Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/02506

 

  2020         09             18

                  183/ШШ2020/02506

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 0 дугаар баг, Мангирт 0 дугаар хэсэг, 0 тоотод оршин суух Б овогт Т-йн Э /РД:НБ0000/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байранд байрлах “Б”ХХК /РД:00000/-д холбогдох

манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Ншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Т.Э миний бие “Б  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-тай аман гэрээ хийж, 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Б  ХХК-ийн Дархан салбарыг хариуцан ажиллаж ирсэн. Ингэхдээ хариуцагч “Б  ХХК нь Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид манаач ажиллуулан, манаачид цалингаас гадна жил болгон нүүрсний төлбөр өгдөг байсан. “Б  ХХК-ийн захирал Баяраа нь 2009 он хүртэл надаар дамжуулан манаачийн нүүрсний төлбөрийг өгч байсан. Тухайн үед нүүрсний төлбөр нь 250.000 төгрөг байсан. 2010, 2011 онд нүүрсний төлбөр 300.000 төгрөг болсныг мөнгөөр бус “ХХК-иас нүүрсээр өгсөн. 2012 оноос  нүүрсний төлбөр жилийн 400.000 төгрөг болсон. “Б  ХХК-ийн захирал Ц.Б-аас та нүүрсний төлбөрийг өгч бай, дараа нэг мөр Б  ХХК-иас олгох болно гэсэн учир миний бие 2012, 2013 оны нүүрсний төлбөрт жил бүр 400.000 төгрөгийг манаачид өгч, Б  ХХК-иас мөнгийг надруу шилжүүлдэг байсан. Гэтэл 2014 оноос мөн адил та өгч бай гэсэн учир миний бие 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын манаачийн нүүрсний төлбөрт жил бүр 400.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. 2019 оны 11 дүгээр сард ажил хүлээлцэх болоод 2014-2018 онуудын компанийн өмнөөс манаачид өгсөн нүүрсний төлбөр нийт 2.000.000 төгрөг болсоныг хэлэхэд өгнө, баримтуудаа аваад ир  гэж байснаа, сүүлдээ өгөхгүй, шүүхдээ ханд гэх болсон. Иймд Б  ХХК-иас манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч “Б  ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Т.Э-ын гаргасан манаачийн нүүрсний зардалд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компани нь Т.Э-той гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй бөгөөд  төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэгч Т.Э нь Ц.Бгэж хүнтэй  амаар тохирсон байх. Тэгэхээр хувь  хүнтэй холбоотой асуудлыг өөртэй нь ярих нь зүйтэй.  Мөн тухайн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Яагаад 2013, 2014 оны төлбөрийн асуудлыг  одоо ярьж байгаа юм. Нэхэмжлэгч Т.Э нь манаачаар ажилласан байсан В.Т-тай  хамаатан садны харьцаатай юм билээ. Тийм учраас шүүхэд гаргасан В.Т-ын тодорхойлолт гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, “Бэрэн 2 сая”  нэртэй сиди буюу компакт дискэнд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “Б  ХХК-д холбогдуулан манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “Б  ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 2007 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Б  ХХК-ийн Дархан салбарыг хариуцан ажиллаж  ирсэн

байх бөгөөд ингэхдээ “Б  ХХК-ийн Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид сахиул ажиллуулан, уг сахиулд жил бүр нүүрсний төлбөр  олгож ирсэн болох нь зохигчийн тайлбар, гэрч В.Т-ын мэдүүлэг,  нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч “Б  ХХК-ийн Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл сахиулаар ажилласан В.Т-д нэхэмжлэгч Т.Э-оос нэг жилийн нүүрсний төлбөрийг 400.000 төгрөгөөр тооцон, 2014-2018 онуудын нүүрсний төлбөрт нийт 2.000.000 төгрөг өгсөнийг “Б  ХХК-иас төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр  манаачийн нүүрсний зардалд төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Б  ХХК-иас нэхэмжлэгч Т.Э-той ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, Ц.Б гэж хүнтэй амаар тохирсон зүйл байдаг бол хувь хүнээс өөрөөс нь  шаардах ёстой. Мөн аль 2013, 2014 оны төлбөрийг одоо  хүртэл яагаад нэхээгүй юм бэ, энэ асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч “Б  ХХК-иас Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид сахиул ажиллуулж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Т.Э нь “Б  ХХК-ийн Дархан салбарыг хариуцан ажиллаж байсны хувьд уг сахиулын нүүрсний төлбөрийг түүний дансаар дамжуулан олгож байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний  Хаан банкны дансны хуулга, “Б  ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 25/02 тоот тушаал зэргээр тогтоогдож байна.

Гэвч хариуцагч “Б  ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Т.Э-од манаачийн нүүрсний үнэд 300.000 төгрөгийг шилжүүлснээс хойш дахин манаачийн нүүрсний төлбөр шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Т.Э нь 2015-2018 оны хооронд сахиулаар ажиллаж байсан В.Т-д төлсөн нүүрсний төлбөрийг хариуцагч “Б  ХХК-иас нэхэмжлэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч Т.Э “Б  ХХК-ийн Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид  ажилласан байсан сахиулын нүүрсний төлбөрийг  төлснөөр хариуцагч “Б  ХХК үүргээсээ чөлөөлөгдсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар өрийг төлсөн этгээд нь  өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Т.Э нь 2014-2018 оны хооронд манаачийн нүүрсний төлбөрийг жилийн 400.000 төгрөгөөр тооцон өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч “Б  ХХК-иас 2014 оны манаачийн нүүрсний төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн, гэрч В.Т-аас “...жилд нэг удаа 300.000 төгрөг, жил бүрийн 9-11 сар хавьд авч байсан” гэж мэдүүлсэн болно.

Гэрч В.Т нь гэрчийн мэдүүлэг өгөхөөс өмнө гаргасан тодорхойлолтод “2014-2018 оны хооронд нүүрсний төлбөрт жил бүр 400.000 төгрөг буюу 2.000.000 төгрөг  хүлээн авсан” гэж бичсэн байгаа боловч дээрх баримт нь гэрч В.Т-ын мэдүүлгээр үгүйсгэгдсэн тул уг баримтыг шүүх үнэн зөв, нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Мөн шүүх нэхэмжлэгч Т.Э-оос нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч “Б  ХХК-ийн хуулийн мэргэжилтэн, тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Н-тай утсаар ярьсан 3 минутын ярианы бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийхэд маргааны зүйл болсон манаачийн нүүрсний төлбөрийн асуудлыг хариуцагчийн төлөөлөгчөөс “захиралдаа танилцуулаад шийдүүлье” гэж мэдэгдэж байгаагаас өөрөөр хүлээн зөвшөөрч байсан байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Т.Э-од  нүүрсний үнийг шилжүүлэхдээ “Б  ХХК-иас нүүрсний үнэ” гэх утгатайгаар  шилжүүлж байсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хариуцагч “Б  ХХК-иас манаачийн нүүрсний төлбөр олгох талаар тохиролцсон зүйл байхгүй, Ц.Б гэж хүнтэй амаар тохирсон зүйл байдаг бол хувь хүнээс өөрөөс нь  шаардах ёстой гэсэн татгалзал үндэслэлгүй.

Иймд хариуцагч “Б  ХХК-иас сахиул В.Т-д нүүрсний төлбөрт  2015 оноос хойш жил бүр 300.000 төгрөгийг олгох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Т.Э нь энэхүү үүргийг хариуцагчийн өмнөөс гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч “Б  ХХК-иас 2014 оны манаачийн нүүрсний төлбөр 300.000 төгрөгийг олгосон тул нэхэмжлэгч Т.Э-ын манаачийн нүүрсний төлбөрт шилжүүлсэн нэг жилийн төлбөрийг 300.000 төгрөгөөр тооцон, 2015, 2016, 2017, 2018 онуудын нүүрсний төлбөр  1.200.000 төгрөгийг хариуцагч “Б  ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч “Б  ХХК-д холбогдох манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2.000.000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэл нь гэрээний бус үүрэг буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөнтэй холбоотой шаардлага байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй бөгөөд шаардах эрх үүссэн 2015 оноос хойш тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусаагүй байх тул хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийг хариуцагч “Б  ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Т.Э-од олгох нь  хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б  ХХК-иас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33.350 төгрөг  гаргуулж  нэхэмжлэгч Т.Э олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР