Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2020/02947/И |
Дугаар | 183/ШШ2020/02756 |
Огноо | 2020-10-12 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2020/02756
2020 10 12 183/ШШ2020/02756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Намуун виллаж хотхон, 000 дугаар байр, 000 тоотод оршин суух, Ж овогт, Г.Б /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Оргил хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, Д ХХК /РД:000000/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч А.С, гэрч О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 10 дугаар сараас орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл намайг ажил үүргээ гүйцэтгэх гэсэн боловч удаа дараа ажил гүйцэтгүүлээгүй, амарч бай гэх байдлаар ханддаг байсан. Улмаар 2020.7.21-ний өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулж нягтлан руу холбогдож тушаал гаргуулж өгөхийг шаардахад тушаалтайгаа танилц гэж хэлсэн. Компани дээр очиход 2020.5.16-ны өдөр гэсэн огноотой тушаал гаргаж ирээд буцаж дээшээ гараад 2020.6.16 гэж балаар дээр нь засаад 2020.7.21-ний өдөр энэ тушаалыг гардаж авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Д ХХК-д 2018 оны 10 дугаар сараас эхэлж ажилласан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан. Мөн зайлшгүй үндэслэл шаардлагаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байна гэсэн шаардлага тавьдаг. Энэ үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, Иргэний хуулийн 56.1.1-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан бөгөөд тушаалыг гаргахдаа 2020.7.21-ний өдөр боловсруулж гаргасан. Ингэхдээ тушаалыг зассан байгаа. 2020.5.16-ны өдөр эхэлж гаргаад 2020.6.16-ны өдөр болгож засаж гаргасан байдаг. Тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасныг үндэслэн 2020.02.28-ны өдрөөр нэхэмжлэгчийн ажил үүргийг тасалбар болгосон. Гэвч 4 сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт олгосон байгаа, мөн 5,6 сард нэхэмжлэгчийн нийгмийн даатгалыг төлсөн байгаа. Энэ үйл баримтаас харахад 2020.02.28-ны өдрөөр ажлаас халсан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болгосон гэж дурдсан байдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т хугацаа дуусмагц аль нэг тал цуцлах санал тавиагүй бол хөдөлмөрийн гэрээний хугацааг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Иймд хөдөлмөрийн гэрээг сунгагдсан гэж үзэж байна. Энэ түүний нийгмийн даатгалыг төлсөн, ээлжийн амралт олгосон гэх үйл баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хугацаа тоолох журмыг заасан байгаа. Энэ хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдээгүй тул гэрээ сунгагдсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагч тал ямар нэгэн байдлаар хугацаа дууссан талаар мэдэгдээгүй. Гэтэл нэхэмжлэгчийг хувийн шалтгааны улмаас анхан шатны шүүхээс ял аваад хоригдсон байдаг. Давж заалдах шатны шүүхээс торгох ялаар, Улсын дээд шүүхээс Б-г цагаатгасан байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол одоо гараагүй байгаа. Энэ үйл баримтуудаас харахад хөдөлмөрлөх үйл явцтай холбоогүйгээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа ажил албан тушаалаас түдгэлзүүлэх ёстой байсан. Энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7-д ял оногдуулснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан байдаг бөгөөд энэ хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл цаашид хөдөлмөрлөх боломжгүй болсон гэж, гэхдээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-ыг баримталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг сүүлийн 3 сарын дунджаар тооцож 13,870,392 төгрөг, сарын цалин 4,623,464 төгрөг болж байгаа, өдрийн цалин 215,044,83 мөнгө болж байгаа, ажилгүй байсан хугацаа 83 хоног болж байгаа бөгөөд нийт 17,848,721,49 мөнгийг олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох журам зэргийг зөрчиж, ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул ажлаас халсан байгаа. 2020.3.10-ны өдрөөс ажлын 15 хоногоор бодож 2020.4.01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтыг нь олгосон боловч ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй байсан учир ажлаас халсан болно. Мөн түүний эхнэр ирж уулзаад цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэхэд нь эхнэр Б.С-н данс руу тэтгэмж 4,000,000 төгрөг шилжүүлж байсан. Мөн түүнтэй эвлэрэх санал гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардсан тул эвлэрэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас тайлбартаа түүнийг зөрчил гаргаагүй гэж дурдаж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилдаа ирэхгүй байсан тул үүнийг зөрчил гэж үзэж байгаа. Мөн удаа дараа ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэж тайлбарлаж байна. Энэ үйл баримттай холбоотой баримт байхгүй. Тушаал засвартай талаар хүний нөөцийн мэргэжилтэн гэрчээр оролцох тул тодруулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Г.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Б ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн шаардлагыг Д ХХК-д холбогдуулан гаргасан, хариуцагч тал “...ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б нь Д ХХК-д орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн албан тушаалд 2018 оны 10 сараас эхлэн ажиллаж байсан, талуудын хооронд байгуулсан 2019.03.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019.03.01-ний өдрөөс 2020.02.28-ны өдөр хүртэл байна гэж тохиролцжээ.
Дээрх хөдөлмөрийн гэрээний 3.2-т гэрээний хугацаа дуусах үед ажил олгогч цуцлах болон нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажилтанд мэдэгдээгүй бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 10.3-т хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1-ийг үндэслэн дуусгавар болгоно гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 000000 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.11-ний өдрийн 00000 дугаар магадлалаас үзэхэд Г.Б нь 2020.03.23-ны өдрөөс эхлэн 2020.06.11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь тогтоогдсон байх бөгөөд “...ажилдаа ирэхгүй байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Г.Б-гийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс үзэхэд түүнийг 2019.03.01-ний өдөр ажилд орсон тухай, мөн цагдан хоригдсон үеийн буюу 2020 оны 3-6 сарыг дуустал төлсөн шимтгэлийн бичилт хийгдсэн, мөн Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.03.10-ны өдрийн 00000 “Ээлжийн амралт олгох тухай” тушаалаар Г.Б-г 2020.03.10-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногийн ээлжийн амралт олгож, олговрыг хуулийн дагуу бодож олгосон байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, ирцийн бүртгэлээр Г.Б нь ээлжийн амралтаа эдэлж дуусаад 2020 оны 4 сарын эхээр ажилдаа орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй нь тогтоогдсон, харин түүний эхнэр ирж Г.Б-г цагдан хоригдсон талаар мэдэгдсэн байх бөгөөд Д ХХК-иас нэхэмжлэгч Г.Б-д 4.000.000 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь 2020.04.18-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр Б.Саранзаяагийн дансанд шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон байна.
Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 6.2.1-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох харилцааг зохицуулсан, 12.1.2.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсныг, 12.1.2.5-д дараалан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасан, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах тухай журмын 2.3-т ажилдаа 1 сараас дээш хугацаагаар ирээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас шууд халах үндэслэл болно” гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.2-т “хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна”, 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай”, 23.3-т “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019.03.01-ний өдрөөс 2020.02.28-ны өдөр хүртэл гэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзнэ.
Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, мөн нэхэмжлэгчийн ажилдаа очоогүй тухайн үед Г.Б-д чөлөө олгосон гэх талаар нотолсон баримтгүй болно.
Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.06.15-ны өдрийн 0000 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэн Г.Б-г 2020.02.28-ны өдрөөс эхлэн Д ХХК-ийн орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд тушаалын 2 дахь заалтад “ажилтан гэрээ цуцлагдах үед зодооны асуудлаар түр хугацаагаар хоригдон ажилдаа ирэх боломжгүй байсан тул гэрээ дуусгавар болсон талаар суллагдсан үед өөрт нь мэдэгдэх”-ийг хүний нөөцийн ажилтанд даалгасан тухай тусгажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг “...дээрх тушаалын огноо засвартай, 2020.05.16-ны өдөр гэж байсныг 2020.06.15-ны өдөр болгож зассан, түүнчлэн 2020.02.28-ны өдрөөр дуусгавар болгосон зэрэг хэлбэрийн болон агуулгын хувьд шаардлага хангаагүй” хэмээн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзээд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 17,848,721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн байна.
Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Д ХХК-ийн хүний нөөцийн ажилтан О.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй байсан тул ээлжийн амралтыг нь олгосон, 2020.07.21-ний өдөр Г.Б ирж ажлаас чөлөөлсөн тушаалыг авсан, уг тушаалыг тухайн өдөр боловсруулж захирлын даалгаснаар 2020.02.28-ны өдрөөс чөлөөлснөөр бичсэн, огноог 2020.05.16 гэж буруу бичсэнийг Г.Б-гийн дэргэд өөрөөс нь асууж байгаад 2020.06.15 болгож гараар зассан“ гэжээ.
Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд Г.Б нь 2020.03.23-ны өдрөөс эхлэн 2020.06.11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон, ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш ажилдаа ирээгүй байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, түүнчлэн 37.1.7-д зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх үйл баримт тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бий болсон байжээ.
Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.06.15-ны өдрийн 000 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын огноо засвартай хэдий ч агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.1.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл тогтоогдсон, ажилтан ажлаа гүйцэтгээгүй байх тул Г.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.1, 25.2.2, 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх зэрэг үүргийг хүлээнэ.
Шүүх хуралдааны явцад “...тодорхойгүй үндэслэлээр ажлаас халсан, удаа дараа очиход ажил гүйцэтгүүлээгүй, амарч бай гэдэг байсан” гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримтгүй, харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед буюу ээлжийн амралт дууссанаас хойш Г.Б ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дорнын барс холдинг ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 17,848,721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ