Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00975

 

“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00913 дугаар магадлалтай, 

“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох, 

Гэрээний үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон алданги, хохиролд нийт 18,730,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 

Хохирол, алдангид 25,297,700 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч **** болон өмгөөлөгч С.Ялалт нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

**** **** **** ХХК, ****тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол хаус хотхоны амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 60 м.кв талбайтай, 6 өрөө, 2 давхар амины орон сууцыг нийт 1 м.кв-ыг 700,000 төгрөгөөр тооцоод 42,000,000 төгрөг, дулаан авто машины зогсоолыг 8,000,000 төгрөгөөр тооцоод нийт 50,000,000 төгрөгөөр барьж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь уг сууцыг зохих журам, стандартын дагуу ашиглалтад оруулаад 2019 оны 01 дүгээр сард ****д хүлээлгэн өгсөн ба 2019 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч амины орон сууцад амьдарч эхэлсэн. Улмаар 2019 оны 09 дүгээр сард 4, 5 зүйлсийг тусгаж өгсний дагуу хүлээж авсан акт үйлдсэн. **** **** **** ХХК гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг ****тай удаа дараа уулзаж, шаардсан ч удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн амины орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сууцыг хүлээн авсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 826 хоног байна. Гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар алданги /5,000,000 төгрөгийн 0,5 хувь 5,000 төгрөг х 826 хоног/ нийт 4,130,000 төгрөг болно. Монгол хаус-1 хотхон 40 оршин суугчтай, 40 ширхэг амины орон сууцтай. Уг оршин суугч нарын нэг **** юм. Мөн бусад оршин суугчид ч гэсэн төлбөрөө зарим нь бүрэн төлсөн, зарим нь бүрэн төлөөгүй.Үүнээс шалтгаалж амины орон сууцыг үргэлжлүүлэн барихад эдийн засгийн хувьд хямрал үүсэж зээл авах болсон.Иймд банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн. ****д 40,000,000 төгрөгт бус гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,000,000 төгрөгт ногдуулж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.Уг зээлийн гэрээг н.Болдбаатар гэх хүн байгуулсан бөгөөд манай талаас нотлох баримтаар өгсөн гэрчилгээний хойно тухайн үед тус компани захирал н.Болдбаатар гэдэг хүн байсан гэдэг нь харагдана. Ц.Болдбаатар банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөг зээлсэн.Энэхүү зээл эргэлтийн хөрөнгийн зээл ба эргэн олддоггүй, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахын тулд энэ зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.Иймд хариуцагчаас хохиролд 10,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцоход 3,600,000 төгрөг нийт 25,297,700 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

**** **** **** ХХК-тай 2017 онд гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сард барилгыг ашиглалтад оруулж хүлээн авахаар тохиролцож, хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан.Гэрээ байгуулахад 5,000,000 төгрөг, газар шорооны ажил эхлэхэд 17,500,000 төгрөг, барилгын дотор заслын ажилд эхлэхэд 17,500,000 төгрөг төлнө гэж заасан. Улмаар2017 оны 08 дугаар сард төлбөрөө төлөх гэтэл дотоод засал хийж байх хугацаа болсон байсан боловч байшингийн суурь хийгдсэн, карказ баригдаагүй байсан тул 17,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, хугацаа хожимдуулсныг анхааруулсан.2017 оны 11 дүгээр сарын үед ашиглалтад орох болоогүй, карказ баригдаад гадна тал хийгдсэн байдалтай байсан.Захиалсан байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас бид Ямаатын зуслан гэх газарт гэр бүлээрээ амины орон сууцыг түрээсэлж амьдарсан.Сууц2018 онд ашиглалтад ороогүй. 2019 он гартал бид бүтэн жил байр түрээсэлж амьдарсан. Бид байранд амьдарч эхлэхэд цэвэр, бохир устай холбогдоогүй, хаврын улиралд цас хайлж дээврээс дусаал гоождог, ханын обой хууларч, цахилгааны утас руу дусаал гоожиж асуудал үүссэн, үүдний өрөө, 1 давхрын ариун цэврийн өрөөнд паар тавигдаагүй, маш хүйтэн байсан учраас эдгээр өрөөнүүдэд өөрийн зардлаар нэмэлт паар тавьсан. Төмөр дээвэр хийлгэхээр нэхэмжлэгчид хэлэхэд санхүүгийн боломжгүй байгаа учир дээврийн төмрийг биднээр авахуулж дараа нь тооцоогоо дуусгахаар Дулам захиралтай тохиролцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хийх ёстой ажлыг бид өөрийн зардлаар хийсэн.Нэхэмжлэгч гэрээнд заасан байрыг хүлээлгэж өгөх хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 22 сарын дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байрыг хүлээлгэж өгсөн.

Алданги, нэмэлт зардлыг тооцоолж 20,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэхээр болж байна, 10,000,000 төгрөгийг нэхэхгүйгээр тохиролцъё гэж хэлсэн. Нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа:

**** **** **** ХХК-тай байгуулсан гэрээний 3.1, 2.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үнийн дүн 50,000,000 төгрөгт байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй 685 хоногт өнгөрсөн тул алдангийг 0,5 хувиар тооцож, 17,125,000 төгрөгийн алданги гаргуулна.

Мөн байрыг ашиглалтад оруулахын тулд гүйцэтгэгчийн хийх ёстой байсан зүйлсийг бид өөрсдийн зардлаар буюу 2,772,700 төгрөгийг зарцуулж гүйцээж хийсэн. Үүнд, угаалгын өрөөний ван 1 ширхэг, нойлын суултуур 2 ширхэг, хөлтэй шаазан тосгуур, шатны дрож 7 м.кв нь 300,000 төгрөг, алчуур хатаагч 100,000 төгрөг, үүдний өрөөний халаалтын паар 100,000 төгрөг, алчуур хатаагч халаагч паар, үүдний өрөөний халаалтын паар хоёрыг холбох шугам 120,000 төгрөг, нойлын өрөөний гэрэл 2 ширхэг 30,000 төгрөг, ванны холигч шүршүүр 1 ширхэг, угаалтуурын холигч 2 ширхэг нийт 170,000 төгрөг, дээврийг нэмж төмөрлөсөн зардалд 1,252,700 төгрөг буюу 2,772,700 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилнэ. Байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй учраас тухайн хугацаанд амины орон сууц түрээсэлж байсан түрээсийн зардалд 5,400,000 төгрөг буюу нийт 25,297,700 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хэргийн баримтад хүлээн авагч нь тодорхойгүй, гарын үсэг зурагдаагүй, байгууллагын нэр бичигдээгүй, тухайн зарлагын баримт дээр дурдсан хүлээн авсан өгсөн нэг гарын үсэг байдаггүй.Хэргийн 5 дугаар талд 58,400 төгрөгийн баримт байна. Энэ баримтыг хувьд гэсэн адилхан. Хэргийн 6 дугаар талд 142,000 төгрөгийн баримт дээр хариуцагч болон түүний гарын үсэг байхгүй хүлээлгэн өгсөн гарын үсэг байдаггүй, зарлагын баримтуудын хувьд үүрэг хүлээлгэж өгсөн, авсан гарын үсэг байхгүй. Өөр газар байр түрээсэлж байсан мөн өөрийнхөө байрыг түрээслүүлсэн гэж баримтуудыг гаргаж өгсөн. Суултуур шалны хэрэгслийг амины орон сууцад хийсэн юм уу аль эсвэл түрээсэлж байгаа байрандаа хийсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Дансны хуулгаас үзэхэд 16 айл дээврийн мөнгөө шилжүүлсэн.

Байр хугацаандаа ашиглалтад ороогүй улмаас бүтэн жил байр түрээсэлсэн гэж тайлбарладаг боловч түрээсийн гэрээний хувьд Ц.Болдбаатар өөрөө н.Зоригт гэдэг хүнтэй түрээсийн гэрээний баталгааг гараар бичээд өгсөн, түрээсийн үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Сар бүр түрээст 600,000 төгрөг нийт 5,400,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэдэг баримт байхгүй. Зарлагын баримтууд мөн шаардлага хангахгүй.

Төлбөр төлсөн хуваариас харахад эхний 5,000,000 төгрөгийг хариуцагч хугацаандаа төлсөн, хоёр дахь төлбөр 17,500,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, 17,500,000 төгрөгийг бүтэн жил хойшлуулж төлсөн. Сүүлийн 10,000,000 төгрөгийг төлөөгүй. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас хариуцагч алданги нэхэмжилж шаардах эрхгүй.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцох эрхгүй. 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****гаас гэрээний үүргийн биелэлтэд 14,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК-д олгож, үлдсэн 4,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК-иас 16,663,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч ****д олгож, үлдсэн 8,634,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00913 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14,130,000” гэснийг “10,000,000” гэж, “4,600,000” гэснийг “8,730,000” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “16,663,500” гэснийг “663,500” гэж, “8,634,200” гэснийг “24,634,200” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “228,600” гэснийг “174,950” гэж, “241,297” гэснийг “20,474” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 259,300 төгрөг, хариуцагчаас төлсөн 228,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

5. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.05.13-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 210/МА2022/00913 тоот магадлалыг тус тус хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: 2019.09.15-ны өдөр байр хүлээн авах үед миний зүгээс гэрээг зөрчсөн зүйлгүй байсан ба гүйцэтгэгч тал гэрээний хугацаагаа 685 хоногоор хоцроосон байдалтай, тэрхүү хугацаанд захиалагч тал болох би 2 нялх хүүхэдтэй, түрээсийн байранд удаан хугацаанд амьдарсан, байрандаа орохын тулд өөрөөс нэлээдгүй зардал гаргасан хохирсон байдалтай байсан ба тухайн үед би шүүхэд хандсан бол “ **** **** ****” ХХК гэрээнд заасан алданги болох 17 сая төгрөг болон миний бусад хохирлыг барагдуулах шийдвэр гарах нь ойлгомжтой байдалтай байсан. Гэвч гүйцэтгэгч тал “та үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагагүй, байрны ордероо гаргаж авч болно” гэж ятгаж тохирсон билээ. Бид ч ордероо гаргаж авсан. Гэтэл 3 жилийн дараа гэнэт шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь бидний тухайн үеийн нотлох баримтуудыг мартуулах устахыг хүлээсэн хугацаа байжээ гэж дүгнэхэд хүргэж байна. Олон айлууд энэ компанитай маргаантай шүүхээр заргалдаж явж байгаа. Компани нь өөрийн хуульчтай давуу талаа ашиглан гэрээг өөрт ашигтай байдлаар боловсруулж иргэдийг хохироож байгаа үйлдлийг нь өөгшүүлж боломгүй явдал юм. Талуудын хооронд байгуулсан гэрээг гүйцэтгэгч “ **** **** ****” ХХК боловсруулж, 2 тал зөвшөөрч гэрээ байгуулсан болно. Гэрээний талуудын харилцан тохиролцсон хэлцлийнх нь нөгөө талдаа хохирол учруулахгүй байхын тулд үүрэх хариуцлагыг тусгасан гол заалт бол хугацаа хэтрүүлсний алданги тооцох заалт байдаг. Иргэд бид энэ заалтыг л бидний эрхийг хамгаалсан заалт гэж ойлгож гэрээ байгуулдаг. Гэтэл энэхүү гэрээний хамгийн гол заалт буюу 2 тал харилцан хариуцлага үүрэхтэй холбоотой “гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд алданги тооцох”-оор тохиролцсон хэсгийг хуульд нийцээгүй гэж үзэж шийдвэр гаргасан нь нэг талыг хэт хохироосон шийдвэр болсонд гомдолтой байна. Гүйцэтгэгч “ **** **** ****” ХХК-ийн тал гэрээний хугацааг 685 хоногоор хоцроосноо бүрэн хүлээн зөвшөөрсөн байтал огт хариуцлага үүрэхгүй байдал үүсч харин захиалагч талын олон хохирлыг үнэлж үзэхгүй шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Гэрээний алданги тооцохтой холбоотой хэсгийг хуульд нийцээгүй гэж үзсэн шийдвэрийг хянаж үзэхийг хүсч байна. Иймээс шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

6. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.05.13-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 210/МА2022/00913 тоот магадлалыг тус тус хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1, 172.2.3 дахь заалтад заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрээний алдангитай холбоотой асуудлыг зөрүүтэй байдлаар хууль тайлбарлан дүгнэлт өгсөн, мөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь 2020.04.16-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 01 тоот зөвлөмжөөр хуулийг тайлбарласан тайлбарт нийцээгүй болно.

6.1. Алдангитай холбоотой гэрээний нөхцөлийг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэсэн тухайд: Анхан шатны шүүх нь 2017.05.05-ны өдрийн “Монгол хаус хотхоны амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2 дахь заалт, 2.6 дахь заалтад гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор заасан талуудын тохиролцоог “агуулгын хувьд хуульд нийцсэн” гэж үзэн алдангийн тооцооллыг хуульд нийцсэн хэмжээний хүрээнд буюу алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тооцож шийдвэрлэсэн болно. Харин давж заалдах шатны шүүх нь гэрээний холбогдох заалтаар гэрээний үнийн дүнгээс алданги тооцох талаар тохиролцсон талуудын тохиролцоог Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэж зохигч талуудын харилцан нэхэмжилсэн алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгох байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно. Талуудын байгуулсан гэрээний тохиролцоо нь гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор заасан хэдий боловч гэрээний үнийн дүнгээс тооцож нэхэмжлээгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцоолол хийсэн байдаг билээ. Гэрээний талууд алдангитай холбоотой заалтын хүчин төгөлдөр байдал дээр огт маргаагүй. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч тал харилцан бие биенээсээ гэрээний үүрэг хоцроосны алдангийг тооцож нэхэмжилсэн байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Харин давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч алдангийн нөхцөлийг хуульд нийцээгүй мэт тайлбар уншсан нь гаргасан нэхэмжлэлээ үгүйсгэсэн ойлгомжгүй тайлбар болсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгч талаас гэрээний заалтын хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар нэг ч удаа тайлбар хэлээгүйг дурдах нь зүйтэй болов уу. Гэрээний үнийн дүнгээс алданги тооцох тухай гэрээний нөхцөл нь “агуулгын хувьд хуульд нийцсэн” буюу “хуулийн агуулгыг өөртөө багтаасан юм”. Хуулийн агуулгаас зөрсөн зүйл байхгүй учир гэрээний заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн нь буруу байна. Талуудын тохиролцоо нь хуулийн агуулгыг өөртөө агуулсан бөгөөд хуульд нийцэж байгаа хэсгээр хүчин төгөлдөр хэлцэл гэж тооцон хуульд заасан хязгаарын хүрээнд алдангийн зохицуулалтыг ойлгон хэрэглэхэд гэрээний талуудын хэн алины эрх ашиг хөндөгдөхгүй юм. Товчхондоо, 2020.04.16-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид “алдангийг нэг хоногийн 1 хувиар тооцохоор тохиролцсон талуудын тохиролцоо”-г хууль зөрчсөн гэж тооцолгүй, хуулийн агуулгад нийцсэн хэмжээгээр буюу 0,5 хувиар тооцож алдангийн тооцооллыг хийснийг зөвтгөсөн тайлбар, зөвлөмжийг өгсөн явдалтай энэхүү үүссэн маргааны агуулга ижил байна. 1 хувь гэх хэмжээ нь дотроо 0,5 хувь гэх хэмжээг багтаасан учир хуульд нийцсэн хэмжээгээр буюу 0,5 хувиар алданги тооцсон тооцооллыг Монгол Улсын Дээд шүүх зөвлөмжөөрөө зөвтгөн тайлбарласан байна. “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” гэх хэмжээ нь “Гэрээний үнийн дүн” гэх хэмжээний дотор багтсан ойлголт учир хуульд нийцсэн хэмжээгээр алданги тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Энэ хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд гэрээний талуудын шударга ёсны зарчимд нийцэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс гэрээний холбогдох заалтыг бүхэлд нь хэрэглэх боломжгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь учир дутагдалтай. Гэрээний үүргээ 2 жилийн хугацаанд хоцроосон гэрээний тал (нэхэмжлэгч)-ын өөрсдийнх нь боловсруулж батлуулсан гэрээний нөхцөлийг давж заалдах шатны шүүхээс буруутгаж, үүргээ 2 жилийн хугацаанд зөрчсөн гэрээний талыг алданги төлөх үүргээс чөлөөлсөн нь шударга ёсны зарчимд хэтэрхий харш бөгөөд гэрээний нөгөө талдаа хэтэрхий хохиролтой нөхцөл байдлыг үүсгэж байна. “ **** **** ****” ХХК-ийн өөрсдийн боловсруулж захиалагч олон иргэдээр зөвшөөрүүлэн зуруулсан гэрээний загвараа хожим нь (давж заалдах шатны шүүх хурлын үеэр) хууль зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа нь бизнесийн ёс зүйд нийцэхгүй зүй бус үйлдэл юм. Хэрэв энэ асуудал дээр нэхэмжлэгч байгууллагад гэрээний хариуцлагыг алданги тооцох байдлаар хүлээлгэхгүй, үүргээс чөлөөлөх нөхцөлд цаашид олон захиалагч иргэдийн эрх ашгийг ийм байдлаар зөрчихийг үгүйсгэх үндэслэл алга байна. Учир нь тэдний (барилгын компани) боловсруулсан гэрээний төсөл гэдгийг эрхэм шүүгчид анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байна. Иймээс алдангитай холбогдуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн алдангитай холбогдуулан гаргасан дүгнэлтийг хэвээр үлдээх байдлаар магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.

6.2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 10,000,000 төгрөгийг хангасан тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэн аль нь нэхэмжлэгч байгууллагаас ****д 2020.04.10-ны өдөр гаргаж өгсөн гэрээтэй холбоотой тооцоо дууссан гэх бичгийн талаар дүгнэлт хийгээгүй. Энэ бичгийг баримт болгон маргаж байхад хэрхэн баримтаар үнэлэхгүй байгаа талаар дүгнэлт өгөхгүй байна. ****гийн хувьд энэ албан бичгийг үндэслэн мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын албан бичиг, улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээний төлбөр төлсөн баримт зэргээс тус тус нотлогдож байна. 10 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл бүхий маргаантай байсан нөхцөлд тооцоо дууссан бичгийг гаргаж өгсөн байгаа нөхцөл байдлууд нь хоорондоо уялдахгүй, эргэлзээ бүхий байхад энэ баримтыг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Энэ учир байдалд давж заалдах шатны шүүхээс бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Ямар шалтгаан нөхцөлийн улмаас төлбөр тооцоо хаасан бичгийг хариуцагчид гарган өгсөн байдлаа нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй. Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүйг баримтаар нотолж чадаагүй болно. Давж заалдах шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах ёстой байтал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нотлох баримтад үнэлэлт дүгнэлтийг урьдчилан өгсөн. Энэ нь гаргах шийдвэрээ урьдчилан хэлж байгаагаас өөрцгүй нөхцөл байдлыг бий болгосон мэт санагдсан. Тодруулбал, төлбөр тооцоо дууссан талаарх нэхэмжлэгчийн хариуцагчид гаргаж өгсөн бичгийг нэхэмжлэгчийн баримтаар нотлогдоогүй тайлбараар үгүйсгэж байгаа байр суурийг барьж байгаагаа илэрхийлсэн болно. Гэтэл яагаад баримтаар нотлогдоогүй тайлбарыг баримталж байгаа, мөн энэ албан бичгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа магадлалдаа тусгаагүй байна. Иймээс шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

7. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2022/00759 дүгээр тогтоол гаргажээ. 

ХЯНАВАЛ: 

8. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж,магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон алданги, хохиролд нийт 18,730,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, хохиролд 25,297,700 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 14,130,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс 16,663,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 8,634,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 8,730,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, нэхэмжлэгчээс 663,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 24,634,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ.  

9. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг 2022.07.01-ний өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.  

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... захиалсан амины орон сууцыг зохих журам, стандартын дагуу барьж, ашиглалтад оруулан 2019 оны 01 дүгээр сард ****д хүлээлгэн өгч, акт үйлдсэн. ...захиалагч гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алдангид 4,130,000 төгрөг нэхэмжилнэ. ...хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүйгээс амины орон сууцыг үргэлжлүүлэн барихад эдийн засгийн хямрал үүсч, банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээл авч хохирсон тул хохиролд 3,600,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. 

Хариуцагчаас ...гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан....2017 оны 08 дугаар сард төлбөрөө төлөх гэтэл зөвхөн байшингийн суурь хийгдсэн, карказ баригдаагүй байсан тул хуваарийн дагуу төлбөл зохих 17,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, хугацаа хожимдуулсныг анхааруулсан. ...орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй тул бид 2019 он гартал, бүтэн жил байр түрээсэлж амьдарсан. ...улмаар нэхэмжлэгч компанийн хийх ёстой ажлыг бид өөрийн зардлаар хийж зардал гаргасан... гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гарган, ...байрыг ашиглалтад оруулаагүй 685 хоног хугацаа хэтрүүлсэний алдангид 17,125,000 төгрөг, өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн ажлын зардалд 2,772,700 төгрөг, бусдын байр түрээслэсний зардалд 5,400,000 төгрөг, нийт 25,297,700 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжилсэн байна. 

11. Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндсэн нэхэмжлэл болон сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Зохигчийн хооронд 2017.05.05-ны өдөр амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, **** нь “ **** **** ****” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах, Монгол хаус хотхоны амины орон сууцнаас 60 м.кв талбай бүхий орон сууцыг 50,000,000 төгрөг /1 м.кв талбайн үнийг 700,000 төгрөгт тооцож/-өөр худалдан авсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь канад технологийн дулаалгатай, ган төмөр карказтай, модерн загварын амины орон сууцыг барих, үүнд барилгын үндсэн суурь, дээвэр, хана, хаалга, цонх, дотор гадна засал чимэглэл, сантехникийн төхөөрөмжүүдийн холболт, цахилгаан халаалт, гадна ариутгах татуургын далд шугам хоолойн угсралт, бохир ус хуримтлуулах танк зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлөөр орон сууцыг 2017.11.01-ний өдөр багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь барилгын ажлын үнэ 42,000,000 төгрөг, автомашины зогсоолын үнэ 8,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж, захиалагч болон гүйцэтгэгч талуудын хамтарсан комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан нийцсэн, зохигч амины орон сууцны үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэний алдангийг төлөх эсэх, мөн орон сууцны доголдлын талаар маргажээ. 

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээж, гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэхийг шаардах эрхтэй байна. 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу ажил үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй”, 2.6-д “Захиалагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алданги төлнө”, 3.2-т “Гүйцэтгэгч ашиглалтад орох хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд энэ гэрээний 2.6-д заасан алдангийг төлнө...” гэж тус тус заасан.  

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар хариуцагч **** орон сууцны үнэд 40,000,000 төгрөгийг төлж, 10,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 2.2, 2.6-д зааснаар, хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, анхан шатны шүүх хариуцагч ****гаас орон сууцны үлдэгдэл төлбөрийн 10,000,000 төгрөгийг, гэрээнд заасан алдангийн 4,130,000 төгрөгийн хамт, нийт 14,130,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байна. Харин шүүх нэхэмжлэгчийн, “Финрүүт инвестмент ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүүд 3,600,000 төгрөгийг төлж хохирсон гэж нэхэмжилсэнийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж, мөн өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн гэх шаардлагыг баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

13. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хэргийн баримт, орон сууцыг хүлээлгэн өгсөн актаар хариуцагч **** нь талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу, 2017.07.18-ны өдрийн байдлаар гэрээний үүргийг 80 хувьтай биелүүлсэн /гэрээ байгуулсан өдөр 10 хувь болох 5,000,000 төгрөг, 2017.05.15-ны өдөр 35 хувь болох 17,500,000 төгрөг, 2017.07.18-ны өдөр 35 хувь болох 10,000,000 төгрөгийг тус тус  төлсөн/ байхад, нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК нь тухайн өдрийг хүртэл амины орон сууцыг бариагүй байсан нь нотлогдсон гэсэн дүгнэлтүүд хийж, ...32,000,000 төгрөгийг хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн дүн гэж үзэж, үүнээс гэрээний дагуу алданги тооцон, нэхэмжлэгчээс алдангид 16,000,000 төгрөг, мөн хариуцагчийн байранд ороход авсан эд зүйлс, дээврийн зардал, түрээсийн төлбөрт 663,500 төгрөг, нийт 16,663,500 төгрөгийг тооцон нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч ****д олгон, сөрөг шаардлагын үлдэх 8,634,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00913 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.06.16-ны өдөр төлсөн 291,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

   Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН