Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01155

 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2395 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох, 

Гэрээний үүрэгт 4,609,380 төгрөг, мөн 56 ширхэг 1,080,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан гэрээний үүрэгт 4,609,380 төгрөг, мөн 56 ширхэг 1,080,800 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас түрээсийн гэрээний үүрэгт 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхгийг, түрээсийн төлбөрт 4,099,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 509,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2395 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.29-ний өдрийн 102/ШШ2020/02823 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2395 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч “ **** ****” ХХК, хариуцагч **** нар нь 2018.09.01-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулан 1,5 метрийн хар трубаг 20 ширхгийг хоногийн 2000 төгрөг буюу нэг ширхгийг 100 төгрөгөөр, 6 метрийн хар трубаг 20 ширхгийг хоногийн 1640 төгрөг буюу нэг ширхгийг 165 төгрөгөөр, трубаны залгааг 16 ширхгийг хоногийн 1280 төгрөгөөр буюу 1 ширхгийг хоногийн 80 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон” гэж хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөв үнэлээгүйд гомдолтой байна. Учир нь: Нэхэмжлэгч компани нь хариуцагч ****тай анх гэрээ байгуулах үедээ түрээсийн төлбөрийг амаар тохиролцож, 1 сарын төлбөрт 139,200 төгрөгийг 300,000 төгрөгийн барьцааны хамт дансаар шилжүүлэн авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч ийнхүү барьцаа төлбөр болон эхний 1 сарын түрээсийн төлбөрийн хамт хүлээн авснаа нэхэмжлэлдээ анхнаасаа огт дурдаж байгаагүй бөгөөд эхний сарын түрээсийн төлбөр 139,200 төгрөг, барьцаа төлбөрийн хамт тухайн компанийн удирдах ажилтны данс руу тушаасан банкны дансны хуулгыг бидний зүгээс баримтаар гаргаж өгөх үед л хүлээн зөвшөөрдөг. Харин Нийслэлийн шүүх магадлалдаа “Хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 711 хоногоор тооцоолоход 6,598,080 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 4,539,180 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн өмнө төлсөн 439,000 төгрөгийг хасаж нийт 4,099,980 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй” гэж мөн л буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь: Нэхэмжлэгч “шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ 1,5 метртэй хар трубаны нэг хоногийн түрээс 100 төгрөг, 6 метртэй цагаан трубаны нэг хоногийн түрээс 165 төгрөг, трубаны залгааны нэг хоногийн түрээсийг 80 төгрөгөөр тохиролцсон мэтээр түрээсийн тооцоогоо гаргасан төдийгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа, үнийг тодорхой тохиролцсон баримт байхгүй ч хариуцагч ****ын данснаас нэхэмжлэгч компанийн удирдах ажилтны данс руу 439,200 төгрөг шилжүүлсэн дансны хуулга бүхий баримтыг үнэлээгүй хэрнээ нэхэмжлэгч талын 15 хоногийн хугацаатай байсан гэсэн аман тайлбарыг үндэслэн гэрээний хугацааг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үнийн дүнгээс өөр үнийн дүн бүхий баримт /x/x-39-р тал/-аар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн дээрх баримтыг нэхэмжлэгч анх шүүхэд гаргаж өгөхдөө уг баримтын 439,200 төгрөг, хариуцагч ****ын гарын үсэг бүхий хэсгийг харагдахгүй байдлаар хуулбарлан, нотариатаар баталгаажуулж өгч байсан. /x/x-11-р талд/ Харин хариуцагчийн төлөөлөгч миний бие уг баримтын эхийг гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу эх баримт гэх зүйлийг авч ирсэн боловч уг баримтын дээрх зарлагын падаан №15 /x/x-11-р талд/ гэх бичиглэлийн №15 гэж бичигдсэн байсан тoo нь байхгүй эх хувь нь гэх баримтыг /x/x-39-р талд/ шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн эх баримт, нотариатаар баталгаажуулсан баримтууд нь илтэд зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, гэрээний хавсралт гэх баримтууд нь өөр өөр үнийн дүнтэй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв уг баримтыг шүүх үнэлж түрээсийн төлбөрийг тогтоосон бол уг баримтад зарим зүйлсийн үнэ буюу 1,5 метртэй хар трубаны үнэ тусгагдаагүй байдаг төдийгүй нэхэмжлэгч уг баримтад тусгагдсан үнээр хариуцагч ****тай тохиролцсон гэдгээ нотолж чаддаггүй болно.

4.2. Мөн үндэслэх хэсэгт: “Зохигчид түрээсийн гэрээнд хугацааг тодорхой тохиролцоогүй боловч зохигчдын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээг 15 хоногийн хугацаатай буюу 2018.09.01-ний өдрөөс өмнө мөн сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байгаа” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн зүйлийг хэдий хугацаанд түрээслэхээр тохиролцсон гэдэг дээр хангалттай үндэслэл болон нотлох баримт гаргаж өгдөггүй ч хариуцагч ****ын хувьд 1 сарын түрээсийн төлбөр болох 139,200 төгрөгийг нэхэмжлэгч компанийн ажилтны дансанд барьцаа төлбөрийн 300,000 төгрөгийн хамт шилжүүлсэн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгснийг шүүх дүгнээгүйд гомдолтой байна. Нөгөө талаас дээрх труба төмрүүдийг барилгын ажилд ашиглах гэж түрээсэлсэн байхад уг барилгын ажил 15 хоногт дуусах боломжтой эсэх, 2 cap орчмын түрээсийн төлбөрийг төлж болохуйц барьцаа төлбөрийн 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ч шүүх уг баримтыг хэрхэн үнэлснээ тодорхой дурдаагүй байна.

4.3. Шүүх үндэслэх хэсэгтээ “Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно”, “гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг ашигласаар байсан нь тогтоогдсон тул түрээсийн гэрээ тодорхойгүй хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзлээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: ****ын ажиллаж байсан барилга нь дээрх түрээсийн зүйлсийг түрээсэлж ашиглаж эхлээд 1 сарын хугацаа ч болоогүй байхад цаг агаарын саатал болон хөрөнгө мөнгөний боломжгүйгээс бүрэн хэмжээгээр зогссон бөгөөд үүнийг нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ч мэдэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн болно. Нөгөө талаас “хөлслүүлэгч татгалзаагүй” гэдэг нь буруу дүгнэлт бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зааснаар **** нь гэрээг сунгах талаар бичгээр мэдэгдээгүй байхад гэрээг түрээслүүлэгч талын санаачилгаар цуцлагдсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн түрээслүүлэгч компани нь 2019 оны 5 сард ****тай уулзаж түрээсийн эд зүйлсийг ашиглаагүй байгааг биечлэн үзсэн ба 2020 оны 3-р сард Баянхонгор аймгийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байгаа зэргээс хөлслүүлэгч аль эрт тухайн гэрээнээс татгалзсан гэдгийг нотолж байгаа болно. Гэтэл хөлслүүлэгч тал татгалзсан мэтээр хуулийн заалтыг хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.29-ний өдрийн 102/ШШ2020/02823 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.18-ны өдрийн 2395 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,539,180 төгрөг, 1,800,000 төгрөгийн үнийн дүнтэй 56 ширхэг барилгын материал буюу 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 16 ширхэг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 56 ширхэг туслах материалыг буцаан өгөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, ... гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан, гэрээний хавсралтад гарын үсэг зураагүй, гэрээ сунгагдаагүй, гэрээний зүйлийн үнийн талаар тохиролцоогүй... гэж маргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас түрээсийн гэрээний үүрэгт 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхгийг, мөн түрээсийн төлбөрт 4,099,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 509,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн эх баримт, нотариатаар баталгаажуулсан баримтууд нь илтэд зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн, гэрээний хавсралт гэх баримтууд нь өөр өөр үнийн дүнтэй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. ...гэрээг сунгах талаар бичгээр мэдэгдээгүй байхад гэрээг түрээслүүлэгч талын санаачилгаар цуцлагдсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. ...түрээслүүлэгч компани нь 2019 оны 5 дугаар сард ****тай уулзаж түрээсийн эд зүйлсийг ашиглаагүй байгааг биечлэн үзсэн ба 2020 оны 3 дугаар сард шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан зэргээс хөлслүүлэгч аль эрт тухайн гэрээнээс татгалзсан гэдгийг нотолж байна. Гэтэл хөлслүүлэгч тал татгалзсан мэтээр хуулийн заалтыг хэрэглэсэнд гомдолтой...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасанд нийцжээ. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Барилгын туслах материал түрээслэх гэрээ, хавсралт №1, №3, зарлагын падаан №13, зохигчийн тайлбар болон бусад баримтуудаас үзвэл талууд 2018.09.01-ний өдөр харилцан тохиролцож барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 1.5 метр хар труба 20 ширхэг, 6 метр цагаан труба 20 ширхэг, 16 ширхэг трубаны залгаа 80 ширхэг, нийт 56 ширхэг туслах материалыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэж өгсөн, хариуцагч нь барьцаа 300,000 төгрөг, түрээсийн төлбөрт 139,200 төгрөг төлсөн, мөн гэрээний зүйлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буцаан хүлээлгэж өгөөгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. 

Түүнчлэн, түрээсийн эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн зарлагын баримтад “...20 ширхэг 1.5 м хэмжээтэй хар трубаг өдөрт 200 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 60,000 төгрөг, 20 ширхэг 6 м хэмжээтэй цагаан трубаг өдөрт 200 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 60,000 төгрөг, 16 ширхэг трубаны залгааг өдөр 80 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 19,200 төгрөг, нийт 139,200 төгрөг” гэснээс үзэхэд талууд гэрээний зүйлийн 1 хоногт төлөгдөх түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоож, гэрээний хугацааг 15 хоногоор гэж тохиролцсон гэж хоёр шатны шүүхийн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ. 

10. Хариуцагч гэрээ байгуулах үед гэрээний хавсралтад хариуцагч гарын үсэг зурж, баталгаажуулаагүй. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, сунгах талаар бичгээр мэдэгдээгүй учраас гэрээ сунгагдсан гэж үзэхгүй. Мөн бараа материалын үнийн талаар харилцан тохиролцоогүй, ...падаан гэх баримтад зурагдсан гарын үсэг минийх биш, хуурамч гэдэг боловч татгалзлын үндэслэлийг баримтаар нотлоогүй байна. 

11. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д “Хөлслөгч нь дараах үүрэг хүлээнэ: ...289.1.5. гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх;”, 296 дугаар зүйлийн 296.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно”, 295 дугаар зүйлийн 295.4-д “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж тус тус заасан. 

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцааж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, эзэмшиж, ашигласаар байсан болох нь тогтоогдсон тул хоёр шатны шүүх Иргэний хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ, хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас түрээсийн төлбөрт нийт 4,099,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг барилгын материал буюу 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 16 ширхгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-д заасанд нийцжээ. 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2395 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.20-ны өдөр төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ 

             П.ЗОЛЗАЯА 

                                                                                                Б.МӨНХТУЯА

              Х.ЭРДЭНЭСУВД