “ ****” ХХК-ийн хооронд гэрээний дагуу хийгдэх харуул хамгаалалтын үйл ажиллагааны дотоод журамд ... хамгаалагч өдөр 2 цагаар, шөнө 1 цаг тутам объектыг эргэн шалгаж төв оператор 83-т мэдээг тогтмол өгч байх, шаардлагатай үед үйлчлүүлэгч байгууллагын болон хамгаалалтын байгууллагын удирдлага дарга нарт мэдэгдэж байх, хоногийн нөхцөл байдлыг бичсэн рапортыг байгууллагын  эрх бүхий албан тушаалтанд дараагийн хамгаалагчийн хамт орж танилцуулж байх, дугаар постын хамгаалагч нь хашааны хамгаалалтын тор, хамгаалалтын сараалж, үйлдвэрийн объектын хаалга, цонхны бүрэн бүтэн байдлыг ээлж хүлээлцэх үедээ заавал биечлэн шалгаж хүлээн авч рапортод танилцуулна ... гэж тусгасан байхад энэ заалтуудыг зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “ ****” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Харин ч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс байгууллагад хулгай орж 31,000,000 төгрөгийн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ хулгайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар шүүхэд мэдэгдэж эрүүгийн хэрэг шалгагдаж дууссаны дараа иргэний хэргийг шийдүүлэх тухай хүсэлтээ гаргасаар байтал шүүх хүсэлт хүлээн аваагүй ба гаргасан сөрөг нэхэмжлэлийг ч хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрсдийнх нь харж хамгаалж байсан объектод хулгай ороод өчнөөн сая төгрөгийн хохирол манай компанид учраад байгааг харуул хамгаалалтын компани өөрсдөө ч сайн мэдэж байгаа ба тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Бид өчнөөн сая төгрөгийн хөлс төлөөд эд хөрөнгөө хамгаалуулж бүрэн бүтэн байлгаж чадаагүй, учирсан хохирлоо ч харуул хамгаалалтын компаниас авч чадахгүй хохироод үлдэх нь маш их гомдлыг төрүүлж байгаа юм. Ажил үүргээ чанарын шаардлага хангатал ажиллаж байж гэрээний хөлсөө авах ёстой. Хөлсөөр ажиллах гэрээний зарчим ч ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэж байж хөлс авах тухай асуудал яригдахыг хуульчилсан байгаа шүү дээ. Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “ ****” ХХК нь хариуцагч “ **** ****” ХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 42,631,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, нийт 53,631,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ажлын хөлсөнд нийтдээ 53,393,000 төгрөг, алдангид 11,000,000 төгрөг, камер суурилуулсны үнэ 1,478,000 төгрөг, нийт 65,871,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид хулгай орж, 31,000,000 төгрөгийн хохирол учирсан. ...хохирлоо төлүүлнэ гэж маргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагчаас 65,871,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...хариуцагчаас 64,393,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулжээ. 

8. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9. Хариуцагч “ **** ****” ХК нь нэхэмжлэгч “ ****” ХХК-тай 2018.10.03-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ байгуулж, нэг сарын харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 3,600,000 төгрөг төлөхөөр, төлбөрийг сар бүрийн 25-ны дотор тус байгууллагын Хаан банкны ...дансанд шилжүүлэн төлөх, ...тогтоосон хугацаанд төлбөрийг хийхгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт төлбөрийн 0,5 хувиар алданги нэмж төлөхөөр харилцан тохиролцсон байна.  

10. Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д  заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. 

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “ **** ****” ХК нь гэрээний төлбөрт 2019.08.26-нд 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 18-нд 3,000,000 төгрөг, 2,125,000 төгрөгийн гурил, 1,282,000 төгрөгийн бүтээгдэхүүн, нийт 14,000,407 төгрөгийг төлсөн, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна. 

12. Хариуцагч “ **** ****” ХК нь гэрээгээр тохирсон, төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлөх үүргээ биелүүлээгүй, тодруулбал 2019 оны 01 сараас хойш гэрээний төлбөрийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх, төлбөл зохих төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт шаардах эрхтэй. Хоёр шатны шүүх хариуцагчаас 2019 оны 01 сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт нийтдээ 53,393,000 төгрөг, алдангид 11,000,000 төгрөг, нийт 64,393,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. 

13. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нь камер суурилуулсны үнэ 1,478,000 төгрөгийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.  Учир нь, талуудын хооронд байгуулагдсан Харуул хамгаалалтын гэрээний 12.3-т “Компанийн хашааны хаалга, хяналтын пүү, ажлын байр руу орох хаалга, үүдний хэсгийг өөрсдийн хөрөнгөөр камержуулан, хяналтыг харуулын өрөөнд суурилуулах болно” гэж заасан, мөн хэргийн баримт /хх-ийн 38 тал/-аар нэхэмжлэгч нь камерын системийг хамтран ажилласны урамшуулал болгон хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна. 

14. Давж заалдах шатны шүүх талуудын гэрээгээр хүлээсэн тохиролцоо, нотлох баримтыг үндэслэн нэхэмжилсэн камер суурилуулсны үнэ 1,478,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэх талаар тусгаагүй тул эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

15. Хариуцагчийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс манай байгууллагад хулгай орж, 31,000,000 төгрөгийн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн. ...энэ хулгайн гэмт хэргийн талаар шүүхэд мэдэгдэж, эрүүгийн хэрэг шалгагдаж дууссаны дараа иргэний хэргийг шийдүүлэх тухай хүсэлтээ гаргасаар байтал шүүх хүсэлтийг хүлээж аваагүй, гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна. ...Өөрсдийнх нь харж хамгаалж байсан объектод хулгай ороод өчнөөн сая төгрөгийн хохирол учраад байгааг харуул хамгаалалтын компани сайн мэдэж байгаа ба тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой...” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй. Энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ. 

16. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХК-аас 64,393,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, үлдэх 1,478,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “487,305” гэснийг “479,915” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.13-ны өдөр төлсөн 488,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

     Х.ЭРДЭНЭСУВД