Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00973

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00952 дугаар магадлалтай,

 Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Их Монгол барилга ХХК-д холбогдох

 Талуудын хооронд байгуулагдсан 2017.01.23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350.90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, 2017.01.23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Банкны баталгааны гэрээний 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 166,025,639 төгрөгийг хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас Их Монгол барилга ХХК-д холбогдуулан Талуудын хооронд байгуулагдсан 2017.01.23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350.90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, 2017.01.23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Банкны баталгааны гэрээний 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэийн шаардлагаас 166,025,639 төгрөгийг хасч тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааныг баримтлан хариуцагч Их Монгол барилга ХХК-аас 40,173,370.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166,025,971.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагаас Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 166,025,971.25 төгрөгийг хасаж тооцох шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч 2014 онд үйлдвэрлэгдсэн, ланд крузер маркийн 54-58 УНС улсын JTBY05JX04073756 арлын дугаартай цагаан өнгийн авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн JEEP GRAND CHEROKEE маркийн 03-77 УНЧ улсын, IC4RJFBG7CC 277197 арлын дугаартай усан цэнхэр өнгийн суудлын зориулалттай авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн 19-99 УБ улсын дугаартай, 11202083 арлын дугаартай, шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч, 2007 онд үйлдвэрлэгдсэн 42-55 УББ улсын, RM 80G00024 арлын шаргал өнгийн RM890 чулуу бутлагчийн зориулалттай чулуу бутлагч, 2013 онд үйлдвэрлэгдсэн 27-12 УН улсын, 1131106 арлын дугаартай шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч, 2012 онд үйлдвэрлэгдсэн 10-47 УБ улсын, 120117 арлын, шар өнгөтэй GR215 авто грэйдер зориулалттай авто грейдер, 2012 онд үйлдвэрлэгдсэн 18-99 УБ улсын, 3202120263 арлын, шар өнгөтэй XZзам индүүдэгчийн зориулалттай зам индүүдэгч зэрэг 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,259,146.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 358,817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж 2,694,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Төрийн банк ХХК-аас 988,080 төгрөгийг гаргуулж Их Монгол барилга ХХК-д олгож, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2021/08638 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1222 дугаар зүйлийн 122.2-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна, 122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00952 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт, давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт тус тус дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр, магадлал хууль эрх зүйн үндэслэлгүй талаар

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458.1-т заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийг ИХ-ийн 56.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 166,025,639 төгрөгийг хасч, хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна.

Анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: ...Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Их Монгол барилга ХХК-иас 206,199,341.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн атал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 40,173,370.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрлийн хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 166,025,971.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэж, мөн ...Их Монгол барилга ХХК, Шанхай констракшн групп ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, 1,222,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэн тооцоо нийлж, уг замын барилгын ажлыг 2019.08.06-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно... гэж тодорхойлон шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийг үнэн зөв, тооцооллыг нарийн тооцож гаргаагүйгээр зөвхөн хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон ИХШХШтХуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл буюу гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах буюу ИХ-ийн 51.1.1-д заасныг зөрчсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүх түүнийг залруулаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийг хангах болсон үндэслэл тайлбарыг огт дурдаагүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.1.1-т заасныг зөрчсөн гэж үзвэл Иргэний хууль, БЭБХЭМХМХШЗҮАтХууль болон бусад холбогдох ямар хууль тогтоомжийг, хэрхэн, яаж, ямар хэлбэрээр зөрчсөн болохыг дурдаагүй, түүнийгээ тайлбарлаагүйгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түүнийг залруулаагүй магадласан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. /Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор батлагдсан тайлбарын 5.1-т ...хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарласны дагуу үндэслэлээ заагаагүй/

Мөн нэхэмжлэгч талын зүгээс Их Монгол барилга ХХК, Шанхай констракшн групп ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, 1,222,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэн тооцоо нийлж, уг замын барилгын ажлыг 2019.08.06-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан гэж үзэж, үүгээр Их Монгол барилга ХХК-ийн хийж гүйцэтгэх ажил дууссан гэж дүгнэвэл дараах байдлаар тооцооллыг гаргаж шийдвэрлэх нь хууль эрх зүйн үндэслэлтэй байсан. Үүнд: 178,072 ам.доллар-10%=17,807.2 ам.доллар /жилд/

2017.01.23-ны өдрөөс 2019.08.06-ны өдрийг хүртэл /2 жил, 6 сар 14 хоног/ хугацаанд 45,225.41 ам.доллар байх тооцоолол гарахаар байтал шүүх дээрх тооцооллыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2017.01.23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ....ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй хугацаатай... гэж заасныг анхан шатны шүүх харилцан тохиролцсон гэрээ мөн болохыг тогтоож, ИХ-ийн 457.1, 458.1-д заасны дагуу хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан Төрийн банк ХХК-ийн 2020.01.21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичигт ИХШХШтХуулийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлээгүй, давж заалдах шатны шүүх түүний харгалзаж магадлаагүй.

Төрийн банк ХХК-ийн 2020.01.21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичигт ...Шанхай констракшн ХХК-иас баталгаа цуцлах мэдэгдлийг 2020.01.17-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн бөгөөд... гэж тодорхой дурдсан байх бөгөөд тухайн албан бичгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр 2020.01.21-ний өдөр гардан авч тэмдэглэгээ хийснийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байхад тухайн баримтыг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022.03.16-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн мэдэгдлийг хүлээн аваагүй талаар худал мэдүүлгийг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, ХХ-ийн 12 хуудаст авагдсан Төрийн банк ХХК-ийн 2020.01.21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичгээр тус тус нотлогддог.

ИХШХШтХуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илтэд худал мэдүүлэг гаргаж байхад шүүх түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийн худал тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь ИХШХШтХуульд заасан үндэслэл, журамд нийцэхгүй болох нь тогтоогдож байна.

4.2. Нотлох баримт авагдаагүй талаар.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...ИХШХШтХуулийн 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна... гэж, магадлалын хянавал хэсгийн 11-т ...мэдэгдэл ирсэн байх үндэслэл болно гэж тус тус дүгнэжээ.

2022.03.16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль миний бие 2020.01.17-ны өдрийн Шанхай констракшн ХХК-аас ирүүлсэн Үүрэг дуусгавар болж, баталгаа цуцлах тухай албан бичгийг хэрэгт авагдсан гэж тооцож, олон хятад болон англи хэлтэй албан бичигтэй андуурсан талаараа дурдаж, өөрт байгаа хувийг өгөх талаар тодруулсан боловч шүүх хүлээн авч хянаагүй, мөн дээрх хуралдаанд болон давж заалдах шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн хуралдаанд тус тус нэгэнт авагдаагүй нотлох баримтыг ишлэл болгон тайлбарлах боломжгүй тул хавтаст хэргийн 12 хуудаст авагдсан Төрийн банк ХХК-ийн 2020.01.21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичиг авагдсан байгааг, тус албан бичигт ...Шанхай констракшн ХХК-иас баталгаа цуцлах мэдэгдлийг 2020.01.17-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн бөгөөд... гэж тодорхой дурдсан байгааг тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох эрх, үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа хийсэн боловч анхан болон давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт огт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Мөн ИХШХШтХуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу шүүх хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох 2020.01.17-ны өдрийн Шанхай констракшн ХХК-иас баталгаа цуцлах мэдэгдлийг гаргуулан авах эрх шүүх бүрэлдэхүүнд байсаар байхад хэрэгжүүлж шийдвэрлэж ажиллаагүй байгаа нь ИХШХШтХуульд заасан үндэслэл журамд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр нотлох баримт авагдаагүй байж болох ч ИХ-ийн 457.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр төлөх үндсэн нөхцөлийг тогтоох зайлшгүй нотлох баримтыг шүүх бие даан гаргуулахаар 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлээгүйгээс ИХ- ийн 457.1, 458.1-т заасныг тогтоох, хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болж чадаагүй болно.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх ИХ-ийн 56.1.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5 дах заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бол гэрээний 2.1, 2.2 дахь заалтыг тогтоох, ингэхдээ хавтаст хэргийн 12 хуудаст авагдсан /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гардаж аваагүй гэж худал мэдүүлсэн/ Төрийн банкны мэдэгдлийг тус тус харгалзан ИХ-ийн 457.1, 458.1-т заасны дагуу баталгаа гаргуулагч буюу хариуцагчийн төлөх ёстой төлбөрийн хэмжээг тогтоох байсан, тэгэх боломжгүй бол хариуцагчийн зүгээс гаргаж өгч чадаагүй нотлох баримтыг гаргуулан авах шийдвэрийг гаргах хууль эрх зүйн зохицуулалт үйлчлэхээр байтал хэрэгжүүлж ажиллаагүй.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-т заасныг хүчингүй болгуулах тухай байсан бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл нь гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу тогтоогдох төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болох боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарласан бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан болохыг анхаарч өгнө үү.

Иймд ИХШХШтХуульд заасны дагуу анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг буюу 166,025,971.25 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түүнийг хэвээр үлдээж магадласан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, түүнчлэн ИХШХШтХуульд заасны дагуу нотлох баримтыг бүхий л талаас үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн, магадласан болох нь дээрх тайлбараар хангалттай нотлогдож байх тул ИХШХШтХуулийн 176.2 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.07.06-ны өдрийн 001/ШХТ2022/00823 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 7. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Их Монгол барилга ХХК нь Төрийн банк ХХК-тай 2017.01.21-ний өдөр 12/17-14 тоот Эх үүсвэргүй банкны баталгааны гэрээ-г байгуулж жилийн 10 хувийн шимтгэлтэй 178,072 ам.долларын баталгааг 2020.01.31-ний өдөр 26/1238 тоот албан бичгээр Шанхай констракшн групп ХК-д гаргаж өгсөн. Мөн 2017.01.23-ны өдөр 12/17-61 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан нэрлэн заагдсан эд хөрөнгийг банк өөрийн өмчлөлд шилжүүлэн захиран зарцуулах эрхтэйгээр заасан байх боловч тээврийн хэрэгслүүд нь хариуцагчийн биет эзэмшил, ашиглалтад байгаа учир гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдалтай байна. Төрийн банк ХХК-ийн зүгээс Их Монгол барилга ХХК-д эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлэхийг 2019.09.11-ний өдрийн 02/5188, 2019.10.28-ны өдрийн 02/6160, 2020.01.21-ний өдрийн 04/542 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Хариуцагч Их Монгол барилга ХХК нь 2017.01.23-ны өдөр гэрээ байгуулагдаж банкны зүгээс Шанхай констракшн групп ХК-д банкны баталгаа гаргаж өгсөн өдрөөс эхлэн одоог хүртэл эрсдэлийн шимтгэл болох 72,350.90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, талуудын хооронд байгуулагдсан Банкны баталгааны гэрээ-ний 2.2-т заасны дагуу 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас нэхэмжилж байна, ...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна... гэж тайлбарласан,

 Хариуцагч Их Монгол барилга ХХК тайлбараа: ...Манай компани нь 2017.01.23-ны өдөр Төрийн банк ХХК-тай 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээ-г байгуулсан. Үүгээр Шанхай констракшн групп ХК-ийн 2016.11.16-ны өдөр манай компанитай байгуулсан Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож 178,072 ам.долларын баталгааг гаргаж, үнийн дүнгээс 10 хувийн эрсдэлийн шимтгэл төлөх үүргийг манай компани хүлээсэн. Дээрх Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу манай компани нь нийт 1,222,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн ба үүнтэй холбоотойгоор Шанхай констракшн групп ХК-тай 2017.11.10-ны өдөр тооцоо нийлж, холбогдох тайлан актыг үйлдсэн. Үүнээс үзвэл Төрийн банк ХХК-тай байгуулсан 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээ-ний 6.1.1-т ...гэрээнд заасан үүрэг биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр... бол гэрээг дуусгавар болно гэж заасан бөгөөд тухайн гэрээний хувьд 178,072 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тайлангаар нотлогдож байна. Түүнчлэн, манай компанийн зүгээс дээрх тайланд дурдсанаар банкны баталгаанд заагдсан үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор баталгааг цуцлах талаар албан бичгийг Төрийн банк ХХК болон захиалагч Шанхай констракшн групп ХК-руу удаа дараа явуулж байсан. Өөрөөр хэлбэл, Шанхай констракшн групп ХК-иас банкны баталгааг цуцлах тухай албан бичгийг хугацаанд нь хүргүүлээгүй, мөн Банкны баталгааны гэрээ-д зааснаар баталгааг цуцлах нөхцөл бүрдсэн байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд манай компани буруугүй юм. Иймээс Банкны баталгааны гэрээ байгуулсан 2017.01.23-ны өдрөөс дээрх тооцоо нийлж, тайлан гаргасан хугацаа болох 2017.11.16-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэлийг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шанхай констракшн групп ХК-иас 2020.01.17-ны өдөр ирүүлсэн гэх мэдэгдэл хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдаагүй баримтаар шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй... гэж маргаж,

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Банкны баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчид Их Монгол барилга ХХК ажлаа хийж чадахгүй тохиолдолд 178,000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Шанхай констракшн групп ХК-руу шилжүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Ажил гүйцэтгэх үүрэг нь дуусгавар болчихоод байхад шимтгэл тооцох үүрэг нь дуусгавар болохгүй байгаа нь хохиролтой байна. Иймд тухайн гэрээ хэрэгжих хугацааг тодорхойлсон гэрээний 3.5 дахь заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. ...Стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй байх юм бол тухайн заалтыг санал хүлээн авагч талд ашигтай байдлаар тайлбарлана гэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан банкны баталгааны 2.3-т заасны дагуу баталгааны хүчинтэй хугацааг тодорхойлох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. 1,222,754 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Шанхай констракшн групп ХХК-тай тооцоо нийлсэн. ...зохигчдын байгуулсан 2017.01.23-ны өдрийн Банкны баталгааны гэрээ-ний 3.5-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний тухайн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотой 166,025,639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараа: ...хариуцагч нь 2020.01.17-ны өдөр Шанхай констракшн ХХК-иас албан бичиг ирэх өдөр хүртэл гэрээний 4.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж, хэлцэл хийсэн бол Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Гэвч талууд харилцан тохиролцож, хэрэв та шимтгэлээ хугацаандаа төлөөгүй бол шимтгэл чинь тооцогдоод явна шүү гэдэг банкны системийн үндсэн зарчим үйлчлээд явж байгаа. Энэ нийтэд илэрхий зарчим учраас хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн асуудал биш. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй байна... гэж тус тус тайлбарлажээ.

 8. Хариуцагч Их Монгол барилга ХХК нь Шанхай констракшн групп ХК-тай 2016.11.16-ны өдөр Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж, гүйцэтгэлийн баталгаа болгож 2017.01.23-ны өдөр 12/17-14 дугаартай 178,072 ам.долларын Банкны баталгааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г Төрийн банк ХХК-тай тус тус байгуулсан.

 2017.11.10-ны өдөр Их Монгол барилга ХХК нь Шанхай констракшн групп ХК-тай байгуулсан гэрээний дагуу 1,222,754.75 ам.долларын ажил хийж гүйцэтгэсэн талаар тооцоо нийлж, санхүүгийн тайлан үйлдсэн, 2019.11.25-ны өдөр Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах хэсгийн №10/11/19 дугаартай дүгнэлт гарсан үйл баримт тогтоогджээ.

 9. Зохигчийн хооронд байгуулсан Банкны баталгааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүд нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 235 дугаар зүйлийн 235.1, 457 дугаар зүйлийн 457.1-д нийцсэн байна.

 Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг, фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 10. Талуудын хооронд байгуулсан 2017.01.23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээгээр Банк нь үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр эх үүсвэргүй баталгаа гаргах, үүрэг гүйцэтгэгч буюу Их Монгол барилга ХХК, ерөнхий захирал Б.Батмөнх нар банкны баталгаанд шимтгэл төлөх, төлбөрийн нэхэмжлэх ирсэн тохиолдолд баталгааны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл олгож, төлбөр гүйцэтгэх үүрэг тус тус хүлээжээ.

 Гэрээний дагуу банк жилийн 10 хувийн шимтгэлтэй, 178,072 ам.долларын баталгааг 2020.01.31-ний өдөр 26/1238 тоот албан бичгээр Шанхай констракшн групп ХК-д гаргаж өгсөн, гүйцэтгэгч буюу хариуцагч Их Монгол барилга ХХК баталгаа гаргаж өгсөн өдрөөс хойш шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 11. Хариуцагч Их Монгол барилга ХХК тайлбартаа: ...Шанхай констракшн групп ХК-тай байгуулсан гэрээний дагуу нийт 1,222,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн, үүнтэй холбоотойгоор Банкны баталгааг цуцлах талаар албан бичгийг Төрийн банк болон Шанхай констракшн групп ХК-д удаа дараа явуулсан, Шанхай констракшн групп ХК-иас Баталгааны гэрээг цуцлах тухай албан бичгийг Төрийн банкинд хугацаанд нь хүргүүлээгүй, мөн банк гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад эрхээ хэрэгжүүлээгүй тул ажлыг гүйцэтгэж, тооцоо нийлж, тайлан гаргасан 2017.11.16-ны өдрийг хүртэлх хугацааны банкны шимтгэлд 14,909 ам.доллар буюу 40,173,702 төгрөг төлөхийг зөвшөөрнө... гэжээ.

 12. Анхан шатны шүүх: ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд: нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Шанхай констракшн групп ХК-иас 2020.01.17-ны өдөр Төрийн банкинд ирүүлсэн гэх Мэдэгдэл-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй нь нотлох эрхээ алдсан, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 40,173,370.25 төгрөгийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар, сөрөг нэхэмжлэлийн хувьд: ...хэлцлийн 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 166,025,971.25 төгрөгийг хасуулах шаардлагыг хангах үндэслэлтэй... гэсэн дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 13. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй... гэсэн үндэслэл заажээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 14. Гомдлын хүрээнд хэргийг хянавал, нэхэмжлэгч Төрийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үүрэг гүйцэтгүүлэгч Шанхай констракшн групп ХК-иас баталгаа цуцлах мэдэгдлийг 2020.01.17-ны өдөр ирүүлсэн гэж тодорхойлон, баталгааны эрсдэлийн шимтгэлийг гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжлэл гаргажээ.

 Зохигч Банкны баталгааны гэрээ байгуулсан үйл баримттай маргаагүй, тус гэрээний 2.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу Шанхай констракшн групп ХК нь үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон эсхүл цуцлагдсан нөхцөлд банкинд мэдэгдэл хүргүүлэх, банк мэдэгдлийг хүлээн авснаас хойш 28 хоногийн хугацаанд баталгааны гэрээ хүчинтэй хугацаатай гэжээ.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа ажил гүйцэтгэх буюу зам барих гэрээний явцад буюу 2017.11.16-нд захиалагчтай тооцоо нийлэхэд хариуцагч 1,222,754.75 ам.долларын ажил гүйцэтгэсэн нь тогтоогдсон, энэ нь Төрийн банктай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэж, гэрээ дуусгавар болох үндэслэл болсон байхад Шанхай констракшн групп ХК баталгааг цуцлах тухай албан бичгийг хугацаанд нь хүргүүлээгүй. Иймд баталгаа гаргасан хэмжээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн, тооцоо нийлсэн 2017.11.16-ны өдрөөр баталгааны гэрээг дуусгавар болгож, энэ хугацааны шимтгэлийг төлнө гэж маргасан байна.

 15. Үүрэг гүйцэтгүүлэгч Шанхай констракш групп ХК банкинд үүрэг дуусгавар болсон, банкны баталгааг цуцлах мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүйн талаар хариуцагч мэдэж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Шанхай констракшн групп ХК-д банкны баталгаа цуцлуулах мэдэгдлийг хүргүүлэх тухай шаардлага, мэдэгдлүүдээр тогтоогдсон байна.

 16. Түүнчлэн 2019.11.25-ны өдрийн Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах хэсгийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн Баянхонгор-Байдраг чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хийгдэж дууссан үндэслэлээр үйлчилгээний зориулалтаар ашиглахад шаардлага хангасан гэж үзэж, байнгын ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй боловч захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч мэдэгдэл өгөөгүй гэх үндэслэлээр банкны баталгааны гэрээг цуцлалгүй, шимтгэлийг тооцож байжээ.

 17. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.10-т банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, тухайн үүрэг бусад үндэслэлээр дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол баталгаа гаргагч банк энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ гэж зохицуулсан.

 18. Хэргийн 119 дүгээр талд авагдсан Их Монгол барилга ХХК-иас Төрийн банкинд хүргүүлсэн 01/85 тоот Банкны баталгааны гэрээний тухай албан бичиг ...банктай байгуулсан 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээний 6.1.1-д заасан гэрээнд заасан үүрэг биелэгдэж, гэрээ дуусгавар болох нөхцөл бүрдсэн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. ...ийнхүү тооцоо нийлсэн актаа банкны баталгаанд заагдсан үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор банкны баталгааг цуцлах тухай мэдэгдлийг Төрийн банкинд явуулж өгөхийг Шанхай констракшн групп ХК-д удаа дараа хүссэн байтал банкинд хүргүүлээгүй байгаа тул гэрээний эрсдлийн шимтгэлийг зогсоох арга хэмжээ авч өгнө үү... гэсэн агуулгатай байна.

 Дээрх албан бичгийг Төрийн банк хүлээн авч, 2018.12.05-ны өдөр өгсөн хариундаа ...Шанхай констракшн групп ХК-иас ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирүүлсэн нөхцөлд баталгааг цуцалж шимтгэл зогсоох боломжтойг үүгээр уламжилж байна гээд эрсдэлийн баталгааны шимтгэл 2017.01.31-нээс 2018.12.03-ны өдрийг хүртэл 32,735.98 ам.долларыг төлж барагдуулна уу... гэжээ.

 Хуулийн дээрх заалтаар банк үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн тухай мэдсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид мөн энэ тухай мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй байна.

 Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч Шанхай констракшн групп ХК-д үүрэг гүйцэтгэгчээс банкны баталгааг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн байхад банкинд мэдэгдээгүйд үүрэг гүйцэтгэгчийг буруутгах боломжгүй тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн талаар банкинд мэдэгдсэн, банк энэ талаар мэдсэн үеэр хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

 19. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчийн хүлээх үүргийг 32,735.96 ам.доллараар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /1$=2,849.98₮/ тооцож 93,297,215.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 20. Хоёр шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хамаарах ...гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах... тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 Шанхай констракшн групп ХК-д 2018.11.05-ны өдөр явуулсан 01/83 тоот Банкны баталгааны тухай бичгээс үзвэл ...тус компанитай байгуулсан гэрээний 5.1-д зааснаар захиалагчийн зөвшөөрлөөр 178,072 ам.долларын Банкны баталгааны гэрээг Төрийн банктай байгуулсан, 2017.11.10-ны тооцоо нийлсэн актаар 1,222,754.75 ам.долларын ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон, иймд Төрийн банктай байгуулсан баталгааг цуцлах тухай мэдэгдлийг Төрийн банк руу явуулж өгөхийг удаа дараа мэдэгдсэн байхад одоог хүртэл хүргүүлээгүй тул хохирлыг шийдвэрлүүлэх... талаар дурдсан байх ба мөн өдрийн гэрээний 3.5 дахь заалт 2.3 дахь заалттай зөрчилтэй, гэрээний дуусгавар болох хугацаа хоёр өөрөөр тодорхойлогдсон ба бодит байдалд үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад баталгааны гэрээний үүрэг буюу шимтгэл тооцох үүрэг дуусгавар боохгүй байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгчид хохиролтой байгаа нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ гэжээ.

 21. Банкны баталгааны гэрээний 2.3-т энэхүү гэрээ нь баталгаа гаргасан өдрөөс баталгааны хүчинтэй хугацаа дуусгавар болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж, 3.5-д баталгааны хугацаа дууссан боловч үүрэг гүйцэтгэгч банкны баталгааны үндсэн төлбөр, зээлийн үйл ажиллагааны шимтгэл, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, түүний хүү, мөн нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар, гэрээний хугацаагаар үргэлжилнэ. Баталгааны хугацаа дууссан нь үндсэн төлбөр, банкны баталгааны төлбөрт шаардлагатай дүнгээр олгосон зээл, хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус зохицуулсныг хоорондоо зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй, Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, хууль зөрчиж хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэрээг талууд өөрсдөө тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн заалтад нийцсэн гэх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

 22. Харин нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 166,025,639 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбарын шинжтэй, нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байгаа хэмжээг тодорхойлсон агуулга байх тул бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэгдэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 23. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2022/00952 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 457 дугаар зүйлийн 457.1, 457.10-т заасныг баримтлан хариуцагч Их Монгол барилга ХХК-иас 93,297,215.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...358,817 төгрөгийг гэснийг ...624,436 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас 2022.06.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 988,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

          ШҮҮГЧИД                  Н.БАЯРМАА

                                                Б.МӨНХТУЯА

                                                    Х.ЭРДЭНЭСУВД